Судрууд
Иаков 4


Бүлэг 4

Бүх бошиглогч Христийн нэрээр Эцэгийг бишрэн шүтсэн билээ—Абрахам Исаакаар өргөл өргөх гэсэн нь Бурхан мөн Түүний Төрсөн Ганц хүүгийн адилтгал ажээ—Хүмүүс нь Цагаатгалаар дамжуулан өөрсдийгөө Бурханд эвлэрүүлэх ёстой—Иудейчүүд суурийн чулуунаас татгалзах болно. Ойролцоогоор МЭӨ 544–421 он.

1 Эдүгээ болгоогтун, улиран тохиох дор, Иаков би, өөрийн хүмүүсийг үгээр ихэд тохинуулсан, (мөн өөрсдийн үгсийг ялтаснууд дээр сийлбэрлэхэд бэрхийн учир, би өөрийн үгсээс багахнаас бусдыг бичиж чадахгүй) мөн бид ялтаснууд дээр бичсэн уг зүйлс хадгалагдан үлдэх ёстойг мэднэ;

2 Гэвч ялтаснуудаас бусад өөр юун дээр ч бай бидний бичсэн зүйлс эрсдэж мөн алга болох учиртай; харин хүүхдүүддээ, мөн түүнчлэн хайрт ах дүү нартаа, бидний талаар эсвээс тэдний эцэг өвгөдийн талаар бяцхан мэдлэгийг өгөх цөөн үгсийг ялтаснууд дээр бид бичиж чадна—

3 Эдүгээ энэ зүйлд бид баясна; мөн бидний хайрт ах дүү нар болон хүүхдүүд маань тэдгээрийг талархсан сэтгэлээр хүлээн авна, мөн тэд харамсалгүйгээр бас жигшил зэвүүцэлгүйгээр харин баясгалантайгаар анхны эцэг эхийнхээ талаар мэдэж болохын тулд тэдгээрийг үзэх буюу хэмээн найдаж, эдгээр үгийг ялтаснууд дээр сийлэхээр бид хичээнгүйлэн хөдөлмөрлөж буй бөлгөө.

4 Учир нь, бид Христийг мэддэг байсныг, мөн түүнийг ирэхээс олон зуун жилийн өмнө түүний сүр жавхланг хүлээн авах найдлага бидэнд байсныг, мөн зөвхөн бид ч бус, харин биднээс өмнө байсан бүх ариун бошиглогч түүнчлэн түүний сүр жавхланд найдаж байсныг тэд мэдэж болно хэмээх энэ зорилтын учир бид эдгээр зүйлийг бичиглэсэн болой.

5 Болгоогтун, тэд Христэд итгэж мөн түүний нэрээр Эцэгийг шүтэн биширдэг байв, мөн бид түүнчлэн түүний нэрээр Эцэгийг шүтэн биширдэг бөлгөө. Мөн Мосегийн хууль бидний зүрх сэтгэлийг түүнд хандуулдаг гэсэн шалтгааны учир бид үүнийг дагадаг; мөн уг хууль бидний хувьд зөв шударга хэмээн ариулагдсан байдаг. Түүнчлэн Абрахамын хувьд аглаг буйдад өөрийн хүү Исаакыг өргөл болгоход Бурханы зарлигуудыг дагаж байна хэмээн тооцогдсон, энэ нь Бурханы болон түүний Төрсөн Ганц Хүүгийн адилтгал байсан учир буюу.

6 Иймийн тул, бид бошиглогчдыг судалдаг, мөн бидэнд олон илчлэл болон бошиглолын суу билиг бий; мөн бид энэ олон нотолгоотой болсон учир найдлага олж, мөн итгэл маань гуйвшгүй болдог, үүний хэрээр бид Есүсийн нэрээр үнэхээр зарлиглаж чадна, мөн модод, бас уулс, бас далайн давалгаа бидэнд дуулгавартай байх болой.

7 Гэсэн хэдий ч, түүний ач ивээлээр мөн хүмүүсийн үрсэд хандах түүний агуу их буун ирэлтээр бид эдгээр зүйлийг хийх хүчтэй гэдгийг бид мэдэж болохын тулд Их Эзэн Бурхан өөрсдийн маань сул доройг бидэнд үзүүлдэг болой.

8 Болгоогтун, Их Эзэний ажлууд агуу болон гайхамшигтай юм. Түүний нууцуудын гүн нь хэчнээн тайлшгүй билээ; мөн хүмүүн түүний бүхий л замуудыг олж мэдэх нь боломжгүй. Мөн түүнд илчлэгдээгүй аваас ямар ч хүмүүн түүний замуудыг үл мэднэ; иймийн тул, ах дүүс минь, Бурханы илчлэлүүдийг бүү ад үз.

