Институт ба семинар
Хичээнгүйлэн суралцахад урь


“Хичээнгүйлэн суралцахад урь,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)

“Хичээнгүйлэн суралцахад урь,” Аврагчийн арга барилаар заах нь

2:51

Хичээнгүйлэн суралцахад урь

Аврагчийг усан дээгүүр алхаж байхыг харах сэтгэл хөдлөм байсан нь тодорхой. Гэхдээ энэ нь Петрийн хувьд хангалтгүй байв. Тэр Аврагчийн үйлдсэнийг үйлдэж, байгаа газарт нь байж, адил туршлага хуримтлуулахыг хүссэн. “Усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач” гэж түүнийг хэлэхэд, Аврагч түүнд “Ир” гэсэн энгийн урилгаар хариулсан. Петр аюулгүй завинаасаа үсрэн гарснаар бидэнд дагалдагч байх нь идэвхтэй үйлдэхийг хэлдэг гэдгийг харуулсан (Матай 14:24–33-ыг үзнэ үү). Үүнд Христэд итгэх итгэл, хичээл зүтгэл шаарддаг. Гэхдээ энэ нь бас Аврагчтай хамт алхах баялаг их шагналыг авчирдаг.

“Ир.” “Ир, та нар харна.” “Ирж, Намайг дага.” “Явж, үүний адил үйлдэгтүн” (Матай 14:29; Иохан 1:39; Лук 18:22; 10:37). Аврагч тохинууллынхаа эхэн үеэс дагалдагчдаа Өөрийн өгдөг үнэн, хүч, хайрыг мэдэрч үзэхэд урьсан. Энэ бол жинхэнэ суралцахуй учраас Тэр ийн үйлдсэн. Энэ нь зөвхөн сонсох эсвэл унших тухай бус, харин өөрчлөгдөж, наманчилж, хөгжих тухай юм. Аврагчийн хэлснээр, суралцахуй нь “судлахаар мөн түүнчлэн итгэлээр суралцахыг эрэлхийл[снээр]” (Сургаал ба Гэрээ 88:118; тодотгол нэмэгдсэн) ирдэг. Мөн итгэл нь өөрсөд дээрээ зүгээр л нэг үйлдүүлдэг бус, харин өөрсдийнхөө төлөө үйлдэх үйлдлийг багтаадаг (2 Нифай 2:26-г үзнэ үү).

Бид Аврагчийн үлгэр жишээг дагахдаа, заадаг хүмүүсээ гуйж, хайж, тогшин, дараа нь олоход урьдаг (Матай 7:7–8-ыг үзнэ үү). Мөн бид өөрсдөө тэр урилгыг хүлээж авдаг. Христэд итгэх итгэл, хичээнгүй зүтгэлээрээ бид Түүнтэй хамт алхах гэдэг нь юу гэсэн үг болохыг өөрсдөө мэдэх болно.

Хичээнгүйлэн суралцахад урих

  • Өөрсдөө бие дааж суралцах үүрэг хариуцлага хүлээхэд нь суралцагчдад тусал.

  • Аврагчаа таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр суралцахад суралцагчдаа урамшуул.

  • Тэднийг суралцахаар бэлтгэхэд урь.

  • Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул.

  • Суралцаж буй зүйлийнхээ дагуу амьдрахад тэднийг урь.

Аврагч суралцаж байгаа зүйлдээ хариуцлагатай хандахад бусдад тусалдаг.

Далайг аюулгүй гатлах хөлөг онгоц барих нь хэний ч хувьд хүнд хэцүү ажил юм. Жаредын ах “Их Эзэний мутраар үргэлжид удирдуулан” (Ифер 2:6) хөлөг онгоц ямар хэлбэртэй байх талаар болон хэрхэн агааржуулах тухай зааварчилгааг хүлээн авсан. Гэхдээ усан онгоцнуудаа хэрхэн гэрэлтэй байлгах талаар асуусан Жаредын ахын асуултад Их Эзэний өгсөн хариултаас та юу анзаарсан бэ? (Ифер 2:22–25-ыг үзнэ үү). Ийм маягаар итгэлээ хөгжүүлэх урилга нь Жаредын ахыг хэрхэн адисалсан бэ? (Ифер 3:1–16-г үзнэ үү).

