Институт ба семинар
Сүнсээр заа


“Сүнсээр заа,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)

“Сүнсээр заа,” Аврагчийн арга барилаар заах нь

4:17

Сүнсээр заа

Аврагч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Өөрийн сайн мэдээг номло гэж зарлиглахдаа “Ариун Сүнс та нарын хэлэх юуг ч байлаа бүх зүйлд гэрч болон урагш юүлэгдэх болно” (Сургаал ба Гэрээ 100:8-ыг мөн Сургаал ба Гэрээ 42:15–17; 50:17–22-ыг үзнэ үү) хэмээн амласан. Энэхүү амлалт сайн мэдээг заадаг бүх хүнд, тэр тусмаа танд хамаатай. Та Есүс Христийн сайн мэдээг заахдаа таныг удирдан чиглүүлж, зааж байгаа хүмүүсийн тань оюун ухаан, зүрх сэтгэлд үнэнийг гэрчлэх Ариун Сүнстэй хамт байж чадна (Сургаал ба Гэрээ 8:2-ыг үзнэ үү). Та заахдаа ганцаараа биш, учир нь “яригч нь та нар бус харин та нарын доторх Ариун Сүнс юм” (Марк 13:11).

Ариун Сүнс бол жинхэнэ багш мөн. Ямар ч мөнх бус багш хэчнээн ур чадвартай, туршлагатай байлаа ч үнэн болон Христийг гэрчлэх, хүмүүний зүрх сэтгэлийг өөрчлөх хүчтэй Сүнсний үүргийг гүйцэтгэж чадахгүй. Гэвч бүх багш Сүнсээр суралцахад нь Бурханы хүүхдүүдэд туслах зэмсэг болж чадна.

Сүнсээр заах

  • Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ.

  • Суралцагчдынхаа хэрэгцээний талаарх сүнслэг өдөөлтөд хариулахад үргэлж бэлэн бай.

  • Суралцагчдад Ариун Сүнсний хүчээр заахын тулд таатай орчин бүрдүүл.

  • Хувийн илчлэл эрэлхийлж, таньж мэдэн, түүнийхээ дагуу үйлдэхэд нь суралцагчдадаа тусал.

  • Суралцагчдаа гэрчлэлээ тогтмол хуваалцаж, мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урамшуул.

Аврагч заахын тулд Өөрийгөө сүнслэгээр бэлдсэн.

Есүс Өөрийн тохинуулалд бэлдэхийн тулд “Бурхантай хамт байхаар” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:1 [Матай 4:1]), зүүлт тайлбар b]) 40 хоногийг цөлд өнгөрүүлсэн билээ. Гэсэн хэдий ч Түүний сүнслэг бэлтгэл аль эрт эхэлжээ. Сатан Түүнийг сорих үед, Тэр “яг тэр цагтаа” хэрэг болно гэж нандигнасан “амьдралын үгс”-ийг ашиглах боломжтой байсан (Сургаал ба Гэрээ 84:85). Заахдаа сүнслэгээр бэлтгэхийн тулд хийж болох хүчин чармайлтынхаа талаар бод. Та сүнслэг бэлтгэлээ хангахдаа Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох талаар Матай 4:1–11-ээс юу сурсан бэ?

Ариун Сүнс бол жинхэнэ багш бөгөөд хөрвөлтийн үнэн эх сурвалж юм. “Сайн мэдээний хүчирхэг багш байх нь хичээлээ бэлдэх төдийгүй зааж эхлэхээсээ өмнө сүнслэг байдлынхаа хувьд өөрийгөө сайтар бэлтгэхийг шаарддаг. Хэрэв та сүнслэг байдлын хувьд бэлтгэгдсэн бол зааж байхдаа Сүнсний удирдамжийг илүү их сонсож, дагах боломжтой болно. Ариун Сүнсийг хичээлдээ урих арга зам нь Түүнийг амьдралдаа урих явдал юм. Сүнсийг амьдралдаа урих арга замд Аврагчийн үлгэр жишээг дагах, Түүний сайн мэдээний дагуу бүх зүрх сэтгэлээрээ амьдрахыг тууштай хичээх зэрэг багтана. Бидний хэн нь ч үүнийг төгс үйлддэггүй учраас энэ нь бас өдөр бүр наманчлах гэсэн утгатай.

Тунгаан бодох асуултууд: Заахын тулд өөрийгөө сүнслэг байдлын хувьд бэлтгэнэ гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Та сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэх арга замаа сайжруулахын тулд юу хийхээр өдөөгдсөн бэ? Сүнслэгээр бэлтгэгдсэн байдал нь таны хичээлийг хэрхэн өөрчилнө гэж та бодож байна вэ?

