Институт ба семинар
Төрөл бүрийн заах орчин болон суралцагчдад зориулсан зөвлөмж


“Төрөл бүрийн заах орчин болон суралцагчдад зориулсан зөвлөмж,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)

“Төрөл бүрийн заах орчин болон суралцагчдад зориулсан зөвлөмж,” Аврагчийн арга барилаар заах нь

Гэр бүлд зааж байгаа эрэгтэйчүүд

Төрөл бүрийн заах орчин болон суралцагчдад зориулсан зөвлөмж

“Аврагчийн арга барилаар заах нь” эх сурвалж дахь зарчмуудыг гэртээ, сүмд болон бусад газарт гэх мэтээр заах ямар ч боломжуудад хэрэгжүүлж болно. Гэсэн хэдий ч боломж бүр өөрийн гэсэн өвөрмөц нөхцөл байдалтай байдаг. Энэ хэсэгт төрөл бүрийн суралцагчид болон заах орчинд зориулсан нэмэлт зөвлөмжүүдийг өгнө.

Гэр орон ба гэр бүл

Гэр орон бол сайн мэдээнээс суралцах, заах хамгийн тохиромжтой газар юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон гэр орон бол “сайн мэдээнээс суралцах төв” байх ёстой хэмээн заасан (““Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы материалыг үзнэ үү). Сүмд эсвэл семинар дээр заадаг сургаал нь үнэ цэнтэй, хэрэгцээтэй боловч гэр оронд заадаг сургаалыг дэмжих зорилготой. Та болон танай гэр бүлийн хувьд сайн мэдээнээс суралцах хамгийн тохирсон буюу үндсэн орчин бол гэр тань юм.

Гэхдээ энэ нь сайн мэдээнээс сайтар суралцах нь гэр оронд аяндаа явагддаг гэсэн үг биш ба үүнд ухамсартай хүчин чармайлт шаарддаг. Ерөнхийлөгч Нэлсон ханаа нурааж, шинэ шал тавих аргаар бус, харин гэрийнхээ ерөнхий сүнсийг, тэр тусмаа энэ сүнсэнд оруулсан хувь нэмрээ үнэлж дүгнэх замаар гэр орноо “өөрчлөх” эсвэл “засах” хэрэгтэй байж магадгүй гэж зөвлөсөн (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 113). Жишээлбэл: Гэртээ байгаа хөгжим, видео болон бусад мэдээллийн хэрэгсэл; ханан дээрх зургуудын талаар мөн танай гэр бүлийн гишүүд бие биетэйгээ хэрхэн харьцаж, хэрхэн ярилцдаг талаар бодож үз. Эдгээр нь Ариун Сүнсний нөлөөг урьдаг уу? Та ганцаараа болон гэр бүлээрээ сайн мэдээнээс суралцах цаг гаргадаг уу? Танай гэр бүлийн гишүүд гэртээ байхдаа хайрлагдсан, аюулгүй, Бурхантай ойр байгаагаар мэдэрдэг үү?

Танд гэрийнхээ сүнслэг орчныг удирддаггүй мэт санагдаж болох юм. Хэрэв тийм бол хамгийн сайнаараа нөлөөлж, Их Эзэнээс тусламж хүс. Тэр таны зөв шударга хүчин чармайлтыг хүндэтгэх болно. Сайн мэдээг зааж, үүнээс суралцах гэж оролдох үедээ хүссэн үр дүнг тэр даруй олж хараагүй байсан ч та амжилтад хүрч байгаа.

Гэр орондоо суралцах нь харилцаан дээр суурилдаг

“Зааж байгаа хүмүүсээ хайрла” гэдэг нь сайн мэдээг заах бүх орчинд хамаатай ч гэр оронд хайр цаанаасаа ундарч, хамгийн гүн гүнзгий мэдрэгдэж байх ёстой. Таны гэр орон гайхалтай биш байлаа ч гэсэн энд бидний хамгийн урт хугацааны харилцаа үүсдэг тул сайн мэдээг заах төвөө болгох учиртай. Гэрээсээ өөр газарт багшилдаг багш нарын хувьд, тэд заах илүү их туршлагатай эсвэл сургалтад хамрагдсан байж болох ч гэр оронд оршдог хайраар дүүрэн, мөнхийн харилцааны боломжийг хэзээ ч дуурайж чадахгүй. Тиймээс эдгээр харилцааг хөгжүүл. Гэр бүлийн гишүүдээ сонсож, итгэж найдан, ойлголцоход шаардлагатай цаг хугацааг зарцуулж, хүчин чармайлт гарга. Энэ нь гэр орондоо сайн мэдээг заах болон суралцах хичээл зүтгэлийн бат бөх суурийг тавихад тусална.