Суралцагчдад мэдэх ёстой гэж бодсон бүх зүйлийг хэлэх нь илүү хялбар мэт санагдаж магадгүй. Гэхдээ ахлагч Дэвид А.Бэднар “Бидний зорилго ‘Би тэдэнд юу гэж хэлэх вэ?’ гэж биш, харин бид өөрсдөөсөө ‘Би тэднийг юу хийхэд урих вэ? Тухайн хүний амьдралд Ариун Сүнсийг урин авчрах ямар сүнслэг асуултыг тавивал тэр дуртайяа хариулах бол?’ гэж асуухад чиглэх ёстой” хэмээн заасан (evening with a General Authority, Feb. 7, 2020, broadcasts.ChurchofJesusChrist.org).

Суралцагчдыг суралцаж байгаа зүйлдээ хариуцлагатай хандахад хэрхэн урьж болох талаар бодож үз. Жишээ нь: Та тэднийг өөрсдөдөө асуулт тавьж, хариултаа хайн, тунгаан бодож, бодол, мэдрэмжээ хуваалцах эсвэл тэмдэглэхэд урьж болно. Ингэснээр тэд итгэлээ хүчирхэгжүүлж, Бурханы үгэнд буй үнэнийг олж нээн, эдгээр үнэнтэй холбоотой өөрийн гэсэн туршлагатай болно. Бид суралцаж байгаа зүйлдээ хариуцлагатай хандах юм бол Иосеф Смитийн адил “би өөртөө мэдэж авлаа” (Иосеф Смит—Түүх 1:20) хэмээн хэлж чадна.

Тунгаан бодох асуултууд: Суралцагчид суралцах явцдаа идэвхгүй байхаас илүү идэвхтэй байх нь яагаад чухал вэ? Тэднийг суралцаж байгаа зүйлдээ хариуцлагатай хандах үүрэгтэй гэдгийг хэрхэн ойлгуулах вэ? Ийн үйлдэхэд багш нар танд хэрхэн тусалсан бэ? Хүмүүс өөрөө өөрсдийгөө суралцахад чиглүүлсэн тухай ямар судрын жишээг та хэлж болох вэ? Эдгээр жишээ заахад тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Судрууд: 1 Нифай 11; Сургаал ба Гэрээ 9:7–8; 58:26–28; 88:118–125; Иосеф Смит—Түүх 1:11–20

Аврагч Өөрийнх нь үгийг судлах замаар Өөрийг нь таньж мэдэхэд хүмүүсийг урамшуулсан.

Хожмын өдрүүдэд Аврагч Сүмээ албан ёсоор зохион байгуулах цаг нь болоход, үйлчлэгчдэдээ “бичигдсэн тэдгээр зүйлүүдэд чи итгэ” (Сургаал ба Гэрээ 18:3) гэж хэлсэн. Үнэндээ тэдний орчуулаад дуусаж байсан Мормоны Номд баптисм хэрхэн хүртээх, ариун ёслолыг хэрхэн удирдан явуулах зэрэг даалгавруудыг гүйцэтгэх зааварчилгаа болон бусад үнэ цэнтэй нарийн ширийн зүйл багтсан байв. Гэхдээ Аврагч үйлчлэгчдээсээ Өөрөөс нь ирдэг илчлэлийг Өөрийг нь сонсох, илүү гүн гүнзгий таньж мэдэх боломж гэж харахыг хүсжээ. Тэрхүү илчлэлдээ Тэр тэдэнд “Учир нь [тэдгээр үгийг] та нарт ярьсан нь миний дуу хоолой болой; …Иймийн тул, миний дуу хоолойг сонссоноо, мөн миний үгийг мэднэ гэдгээ та нар гэрчилж чадна” (Сургаал ба Гэрээ 18:35–36) гэж хэлсэн.

