Институт ба семинар
Сургаалыг заа


“Сургаалыг заа,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)

“Сургаалыг заа,” Аврагчийн арга барилаар заах нь

Сургаалыг заа

Есүсийн мэргэн ухаан, мэдлэг амьдралынх нь туршид өссөөр байсан хэдий ч тэр Өөрийн цаг үеийн бусад шашны удирдагчтай адил албан ёсоор боловсрол эзэмшээгүй юм. Түүнийг зааж байх үед хүмүүс “Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж судар бичгийг мэддэг билээ?” гэж гайхацгааж байсан. Түүний сургаал яагаад тийм хүчтэй байсан бэ? “Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх” (Иохан 7:15-16) хэмээн Тэрээр тайлбарласан. Сургаал нь судрууд болон хожмын үеийн бошиглогчдын үгэнд суурилсан мөнхийн үнэн бөгөөд Тэнгэр дэх Эцэгтэйгээ адилхан болж, Түүнд буцаж очих замыг бидэнд харуулдаг. Багшийн хувьд та хэр туршлагатай байхаас үл хамаарч, Эцэгийн сургаалыг зааснаар Аврагчийнхтай адил хүчээр зааж чадна. Хичээл болон бэлтгэл тань Түүний үгэнд суурилсан үед таны заадаг хүмүүс Бурханы илгээдэг адислалуудад гайхширах болно.

Сургаалыг заах нь

  • Есүс Христийн сургаалаас бие даан суралц.

  • Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс заа.

  • Судрын үнэнүүдийг эрж хайн, танин мэдэж, ойлгоход нь суралцагчдад тусал.

  • Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүд дээр төвлөр.

  • Есүс Христийн сургаалаас өөрсдөдөө хамааралтай зүйлсийг олж мэдэхэд нь суралцагчдад туслаарай.

Аврагч сургаалаас суралцсан

Аврагч бага наснаасаа судруудаас суралцаж байсан нь илэрхий ба Түүний “мэргэн ухаан нь өссөөр … Бурханы … тааллыг олжээ” (Лук 2:52). Эцэг эх нь Түүнийг өсвөр насандаа ариун сүм дотор иудей багш нарт зааж, тэдний асуултад хариулж байхыг харсан бөгөөд Эцэгийн сургаалын талаар гүн гүнзгий ойлголттой гэдэг нь энэ цагаас илэрхий болсон юм (Иосеф Смитийн Орчуулга, Лук 2:46 [Лук 2:46, зүүлт тайлбар c-г үзнэ үү). Хожим нь Сатан Есүсийг цөлд олон удаа сориход судруудаас сурсан сургаалын мэдлэг нь уруу таталтыг эсэргүүцэхэд Түүнд тусалжээ (Лук 4:3–12-ыг үзнэ үү).

Та ч бас үнэн сургаалыг заахаасаа өмнө илүү гүн гүнзгий судлахаар эрэлхийлж болно. Та заахаар бэлтгэж, бусадтай хамт суралцаж байхдаа Их Эзэн таны зааж буй үнэний талаар юу хэлснийг анхааралтай хар. Судрууд болон амьд бошиглогчдын үгээс тайлбар, зөвлөгөө эрж хай. Судалж буй үнэнүүдийнхээ дагуу амьдарч, хэрэгжүүлснээр та сургаалыг улам гүн гүнзгий ойлгуулж заахад мөн таны зааж байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд сургаалын үнэнийг батлах Сүнсийг урих болно.

Тунгаан бодох асуултууд: Яагаад сайн мэдээний үнэнийг өөрсдөө ойлгох нь чухал вэ? Та яаж сайн мэдээний үнэнүүдийн талаар илүү гүн гүнзгий ойлголттой болсон бэ? Та судруудыг болон амьд бошиглогчдын үгийг илүү сайн судлахын тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?

