Судрууд
Иаков 5


Бүлэг 5

Иаков таримал болон зэрлэг чидуны моддын ёгтлолтой холбож Зиносоос эш татав—Тэдгээр нь Израилтай болон харийнхантай адилтгагдсан аж—Израилын тараагдалт мөн цугларалт зөгнөгдөв—Нифайчуудыг болон леменчүүдийг мөн бүх Израилын угсааг ёгтлон хэлсэн ажгуу—Харийнхан Израилд залгагдах болно—Эцэст нь жимсний талбай шатаагдах болно. Ойролцоогоор МЭӨ 544–421 он.

1 Болгоогтун, ах дүү нар минь, Израилын угсаанд бошиглогч Зиносын ярьсан, түүний дараах үгсийг уншсанаа та нар санахгүй байна уу:

2 Анхаарагтун, ай Израилын угсаа та нар, мөн Их Эзэний бошиглогч, миний үгсийг сонс.

3 Учир нь болгоогтун, Их Эзэн ийн хэлжээ, ай Израилын угсаа, би чамайг жимсний талбайдаа нэгэн хүний авч арчилсан, чидуны таримал модтой адилтгана; мөн энэ нь ургаж, мөн хөгшрөөд, мөн өмхөрч эхэлсэн буюу.

4 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн эзэн явж, мөн тэрээр чидуны мод нь өмхөрч эхэлснийг харав; мөн тэрээр хэлэв: энэ нь залуу болон туяхан мөчрүүдийг гаргаж, мөн үхэхгүй байж болохын тулд би үүнийг тайрч, мөн хөрсийг нь сийрүүлж, мөн үүнийг арчилна.

5 Мөнхүү улиран тохиох дор тэр өөрийн үгийн дагуу үүнийг тайрч, мөн хөрсийг нь сийрүүлж, мөн арчилсан аж.

6 Мөнхүү улиран тохиох дор олон өдрийн дараа энэ нь цөөн хэдэн, залуу бас туяхан мөчрүүдийг гаргаж эхлэв; гэвч болгоогтун, модны оройн ихэнх нь үхэж эхлэв.

7 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн эзэн үүнийг хараад, мөн тэрээр зарцдаа хэлэв: Би энэ модыг алдах болж байгаа нь намайг гашуудуулж байна; иймийн тул, яваад мөн зэрлэг чидуны модноос мөчрүүдийг нь түүж мөн тэдгээрийг нааш надад авчир, мөн бид эдгээр хувхайрч эхэлсэн гол мөчрүүдийг тасдаж авна, мөн бид эдгээр нь шатаагдаж болохын тулд эдгээрийг галд хаях болно.

8 Мөн болгоогтун, жимсний талбайн Эзэн хэлэв, би эдгээр залуу бөгөөд туяхан мөчрүүдээс олныг нь салган авч мөн эднийг хүссэн газраа залгах болно; мөн энэ модны үндэс эрсдэх нь хамаагүй, би жимсийг нь өөртөө хадгалан үлдээж болно; иймийн тул, би эдгээр залуу мөн туяхан мөчрүүдийг авах болно, мөн би эдгээрийг хүссэн газраа залгах болно.

9 Чи зэрлэг чидуны модны мөчрүүдийг ав, мөн тэднийг эдний оронд нь залга; мөн эдгээр нь миний жимсний талбайд новшрохгүй байж болохын тулд би тасдаж авсныгаа галд хаяж мөн шатаах болно.

10 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэний зарц, жимсний талбайн Эзэний үгийн дагуу үйлдэж, мөн зэрлэг чидуны модны мөчрүүдийг залгав.

11 Мөн жимсний талбайн Эзэн хөрсийг нь сийрүүлж, мөн тайрч, мөн арчлуулаад, зарцдаа хэлэв: Би энэ модыг алдах болж байгаа нь намайг гашуудуулж байна; иймийн тул, эдгээр нь мөхөхгүй байж, би түүний үндсүүдийг хадгалан үлдээж болно хэмээн, би эдгээрийг өөртөө хадгалан үлдээж болох магад хэмээн энэ зүйлийг хийсэн бөлгөө.

12 Иймийн тул, явагтун; миний үгсийн дагуу модыг харагтун, мөн үүнийг арчлагтун.