Зааж байгаа хүмүүсийнхээ талаар бод. Тэд судар судлахыг юу гэж хардаг вэ? Та үүнийг юу гэж хардаг вэ? Энэ нь өдөр тутмын үүрэг гэдгээс илүү юу? Та судруудыг судлах үедээ Аврагч тантай шууд ярьж байна гэж мэдэрдэг үү? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид Түүнийг сонсохоор хаашаа зүглэж чадах вэ? Бид сударт хандаж чадна.… Өдөр бүр Бурханы үгэнд шимтэх нь гэнэтийн тогтворгүй байдал өсөн нэмэгдэж буй энэ өдрүүдэд сүнслэг байдлын хувьд амьд гарахад нэн чухал. Өдөр бүр Христийн үгэн дээр найрлавал, Христийн үгс бидэнд хэзээ ч төсөөлж байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үедээ юу хийхийг хэлж өгөх болно” гэж заасан (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган). Та заах үедээ суралцагчдыг Түүний тухай зүгээр л нэг шүлэг, баримтуудыг олж мэдэх бус, харин Аврагчийг буюу Түүнийг олох зорилгоор судруудыг судлахад урамшуулан дэмж. Судруудаас Их Эзэний дуу хоолойг өдөр бүр сонсох нь насан туршдаа сайн мэдээг бие даан хичээнгүйлэн суралцах үндэс болдог.

Тунгаан бодох асуултууд: Өөрийнхөө судар судлах дадлыг бод. Бурханы үгийг судлах нь Түүнтэй харилцах харилцааг тань хэрхэн бэхжүүлсэн бэ? Та хувийн сургалтаа сайжруулахын тулд юу хийж чадах вэ? Та бусдыг Бурханы үгийг хичээнгүйлэн, тогтмол судлахад хэрхэн урамшуулах вэ? Тэд үйлдсэнээрээ ямар адислалуудыг хүлээн авах вэ?

Судрууд: Иошуа 1:8; 2 Тимот 3:15–17; 2 Нифай 32:3; Иаков 2:8; 4:6; Сургаал ба Гэрээ 33:16

Аврагч бусдыг суралцахдаа бэлдэхэд урьсан.

Хамгийн сайн үр ч хатуу, чулуурхаг, хогийн ургамалтай газарт ургаж чадахгүй. Үүний нэгэн адил, хамгийн нандин бөгөөд итгэлийг дэмжсэн сургаал ч үүнийг хүлээн авахад бэлэн биш зүрх сэтгэлийг өөрчлөх эсэх нь эргэлзээтэй. Энэ бол тариачин, үр, төрөл бүрийн хөрсний тухай Аврагчийн сургаалт зүйрлэл бүхий захиасны нэг хэсэг юм. “Сайн хөрсөнд” буюу сүнслэг чулуу болон хогийн ургамлыг нь түүж, зөөлрүүлсэн зүрх сэтгэлд Бурханы үг нь амьдрал өгөх үр жимсийг ургуулдаг (Матай 13:1–9, 18–23-ыг үзнэ үү).

Сүнслэг бэлтгэл танд болон таны заадаг хүүхдүүдийн хувьд чухал юм. Тэгвэл бид зүрх сэтгэлээ Бурханы үгийг хүлээн авах “сайн хөрс” болгон бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Та өөрийн амьдралд хэрэгжүүлж, зааж байгаа хүмүүсийнхээ амьдралд урамшуулж болох бэлтгэлийн дараах зарчмыг анхаарч үзээрэй. Их Эзэний таныг юу сураасай гэж хүсэж байгааг олж мэдэхийн тулд залбир. Түүний оршихуйг амьдралдаа урих арга барилаар амьдар. Өдөр бүр наманчил. Чин сэтгэлээсээ асууж, сурах хүсэл эрмэлзлээ хөгжүүл. Тэр таныг хариулт авахад хөтөлнө гэсэн итгэлтэйгээр Бурханы үгийг судал. Түүний танд заах бүх зүйлд зүрх сэтгэлээ нээ.

Суралцагчид ийнхүү үйлдэж сурахаар бэлтгэх үедээ Их Эзэн тэднийг юу мэдээсэй гэж хүсэж байгааг харах сүнслэг нүд, сонсох сүнслэг чихтэй байх болно (Матай 13:16-г үзнэ үү).

Тунгаан бодох асуултууд: Та өөрийгөө суралцахад бэлтгэхийн тулд юу хийдэг вэ? Таны бэлтгэл Бурханы үгийг харж, сонсож, ойлгоход хэрхэн нөлөөлдөг вэ? Та бусдыг суралцахад бэлтгэхэд нь хэрхэн урамшуулж болох вэ? Энэ нь сайн мэдээний үнэнийг хүлээн авах тэдэнд ямар өөрчлөлт авчрах вэ?