Судрууд: Сургаалт үгс 7:1–3; 2 Нифай 4:15–16; Сургаал ба Гэрээ 11:21; 88:118

Аврагч судруудаас заасан

Аврагчийг нас барсны дараа Түүний хоёр шавь зүрх сэтгэлдээ гуниг, гайхширал хослуулан ярьж мөн алхаж явжээ. Сая юу болсныг тэд хэрхэн ойлгох билээ дээ? Өөрсдийн Гэтэлгэгч гэдэгт итгэж байсан Назарын Есүс нас бараад гурав хонож байлаа. Гэтэл булш нь хоосон, тэнгэр элч нар Түүнийг амьд гэж тунхагласан гэх мэдээллүүд тархаж эхлэв! Тэрхүү дагалдагчдын итгэлийн чухал мөчид үл таних нэгэн хүн замд нь нэгджээ. Тэрээр “бүх судар [Аврагчийн] тухай юу хэлснийг тэдэнд тайлбарла[н]” тайтгаруулав. Эцэст нь тэдэнтэй хамт явсан хүн тэдний багш Есүс Христ Өөрөө байсныг, Тэр үнэхээр амилсныг тэд ойлгосон юм. Тэд Түүнийг хэрхэн таньсан бэ? Дараа нь тэд “Замд Тэр бидэнтэй ярилцаж, судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань бидний дотор шатаж байсан бус уу?” хэмээн ярилцсан. (Лук 24:27, 32).

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Эцэст нь, судруудын гол зорилго нь Бурхан Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр бидний оюун санааг дүүргэж өгөх юм” хэмээн заасан (“Судруудын адислал,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39). Тохинууллынхаа туршид Есүс бусдад зааж, залруулж, урамшуулахын тулд судруудыг ашигласан. Таны зааж байгаа зүйл судруудаас болон бошиглогчдын үгээс халихгүй байхад анхаар. Та итгэлтэй байж, хичээлээ Бурханы үгэнд тулгуурлан заавал Аврагчийн үйлдсэнтэй адилаар бусдад үйлдэж чадна. Бид Аврагчид итгэх итгэлээ тогтмол хүчирхэгжүүлэх шаардлагатай учраас та Түүнийг мэдэхэд нь тэдэнд тусалж чадна. Таны судруудыг хайрлах хайр заадаг хүмүүст тань илт харагдаж, таны хичээл Эцэг, Хүү хоёрын тухай гэрчлэлээр тэдний зүрхийг шатах мэт болгох Сүнсийг урих болно.

Тунгаан бодох асуултууд: Аврагчийг илүү сайн мэдэхэд тань туслахын тулд судруудыг ашигласан багш танд хэрхэн нөлөөлж байсан бэ? Та зааж байгаа зүйлээ судруудад болон бошиглогчдын үгэнд илүү суурилуулахын тулд юу хийж болох вэ? Та заадаг хүмүүстээ Бурханы үгийг мэдэж, хайрладаг болоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Судрууд: Лук 4:14–21; Алма 31:5; Хиламан 3:29–30;3 Нифай 23

Аврагч хүмүүст үнэнийг эрэлхийлж, таньж мэдэн, ойлгоход нь тусалсан.

Нэгэн хуульч Аврагчаас “Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?” гэж асуув. Хариуд нь Аврагч түүнийг сударт хандуулан, “Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ?” гэв. Тэгэхэд нь тэр “Бурхан Эзэнээ …мөн хөршөө хайрла” гэж хариулаад зогсохгүй, “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” гэж асуужээ. Энэ асуултад Аврагч алсын замд тусламж хэрэгтэй болсон нэгнийг харсан гурван хүний тухай сургаалт зүйрлэлээр хариулав. Энэ гурвын дундаас гагцхүү угсаа гарлаасаа болоод иудейчүүдэд үзэн ядагдаж байсан самари хүн л түүнд туслахаар зогсжээ. Дараа нь Есүс хуульчийг асуултдаа өөрөө хариулахыг урив. “Энэ гурвын хэн нь … тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна?(Лук 10:25–37-г үзнэ үү).