9 Учир нь болгоогтун, дэлхийн гадаргуу дээр хүмүүн түүний үгийн хүчээр ирсэн юм, түүний үгийн хүчээр бүтээгдсэн тэрхүү дэлхийд шүү дээ. Иймийн тул, хэрэв Бурхан яриад дэлхийг тогтоож, бас яриад мөн хүмүүнийг бүтээж чадсан юм бол, ай тэгвэл, яахан өөрийн хүсэл мөн тааллын дагуу газар дэлхийд, эсвээс үүний гадаргуу дээрх мутрынхаа бүтээлд зарлиглаж чадахгүй байх билээ?

10 Иймийн тул, ах дүүс минь, Их Эзэнд зөвлөхөөр бус, харин түүний мутраас зөвлөгөөг авахаар эрэлхийл. Учир нь болгоогтун, тэрбээр өөрийн бүх бүтээлд мэргэн ухаанаар, мөн шударга ёсоор, мөн агуу их нигүүлслээр зөвлөдгийг та нар өөрсдөө мэддэг шүү дээ.

11 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, түүний Төрсөн Ганц Хүү Христийн цагаатгалаар дамжуулан түүнтэй эвлэр, мөн тэгвэл Христэд байх амилуулалтын хүчээр та нар амилуулалтыг олж болно, мөн түүнийг маханбодод өөрийгөө үзүүлэхээс өмнө түүний сүр жавхлангийн сайн найдлагыг олж, мөн итгэлтэй байсны тул Бурханд Христийн анхны үр жимс хэмээн танилцуулагдаж болно.

12 Мөн эдүгээ, хайрлагдсан та нар, би эдгээр зүйлийг та нарт хэлж байгаад бүү гайхагтун; учир нь Христийн цагаатгалын талаар ярьж, мөн түүний талаар төгс мэдлэгт хүрч, түүнчлэн амилуулалтын мөн ирэх ертөнцийн мэдлэгт хүрч яагаад болохгүй гэж?

13 Болгоогтун, ах дүү нар минь, бошиглох тэрээр, хүмүүсийн ойлголтод хүргэн бошиглог; өөрөөр хэлбэл Сүнс үнэнийг хэлдэг, мөн хуурах нь үгүй. Иймийн тул, энэ нь үнэхээр тэдгээр зүйлийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлийг үнэхээр байхаар нь ярьдаг; иймийн тул, эдгээр зүйл, бидний бодгалиудын авралын тулд бидэнд тодорхой үзүүлэгдсэн билээ. Гэвч болгоогтун, зөвхөн бид эдгээр зүйлийг гэрчилж байгаа бус; тодруулбал Бурхан түүнчлэн эртний бошиглогчдод тэдгээрийг ярьсан бөлгөө.

14 Гэвч болгоогтун, иудейчүүд гөжүүд хүмүүс байв; мөн тэд тодорхой байдлын үгсийг ад үзсэн билээ, мөн бошиглогчдыг алсан, мөн тэд ойлгож чадаагүй зүйлсийнхээ төлөө эрэлхийлсэн юм. Иймийн тул, зорьсноосоо алсуур хайснаас болсон тэр харалганыхаа учир тэд унах ёстой нь зайлшгүй; өөрөөр хэлбэл Бурхан тэднээс өөрийн тодорхой байдлыг зайлуулан авч, мөн тэдний ойлгож чадахгүй тэрхүү олон зүйлийг тэдэнд илгээсэн ажээ, тэд үүнийг хүссэний учир буюу. Мөн тэд үүнийг хүссэн учир Бурхан үүнийг тэд бүдэрч болохын тулд хийсэн ажгуу.

15 Мөн эдүгээ Иаков би, бошиглолд Сүнсээр удирдагдан байна; тодруулбал надад байх тэрхүү Сүнсний нөлөөгөөр би ийн ухаарч мэдсэн, иудейчүүдийн бүдрэлийн улмаас, тэд дээр нь барьж мөн аюулгүй суурьтай байж болох чулуунаас татгалзах болно гэдгийг буюу.

16 Гэвч болгоогтун, судруудын дагуу, энэ чулуу нь иудейчүүд дээр нь барьж чадах тэр агуу их, мөн сүүлийн мөн цорын ганц тогтвортой суурь болох юм.

17 Мөн эдүгээ, хайрт та нар минь, иудейчүүд нэгэнт тогтвортой сууриас татгалзсаны дараа, үүн дээр барьж, үүнийг булангийнхаа тулгуур болгох нь яаж боломжтой байх билээ?

18 Болгоогтун, хайрт ах дүү нар минь, энэ нууцыг би та нарт дэлгэе; хэрэв ямар нэгэн шалтгаанаар би, Сүнсэн дэх өөрийн гуйвшгүй байдлаас ухрахгүй, мөн та нарын төлөөх үлэмж зовнилынхоо учир бүдрэхгүй аваас буюу.