Гэртээ суралцах үйл явцыг төлөвлөж болох ч зоргоор нь явуулж бас болно

Сүмийн ихэнх хичээл долоо хоногт нэг удаа, хуваарийн дагуу эхэлж бас дуусдаг бол гэр оронд үргэлж ийм байдаггүй. Та гэр бүлийн үдшийн хичээл эсвэл гэр бүлээрээ судар судлах хуваарьтай байж болох ч гэр бүлдээ заах боломж ихэвчлэн албан бус, өдөр тутмын амьдрал дунд буюу хоол идэх, гэрийн ажил хийх, тоглоом тоглох, ажил, сургууль руугаа явах, ном унших, хамтдаа кино үзэх зэрэг үеүдэд ч тохиолддог. Ширүүн бороо орох нь хүртэл Аврагч биднийг амьдралын шуурганаас хэрхэн халхалдаг талаар ярилцах боломж байж болно. Хэцүү сонголт хийх болсон өсвөр насны хүүхэд хувийн илчлэлт хэрхэн хүлээн авах талаар суралцахад бэлэн байж болно. Тайтгаруулагчийн талаарх таны гэрчлэл айдастай байгаа хүүхдэд тустай байж магадгүй. Нэг нэгэнтэйгээ зүй бус харьцаж, зөрүүдэлж байгаа хүүхдүүдэд наманчлал, өршөөлийн тухай зааж болно.

Эдгээр цаг мөч төлөвлөгдөөгүй байдаг учраас үүнд уламжлалт хичээлд бэлддэгийн адил бэлтгэх боломжгүй. Гэсэн хэдий ч та Сүнсэнд мэдрэмтгий байж, “ямагт бэлэн байхыг” (1 Петр 3:15) хичээснээр өөрийгөө бэлтгэж чадна. Аливаа цаг хугацаа нь заах эсвэл суралцах мөч болж магадгүй юм.

Гэр оронд суралцах нь жижиг, энгийн, тууштай хичээл зүтгэлээс бүрддэг

Гэр орондоо сайн мэдээг заах оролдлого нь бүтэлгүйтсэн мэт санагдах үед эцэг эхчүүд заримдаа шантардаг. Хувь хүн дээр авч үзвэл, гэр бүлийн үдэш, судар судлах хэсэг эсвэл сайн мэдээний харилцан яриа тийм ч их үр дүнд хүрэхгүй байгаа мэт санагдаж магадгүй. Гэвч цаг хугацааны явцад байнга давтагдах жижиг, энгийн хичээл зүтгэлүүд хуримтлагдсаар, хааяа нэг тохиох чухал мөч эсвэл чухал сургамжаас илүү хүчтэй бөгөөд хүчирхэгжүүлэхүйц байж болно. “Бүх зүйл өөрсдийн цаг үед тохиохоор ирэх ёстой.” “Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг” гэж Их Эзэн хэлсэн (Сургаал ба Гэрээ 64:32 мөн Алма 37:6–7-г үзнэ үү). Тиймээс бүү бууж өг, мөн байнга ямар нэг агуу зүйл хийх гэж бүү санаагаа чилээ. Гагцхүү тууштай хичээж зүтгэ.

Гэр орондоо суралцах, амьдрах хоёр салшгүй холбоотой

Сайн мэдээ нь гэр оронд шууд хамааралтай юм. Гэрт тантай хамт сайн мэдээнээс суралцаж байгаа хүмүүс бол өдөр бүр хамт амьдардаг хүмүүс тань юм. Үнэн хэрэгтээ, сайн мэдээний дагуу амьдрах нь бидэнд ихэнх тохиолдолд сайн мэдээнээс хэрхэн суралцах арга болдог. Тиймээс та гэр орондоо сайн мэдээнээс суралцаж бас зааж байхдаа, суралцаж байгаа зүйлээ хийж байгаа зүйлтэйгээ холбох арга замуудыг хайж олоорой. Та гэртээ сайн мэдээг зөвхөн ярьдаг биш, харин үүний дагуу амьдрахаар эрмэлздэг байгаасай.