Асуулт бүрд нь хариулахдаа Аврагч яагаад хайх, тунгаан бодох, олж нээх урилгын маягаар заасан бэ? Үүний хариултуудын нэг нь, Их Эзэн үнэнийг эрэлхийлэхийн тулд гаргадаг хичээл зүтгэлийг үнэлдэгт оршино. “Хай, тэгвэл та нар олно” гэсэн урилгыг Тэр дахин дахин өгсөөр ирсэн (Жишээлбэл: Матай 7:7; Лук 11:9; Сургаал ба Гэрээ 4:7-г үзнэ үү). Тэрээр хайгчийн итгэл, тэвчээртэй үйлдлийг шагнадаг.

Та Аврагчийн нэгэн адил үнэнийг таньж, ойлгоход нь заадаг хүмүүстээ тусалж чадна. Жишээлбэл: Судрууд сайн мэдээний үнэнээр дүүрэн байдаг ч заримдаа тэдгээрийг олохын тулд зорилготойгоор хичээх шаардлага гардаг. Судраас хамтдаа суралцаж байхдаа та түр азнаад, зааж байгаа хүмүүсээсээ сайн мэдээний ямар үнэнийг анзаарч байгааг асуу. Эдгээр үнэн Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөтэй хэрхэн холбогдож байгааг олж харахад нь тэдэнд тусал. Заримдаа судруудад мөнхийн үнэнүүдийг өгүүлсэн байдаг бол зарим үед тэдгээр нь хүмүүсийн түүх, амьдралыг дүрслэн харуулсан байдаг. Уншиж буй шүлгийнхээ түүхэн нөхцөл байдал, утга учрыг мөн өнөөдөр бидэнд хэрхэн хамааралтай болохыг хамтдаа судлах нь бас тустай.

Тунгаан бодох асуултууд: Та судрууд эсвэл бошиглогчдын үгэн дэх мөнхийн үнэнийг хэрхэн таньж мэддэг вэ? Эдгээр үнэн таны амьдралыг хэрхэн адисалж байна вэ? Танд ач холбогдолтой үнэнийг таньж, ойлгоход нь суралцагчдад туслах мөн тэднийг Бурханд ойртуулах ямар арга замууд байна вэ?

Судрууд: Иохан 5:39; 1 Нифай 15:14; Сургаал ба Гэрээ 42:12

Зураг
суралцаж буй суралцагчид

Бид үнэнийг өөрсдөө олж, таньж мэдэхэд нь заадаг хүмүүстээ тусалж чадна.

Аврагч хөрвөгдөж, итгэлтэй болгоход хөтөлдөг үнэнүүдийг заасан.

Нэгэн Хүндэтгэлийн өдөр Аврагч болон Түүний шавь нар өлссөн учраас талбайн хажуугаар өнгөрөхдөө тариан түрүүг идэж эхлэв. Мосегийн хуулийн нарийн ширийнийг онцлохыг үргэлж хүсдэг фарисайчууд үр тариа хураах нь үнэндээ ажил хөдөлмөрийн нэг хэлбэр бөгөөд Хүндэтгэлийн өдөр үүнийг хориглодог гэж ярьцгаав (Марк 2:23–24-ийг үзнэ үү). Мормоны Номын бошиглогч Иаков фарисайчуудыг “уг зорилгоос алсуур хай[сан]” (Иаков 4:14) гэж хэлснийг эш татъя. Өөрөөр хэлбэл, тэд зарлигуудын уламжлалт тайлбарт ихээхэн төвлөрснөөсөө болж, тэдгээр зарлигийн бурханлаг зорилгыг буюу биднийг Бурханд ойртуулах гэсэн санааг умартжээ. Үнэн хэрэгтээ Хүндэтгэлийн өдрийг эрхэмлэхийг зарлигласан Нэгэн тэдний өмнө зогсож байгааг фарисайчууд ойлгоогүй.

