2019
Би порнографаас салахын тулд тэмцсэн. Тэр яагаад тэмцээгүй вэ?
2019 оны 10-р сар


Би порнографаас салахын тулд тэмцсэн. Тэр яагаад тэмцээгүй вэ?

Би найз залуугаа порнографын асуудалтай гэдгийг олж мэдээд, түүнийг тусламж авахаар Аврагчид хандахад нь туслахын тулд чадах бүхнээ хийсэн.

Зохиогч нь Гватемалд амьдардаг.

Би ухаангүй дурласан залуутайгаа болзоод нэг жил болж байлаа. Би үнэхээр түүнтэй гэрлэнэ гэж бодож байв. Гэвч би түүнтэй болзсоноор урьд өмнө нь бүх хүч чадлаараа даван туулсан асуудалтайгаа дахин тулгарах болно гэж хэзээ ч бодож байгаагүй.

Би номлолд явахаар бэлтгэж байхдаа бишоп дээрээ очиж, урьд өмнө нь порнографын асуудалтай байсан гэдгээ хүлээсэн юм. Наманчлаад, энэ ачааг сүнснээсээ зайлуулсны дараа порнограф дахин амьдралд маань нөлөөлнө гэж би огт бодоогүй байв. Би буруу бодсон байлаа.

Гэрлэнэ гэж бодож байсан залуугаа порнографын асуудалтай гэдгийг би олж мэдээд, үүнийг даван гарахад нь дэмжиж, туслахыг хүсэж байлаа. Өмнө нь би наманчлалын үйл явцыг туулж, порнографыг даван туулахаар хичээж чармайж байсан бөгөөд Их Эзэнийг түүний төлөө юу хийж чадахыг мэдэж байсан. Гэвч түүнд асуудлаа даван туулахад нь туслахыг хичээх болгонд бүх зүйл буруугаар эргэж байгаа мэт санагдаж байлаа. Тэр тусламж авахыг хүсэхгүй байгаа юм шиг надад санагдав. Хэсэг хугацааны дараа би порнографын талаарх бидний бодол өөр юм гэдгийг ойлгосон. Тийм ээ, бид хоёулаа Сүмийн гишүүд байсан ч сайн мэдээний сургаал бидний хувьд адилгүй байлаа.

Би сэтгэлээр унасан. Би түүнд хайртай байсан ба түүнд тусалснаар тэр энэ асуудлыг давж гарч чадна гэдэгт итгэж байлаа. Би урьд өмнө нь ийм асуудалтай тулгарч, даван туулахын тулд маш шаргуу хөдөлмөрлөсөн болохоор эмзэг байдалд орсон. Надад уруу таталтыг эсэргүүцэх хүч хэрэгтэй байсан учраас нэг шөнө би залбирч, Тэнгэр дэх Эцэгээсээ хэрхэн урагшлах талаар мэргэн ухааныг эрэлхийлэн, амьдралаа хамт өнгөрүүлэхээр төлөвлөсөн хүнээ хэрхэн дэмжихээ мэдэхийг хүссэн юм.

Залбирлынхаа хариуг ирэхэд би амар амгаланг мэдэрч, гэрлэхээр болзож байсан хүнтэйгээ ярилцах хэрэгтэйг ойлгосон юм. Ариун сүмд гэрлэж, хүүхэдтэй болох нь миний болзож байгаа хүнээсээ хүсэн хүлээдэг зүйл гэдгийг би түүнд мэдүүлэхийг хүсэж байлаа. Бидний ирээдүй хэр нийцэхийг мөн тэр Аврагчид ойртож байгаа эсэхийг би мэдэх хэрэгтэй байлаа. Харилцаагаа цааш үргэлжлүүлэх эсэхээ ч би мэдэж авах хэрэгтэй байв. Би дэндүү их найдаж байсан бөгөөд бие биетэйгээ ярилцсаны дараа бүх зүйл болж бүтнэ гэдэгт итгэж байсан.

Нэгэн нарлаг өдөр би түүнтэй ирээдүйн гэр бүлийнхээ талаарх мөрөөдөл, зорилгыг мөн хүүхдүүдээ сайн мэдээнд өсгөн хүмүүжүүлэх тухайгаа хуваалцав. Миний ярихыг сонсоод тэр надад уурлаж, дургүйцсэн нь намайг гайхшируулж билээ. Бид хоёр ирээдүйн талаар тэс ондоо үзэл бодолтой болохыг би ойлгосон. Надад үнэхээр хэцүү байсан ч би амар амгаланг мэдэрч, харилцаагаа дуусгах нь надад ирсэн хариу гэдгийг мэдэж авсан. Тэр порнографын асуудлаа даван туулахаар оролдох юм уу тусламж хүсэн Аврагчид хандахад бэлэн биш байсан бөгөөд түүнийг тусламж хүсэхгүй байхад би түүнд тусалж чадахааргүй байв.

Зөв зүйлийг хийж, түүнд туслахын тулд чадах бүхнээ хийсэн ч яагаад ийм зүйл болсон талаар би хэсэг хугацааны турш гайхан бодож байсан бөгөөд бидний хоорондын харилцаа дууссанд үнэхээр их шаналсан. Гэвч эцэст нь би түүний төлөөх сүүлийн нулимсаа унагаж, харилцаагаа дуусгахад мэдэрсэн тэрхүү амар амгалан дээр анхаарлаа төвлөрүүлж билээ. Тэр хариу тэнгэрээс ирсэн гэдгийг би мэдэж байсан.

Тэр хүнтэй харилцахаа больсноос хойш хэдэн жил өнгөрчээ. Би одоо ч түүнийг сайн хүн гэж боддог. Гэвч Аврагчаас тусламж авахаар очих хүн нь тэр өөрөө байх ёстой ба би түүнийг албадаж чадахгүй гэж мэддэг. Надад сонгох эрх чөлөө байгаатай адил тэр ч бас сонгох эрх чөлөөтэй. Энэ явдлаас хойш би Сүнсний дуу хоолойг ямар ч эргэлзээгүйгээр дагахыг хичээдэг болсон. Тэнгэрлэг Эцэгт бид бүгдэд зориулсан төлөвлөгөө байдаг бөгөөд Сүнсний өдөөлтөд үндэслэн шийдвэр гаргах үед Тэр хэзээ ч биднийг төөрөлдүүлэхгүй гэдгийг би мэднэ. Тэр биднийг хойшид болох сайн зүйлсэд үргэлж бэлтгэж байдаг.