Судрууд: Езра 7:10; Лук 6:12; Алма 17:2–3, 9; Сургаал ба Гэрээ 11:21; 42:13–14

Аврагч бусдын хэрэгцээг анхаарч, туслахад үргэлж бэлэн байсан.

Синагогийн ахлагч Иаир Есүсийн хөлд унаж, үхлүүт байгаа охиндоо туслахыг гуйв. Есүс шавь нартайгаа хамт хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар Иаирын гэрийг чиглэн явж байгаад, гэнэт зогтусав. “Хэн Надад хүрэв?” гэж Тэр асуужээ. Хүмүүс бүчиж шахсан байхад ийнхүү асуусан нь сонин санагдсан ба хэн Түүнд хүрээгүй байх билээ дээ? Гэвч Аврагч тэр олон хүний дунд хэн нэгэн хүн тодорхой хэрэгцээгээ хангуулж, Түүний санал болгосон эдгэрлийг хүлээн авах итгэлээр Түүнд дөхөн ирсэн гэдгийг ойлгосон. Иаирын охинтой уулзах цаг байх байв. Гэвч эхлээд Есүс Түүний хувцсанд хүрсэн эмэгтэйд хандан “Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа” (Лук 8:41–48) гэж хэлэв.

Багшийн хувьд та заримдаа заахаар бэлдсэн зүйлээ бүгдийг нь ярихаар яарч магадгүй. Хэдийгээр ингэх нь чухал байж болох ч яарснаасаа болоод зааж байгаа хэн нэгний хойшлуулшгүй хэрэгцээг санамсаргүй байдлаар анхааралгүй өнгөрөөхгүй байхад анхаар. Заахаар бэлтгэх үедээ мөн зааж байхдаа ч Сүнсний удирдамжийг эрэлхийл. Суралцагчдынхаа хэрэгцээ, асуулт, сонирхлыг мэддэг байхыг хичээ. Суралцагч заасан зүйлийг тань хэрхэн хүлээн авч, ойлгож байгааг ялгахад Ариун Сүнс танд туслах болно. Тэр заримдаа таныг төлөвлөгөөгөө өөрчлөхөд ч өдөөж магадгүй юм. Жишээлбэл: Ямар нэг сэдэв дээр төлөвлөж байснаасаа илүү их цаг зарцуулах эсвэл суралцагчдад яг одоо илүү чухал байгаа зүйлд нь зориулан зарим ярилцлагыг хойшлуулах сэтгэгдэл танд төрж магадгүй.

Тунгаан бодох асуултууд: Эцэг эх эсвэл танай бусад багш хэрэгцээг тань мэддэг гэдгийг та хэзээ мэдэрсэн бэ? Зааж байгаа хүмүүс тань таныг хичээлээ дуусгахаас илүүтэй тэдний суралцаж байгааг сонирхдог гэдгийг мэдэх үү? Та сонирхлоо хэрхэн илүү сайн илэрхийлж чадах вэ?

Судрууд: 1 Петр 3:15; Алма 32:1–9; 40:1; 41:1; 42:1

Аврагч Ариун Сүнсээр заалгах боломжийг хүмүүст олгосон.

Есүсийн үеийн олон хүнд Түүний хэн болохыг ойлгоход хэцүү байсан хэдий ч тухайн үед хүмүүс янз бүрийн санаа бодолтой байсан. Түүний дагалдагчид “Тэд —Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэхэд Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн Есүс шавь нараа бусдын санаа бодлыг хойш тавьж, өөрсдийнхөө зүрх сэтгэл рүү өнгийн харахад урьсан асуултыг асуусан. Тэр тэднийг хариултаа “мах цуснаас” бус, харин шууд “тэнгэр дэх Миний Эцэг”-ээс олоосой гэж хүсжээ. Чухам ийм төрлийн гэрчлэл буюу Ариун Сүнсний хувийн илчлэл Петрт “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” (Maтай 16:13-17) гэж тунхаглах боломжийг олгосон юм.