Хүүхдүүдэд зааж байгаа эмэгтэй

Гэр бүлдээ багшлах боломж ихэвчлэн албан бус, өдөр тутмын амьдрал дунд тохиолддог.

Хүүхдүүдэд заах

Хүүхдүүдийн хэрэгцээ янз бүр

Бүх хүүхэд ялгаатай бөгөөд өсөж хөгжихийн хэрээр тэдний хэрэгцээ өөрчлөгддөг. Заах арга барилаа өөрчлөх нь тэдний олон талын хэрэгцээг хангахад тусална. Жишээ нь: Дараах аргуудыг ашиглах талаар бодож үз.

  • Түүх. Түүхүүд нь сайн мэдээ бидний өдөр тутмын амьдралд хэрхэн хамаатай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусалдаг. Судруудаас болон өөрийн амьдралаас, түүнчлэн гэр бүлийнхээ түүхээс эсвэл Сүмийн сэтгүүлээс авсан түүхүүдийг, ялангуяа Аврагчийн тухай түүхүүдийг ашигла. Зураг үзүүлж, үг хэллэгийг давтаж хэлэх, эсвэл хэсэгчлэн жүжиглэх зэргээр хүүхдүүдийг түүхтэй холбох арга замуудыг төлөвлө.

  • Үзүүлэн таниулах материал. Зураг, видео болон эд зүйлс нь хүүхдүүдэд сайн мэдээний зарчмуудыг ойлгож, санахад тусалдаг. Олон төрлийн зураг, видеог ChurchofJesusChrist.org вэбсайт дээрх LDS Media Library дээрээс олж болно.

  • Дуу хөгжим. Сүмийн дуулал болон бусад ариун нандин дуу нь хүүхдүүдэд Бурханы хайрыг болон Сүнсийг мэдэрч, сайн мэдээний үнэнүүдийн талаар суралцахад тусалдаг. Ая, хэмнэл нь бас энгийн шүлэг нь хүүхдүүдэд сайн мэдээний үнэнийг олон жилийн туршид марталгүй санаж байхад тусалдаг. Хүүхдүүдтэй хамт дуулж байхдаа, тэдэнд дуунд заасан зарчмуудыг олж мэдэн, ойлгоход тусал.

Ихэнх хүүхэд олон төрлийн мэдрэхүйгээ оролцуулж байж илүү сайн суралцдаг. Суралцаж байхдаа харах, сонсох, хүрэлцэх мэдрэхүйгээ ашиглахад нь хүүхдүүдэд туслах арга замыг ол. Зарим нөхцөлд тэдний үнэртэх, амтлах мэдрэхүйг хүртэл оролцуулах арга замыг олж болно.

Хүүхдүүд бүтээлч байдаг

Та хүүхдүүдийг сайн мэдээний зарчимтай холбоотой ямар нэгэн зүйлийг зурж, барьж, будаж, бичихэд урихдаа, тэдэнд уг зарчмыг илүү сайн ойлгоход нь тусалж, сурсан зүйлийнх нь талаар сануулах гарт баригдах биет зүйлийг өгч байгаа хэрэг юм. Тэд ч гэсэн сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцахдаа, хийж бүтээсэн зүйлээ ашиглах боломжтой. Найз сэтгүүлийн дугаар бүрд хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үйл ажиллагаа орсон байдаг.

Хүүхдүүд сониуч байдаг

Хүүхдүүдийг асуух үед үүнийг саад гэж биш, харин боломж гэж хар. Хүүхдүүдийн асууж байгаа нь суралцахад бэлэн байгааг нь илэрхийлдэг бөгөөд асуултууд нь тэдний юу бодож, мэдэрч байгаа талаар үнэ цэнтэй ойлголтыг танд өгдөг. Сүнслэг асуултынхаа хариултыг судрууд болон амьд бошиглогчдын үгээс олох боломжтой гэдгийг олж харахад тэдэнд тусал.