13 Мөн эдгээрийг би жимсний талбайнхаа хамгийн нам дор хэсэгт, хүссэн газраа байрлуулна, хаана гэдэг нь чамд хамаагүй; мөн би модны унаган мөчрүүдийг өөртөө хадгалан үлдээж болохын тулд би үүнийг хийнэ; мөн түүнчлэн, би үүний жимсийг ирэх улиралд зориулан өөртөө нөөцөлж болохын тулд болой; учир нь би энэ модыг мөн үүний жимсийг алдах болж байгаа нь намайг гашуудуулах болой.

14 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн явж, мөн жимсний талбайн хамгийн нам дор хэсгүүдэд таримал чидуны модны унаган мөчрүүдийг, өөрийн хүсэл мөн тааллын дагуу, заримыг нь нэгэнд мөн заримыг нь нөгөөд нуусан болой.

15 Мөнхүү улиран тохиох дор урт хугацаа өнгөрөн одож, мөн жимсний талбайн Эзэн зарцдаа хэлэв: Ир, бид жимсний талбайд хөдөлмөрлөж болохын тулд, жимсний талбай руу явцгаая.

16 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн, мөн түүнчлэн зарц жимсний талбайд хөдөлмөрлөхөөр очицгоов. Мөнхүү улиран тохиох дор зарц эзэндээ: Болгоогтун, үүнийг хараач; модыг болгоо хэмээв.

17 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн харж, мөн зэрлэг чидуны мөчрүүд залгагдсан мөнөөх модыг болгоов; мөн энэ нь нахиалан, жимс өгч эхэлсэн байв. Мөн энэ нь сайн байсныг тэрээр болгоов; мөн үүний жимс нь унаган жимсний адил байсан бөлгөө.

18 Мөн тэрээр зарцдаа хэлэв: Болгоогтун, зэрлэг модны мөчрүүд үндэсний чийгийг нь авсан тул үндэс нь их хүч гаргажээ; мөн үндэс нь их хүч гаргасан учир зэрлэг мөчрүүд таримал жимс ургуулсан ажээ. Эдүгээ, хэрэв бид эдгээр мөчрийг залгаагүй байсан бол, уг мод үхэх байсан. Мөн эдүгээ, болгоогтун, би уг модны гаргасан тэр их жимсийг хадгалах болно; мөн би түүний жимсийг ирэх улиралд зориулан өөртөө нөөцлөх болно.

19 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн зарцдаа хэлэв: Ирэгтүн, жимсний талбайн хамгийн нам дор хэсэг тийш явцгаая, мөн би үүний жимсийг ирэх улиралд зориулан өөртөө нөөцөлж болохын тулд, уг модны унаган мөчрүүд түүнчлэн их жимс өгсөн эсэхийг болгооё.

20 Мөнхүү улиран тохиох дор тэд эзний уг модны унаган мөчрүүдийг нуусан тийш очиж мөн тэрээр зарцдаа: Эдгээрийг болгоогтун гэв; мөн тэр анхных нь их жимс ургуулсныг болгоов; мөн түүнчлэн энэ нь сайн байсныг болгоов. Мөн тэрээр зарцдаа хэлэв: Үүний жимсийг түү, мөн үүнийг би өөртөө хадгалж болохын тулд ирэх улиралд зориулан нөөцөл; учир нь болгоогтун, тэрээр хэлрүүн, би үүнийг энэ удаан хугацаанд арчилсан, мөн энэ нь их жимс өглөө.

21 Мөнхүү улиран тохиох дор зарц эзэндээ хэлэв: Та энэ модыг буюу уг модны энэ мөчрийг тарихаар энд яахан ирсэн билээ? Учир нь болгоогтун, энэ нь таны жимсний талбайн бүх газрын хамгийн шимгүй хэсэг нь байсан болой.

22 Мөн жимсний талбайн Эзэн түүнд хэлэв: Надад битгий зөвлө; энэ нь шимгүй газар байсныг би мэдэж байсан; иймийн тул, би чамд хэлсэн, би үүнийг ийм удаан хугацаанд арчилсан, мөн чи энэ нь их жимс ургуулсныг болгоож байна шүү дээ.

