Нифайн дүү
Иаковын Ном
Ах дүү нартаа номлосон түүний үгс оршвой. Тэрбээр Христийн сургаалыг сүйрүүлэхийг эрэлхийлэгч хүмүүнийг мадлав. Нифайн ард түмний түүхийн талаарх хэдэн үг оршвой.
Бүлэг 1
Христэд итгэж мөн Түүний зарлигуудыг сахихыг хүмүүст ятгахыг Иаков, Иосеф хоёр хичээв—Нифай нас нөгчив—Нифайчуудын дунд ёс бус байдал газар авав. Ойролцоогоор МЭӨ 544–421 он.
1 Учир нь болгоогтун, улиран тохиох дор Лихай Иерусалимыг орхисон цагаас тавин таван жил улиран одов; иймийн тул, Иаков надад, эдгээр зүйл дээр нь сийлбэрлэгдсэн жижиг ялтаснуудын талаарх зарлигийг Нифай өгсөн болой.
2 Мөн тэрбээр Иаков надад, би эдгээр ялтас дээр хамгийн үнэт хэмээн өөрийн бодсон зүйлсээс цөөн хэдийг нь бичвэл зохихыг; Нифайн ард түмэн гэж нэрлэгдсэн энэ ард түмний түүхийн талаар өнгөцхөн дурдахаас бусдаар хүрч эс болохыг зарлигласан билээ.
3 Учир нь тэрбээр өөрийнх нь ард түмний түүх нөгөө ялтаснууд дээрээ сийлэгдсэн байхыг, мөн би эдгээр ялтсыг хадгалан мөн тэднийг үр удамдаа үеэс үед гардуулан өгвөл зохихыг хэлсэн бөлгөө.
4 Мөн хэрэв ариун нандин гэгдсэн номлол, эсвээс агуу гэгдсэн илчлэл юм уу бошиглол байх аваас, эдгээр ялтас дээр тэдгээрийн гол чухлыг нь сийлбэрлэн, мөн тэдгээрийн талаар аль болох ихийг Христийн тулд, мөн өөрсдийн ард түмний тусын тулд тухайлан бичиглэхийг хэлсэн болой.
5 Өөрөөр хэлбэл итгэлийн мөн агуу зовнилын маань улмаас, өөрсдийн маань ард түмний талаар, тэдэнд чухам юу тохиолдох талаар бидэнд үзүүлэгдсэн болой.
6 Мөн түүнчлэн бид олон илчлэлийг хүлээн авч, мөн их бошиглолын суу билигтэй байлаа; иймийн тул, ирэх ёстой Христийн, мөн түүний хаант улсын талаар бид мэдсэн билээ.
7 Иймийн тул бид өөрсдийн ард түмний дунд шаргуу хөдөлмөрлөсөн болой, тэднийг Христэд ирж мөн Бурханы сайн сайхныг хүртэхийг бид тэдэнд ухуулж болохын тулд, мөн тэд түүний амралтад орж болохын тулд буюу. Эс бөгөөс Израилын хүүхдүүд аглаг буйдад байхдаа уруу таталтын өдрүүдэд өдөөн хатгасны адилаар, тэд орох нь зохисгүй хэмээн өөрийн хилэгнэлд тэрээр тангараглах вий хэмээн буюу.
8 Иймийн тул, бид бүх хүнийг Бурханы эсрэг босохгүй байхад, Түүнийг уурлуулахаар өдөөхгүй байхад ятгаж чаддаг ч болоосой, харин бүх хүн Христэд итгэж, мөн түүний үхлийг тунгааж, мөн түүний загалмайг үүрэлцэж бас дэлхийнхний элэглэлийг хуваалцаасай хэмээн Бурханд хандана; иймийн тул, Иаков би, өөрийн ах Нифайнхаа зарлигийг биелүүлэхийг өөрийн биед хүлээх ажгуу.
9 Эдүгээ Нифай өндөр настай болж эхлэв, мөн тэрбээр өөрийгөө удахгүй наснаас халих ёстойг мэдэв; иймийн тул, тэрээр хаадын засаглалуудын дагуу, эдүгээ өөрийн ард түмний дээр удирдагч мөн хаан байх хүнийг тослон томилсон бөлгөө.
10 Ард түмэн нь Нифайг үлэмж хайрладаг байв, тэрбээр тэдний агуу хамгаалагч байсан тул, тэднийг хамгаалахаар Лебений илдээр тулалдсан тул, мөн бүх амьдралынхаа турш тэдний сайн сайхны төлөө хөдөлмөрлөж байсан тул—
11 Иймийн тул, ард түмэн нь түүний нэрийг санаандаа хадгалсаар байх хүсэлтэй байв. Мөн хаадын засаглалуудын дагуу, түүний оронд засагласан хэн боловч ард түмнээр, хоёрдугаар Нифай, гуравдугаар Нифай, мөн ийн цаашлан нэрлэгдсэн ажээ; мөн тэдний нэр хэн байснаас үл хамааран, хүмүүсээр тэд тийн нэрлэгдсэн бөлгөө.
12 Мөнхүү улиран тохиох дор Нифай нас нөгчив.
13 Эдүгээ леменчүүд бус хүмүүс нь нифайчууд гэгддэг байв; гэсэн хэдий ч тэд нифайчууд, иаковчууд, иосефчууд, зорамчууд, леменчүүд, лемүелчүүд, мөн ишмэилчүүд хэмээн нэрлэгддэг байв.
14 Харин Иаков би, цаашид тэднийг эдгээр нэрээр ялгахгүй, харин Нифайн ард түмнийг устгахыг эрэлхийлэх тэднийг леменчүүд гэж нэрлэн, мөн Нифайд нөхөрсөг байдаг тэднийг нифайчууд, эсвээс Нифайн ард түмэн хэмээн нэрлэх болно, хаадын засаглалуудын дагуу болой.
15 Эдүгээ мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмэн, хоёр дахь хааны засаглалын дор, зүрх сэтгэлээ хатууруулж, мөн эртний Давид, мөн түүнчлэн түүний хүү Соломон хоёр олон эхнэр болон татвар эмсийг хүссэнтэй адил зарим ёс бус дадалд өөрсдийгөө өөгшүүлж эхэлсэн бөлгөө.
16 Тийм ээ, мөн тэд түүнчлэн маш их алт, мөнгийг эрж эхлэв, мөн зарим талаар бардамналдаа ихэрхэх болж эхлэв.
17 Иймийн тул Иаков би, эхлээд өөрийн даалгаврыг Их Эзэнээс авсны дараа, би ариун сүмд тэдэнд сургахдаа эдгээр үгийг тэдэнд өгсөн бөлгөө.
18 Учир нь Иаков би, мөн миний дүү Иосеф, Нифайн гараар энэ ард түмний прист болон багш нар байхаар томилогдон адислагдсан билээ.
19 Мөн хэрэв бид байдгаараа хичээнгүйлэн Бурханы үгийг тэдэнд заагаагүй аваас толгой дээрээ ард түмний нүглийг хүлээх үүрэг хариуцлагыг өөрсдийн дээр авч бид Их Эзэнд өөрсдийн албан тушаалыг эрхэмлэн биелүүлсэн болой; иймийн тул, өөрсдийн хүчээр хөдөлмөрлөснөөр тэдний цус бидний өмсгөл дээр ирэхгүй байж болох; эс бөгөөс тэдний цус бидний өмсгөл дээр ирж, мөн бид эцсийн өдөр толбогүй байж эс чадах бөлгөө.