Хүүхдүүд үймүүлдэг ч байсан гэсэн тэднийг хайрлах хэрэгтэй

“Заримдаа хэн нэг хүүхэд үймүүлэн, бусад хүүхдэд саад болохуйц үйлдэл гаргадаг. Ихэнх зан үйлийн доголдол нь хангагдаагүй хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй байдаг. Ийм байдал үүсэхэд, хүүхдийн асуудалд тэвчээр гарган, хайрлаж, хүлээцтэй хандах хэрэгтэй. Тухайн хүүхдэд зураг үзүүлэх, ямар нэгэн зүйл зурах, судраас унших гэх мэт хичээлд илүү идэвхтэй оролцох боломжийг олгох хэрэгтэй байж болно.

Хүүхэд үймүүлсээр байвал, түүнтэй ганцаарчлан ярилцах нь тустай байж магадгүй. Та хайр, тэвчээрийн сүнсээр түүнээс юу хүсэж байгаагаа мөн түүнд үүнийг биелүүлж чадна гэдэгт нь итгэж байгаагаа тайлбарла. Хүүхдийг илүү сайн зүйл сонгох үед нь магтан сайшаа.

Хүүхдүүдэд хуваалцах зүйл их бий

Хүүхдүүд ямар нэгэн шинэ зүйл сурсан л бол угаасаа түүнийгээ бусадтай хуваалцахыг хүсдэг. Хүүхдүүдэд сайн мэдээний зарчмуудыг бие биедээ болон гэр бүлийнхээ гишүүдэд мөн найз нөхдөдөө заах боломжийг олгох замаар тэдний энэ хүслийг урамшуулан дэмж. Түүнээс гадна таны зааж байгаа зарчимтай холбоотой бодол санаа, мэдрэмж, туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүсэж болно. Та тэдний бодол санаа энгийн, цэвэр ариун, хүчтэй болохыг мэдэж авна.

Хүүхдүүд Сүнсийг мэдэрч чаддаг ч түүний нөлөөг танихад нь тусламж хэрэгтэй байж магадгүй

Ариун Сүнсний бэлгийг хараахан хүлээн авч амжаагүй хүүхдүүд хүртэл ялангуяа тэд Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаар суралцаж байхдаа Түүний нөлөөг мэдэрч чадна. Тэд зөв шударга сонголт хийх үедээ Сүнсээр дамжуулан Аврагчийн сайшаалыг мэдэрч чадна. Сүнсний бидэнтэй харилцдаг төрөл бүрийн арга замуудын талаар хүүхдүүдэд заа. Түүнийг тэдэнтэй ярих үед, дуу хоолойг нь ялган танихад тусал. Энэ нь тэдэнд насан туршдаа хувийн илчлэлт эрэлхийлж, үйлдэх дадалтай болоход тусална.

Өсвөр үеийнхэнд заах

Өсвөр үеийнхэнд гайхалтай чадавх бий

Өсвөр үеийнхэнд Их Эзэний үйлчлэлд гайхамшигт зүйлсийг хийх чадавх бий. Сударт цэдэглэгдсэн олон туршлага Бурхан залуучуудын сүнслэг хүчин чадалд итгэдэг гэдгийг харуулдаг. Хэрэв таныг тэдэнд итгэдгийг өсвөр үеийнхэн мэдэрвэл, бурханлаг чадавхдаа итгэх итгэл нь өсөн нэмэгдэж, тэдний хийж чадах зүйлс таныг гайхшируулах болно. Тэдний хэн болж чадах талаарх Тэнгэрлэг Эцэгийн мэддэг зүйлийг олж мэдэхэд нь хайрлах сэтгэлээр тусал. Тэднийг үргэлжлүүлэн хайрлаж, урамшуулан дэмжиж бас тэдэнтэй тэвчээр гарган ажиллаж, хэзээ ч бууж өгөхгүй байх замаар Аврагчийн үлгэр жишээг дага.