23 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн зарцдаа хэлэв: Нааш харагтун; би түүнчлэн уг модны өөр нэгэн мөчрийг тарьсныг болгоо; мөн газрын энэ хэсэг нь эхнийхээс илүү шимгүй байсныг чи мэднэ. Гэвч, модыг болгоо. Би үүнийг ийм удаан хугацаанд арчилсан, мөн энэ нь их жимс ургууллаа; тиймийн тул, үүнийг хурааж мөн би үүнийг өөртөө хадгалж болохын тулд ирэх улиралд зориулан нөөцөл.

24 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн зарцдаа дахин хэлэв: Нааш харагтун, мөн түүнчлэн миний тарьсан, өөр нэгэн мөчрийг болгоо; би үүнийг түүнчлэн арчилсныг, мөн энэ нь жимс гаргасныг болгоогтун.

25 Мөн тэрээр зарцдаа хэлэв: Нааш харагтун мөн эцсийнхийг нь үзэгтүн. Болгоогтун, үүнийг би газрын сайн хэсэгт тарьсан; мөн би үүнийг энэ урт хугацаанд арчилсан, мөн уг модны зөвхөн нэг хэсэг нь л таримал жимс ургуулж мөн уг модны нөгөө хэсэг нь зэрлэг жимс ургуулжээ; болгоогтун, би энэ модыг бусдын адил арчилсан болой.

26 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн зарцдаа хэлэв: Сайн жимс ургуулаагүй мөчрүүдийг түүж ав, мөн тэднийг галд хаягтун.

27 Гэвч болгоогтун, зарц түүнд хэлэв: Та ирэх улиралд зориулан нөөцөлж болох сайн жимсийг энэ нь танд өгч магадгүй учир, үүнийг тайрч, мөн хөрсийг нь сийрүүлж, мөн үүнийг ахиад хэсэг зуур арчилцгаая.

28 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн, мөн жимсний талбайн Эзэний зарц жимсний талбайн бүх жимсийг арчилсан бөлгөө.

29 Мөнхүү улиран тохиох дор урт хугацаа улиран одов, мөн жимсний талбайн Эзэн зарцдаа хэлэв: Ирэгтүн, бид жимсний талбайд дахин хөдөлмөрлөж болохын тулд жимсний талбай руу очицгооё. Учир нь болгоогтун, цаг нь ойртож, мөн төгсгөл удахгүй ирнэ, иймийн тул, би ирэх улиралд зориулан өөртөө жимс нөөцлөх хэрэгтэй.

30 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн мөн зарц жимсний талбайд уруудан очицгоов; мөн тэд унаган мөчрүүд нь хугалагдсан мөн зэрлэг мөчрүүд залгагдсан тэрхүү модонд ирэв; мөн болгоогтун, бүх төрлийн жимс уг модыг дүүргэсэн байв.

31 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн жимснээс амсаж үзэв, төрөл бүрийг нь тооных нь дагуу болой. Мөн жимсний талбайн Эзэн хэлэв: Болгоогтун, бид энэ модыг энэ урт хугацаанд арчилсан, мөн би ирэх улиралд зориулан өөртөө их жимс нөөцөлсөн болой.

32 Гэвч болгоогтун, энэ удаа энэ нь их жимс өгсөн, мөн эдгээрийн нэг нь ч сайн биш бөлгөө. Мөн болгоогтун, бүх төрлийн муу жимс байна; мөн бидний бүх хөдөлмөр байсан хэдий ч, энэ нь надад ямар ч ашгийг үл өгөв, мөн эдүгээ би энэ модыг алдах болж байгаа нь намайг гашуудуулж байна.

33 Мөн жимсний талбайн Эзэн зарцдаа хэлэв: Би дахин үүний сайн жимсийг өөртөө хадгалж болохын тулд, бид уг модонд юу хийх билээ?

34 Мөн зарц эзэндээ хэлэв: Болгоогтун, та чидуны зэрлэг модны мөчрүүдийг залгасан учир тэдгээр нь үндсүүдийг арчилжээ, тиймээс эдгээр нь амьд мөн эдгээр нь үхээгүй байна; иймийн тул эдгээр нь одоохондоо сайн хэвээр байгааг та болгоож байна.

