Институт ба семинар
Ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн талаар заа


“Ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн талаар заа,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)

“Ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн талаар заа,” Аврагчийн арга барилаар заах нь

Ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн талаар заа

Зарчим, зарлиг, бошиглол, судрын түүх гэх мэт Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар заах олон зүйл бий. Гэвч эдгээр нь бүх хүнийг Христэд ирж, Түүгээр төгөлдөржихөд (Жером 1:11; Моронай 10:32-ыг үзнэ үү) туслах ганц л зорилготой тул бүгд нэг л модны мөчрүүд юм. Тиймээс та ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн тухай болон Түүнтэй хэрхэн адил болох талаар зааж байна уу гэдгээ санаарай. Сайн мэдээний зарчим, зарлиг, бошиглолын сургаал бүр дээрх Аврагчийн тухай болон Түүний гэтэлгэх хүчний талаарх үнэнийг таньж мэдэхэд тань Ариун Сүнс туслах болно (Иаков 7:10–11-ийг үзнэ үү).

Та золиослолын тухай зааж байна уу? Бидний гаргадаг золиослолууд бидний бодгалийг Аврагчийн “агуу их бөгөөд эцсийн золиос” (Алма 34:10) руу хэрхэн чиглүүлдгийг суралцагчидтай хамт судалж болно. Та эв нэгдлийн тухай зааж байна уу? Есүс Христийн Эцэгтэйгээ тогтоосон эв нэгдэл болон биднийг Тэдэнтэй нэг байлгах (Иохан 17-г үзнэ үү) урилгын талаар ярилцаж болно. Сайн мэдээний сэдэв бүрийг Есүс Христийн тухай зааж мөн суралцах боломж гэж хар.

Зарлиг бүр ийм боломжийг олгодог. Сайн мэдээний хуулиудад анхаарлаа хандуулахын зэрэгцээ, Хууль тогтоогчийн талаар суралцаарай. Хэрэв та Мэргэн ухааны үгийг заахдаа эрүүл амьдрахын тулд хийж болох, болохгүй зүйлсийг дурдаад л зогсчихвол энэ хуулийг бидэнд өгөхийн тулд Есүс Христ сүнсний болон бие махбодын маань сайн сайхны төлөө хэчнээн их санаа тавьж байсныг тунгаан бодох боломжийг алдана. Аврагч Өөрийнх нь хуулиудын дагуу амьдрахад хүмүүст туслахын тулд Өөрийнхөө хүч чадлаар адислахыг ямар их хүсэж, эрмэлздэгт анхаарлаа төвлөрүүл. Түүний бидэнд өгсөн зарлиг бүр нь Түүний зүрх сэтгэл, оюун хийгээд тааллын талаарх ямар нэг зүйлийг илчилдэг. Үүнийг хамтдаа олж мэдээд, баяр баяслыг мэдрээрэй!

Есүс Христийн үлгэр жишээг онцол

Бид Есүс Христийг сайн мэдээний бүх зарчмын төгс үлгэр жишээ гэдгийг хүлээн зөвшөөрч, онцолсноор Түүнийг заах, суралцах үйл ажиллагааныхаа төвд байлгаж чадна. Шавь нарын хувьд бид зөвхөн зарчмуудыг дагадаггүй, харин Есүс Христийг дагадаг. Биднийг Аврагчийн төгс үлгэр жишээнд анхаарлаа төвлөрүүлэх үед Ариун Сүнс Түүний оршин буйг гэрчилж, Түүнийг дагахад сүнслэгээр нөлөөлнө.

Та өөрийгөө эцсээ хүртэл тэвчих зарчмыг зааж байна гэж төсөөл. Аврагч бол эцсээ хүртэл тэвчихийн үлгэр жишээ гэдгийг ярилцах нь Түүнийг хүндэтгэх сайхан мэдрэмжийг төрүүлж чадна. Таны зааж байгаа хүмүүс Аврагчийн үлгэр жишээнээс юу сурч, мэдэрч болох вэ?

Зураг
Аврагч газарт хэвтэж буй хүнийг эдгээж байгаа нь

Аврагч бидэнд төгс үлгэр жишээ үзүүлсэн. Тэр бүгдийг эдгээсэн, Майкл Малм

Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа

Есүс Христийг сударт олон нэрээр нэрлэдэг. Нэр бүр нь Бурханы төлөвлөгөө дэх Түүний аль нэг үүргийг илэрхийлж, бурханлаг зан чанарынх нь талаар ямар нэгэн зүйлийг бидэнд заадаг. Бурханы Хурга, Өмгөөлөгч, Бидний итгэлийг төгсгөгч, Ертөнцийн гэрэл зэрэг нэрс Есүс Христийн тухай бидэнд юу зааж байгааг суралцагчидтайгаа хамт судлахыг бод. Түүнчлэн суралцагчдад Аврагчийн талаар илүү ихийг мэдэхэд нь туслахын тулд хэлсэн, хийсэн зүйлээс нь илүүтэй Түүний хэн болох, бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэхийг хүсдэг талаар гүнзгий мэдэж аваарай. Та нарыг Аврагчийн зан чанар, үйлдлийн талаар хамтдаа суралцах үед Ариун Сүнс Түүний талаарх таны ойлголт, хайрыг гүнзгийрүүлэх болно.

Есүс Христийн тухай гэрчлэх бэлгэдлүүдийг эрж хай

“Бүх зүйл миний тухай гэрчлэхээр бэлтгэгдэж мөн хийгдсэн” гэж Их Эзэн тунхагласан (Мосе 6:63-ыг мөн 2 Нифай 11:4-ийг үзнэ үү). Үүнийг мэдэх нь бидэнд Аврагчийг гэрчилсэн судруудаас олон тооны бэлгэдлийг харж сурах боломж бий болгодог. Дээрх бэлгэдлүүдэд талх, ус, гэрэл гэх мэт зүйлс орно. Эдгээр зүйл Аврагчтай хэрхэн холбогдож байгааг ойлгох ойлголт нь, Түүний хүч, зан чанарын талаар бидэнд зааж чадна. Та бошиглогчдын болон судрууд дахь итгэлтэй эрэгтэй, эмэгтэйчүүдийн амьдралаас Аврагчийн амьдралтай ижил төстэй зүйлийг олж харах болно. Бэлгэдлүүдийг хайснаар Аврагчийн тухай үнэнийг олж харж чадахааргүй газруудаас ч илчлэл хүлээн авч чадна.

Хэвлэх