Өсвөр үеийнхэн өөрсдийнхөө тухай суралцаж байна

Таны зааж байгаа хүүхдүүд гэрчлэлийнхээ үндэс суурийг тавьж байгаа. Тэд өөрсдийн итгэл үнэмшлийг олж илрүүлэх шатандаа явж байна. Тэд амьдралынхаа туршид нөлөөлөх шийдвэр гаргаж байна. Өнөөгийн ороо бусгаа цагт таны зааж байгаа өсвөр үеийнхэн сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэн, тэдэнд хариуцуулсан Их Эзэний үйл хэргийг гүйцэлдүүлэхийн тулд хэрхэн сорилт бэрхшээлээс хүч чадал, асуултдаа хариулт, мөн “Бурханы гэрчлэгч болж зогсох” эр зоригийг олж авахыг мэдэх хэрэгтэй (Мозая 18:9).

Өсвөр үеийнхэн аливааг хэлүүлэхээс илүүтэй санаж сэтгэх, туршлага хуримтлуулж сурах хүсэл эрмэлзэлтэй болж байна. Энэ нь өсвөр үеийнхэнд заахад сайн сонсох чадвар шаардлагатай гэсэн үг юм. Өсвөр үеийнхэн өөрсдийг нь ойлгодог гэдгийг мэдэрсэн үедээ зөвлөгөө, удирдамжид илүү нээлттэй байх болно. Их Эзэн тэднийг мэддэг бөгөөд асуулт, сорилттой тэмцэхэд нь туслах болно гэдгийг тэдэнд батал. Тэд өдөр бүр залбирах, судар судлах зэрэг дадлыг хөгжүүлж, бусдад үйлчилснээр Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж чадна. Өсвөр үеийнхнийг Сүмийн хичээлд оролцож, бие даан суралцахад урамшуулах нь тэдэнд тэнгэрлэг өвийнхөө тухай гэрчлэлтэй болж, хувийн туршлага хуримтлуулахад нь тусалж чадна.

Олон өсвөр үеийнхэн технологи ашиглаж сурсан

Таны зааж байгаа өсвөр үеийнхэнд өөрийн гэсэн цахим хэрэгсэл байдаг бол эдгээр хэрэгсэл нь хичээлийг үр дүнтэй болгох хэрэгсэл байж болох юм гэдгийг санах нь зүйтэй. Gospel Library аппликэйшнд байдаг цахим судар болон бусад эх сурвалжийг хэрхэн ашиглахыг тэдэнд заа. Түүнээс гадна та тэдэнд дараагийн хичээлдээ бэлдэхэд нь туслахын тулд зурвас болон холбоос илгээж болно.

Ням гаргийн хичээл

Өсвөр үеийнхэн Тэнгэрлэг Эцэг тэдний хэн болж чадахыг мэддэг гэдгийг ойлгох ёстой.

Насанд хүрэгчдэд заах

Насанд хүрэгчид өөрсдийн суралцахуйд хариуцлага хүлээж чаддаг

Насанд хүрсэн суралцагчид сайн мэдээнээс суралцахтай холбоотой зүйлд өөрсдийн төлөө үйлдэх чадвартай байдаг (2 Нифай 2:26-г үзнэ үү). Тэднийг ямар нэг зүйлийг урьдчилан судлах замаар сайн мэдээний ярилцлагад бэлтгэхэд урь, Сүнсээр суралцаж байгаа зүйлээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж. Мөн та тэднээс сайн мэдээний ямар зарчмуудаас хамтдаа суралцахад цаг зарцуулмаар байгааг нь асууж болно.

Насанд хүрэгчид туршлага дээрээ суурилж суралцдаг

Иов нэгэнтээ “Мэргэн ухаан ахмад настнуудад, “ухаарал нь урт удаан амьдралд байдаг бус уу?”(Иов 12:12) хэмээн хэлсэн байдаг. Ерөнхийдөө мэргэн ухаан болон сүнслэг ойлголт олон жилийн туршлага суусны дараа ирдэг. Та насанд хүрэгчдэд зааж байхдаа, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг нь бэхжүүлсэн туршлагаасаа хуваалцахад тэднийг урь. Энэ нь тэдний судалж буй сайн мэдээний зарчмууд үнэн гэдгийг хэрхэн мэдсэн тухайгаа гэрчлэх боломжийг тэдэнд олгоно. Туршлагаа хуваалцах нь танд зааж байгаа хүмүүстэйгээ харилцаа тогтоож, “бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болох[од]” (Сургаал ба Гэрээ 88:122) туслах болно.