Аврагч энэ боломжийг ашиглан, Өөрийн бурханлаг мөн чанарыг гэрчилж, Хүндэтгэлийн өдөр яагаад чухал болохыг заасан. Энэ өдрийг Хүндэтгэлийн өдрийн Эзэн Есүс Христийг шүтэх өдөр болгон бидний төлөө (Марк 2:27–28-ыг үзнэ үү) бүтээжээ. Ийм үнэнүүд нь Бурханы зарлигууд бидний гаргадаг үйлдэл, зан байдлаас илүү чухал гэдгийг ойлгоход тусалдаг. Эдгээр нь бидэнд зүрх сэтгэлээ өөрчилж, илүү бүрэн хөрвөгдөхөд туслах зорилготой.

Анхаарал хандуулахаар шийдсэн сургаал, зарчмуудынхаа талаар сайтар бодож үз. Ярилцаж болох олон үнэн судруудад байдаг ч хөрвөлтөд хөтөлдөг сайн мэдээний үнэнүүдэд анхаарлаа төвлөрүүлж, Есүс Христэд итгэдэг болох нь хамгийн сайн арга юм. Түүний Цагаатгал, авралын төлөвлөгөө, Бурханыг болон хөршөө хайрлах зарлигууд гэх мэт Аврагчийн зааж, үлгэрлэсэн энгийн, үндсэн үнэнүүд бидний амьдралыг өөрчлөх хамгийн агуу хүчтэй байдаг. Эдгээр үнэнийг гэрчлэхэд мөн зааж байгаа хүмүүсийн тань зүрх сэтгэлд гүн гүнзгий нэвтэрч орох Сүнсийг урь.

Тунгаан бодох асуултууд: Таныг Есүс Христэд илүү сайн хөрвөгдөж, Түүнд илүү их итгэхэд тусалсан ямар сайн мэдээний үнэнүүд байна вэ? Сайн мэдээний амин чухал үнэнүүд дээр төвлөрөхөд багш тань хэрхэн тусалсан бэ? Та бусдад Есүс Христэд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд туслах юуг зааж чадах вэ?

Судрууд: 2 Нифай 25:26; 3 Нифай 11:34–41; Сургаал ба Гэрээ 19:31–32; 68:25–28; 133:57; Мосе 6:57–62

Аврагч Өөрийнх нь сургаалаас өөрсдөд нь хамааралтай хэсгийг олж авахад хүмүүст тусалсан.

“Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог” (Лук 15:2) ба энэ нь сүнслэг багшийн хувьд тийм ч зохистой үйлдэл биш гэж фарисайчууд Есүсийн талаар гомдоллов. Есүс үүнийг тэдэнд гүн гүнзгий сүнслэг үнэнийг заах боломж гэж харсан. Тэр хэрхэн заадаг байсан бэ? Тэр өөрийнх нь зүрх сэтгэл биш, харин тэдний зүрх сэтгэл бузартсан буюу эдгэрэх шаардлагатай гэдгээ ойлгоход нь фарисайчуудад хэрхэн туслах вэ? Тэдний бодол санаа, зан төлөв өөрчлөгдөх шаардлагатай гэдгийг харуулахын тулд Тэр Өөрийн сургаалыг хэрхэн ашиглах вэ?

Тэрээр ийн үйлдэхдээ, сүргээсээ төөрсөн хонь болон гээгдсэн зоосны тухай тэдэнд ярьсан. Тэрээр өршөөл гуйсан тэрслүү хүүгийн тухай болон түүнийг хүлээж аван, хамт хооллохоос татгалзсан ахын тухай ярьсан. Эдгээр сургаалт зүйрлэл бүр нь фарисайчууд бусдыг хэрхэн хардаг талаарх үнэнийг агуулж байсан бөгөөд бодгаль бүхэн агуу үнэ цэнтэй гэдгийг тэдэнд заасан юм (Лук 15-ыг үзнэ үү). Аврагч фарисайчуудад болон бидний хэн нэгэнд сургаалт зүйрлэл дэх ямар хүнтэй адилтгахыг хэлээгүй. Заримдаа бид сэтгэл нь түгшсэн аав болдог. Заримдаа бид атаархуу ах болдог. Ихэнхдээ бид алдагдсан хонь эсвэл тэнэг хүү болдог. Бид ямар ч нөхцөл байдалд байсан, Аврагч Өөрийн сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан биднийг Түүний сургаалаас өөрсдөдөө хамааралтай хэсгийг, бид нарыг юу сураасай гэж хүсэж байгааг нь болон өөрсдийн бодол санаа, зан төлөвийнхөө юуг өөрчлөх шаардлагатайг олж мэдэхэд урьдаг.

