2019
Хэн нэгнийг порнографын асуудалтай гэдгээ хэлэх үед хэрхэн хандах талаар сурсан минь
2019 оны 10-р сар


Хэн нэгнийг порнографын асуудалтай гэдгээ хэлэх үед хэрхэн хандах талаар сурсан минь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Ямар нэгэн зүйл болоод байгааг би олон сарын туршид мэдэж байсан ч найз минь олон жилийн турш порнографтай тэмцэж байгаагаа надад хэлэх хүртэл би юу ч мэдээгүй байв. Түүнийг таньдаг байсан тэр бүх хугацаанд тэр порнографын асуудалтай байжээ.

Машин дотор түүний үнэнээ хүлээхийг сонсоод сууж байхдаа би талархаж байв. Намайг буруугаар бүү ойлгоорой. Порнографын асуудалтай удаан тэмцэж байсныг нь мэдэхгүй байж байгаад мэдэхэд үнэхээр хэцүү байсан ч түүнийг шүүхийн оронд хайраар хариулж чадах боломжтой байсандаа би баяртай байлаа.

Найрсаг бус хандах нь зөв зүйл биш

Порнографыг хортой муу зүйл гэж үздэг нь бусдын талаарх бидний ойлголтод заримдаа нөлөөлдөг. Энэ ч бас хэсэг хугацаанд надад нөлөөлдөг байсан. Бага байхдаа би порнографын асуудалтай байсан хүмүүсийн талаар сонсоод, дотроо уурлаж, жигшин зэвүүцдэг байсан. Гэвч найзыгаа үүнтэй тэмцэж буй талаараа надад ярих үед, би өөрийн гэм нүгэл, сул талыг илүү сайн мэддэг болсон байсан учраас түүнийг тайтгаруулахад бэлэн байв.

Найрсаг бус хандах нь зөв зүйл биш гэдгийг би одоо мэддэг болсон. Бидний төгс үлгэр жишээ болох Есүс Христ бусдын үзэн яддаг хүмүүсийг эрэлхийлж байв. Тэр Самарийнхантай болон нүгэлтнүүдтэй ярьсан юм. Христ “нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 1:31) хэмээн хэлсэн атлаа “төгс бус бидэн рүү жигшин зэвүүцэхгүй харж чаддаг.”1 Тиймээс би найзтайгаа гүнзгий яриа өрнүүлж, Есүс хэрхэн хариулах байсан талаар бодохыг хичээв. Завхайрч байгаад баригдсан эмэгтэйн түүх надад хэрхэн хариулахаа мэдэхэд тусалсан юм.

Өрөвч нинжин сэтгэлээр хариулах

Есүсийг тохинуулж байх үед Мосегийн хуулийн дагуу амьдарч байсан хуульчид болон фарисайчууд тийм ч өрөвч нинжин сэтгэлтэй байгаагүй. Нүглийн шийтгэл нь маш тодорхой, заримдаа хатуу хэрцгий байдаг байв. Садар самуун үйлдэл гаргавал чулуу шидэж алахыг шаарддаг байсан. Гэвч завхай эмэгтэйг Есүс дээр авчрахад Тэрээр түүнийг жигшиж зэвүүцээгүй, харин өрөвч нинжин сэтгэлээ түүнд харуулсан. Үйлдэл дээр нь барьж авсных нь төлөө буруушаагчдад баяр хүргэхийн оронд Тэрээр тэдэнд өөрсдийнх нь нүглийг сануулсан (Иохан 8:3–7-г үзнэ үү). Эцсийн эцэст бид “бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй” (Ром 3:23). Христ нүгэлтнийг буруутгаагүй, бид ч бас буруутгах ёсгүй (Иохан 13:34–35-ыг үзнэ үү).

Гэм буруугаа ойлгосон буруушаагчдыг гарч явахад, Христ эмэгтэйтэй ярилцсан. Түүний үгс цөөн боловч гайхалтай байсан. Тэр эхлээд, “Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юү?” гэсэн. Эмэгтэйг тэднийг явсан хэмээн хариулахад, Есүс “Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” (Иохан 8:10–11) гэлээ.

Түүнийг буруутгах нь энэ эмэгтэйг өөрчлөхөд тус болохгүй, харин хайр түүнийг өөрчилж чадна гэдгийг Аврагч мэдэж байсан.

Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд

Хэн нэгэнд порнографыг даван гарахад туслах анхны алхам нь хайр юм. Эдгэрэх явц хүн бүрийн хувьд өвөрмөц байдаг ч асуудалтай хүн бүрийн хийх ёстой хэдэн үндсэн алхам байдаг. Тэднийг бишоптойгоо уулзахад урамшуулан дэмж. Тэрээр тэдэнд туслах эх сурвалж, арга хэрэгсэлтэй байх болно. Тохиромжтой үед, тэдгээрийг хийхийг өдөөж байгаа зүйлсийг олж тогтооход нь болон тэдгээрээс зайлсхийхийн тулд төлөвлөгөө гаргахад тэдэнд тусал. Тэднийг мэргэжлийн хүмүүстэй уулзах юм уу дэмжих бүлэгт нэгдэхэд урамшуул. Тэднийг үргэлжлүүлэн хайрлаж, алхам тутамд нь дэмж.

Христ эмэгтэйг хайрлаж байгаагаа илэрхийлж, нүглээ үргэлжлүүлэн үйлдэхгүй байгаасай хэмээн хүсэж байгаагаа түүнд мэдэгдсэн. Жинхэнэ энэрэл бол бусдын алдааг үл тоомсорлоно гэсэн үг биш, харин энэ нь бидэнд тэдний чадавхыг харуулж, урагш ахихад нь тэдэнд туслахад биднийг урамшуулдаг.

Итгэлийн аялал

Би найзыгаа хайрладаг байсан ч нууцаа хэлснийх нь дараа бүр их хайрлах болсон. Та болон таны хайрладаг хүн юу хийснээс үл хамааран, “Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй юм шүү.”2

Хэрэв та порнографтай тэмцэж байгаа хэн нэгнийг мэддэг бол тэднийг бүү орхиорой! Аврагчийн адил хайрлаж, өрөвч нинжин сэтгэлээр туслаарай. Үүнийг хийхэд үргэлж амар байхгүй ба эдгээр асуудал ганц өдрийн дотор алга болдоггүй. Хайртай хүндээ болон өөртөө тэвчээртэй хандаарай. Хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж байгаа хэн нэгнийг хайрлаж, ойлгож сурах нь үргэлж сайхан эсвэл амар байдаггүй. Гэхдээ бидний тэдэнд өгөх хайр тэдний аялал хэр урт байснаас эсвэл үр дүн нь ямар байснаас үл хамааран дэмий хоосон зүйл биш байх болно гэдэгт би итгэдэг.

Эшлэлүүд

  1. Дэйл Г.Рэнланд, “Бидний сайн Хоньчин,” Ensign эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15.

  2. Жэффри Р.Холланд, “Tалбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34.