Насанд хүрэгчид амьдралдаа хэрэгжүүлж болох арга замыг эрэлхийлдэг

Таны зааж байгаа насанд хүрэгчид өөрсдийн мэргэжил, нийгэм, Сүмийн дуудлага, гэр бүл зэрэгт олон үүрэг, хариуцлага хүлээдэг байж болно. Тэд сайн мэдээг судлахдаа, сурч байгаа зүйл нь тэднийг үүргээ гүйцэтгэхэд хэрхэн тус болж болох талаар ихэвчлэн боддог. Тэдний өвөрмөц нөхцөл байдалд Бурханы үг хэрхэн хамааралтай болохыг олж мэдэхэд тэднийг урь. Та сайн мэдээний зарчмууд хэрхэн амьдралд нь утга учиртай, хэрэгжүүлж болохуйц санагддагийг тэднээс асууснаар үүнийг хийж чадна.

Насанд хүрэгчид цогц байдлаар сэтгэж чаддаг

Насанд хүрэгчид өөрсдийн туршлага, мэдлэгийн ачаар сайн мэдээний асуултуудад үргэлж хялбар хариулт байдаггүй гэдгийг мэддэг. Тэд судрын хэсэг олон утгатай байж болдогт талархаж, амьдралын янз бүрийн нөхцөл байдалд сайн мэдээний аливаа зарчмыг хэрэгжүүлж чадна. Тэднийг сайн мэдээний зарчмууд хэрхэн хоорондоо болон амьдралд тохиож байгаа зүйлстэй холбогдож байгааг тунгаан бодоход урь. Тэднийг нэг нэгнийхээ өвөрмөц үзэл бодлоос суралцахад нь туслахын тулд оролцож, ярилцахыг дэмж.

Ангид зааж байгаа эмэгтэй

Насанд хүрэгчид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ бэхжүүлсэн олон туршлага хуваалцаж чадна.

Тусгай хэрэгцээтэй хүмүүст заах

Хүн бүрд өсөж хөгжихөд нь тусал

Иосеф Смит “Дэлхийд Бурханы илгээсэн аливаа оюун ухаан болон сүнснүүд өргөжин тэлэх чадвартай” гэж заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 238). Бурханы бүх хүүхэд мэдлэгээ нэмэгдүүлж, ахих чадвартайг бод. Хүн бүрд хэрхэн тусалж болохыг мэдэхийн тулд Их Эзэнээс тусламж гуй.

Тодорхой хэрэгцээний талаар олж мэд

Суралцагчидтай эсвэл тэдний эцэг эх, асран хамгаалагчидтай ярилц. Хувь хүн бүр яавал хамгийн сайн суралцахыг мөн ямар арга барил түүнд хамгийн их тус болж байгааг олж мэд. Мөн та бодол санаагаа хуваалцах туршлагатай удирдагч, багш нартай зөвлөлдөж болно. Заахтай холбоотой аргуудыг disabilities.ChurchofJesusChrist.org-аас авна уу.

Эерэг уур амьсгал бүрдүүл

Хүн бүрд зориулан аюулгүй, хайрыг мэдрэх эерэг уур амьсгалыг бүрдүүл. Тусгай хэрэгцээтэй бүх суралцагчийг адилхан гэж бодсоны хэрэггүй ба хүн бүрийг хайрлаж, хүндэл. Бусдыг эелдэг байж, хүлээн зөвшөөрөхөд урамшуул.

Бүгд оролцох боломжтой эсэхийг нягтал

Бүх суралцагчид, ялангуяа биеийн болон оюуны тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд суралцах боломж олгохын тулд үйл ажиллагааг бага зэрэг өөрчилж болно. Жишээлбэл: Аль нэгэн үйл ажиллагаанд зураг үзүүлэхийг санал болгосон байвал, та харааны бэрхшээлтэй суралцагчдыг оролцуулахын тулд зураг үзүүлэхийн оронд холбогдох дууг дуулж өгч болно.