Зарим суралцагч яагаад тэдэнд зарим үнэн чухал болохыг ойлгодоггүйг та анзаардаг байх. Та заадаг хүмүүсийнхээ хэрэгцээг бодож байхдаа судрууд дахь үнэнүүд тэдний нөхцөл байдалд хэрхэн утга учиртай, хэрэгтэй байж болох талаар бодож үзээрэй. Олж мэдсэн үнэнүүдийнхээ хамаарлыг олж харахад нь суралцагчдад туслах нэг арга бол “Энэ нь танд одоо тулгараад байгаа зүйлд хэрхэн тусалж чадах вэ?” “Үүнийг мэдэх нь танд яагаад чухал вэ?” “Энэ мэдлэг таны амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?” гэх мэтчилэн асуух явдал юм. Зааж байгаа хүмүүсээ сонс. Тэдэнд асуухыг зөвшөөр. Тэднийг Аврагчийн сургаалыг өөрсдийн амьдралтай холбодог болоход урамшуул. Мөн та зааж байгаа зүйлээ амьдралд тань хэрхэн хамааралтай болохыг олж мэдсэн тухайгаа хуваалцаж болно. Ингэснээр суралцагчдад нэг бүрчлэн сургаал тэдний амьдралд хэрхэн нөлөөлж болохыг заах Сүнсийг урьж чадна.

Тунгаан бодох асуултууд: Сайн мэдээний үнэнийг таны хувьд утга учиртай, хэрэгтэй болгодог зүйл юу вэ? Сайн мэдээг судлах явцдаа өөртөө хамааралтай зүйлийг олоход танд юу тусалдаг вэ? Та өөрсдөд нь хамаарах үнэнүүдэд анхаарлаа төвлөрүүлэхэд нь суралцагчдадаа туслахын тулд юу хийж байна вэ?

Судрууд: 1 Нифай 19:23; 2 Нифай 32:3; Сургаал ба Гэрээ 43:7–9

Суралцаж байгаа зүйлсээ хэрэгжүүлэх зарим арга

  • Та үнэн сургаалыг зааж байгаа эсэхээ нягтлахын тулд юу зааж байгаагаа үнэл. Дараах асуулт танд тусалж болох юм. Үүнд:

    • Миний заахаар төлөвлөж буй зүйл судруудад болон хожмын үеийн бошиглогчдын үгэнд үндэслэсэн үү?

    • Үүнийг олон бошиглогч зааж байсан уу? Сүмийн одоогийн удирдагчид энэ талаар юу зааж байна вэ?

    • Энэ нь Есүс Христэд итгэлтэй болгож, наманчилж, гэрээний замаар ахихад бусдад хэрхэн туслах вэ?

    • Энэ нь Ариун Сүнсний өдөөлттэй нийцэж байна уу, эсвэл би үүнийг заахдаа сүнслэг байдлын хувьд сэтгэл дундуур байна уу?

  • Үнэн сургаалыг бие даан судлахын тулд өдөр бүр Бурханы үгээс суралц.

  • Зааж байхдаа суралцагчдаас судруудыг болон орчин үеийн бошиглогчдын үгсийг уншихыг хүс.

  • Судруудыг судлахдаа зүүлт тайлбар, Судрын удирдамж болон бусад эх сурвалжийг хэрхэн ашиглахыг суралцагчдад заа.

  • Судрын хэсэг эсвэл түүхээс үнэнүүдийг олоход суралцагчдыг урь.

  • Сургаал үнэн гэдгийг хэрхэн мэдсэн тухайгаа гэрчил.

  • Суралцагчдад сайн мэдээний үнэний талаар илүү гүнзгий ойлголттой болоход нь туслахын тулд түүх эсвэл зүйрлэл ашигла.

Хэвлэх