35 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн зарцдаа хэлэв: Муу жимс өгч байгаа цагт, энэ мод надад ямар ч ашиггүй, мөн үндсүүд нь ч надад ашиггүй.

36 Гэсэн хэдий ч, үндсүүд нь сайн гэдгийг би мэднэ, мөн өөрийнхөө зорилгын тулд би тэдгээрийг хадгалсан бөлгөө; мөн тэдгээрийн их хүчний учир тэдгээр нь өмнө нь зэрлэг мөчрүүдээс сайн жимс ургуулдаг байсан бөлгөө.

37 Гэвч болгоогтун, зэрлэг мөчрүүд ургаж мөн үүний үндсүүдийг давжээ; мөн зэрлэг мөчрүүд нь үндсээ давсан учир энэ нь муу жимсийг ихээр ургуулжээ; мөн энэ нь муу жимсийг маш ихээр ургуулсны учир энэ нь үхэж эхэлснийг чи болгоож байна; мөн бид үүнийг хадгалахаар үүний төлөө ямар нэгэн зүйл хийхгүй бол, энэ нь удахгүй өгөөж өгөхөө болин, галд хаягдаж магадгүй болжээ.

38 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн зарцдаа хэлэв: Жимсний талбайн хамгийн нам дор хэсгүүдэд уруудан очиж, мөн унаган мөчрүүд түүнчлэн муу жимсийг ургуулсан эсэхийг үзэцгээе.

39 Мөнхүү улиран тохиох дор тэд жимсний талбайн хамгийн нам дор хэсгүүдэд уруудан очицгоов. Мөнхүү улиран тохиох дор унаган мөчрүүдийн жимс ч гэсэн түүнчлэн муудсан байхыг тэд болгоов; тийм ээ, анхных мөн дараагийнх мөн түүнчлэн эцсийнх нь болой; мөн тэдгээр нь бүгд муудсан байв.

40 Мөн эцсийнх нь зэрлэг жимс нь уг модны сайн жимс ургуулж байсан тэр хэсгийг, бүр уг мөчрийг хувхайрч мөн үхтэл нь эзэлсэн байлаа.

41 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн уйлж, мөн зарцдаа хэлэв: Жимсний талбайнхаа төлөө би өөр юуг хийж чадах байсан билээ?

42 Болгоогтун, жимсний талбайн эдгээрээс бусад бүх жимс муудсан байсныг би мэдэж байсан. Мөн эдүгээ сайн жимс нэгэнтээ өгсөн эдгээр нь түүнчлэн мууджээ; мөн эдүгээ миний жимсний талбайн бүх мод тас цавчигдан мөн галд хаягдахаас өөрөөр юунд ч хэрэггүй болжээ.

43 Мөн болгоогтун, би мөчир нь хувхайрсан энэ эцсийнхийг газрын сайн хэсэгт тарьсан; тийм ээ, бүр миний жимсний талбайн газрын бусад бүх хэсгээс илүү, миний сонгомол хэсэгт буюу.

44 Мөн би энэ модыг оронд нь тарьж болохын тулд газрын энэ хэсгийг новшруулж байсан зүйлийг би түүнчлэн тас цавчсаныг чи болгоосон болой.

45 Мөн үүний нэг хэсэг нь сайн жимсийг ургуулж мөн нөгөө хэсэг нь зэрлэг жимсийг ургуулсныг чи болгоосон болой; мөн би үүний мөчрүүдийг түүж аваад мөн галд хаяагүйн учир, болгоогтун, тэдгээр нь сайн мөчрийг эзэлснээс энэ нь хувхайрсан ажгуу.

46 Мөн эдүгээ, болгоогтун, бидний жимсний талбайд минь зориулсан тэр бүх арчилгаанаас үл хамааран үүний модод муудсан учир тэд сайн жимс өгөхгүй болжээ; мөн би эдгээрийг хадгалж, ирэх улиралд зориулан өөртөө жимсийг нь нөөцөлнө гэж найдаж байсан бөлгөө. Гэвч, болгоогтун, эдгээр нь зэрлэг чидуны модтой адил болж мөн эдгээр нь тас цавчигдаад мөн галд хаягдахаас өөрөөр ашиггүй болжээ; мөн би эдгээрийг алдах болж байгаа нь намайг гашуудуулж байна.