Ангид тохирох хуваарь, дэг журам тогтоо

Өдөр тутмын хуваарийг бий болгох нэг арга зам бол хуваарь бүхий зурагт хуудас бүтээх явдал юм. Таны хуваарьт залбирах, заах, үйл ажиллагаа явуулах цаг орж болно. Хуваарийн дагуу ажиллах нь зарим суралцагчид тодорхойгүй байдал, түгшүүрийн мэдрэмжийг бууруулахад тусалдаг.

Асуудалтай зан авир яагаад гарч байгааг ойлго.

Тусгай хэрэгцээтэй хүмүүсийн талаар мөн тухайн хүнийг зохисгүй аашлахад нөлөөлдөг нөхцөл байдлын тухай суралц. Асуудалтай зан байдал гарах үед юу болж байгааг анхаар. Суралцагчдад илүү сайн дэмжлэг үзүүлэхийн тулд нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөн зохицуулж болох талаар залбирч бодож үзнэ үү.

Тусгай хэрэгцээтэй хүмүүст заах талаар дэлгэрэнгүй мэдээллийг disabilities.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Залуу эмэгтэйчүүдийн анги

Багш нар хүн бүрд хүлээн зөвшөөрөгдөж, хайрлагдахуйц суралцах эерэг орчныг бүрдүүлж чадна.

Алсын зайнаас заах

Технологийн талаар мэдлэгтэй бол

Хичээл эсвэл уулзалтынхаа өмнө ашиглах технологитойгоо танилцахад хэсэг хугацаа зарцуул. Видео, зураг хуваалцах гэх мэт зарим функцийг судал. “Туршилтын” уулзалтыг гэр бүлийн гишүүд болон найзуудтайгаа зохиох талаар бодож үз.

Ихэнх тойрог, гадас технологийн мэргэжилтэнтэй байдаг. Та алсын зайн цугларалтын талаар туршлагатай хүнийг мэддэг байж магадгүй. Тэднээс зөвлөгөө, чиглүүлэг ав.

Анхаарал сарниулж болзошгүй зүйлсийг холдуул.

Боломжтой бол цугларалтдаа оролцох нам гүм газар ол. Эргэн тойрны дуу чимээ саад болж болзошгүй. Суралцагчдыг мөн адил чимээгүй байхыг хүсэж, яриагүй байх үед нь микрофоныг нь хаалттай байлга.

Камер ашигла

Хэрэв боломжтой бол, суралцагчдад царайгаа харуулах үүднээс камераа нээгээрэй. Суралцагчдыг камераа нээхэд урь (гэхдээ бүү шаард). Энэ нь эв нэгдэлтэй байж, бие биеээ дэмжих сүнсийг бий болгоход тусална.

Алсын зайн зурвасын функцийг ашигла

Алсын зайн цугларалтын олон программ нь оролцогчдод асуулт эсвэл сэтгэгдлээ чаатаар бичих боломж олгодог. Заримд нь алсын зайнаас гараа өргөх боломжийг ч бас олгодог. Эдгээр функцийн талаар суралцагчдадаа заа. Та ярилцлага дээрээ анхаарлаа илүү төвлөрүүлэхийн тулд чаат дээрх сэтгэгдлүүдийг болон оролцогчдын гараа өргөсөн эсэхийг харуулахаар хэн нэгнийг томилж болно.

Суралцагчдыг татан оролцуулах арга замыг ол

Алсын зайн сургалтын орчин нь заримдаа хүмүүст харж, сонсоход хүндрэл учруулдаг. Оролцох хүсэлтэй хүмүүсийг татан оролцуулахын тулд бодлоготой хүчин чармайлт гарга. Заримдаа энэ нь жижиг бүлгүүдийг (жишээлбэл: Ням гаргийн ангийн том ангийг хуваах гэх мэт) үүсгэх гэсэн утга илэрхийлдэг. Заримдаа энэ нь тодорхой арга замаар оролцохыг суралцагчдаас урьдчилан хүсэх гэсэн утгатай. Технологийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан, суралцах хүсэл, эрмэлзэлтэй хүмүүсийг мартах юм уу хайхрахгүй орхиж болохгүй.