Судрууд: Инос 1:1–8; Алма 16:16–17; 32:6, 27–43; 3 Нифай 17:3

Ангидаа судар уншиж буй хүүхэд

Суралцаж буй зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцах боломжууд нь суралцагчдыг адисалдаг.

Аврагч бусдыг сурсан үнэнээ хуваалцахад урамшуулсан.

Их Эзэн сайн мэдээг номло гэж Енохыг дуудахад, тэрээр “би ярихдаа удаан” гэж халаглажээ. Гэвч уран илтгэх нь Их Эзэний үйлчлэгчид тавигдах шаардлага хэзээ ч байгаагүй. Үүний оронд Их Эзэн Еноход амаа нээх хангалттай итгэлтэй байх аваас хэлэх үгс өгөгдөнө гэж амласан. “Би чамд үгийг өгөх болно” гэж Тэр хэлсэн (Мосе 6:31–32). Енох итгэлээ хүчирхэгжүүлж, Их Эзэн түүгээр дамжуулан үнэхээр хүчирхэг үгийг ярьсан тул хүмүүс дагжин чичрэхэд хүрсэн билээ (Мосе 6:47-г үзнэ үү). Үнэндээ тэдгээр үг дэлхийг чичрэхэд хүргэсэн. Уулс зугтаж, гол мөрнүүд голдирлоо өөрчлөн, бүх үндэстэн Бурханы ард түмнээс агуу ихээр эмээсэн ба “Енохын үг ийм хүчтэй байв, мөн түүнд Бурханы өгсөн хэлний хүч ийм агуу байлаа” (Мосе 7:13).

Их Эзэн Өөрийн бошиглогчдоос төдийгүй бид бүгдээс Өөрийнх нь үгийг хэлэх хүчтэй байхыг хүсдэг. Тэрээр бид бүхнээс, тэр дундаа таны заадаг хүмүүсээс үүнийг хүсдэг (Сургаал ба Гэрээ 1:20–21-ийг үзнэ үү). Бидний үгс уулсыг нүүлгэж, гол мөрний голдирлыг өөрчлөхгүй байж болох ч хэн нэгний зүрх сэтгэлийг өөрчлөхөд тусалж чадна. Тийм учраас суралцагчдад Аврагчийн болон Түүний сайн мэдээний талаар суралцаж буй зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцах боломжийг олгох нь маш чухал юм. Ингэх нь тэдэнд заасан үнэнүүдийг өөрсдөө ойлгож, илэрхийлэхэд нь туслах болно. Мөн энэ нь тэдэнд янз бүрийн орчинд үнэнийг хуваалцах чадвартаа илүү итгэлтэй болоход тусалдаг.

Тунгаан бодох асуултууд: Та хэн нэгэнтэй сайн мэдээний үнэний талаар ярилцаж байсан үеэ бод. Энэ туршлагаас та юу сурсан бэ? Та хэзээ хэн нэгэнд өөрийн бодол, итгэл үнэмшлийг хуваалцах зоригтой байсанд нь талархаж байсан бэ? Таны зааж байгаа хүмүүс суралцаж байгаа зүйлсээ бусадтай ярилцсанаар хэрхэн адислагдах вэ? Та тэдэнд ямар боломжийг бүрдүүлж өгч чадах вэ?

Судрууд: Алма 17:2–3; Моронай 6:4–6; Сургаал ба Гэрээ 84:85; 88:122; 100:5–8

Аврагч заасан зүйлийнх нь дагуу амьдрахад хүмүүсийг урьсан

“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” “Дайснуудаа хайрла.” “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө.” “Та нар давчуу хаалгаар орогтун.” (Матай 5:16, 44; 7:7, 13.) Аврагч дэлхий дээрх бүх тохинууллынхаа хамгийн тод, мартагдашгүй урилгын заримыг нь Галилын тэнгисийн зэргэлдээ орших уулын энгэрт шавь нартаа зааж байхдаа өгсөн байдаг. Аврагчийн зорилго бол амьдралыг өөрчлөх явдал байсан бөгөөд энэ нь Түүний “Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ” (Матай 7:24; тодотгол нэмэгдсэн) гэх сүүлийн урилгаас нь тодорхой харагдаж байна.