47 Гэвч жимсний талбайдаа би өөр юу хийж чадах байсан билээ? Би гараа амраагаад үүнийг арчлахгүй байсан гэж үү? Үгүй, би үүнийг арчилсан, мөн хөрсийг нь сийрүүлсэн, мөн би үүнийг тайрсан, бас би үүнийг бордсон; мөн бараг л бүх өдрийн турш би гараа сунгаж байсан, мөн төгсгөл ойртож байна. Мөн жимсний талбайнхаа бүх модыг тас цавчиж, мөн тэдгээрийг шатаахын тулд галд хаях нь, энэ нь намайг гашуудуулж байна. Миний жимсний талбайг муудуулсан тэр нь хэн билээ?

48 Мөнхүү улиран тохиох дор зарц эзэндээ хэлэв: Таны жимсний талбайн өндрөөс болж—үүний мөчрүүд сайн үндсүүдээ давсан бус уу? Мөн мөчрүүд нь үндсүүдээ давсан учир болгоогтун, тэдгээр нь үндэсний хүчнээс илүүтэй хурдан ургаж, өөрсдөдөө хүч чадлыг авчээ. Болгоогтун, би хэлнэ, энэ нь таны жимсний талбайн модод муудаж байгаагийн шалтгаан биш гэж үү?

49 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн зарцад хэлэв: Очоод мөн жимсний талбайн моддыг нь тас цавчицгаая, мөн тэдгээр нь жимсний талбайн минь газрыг новшруулахгүй байхын тулд тэдгээрийг галд хаяцгаая, учир нь би бүгдийг хийсэн. Би жимсний талбайнхаа төлөө илүү юуг хийж чадах байсан билээ?

50 Гэвч, болгоогтун, зарц жимсний талбайн Эзэнд хэлэв: Үүнийг арай удаан хадгалаач.

51 Мөн Эзэн хэлэв: Тийм ээ, би үүнийг арай удаан хадгалъя, учир нь жимсний талбайнхаа моддыг алдах болж байгаа нь намайг гашуудуулж байна.

52 Иймийн тул, жимсний талбайнхаа хамгийн нам дор хэсгүүдэд миний тарьсан эдгээрийн мөчрийн заримыг авцгаая, мөн эдгээрийг эх модонд нь залгацгаая; мөн жимс нь хамгийн гашуун мөчрүүдийг модноос нь түүж аваад, мөн тэдгээрийн оронд модны унаган мөчрүүдийг залгацгаая.

53 Мөн уг мод үхэхгүй байж болохын тул би үүнийг хийх болно, магадгүй, би өөрийнхөө зорилгын тулд үүний үндсүүдийг өөртөө хадгалж болохын тулд буюу.

54 Мөн, болгоогтун, хүссэн газартаа миний тарьсан тэр модны унаган мөчрүүдийн үндсүүд одоохондоо амьд байгаа; иймийн тул, би түүнчлэн өөрийнхөө зорилгын тулд тэдгээрийг хадгалж болохын тулд, би энэ модны мөчрүүдийн заримыг тайрч мөн эднийг тэдгээрт залгах болно. Тийм ээ, тэдгээр нь хангалттай хүчтэй болохоороо надад сайн жимс өгч магадгүйн тул, мөн би жимсний талбайнхаа жимсийг таашааж болохын тулд, би түүнчлэн өөртөө уг үндсүүдийг хадгалж болохын тулд, би тэдгээрт эх модных нь мөчрүүдийг залгах болно.

55 Мөнхүү улиран тохиох дор зэрлэг болсон унаган модноос тэд авч мөн түүнчлэн зэрлэг болсон унаган моднуудад залгав.

56 Мөн тэд түүнчлэн зэрлэг болсон унаган моддоос авч мөн тэдгээрийн эх модонд нь залгасан ажээ.

57 Мөн жимсний талбайн Эзэн зарцдаа хэлэв: Моддоос хамгийн гашуун биш аваас зэрлэг мөчрүүдийг бүү тайр; мөн миний хэлсний дагуу чи тэдгээрт залгах болно.

58 Мөн бид жимсний талбайн моддыг дахин арчлах болно, мөн бид үүний мөчрүүдийг янзлан тайрах болно; мөн үхэх нь гарцаагүй, ургачихсан мөчрүүдийг уг моднуудаас бид таслан авч, мөн тэдгээрийг галд хаях болно.

