“Есүс Христэд ирэхэд нь суралцагчдад тусал,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэр орондоо заадаг бүх хүнд зориулав (2022)
“Есүс Христэд ирэхэд нь суралцагчдад тусал,” Аврагчийн арга барилаар заах нь
Есүс Христэд ирэхэд нь суралцагчдад тусал
Багш хүний хувьд таны хийдэг ямар ч зүйл суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд болон тэдний хайрыг мэдрэхэд туслахаас илүү адисална гэж үгүй (Иохан 17:3-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэн, хайрлахад танд тусалсан түүхүүдийн тухай бодно уу. Та Тэдний зан чанар, хүч чадал, хайрын талаар мэдэхийн тулд юу хийсэн бэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайр тань танд хэрхэн баяр баясгаланг авчирсан бэ? Дараа нь Тэдний хайр болон хүч таны зааж байгаа хүн нэг бүрийн төлөө юу хийж чадах талаар бодож үз. (Алма 26:16; Мосе 5:11-ийг үзнэ үү.)
Бидний энэ амьдралын эцсийн зорилго бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болж, Түүнд буцаж очих явдал юм. Энэ зорилгодоо хүрэх арга зам бол Есүс Христэд ирэх явдал (Иохан 14:6-г үзнэ үү). Ийм учраас бошиглогч Нифайн заасанчлан, “бид Христийн тухай ярьж, бид Христэд баясдаг”(2 Нифай 25:26).
Бурханы хүүхэд бүрд Аврагчаас ирдэг гэрэл болон үнэн хэрэгтэй бөгөөд үүнд хариулах сонголтоо тэд хийх боломжтой. Есүс Христийн сайн мэдээний багш байна гэдэг нь Түүний сургаал, гэтэлгэх хүч, төгс хайрыг ойлгож, найдахад нь бусдад туслах гэсэн үг юм. Дараах санаанууд Есүс Христийн талаар илүү ихийг мэдэж авч, Түүнийг дагахад бусдад урам зориг өгөхөд тань хэрхэн тусалж болох талаар бод.
Суралцагчдад Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа олж харахад нь тусал.
Аврагчийн хайр, хүч, нигүүлслийн талаар мэдэх нь сайн хэрэг ч бид үүнийг бас мэдрэх хэрэгтэй. Тэр хүмүүсийг хэрхэн адисалж, эдгээж байсныг судруудаас харах нь Тэр биднийг ч мөн адил адисалж, эдгээж чадна гэсэн итгэлийг хөгжүүлэхэд бидэнд тусалдаг. Жишээлбэл: Даниелын түүхийн талаар суралцахдаа, биднийг өөрсдийг маань арслангийн үүртэй тулгарах үед Их Эзэнд итгэхэд сүнслэгээр нөлөөлөхгүй бол энэ нь нэмэргүй юм.
Та судрууд болон өөрийн туршлагын аль алиныг ашиглан, Их Эзэний “нигүүлслийг” (1 Нифай 1:20) таньж мэдэхэд нь суралцагчдад тусалснаар Их Эзэн тэдэнтэй хамт байж, хайраар тэдний дэргэд зогсох (Сургаал ба Гэрээ 68:6) болно гэдгийг тэд мэдэрч мөн мэдэх болно. Тэд хувийн хэрэгцээ, нөхцөл байдалдаа Их Эзэний хайр, нигүүлслийн бодит байдлыг харж, мэдрэх болно.
Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхэд тусал.
Есүс Христийн тухай заах, суралцах зорилго бол хүн бүрийг Түүнд болон Тэнгэрлэг Эцэгтээ ойртоход туслах явдал юм. Энэ зорилгоо хэзээ ч мартахгүй байхад нь зааж байгаа хүмүүстээ тусал. Судруудыг судалж, тасралтгүй наманчилж, залбирлаар дамжуулан Эцэгтэй ярилцаж; Эцэг, Хүү хоёрыг гэрчлэх замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхэд тэднийг урамшуулан дэмж. Гэрээ байгуулж, сахих нь биднийг Тэдэнтэй хэрхэн холбодог талаар үг болон үлгэр жишээгээр заа. Бид Тэдний хувьд хэчнээн үнэ цэнтэй, эрхэм гэдгийг мэдэхэд нь тусал. Есүс Христ, Түүний төгс Цагаатгал нь Эцэгтээ буцах цорын ганц зам гэдэгт итгэх итгэлийг нь бэхжүүл. Суралцагчдыг “Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг” (Мосе 5:9) Ариун Сүнсний гэрчлэлийг хүлээн авах боломжоор ханга.
Есүс Христтэй илүү адил болохоор хичээл зүтгэл гаргахад нь суралцагчдад тусал.
Эцсийн дүнд Есүс Христийн тухай суралцах нь биднийг Түүнтэй илүү адилхан болоход сүнслэгээр нөлөөлдөг. Харин бид ангидаа болон ангиас гадуур итгэлээр үйлдэж, Түүний үлгэр жишээг дагаж, нигүүлслийг нь хүлээн авахыг сонгосноор л Түүнтэй адил болно. Суралцагчдыг Аврагчтай илүү адилхан болох арга замуудыг олж тогтоохын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлэхэд урь. Суралцагчдад Түүнтэй адил байх хичээл зүтгэлийг насан туршийн зорилгоо болгох удирдамж, дэмжлэгийг санал болго.
Иаков “энэ дэлхийн эхлэлээс Бурханаас өгөгдөх тэдгээр бүх зүйл” бидэнд Есүс Христийн тухай зааж чадна гэж заасан (2 Нифай 11:4). Таны хичээл тэдгээр зүйлийн нэг байх боломжтой. Заах, суралцах туршлага бүрийнхээ төвд Есүс Христийг байлга. Та болон суралцагчид “Христийн тухай ярьж, … Христ дотор баясаж, … Христийн тухай номло[х]” (2 Нифай 25:26) үед Ариун Сүнс Аврагчийн гэрчлэлийг хүн бүрийн оюун ухаан, зүрх сэтгэлийн гүнд суулгаж чадна. Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг өөрсдөө таньж мэдэхэд нь суралцагчдадаа тусалснаар, тэд амьдралынхаа туршид Тэднээс тусламж, найдвар, эдгэрэл эрэлхийлэх магадлал ихсэх болно.