Хүн бүрийн амьдралд бороо орж, үер бууж, салхи шуурдаг. Тулгарах бүх сорилтыг даван туулахын тулд сайн мэдээний талаар дан ганц суралцах нь хангалтгүй юм. Ийм учраас бид суралцагчдыг суралцаж байгаа зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодоход урихдаа эргэлзэх ёсгүй. Бусдын сонгох эрхийг хүндэтгэх үүднээс бидний урилгын ихэнх нь: “Та юу хийхээр өдөөгдсөн бэ?” эсвэл “Та өөртөө хөгжүүлмээр байгаа Аврагчийн аль нэг зан чанарыг сонгох уу?” зэргээр заримдаа урилгууд маань илүү тодорхой байх шаардлагатай. Та суралцагчдад Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонсож, таньж мэдэн, хуваалцах боломжийг олгох үед Тэр тэдэнд ямар үйлдэл хийх хэрэгтэйг заах болно. Сурсан зүйлийнхээ дагуу үйлдсэнээр ирэх адислалуудын талаар бодоход нь суралцагчдад тусалж, хэцүү үед ч тууштай байхад урамшуулан дэмж. Уг үнэний дагуу амьдрах нь илүү агуу итгэл, гэрчлэл, хөрвөлтөд хүрэх хамгийн дөт зам юм. Аврагчийн хэлснээр, Эцэгийн сургаалын дагуу амьдрах нь бид бүгдийн хувьд сургаал үнэн гэдгийг үнэхээр мэдэх арга зам билээ (Иохан 7:17-г үзнэ үү).

Тунгаан бодох асуултууд: Та хэзээ хэн нэгний өгсөн урилгын ачаар үйлдэхээр өдөөгдсөн бэ? Үүний үр дүнд таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Судрууд дахь болон Сүмийн удирдагчдын өгсөн урилгыг анхаарч үз. Бусдыг үйлдэхэд урих үед танд тус болох юуг та сурч мэдсэн бэ? Та урилгаа ямар арга замаар бататгах вэ?

Судрууд: Лук 10:36–37; Иохан 7:17; Иаков 1:22; Мозая 4:9–10; Сургаал ба Гэрээ 43:8–10; 82:10

Суралцаж байгаа зүйлээ хэрэгжүүлэх зарим арга

  • Ариун Сүнсний заасан зүйлсийг, тухайлбал судрын ач холбогдол бүхий хэсгээс авсан ойлголт зэргийг хуваалцах бэлтгэлтэй ирэхийг суралцагчдаас хүс.

  • Хичээлийн тодорхой хэсгийг заах боломжийг суралцагчдад олго.

  • Та уулзахаасаа өмнө видео, судар зэргийг эсвэл захиасыг эргэн харахад суралцагчдыг урамшуул.

  • Асуулт бүрд хариулахаас зайлсхий. Хариултыг хайхад бусдыг оролцуул.

  • Судрын тухай өөрийн ойлголтыг хуваалцахаасаа өмнө суралцагчдаас ойлголтоо хуваалцахыг хүс.

  • Бурханы үгээс хариулт олоход суралцагчдыг урамшуулах асуултуудыг асуугаарай.

  • Сурч байгаа зүйлийнхээ талаар асуухад суралцагчдыг урь.

  • Хариултаа хуваалцахыг нийт суралцагчаас хүсэхээсээ өмнө, асуултаа тунгаан бодох цагийг тэдэнд гаргаж өг.

  • Тохиромжтой бол суралцагчдыг ярилцах жижиг бүлгүүдэд хуваах талаар бодож үз.

  • Өсөж хөгжихөд нь суралцагчдад тус болох тодорхой хүлээлтүүдийг танилцуул.

  • Хэт ахадсан бус, харин өсөж хөгжих урам зориг бүхий урилгыг тэдэнд өг. Урилгаа бататгаж, туршлагаа хуваалцахад тэднийг уриарай.

  • Дараах байдлаар судруудаас судлахад нь суралцагчдад тусал.

    • Хэрэв хүсвэл ач холбогдолтой хэсгүүдийг тэмдэглэх.

    • Тунгаан бодох, залбирах замаар илчлэлийг урих.

    • Сүнслэг сэтгэгдлээ бичих.

    • Хувийн тэмдэглэл хөтлөх.

    • Сурсан зүйлийнхээ дагуу үйлдэх зорилго тавих.