59 Мөн түүний үндсүүд сайныхаа улмаас хүчийг авч магадгүйн учир би үүнийг хийх болно; мөн мөчрүүдийг сольсноос болж сайн нь муугаа давамгайлж магадгүйн учир буюу.

60 Мөн би унаган мөчрүүд мөн тэдгээрийн үндсүүдийг хадгалсан учир, мөн би унаган мөчрүүдийг тэдний эх модонд дахин залгасан учир, мөн миний жимсний талбайн уг модод дахин сайн жимс гаргаж магад хэмээн эх модных нь үндсүүдийг хадгалж үлдээв; мөн би жимсний талбайнхаа жимсэнд дахин баясаж болохын тулд, мөн би анхны жимсний үндсүүдийг мөн мөчрүүдийг хадгалсандаа үлэмж баясаж болохын тулд буюу—

61 Иймийн тул, би унаган жимсийг, сайн мөн бусад бүх жимснээс хамгийн эрхэм унаган жимсийг гаргуулж болох замыг бид бэлтгэж болохын тулд бид жимсний талбайд өөрсдийн хүчээр хичээнгүй хөдөлмөрлөж болохын тулд очиж, зарц нарыг дуудагтун.

62 Иймийн тул, очоод мөн энэхүү эцсийн удаа чадлаараа хөдөлмөрлөцгөөе, учир нь болгоогтун, төгсгөл ойртож буй, мөн жимсний талбайгаа тайрах эцсийн удаа минь энэ болой.

63 Мөчрүүдийг залгагтун; тэд эхнийх байж, мөн эхнийх нь эцсийнх байж болохын тулд эцсийнх дээр нь эхлэгтүн, мөн моддын хөрсийг, хөгшин болон залуу, эхний болон эцсийн аль алиныхыг нь сийрүүл; мөн эцсийнх болон эхнийх нь эцсийн удаад дахиад нэг арчлагдаж болохын тулд буюу.

64 Иймийн тул, тэдгээрийн хөрсийг сийрүүл, мөн тэдгээрийг тайрч, мөн тэдгээрийг эцсийн удаад дахиад нэг борд, учир нь төгсгөл ойртож буй. Мөн хэрэв сүүлд залгасан эдгээр нь ургаж мөн унаган жимс гаргах аваас, тэдгээр нь ургаж болохын тулд та нар тэдгээрт замыг бэлтгэх болно.

65 Мөн тэдгээр нь ургаж эхлэхээр, сайн мөчрийн хүч мөн хэмжээний дагуу, та нар гашуун жимс өгөх мөчрүүдийг зайлуулан хаях болно; мөн үүний үндсүүд залгагдсан тэдгээрийн хувьд дэндүү хүчирхэг болж, мөн залгагдсан тэдгээр нь мөхөж, мөн би жимсний талбайнхаа моддыг алдах болуузай хэмээн та нар үүний мууг бүгдийг нэгмөсөн зайлуулан хаяхгүй.

66 Учир нь жимсний талбайнхаа моддыг алдах болж байгаа нь намайг гашуудуулж байна; иймийн тул, сайн нь муугаа давамгайлах болтол мөн муу нь жимсний талбайн минь газрыг новшруулахгүйн тулд тэдгээр нь тас цавчигдан мөн галд хаягдах болтол, үндэс болон дээд хэсэг нь адил хүчтэй байж болохын тулд, та нар сайн нь ургахын хэрээр мууг нь зайлуулан хаях болно; мөн би жимсний талбайгаасаа мууг тийн шүүрдэн гаргах болно.

67 Мөн би унаган модны мөчрүүдийг дахин унаган модонд нь залгах болно;

68 Мөн унаган модны мөчрүүдийг би модны унаган мөчрүүдэд нь залгах болно; мөн тийн тэд унаган жимсийг гаргахын тулд би тэдгээрийг дахин нэгтгэх болно, мөн тэдгээр нь нэг байх болно.

69 Мөн муу нь, тийм ээ, бүр миний жимсний талбайн бүх газраас зайлуулагдах болно; учир нь болгоогтун, зөвхөн энэ нэг л удаа би жимсний талбайгаа тайрах болно.