Хожмын өдрүүдэд сүнслэгээр тэсэж үлдэхийн тулд таны зааж байгаа хүмүүст үнэний сүнслэг гэрчлэл хэрэгтэй болно. Та тэдэнд үүнийг өгч чадахгүй ч тэднийг урьж, урамшуулж, сүнслэгээр өдөөж мөн хэрхэн сүнсийг эрэлхийлэхийг зааж чадна. Та сайн мэдээнээс суралцахад Ариун Сүнс хэр чухал болохыг үг, үйлдлээрээ тодорхой харуулж чадна. Жишээлбэл: Өөрийн бий болгож, урамшуулдаг сургалтын орчныг бодоод үзээрэй. Өрөөн доторх сандлуудын зохион байгуулалт эсвэл суралцагчидтай мэндчилж, харилцах арга барил зэрэг энгийн зүйл нь суралцагчдад ямар туршлага хуримтлуулах сүнслэг өнгө аясыг бий болгодог тухайд. Мөн та заахын тулд сүнслэгээр өөрийгөө бэлдсэнтэй адил, суралцахын тулд сүнслэгээр бэлтгэхэд нь суралцагчдыг урьж болно. Өөрт байгаа сүнснийхээ төлөө хариуцлага хүлээхийг тэднээс хүс. Мөн та тэдэнд Сүнс Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаар гэрчилж байгааг мэдрэх боломжийг олгож чадна. Тэрхүү гэрчлэл тэдний хувьд “хад” болж, “үхэгсдийн орны хаалга [тэднийг] дийлэхгүй” (Матай 16:18).

Тунгаан бодох асуултууд: Сайн мэдээнээс суралцах сүнслэг орчинд хувь нэмэр оруулдаг юуг та ажигласан бэ? Үүнд юу саад учруулдаг вэ? Сүнснээс суралцахад таны зааж байгаа хүмүүст юу тусалдаг вэ? Та хамгийн олон удаа бүрдүүлсэн нөхцөл байдлынхаа талаар бод. Та тэнд байхдаа юу мэдэрдэг вэ? Та тэнд Сүнсийг байлгахаар хэрхэн үр дүнтэй урих вэ?

Судруудаас: Лук 24:31–32; Иохан 14:26; 16:13–15; Моронай 10:4–5; Сургаал ба Гэрээ 42:16–17; 50:13–24

номлогчид гэр бүлд зааж байгаа нь

Бид зааж байхдаа, суралцагчдыг үнэний талаарх өөрсдийн сүнслэг гэрчлэлийг хайхад урьж болно.

Аврагч бусдад хувийн илчлэл эрэлхийлж, таньж мэдэн, үйлдэхэд тусалсан.

Их Эзэн бидэнтэй харилцахыг хүсдэг бөгөөд харилцаж байгааг нь мэдээсэй гэж хүсдэг. 1829 онд сургуулийн багш, 22 настай Оливер Каудери хэн ч хувийн илчлэл хүлээн авч болно гэдэг тод томруун, сэтгэл хөдөлгөм сургаалын талаар суралцаж байв. Гэвч түүнд “Их Эзэн надтай ярихыг үнэхээр хичээж байна уу? Түүний юу хэлж байгааг би яаж мэдэх вэ?” гэсэн бидний олонхын асуудагтай төстэй асуултууд гарч иржээ. Эдгээр асуултад хариулахын тулд Есүс Христ Оливерыг өөрийн сүнслэг эрэл хайгуул хийж байсан үеэ эргэн бодоход урьсан. “Чиний оюунд амар амгаланг би яриагүй билүү? хэмээн Тэр асуужээ (Сургаал ба Гэрээ 6:21–24-ийг үзнэ үү). Дараа нь Тэр Оливерт Сүнс өөртэй нь ярьж болох өөр арга замуудын талаар заасан (Сургаал ба Гэрээ 8:2–3; 9:7–9-ийг мөн Сургаал ба Гэрээ 11:12–14-ийг үзнэ үү).

Сүнслэг зүйлсийг ихэнхдээ үл тоомсорлодог ертөнцөд амьдарч байгаа бидэнд Сүнсний дуу хоолойг танихад тусламж хэрэгтэй болдог. Бид Сүнсийг өөрсдөө мэдээгүй ч мэдэрсэн байж магадгүй. Мөн бид Сүнсийг хэрхэн эрэлхийлж, Түүний нөлөөг таньж мэдэн, Түүний бидэнд өгсөн өдөөлтүүдийн дагуу хэрхэн үйлдэх талаар илүү ихийг мэдэж чадна. Та заах үедээ Сүнсний хэрхэн харилцаж болох арга замуудыг болон Тэр тэдэнтэй яаж харилцаж байсныг олж мэдэхэд нь суралцагчдад тусал. Багшийн хувьд өгч болох хамгийн том бэлгүүдийн нэг бол зааж байгаа хүмүүстээ хувийн илчлэлт авахаар эрэлхийлэх насан туршийн аялалдаа ахиц дэвшил гаргахад нь туслах явдал юм.