70 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн зарцаа илгээв; мөн зарц явж мөн Эзэний түүнд зарлигласны дагуу үйлдэв, мөн бусад зарцыг авчрав; мөн тэд цөөн байлаа.

71 Мөн жимсний талбайн Эзэн тэдэнд хэлэв: Очоод мөн жимсний талбайд чадлаараа хөдөлмөрлө. Учир нь болгоогтун, би жимсний талбайгаа арчлах эцсийн удаа нь энэ болой; учир нь төгсгөл ойрхон байна, мөн улирал нь даруй ирэх бөлгөө; мөн хэрэв та нар надтай хамт чадлаараа хөдөлмөрлөх бөгөөс удахгүй ирэх тэр цагт зориулж миний өөртөө нөөцлөх жимсэнд та нар баясах болно.

72 Мөнхүү улиран тохиох дор зарц нар явж мөн чадлаараа хөдөлмөрлөв; мөн жимсний талбайн Эзэн тэдэнтэй түүнчлэн хөдөлмөрлөжээ; мөн тэд жимсний талбайн Эзэний зарлигуудыг бүх зүйлд дуулгавартай дагасан болой.

73 Мөн жимсний талбайд дахин унаган жимс бий болж эхлэв; мөн унаган мөчрүүд нь ургаж бас үлэмж өтгөрч эхлэв; мөн зэрлэг мөчрүүд түүгдэж басхүү зайлуулагдан хаягдаж эхлэв; мөн тэд үндсийг болон үүний дээд хэсгийг, хүчнийх нь дагуу адил тэгш байлгасан бөлгөө.

74 Мөн жимсний талбайн Эзэний зарлигуудын дагуу, бүр муу нь жимсний талбайгаас зайлуулагдан хаягдтал тэд ийн байдгаараа хичээнгүйлэн хөдөлмөрлөв, мөн Эзэн өөртөө хадгалж, модод нь дахин унаган жимсийг өгч эхэлсэн болой; мөн тэдгээр нь нэгэн бие адил болов; мөн жимс нь адил тэгш байв; мөн жимсний талбайн Эзэн өөрт нь эхлэлээс хамгаас үлэмж эрхэм байсан унаган жимсийг өөртөө хадгалсан бөлгөө.

75 Мөнхүү улиран тохиох дор жимсний талбайн Эзэн өөрийнх нь жимс сайн байсныг мөн түүний жимсний талбай муудахаа больсныг хараад, тэрээр зарц нараа дуудаж мөн тэдэнд хэлэв: Болгоогтун, учир нь энэ эцсийн удаа бид жимсний талбайг минь арчилсан билээ; мөн би тааллынхаа дагуу үйлдсэнийг та нар харлаа; мөн би бүр унаган жимсийг хадгалсан, тэр нь бүр эхлэлд байсны адил сайн бөлгөө. Мөн та нар адислагдсан болой; учир нь та нар надтай хамт миний жимсний талбайд хөдөлмөрлөхдөө хичээнгүй байлаа, мөн миний зарлигуудыг дагасан, мөн надад унаган жимсийг дахин гаргуулснаас жимсний талбай минь муудахаа больж мөн муу нь зайлуулагдан хаягдсан, болгоогтун жимсний талбайн минь жимсний улмаас та нар надтай хамт баясах болно.

76 Учир нь болгоогтун, хурдан ирэх тэр улиралд зориулж би жимсний талбайнхаа жимсийг удаан хугацаанд өөртөө нөөцлөх болно; мөн би жимсний талбайгаа эцсийн удаа арчилсан мөн үүнийг тайрсан, мөн хөрсийг нь сийрүүлсэн, мөн үүнийг бордсон билээ; иймийн тул, би ярьсныхаа дагуу, удаан хугацаагаар уг жимснээс өөртөө нөөцлөх болно.

77 Мөн муу жимс жимсний талбайд минь дахин ирэх цаг болоход, би сайныг бас мууг нь цуглуулах болно; мөн сайныг нь би өөртөө хадгалах болно, мөн мууг нь би өөрийнх нь байр луу хаях болно. Мөн тэгээд улирал бас төгсгөл ирнэ; мөн би жимсний талбайгаа галд шатаалгана.