Тунгаан бодох асуултууд: Хувийн илчлэл хүлээн авч сурах нь яагаад чухал вэ? Хэн нэгэн танд илчлэлийг хэрхэн эрэлхийлэх, таних талаар ойлгоход тусалсан уу? Та зааж байгаа хүмүүсээ Ариун Сүнсээр дамжин ирэх илчлэлийг эрэлхийлж, таньж мэдэн, үүний дагуу үйлдэхэд хэрхэн урамшуулж чадах вэ?

Судрууд: Галат 5:22–23; Алма 5:45–47; Сургаал ба Гэрээ 42:61; 121:33; Иосеф Смит—Түүх 1:8–20

Аврагч заадаг хүмүүстээ гэрчлэлээ хуваалцсан.

Сургаж, тохинуулах онцгой дотно мөчид Есүс ах нь нас барсан найз Мартагаа тайвшруулахаар хичээв. Тэрээр түүнтэй мөнхийн үнэний тухай энгийн гэрчлэл хуваалцаж, “Ах чинь амилна” (Иохан 11:23) гэж хэлжээ. Түүний гэрчлэл Мартаг “Эцсийн өдрийн амилалд тэр амилна гэдгийг би мэднэ” (Иохан 11:24) гэсэн гэрчлэлээ хуваалцахад хүргэсэн. Энэ загвар Иохан 11:25–27-д хэрхэн давтагдаж байгааг анзаарна уу. Аврагчийн үлгэр жишээнээс юу нь танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ? Сайн мэдээний үнэний талаарх гэрчлэлээ хуваалцах нь яагаад заах үйл ажиллагааны чухал хэсэг болдог вэ?

Таны гэрчлэл таны зааж байгаа хүмүүст хүчтэй нөлөө үзүүлж чадна. Энэ нь гоё чамин эсвэл урт дэлгэрэнгүй байх албагүй. Мөн “Би гэрчлэлээ хуваалцмаар байна” гэж эхлэх ч шаардлагагүй. Мэддэг зүйлээ Ариун Сүнсний хүчээр зүгээр л хуваалц. Үнэний тухай гэрчлэл шууд бөгөөд чин сэтгэлийн угаас гарч ирэх үедээ хамгийн хүчтэй байдаг. Аврагч, Түүний сайн мэдээ болон таны амьдрал дахь Түүний хүчний талаар тогтмол гэрчлэлээ хуваалцаж, зааж байгаа хүмүүсээ ч мөн адил үйлдэхэд урамшуулан дэмж. Заримдаа хамгийн хүчирхэг гэрчлэлийг багш биш, харин хамт суралцдаг хүн хуваалцдаг гэдгийг сана.

Тунгаан бодох асуултууд: Гэрчлэлтэй хэн нэгний хүчтэй нөлөөг харуулсан жишээнүүдийг судраас хай. Та эдгээр жишээнээс юу сурч мэдсэн бэ? Та хэзээ хэн нэгний гэрчлэлээр дамжуулан адислагдсан бэ? Гэрчлэлээ хуваалцах нь таны зааж байгаа хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Судруудаас: Үйлс 2:32–38; Мозая 5:1–3; Алма 5:45–48; 18:24–42; 22:12–18; Сургаал ба Гэрээ 46:13–14; 62:3

Суралцаж байгаа зүйлээ хэрэгжүүлэх зарим арга зам

  • Бурханы үгийг судалж байх үед Ариун Сүнс тэдэнд юу заасныг хуваалцахыг суралцагчдаас хүс.

  • Зааж байхдаа сүнслэг өдөөлтүүд хүлээн авахын тулд урьдчилан бэлтгэ.

  • Бэлтгэх явцад төрсөн сүнслэг сэтгэгдлүүдээ бич.

  • Зарим үед ангийн гишүүдэд Сүнс юу зааж байгааг чимээгүй тунгаан бодох боломжийг тэдэнд гаргаж өгөөрэй.

  • Сүнсний нөлөөг урихын тулд ариун нандин хөгжим болон зураг ашигла.

  • Төлөвлөж, зааж байхдаа өдөөлтийг сонсож, төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн бай.

  • Сурч байгаа зүйлийнхээ талаар гэрчлэх боломжийг бүх суралцагчид олго.

  • Сүнс байгаа үеийг танихад бусдад тусал.

  • Өөрийн зааж байгаа үнэнүүдийн дагуу амьдар, ингэснээр та тэдгээрийг гэрчилж чадна.

  • Санамсаргүй байдлаар, албархаг бус нөхцөл байдалд заахын тулд өдөөлтийг дага.