2019
Сүйт залуугаа порнографын асуудалтай болохыг олж мэдсэний дараа урагш тэмүүлсэн нь
2019 оны 10-р сар


Сүйт залуугаа порнографын асуудалтай болохыг олж мэдсэний дараа урагш тэмүүлсэн нь

Миний сүйт залуу порнографын асуудалтай гэдгээ эцэст нь хүлээн зөвшөөрсөн юм. Би түүнтэй гэрлэх хэвээрээ байх уу?

Зохиогч нь Францын Полинезид амьдардаг.

Зөвхөн өсвөр үеийнхэнд зориулав хөтөлбөрийн зөвлөх байхдаа би нөхөртэйгөө танилцсан юм. Түүний хүчирхэг гэрчлэл, өсвөр үеийнхэнтэй харилцаж байгаа байдал, зааж байгаа арга барил надад их таалагдсан.

Биднийг болзож эхлэхэд Их Эзэн бидний харилцаанаас ямар нэг зүйлийг хүлээж байсан юм шиг мэдрэгдэж билээ. Бидний харилцаа гүнзгийрч байсан ч тэр хайр дурлалаа илэрхийлэхдээ илүү ихийг хүсэх болсон. Би түүнийг порнографын асуудалтай байх гэж сэжиглэж эхэлсэн ба үүний талаар ярихад тэр ямар ч асуудал байхгүй гэж хэлж байв.

Бид өөрсдийгөө хамгаалахын тулд арай илүү хатуу дүрмийг мөрддөг болсон. Түүнийг гэрлэх санал тавихад би хүлээн зөвшөөрсөн бөгөөд бүх зүйл дээрдсэн. Харин нэг өдөр тэр надад намайг эвгүй байдалд оруулахуйц байдлаар хайраа илэрхийлэхийг оролдов.

Би түүнийг порнографын асуудалтай гэж сэжиглэсэн хэвээр байсан болохоор нэг өдөр номлолынхоо өмнө порнографын асуудалтай байсан номлолын хамтрагчийнхаа талаар түүнд хэлэв. Тэр үнэхээр сайн хүн байсан болохоор би түүнийг ойлгож, хайрлаж, шүүхгүй байхын тулд чадах бүхнээ хийсэн гэдгээ мэдүүлэхийг хичээсэн. Дараа нь би түүнээс порнографт донтсон эсэхийг нь асуухад тэр эцэст нь тийм гэж хэлэв.

Гомдол ба эдгэрэл

Эхэндээ, түүний нүд рүү хараад ярих нь миний хувьд үнэхээр хэцүү байсан. Их Эзэн надад энэ хүнийг миний мөнхийн хань байж болно хэмээн хэлснийг мэдэрч байсан болохоор үүнийг тэвчихэд хэцүү байлаа. Би хэдийгээр гомдсон байсан ч түүнийг уучлахыг хичээх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан бөгөөд харилцаагаа хадгалж үлдэх өдөөлтийг мэдэрсэн.

Би маш их залбирч, уучлал болон порнографын хэрэглээний талаарх хэлсэн үгсийг уншиж судалсан юм. Би гэр бүлийн хүн нь ийм асуудалтай байсан гэрлэсэн хүмүүсийн гэрчлэл, өгүүллүүдийг олон удаа уншив. Би уншиж байхдаа Аврагчийн түүнийг болон намайг хайрлах хайрыг мэдэрсэн төдийгүй энэ хүн миний жинхэнэ мөнхийн хань хэмээх баталгааг дахин хүлээн авсан. Би бас Аврагчийн Цагаатгалын өөр нэгэн талыг буюу Тэр наманчилсан бодгалийг (миний сүйт залууг) мөн шархалсан зүрх сэтгэлийг (минийхийг) хэрхэн эдгээж чадахыг мэдэж авсан.

Сүйт залуугийнхаа бишоптой ярилцсан маань бидний аяллын чухал хүчин зүйл байсан юм. Түүний удирдамж биднийг эдгэрэхэд, хосуудын хувьд бие биетэйгээ илүү ойрхон болоход тусалсан. Нөхрийг минь дахин бүдрэх үед тэр маш тэвчээртэй байсан бөгөөд түүний Христийнхтэй адил, хайраар дүүрэн үлгэр дуурайл энэ асуудлыг шийдэхэд болон сүйт залуутайгаа хамт байж, түүнийг уучлахад надад тусалж билээ.

Хэсэг хугацааны турш, өөрийнх нь сонголтоос болж намайг хэрхэн зовж байгааг харахад нөхөрт маань маш хэцүү байсан бөгөөд тэр надтай гэрлэхээ бараг болих шахсан. Гэвч түүнийг цэвэр ариун байлгахын тулд хэдэн сарын турш хамтран ажилласны эцэст тэр Их Эзэн бид хоёрын хэн хэн нь түүнийг чин сэтгэлээсээ уучилсан гэдгийг мэдэрсэн юм.

Эцэст нь бид гэрлэж, одоо бидний харилцаа урьд өмнөхөөсөө ч илүү хүчтэй болсон. Энэ туршлага нь тулгарч буй асуудлуудынхаа талаар бие биетэйгээ ярилцахдаа ичиж зовохгүй байхад бидэнд тусалсан юм. Хэдийгээр тэр порнографыг үзэхээ больсон ч бид бие биедээ маш анхааралтай хандаж мөн хариуцлагатай хэвээр байгаа.

Та нарын харилцаа бүтэх боломжтой

Хэрвээ та нарын харилцаанд порнограф нөлөөлж байгаа бол үүнийг уучлах боломжтой гэдгийг санаарай. Үргэлжлүүлэн бие биенээ хайрлаж, шийдлийг олон, үүнийг даван туулахын тулд хамтран ажиллах боломжтой. Бид бүгдээрээ Аврагчийн Цагаатгалаар эдгээгдэх эрхтэй. Бид зүрхээ шархалсныг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд зөвхөн Аврагчийн тусламжтайгаар бүрэн эдгэрч чадна гэдгийг мөн хүлээн зөвшөөрөх ёстой.

Хүн бүрийн түүх, бас харилцаа болгон өвөрмөц юм. Зарим хүний хувьд харилцаагаа дуусгавар болгох нь зөв байж болно. Гэхдээ бидний түүх ижил төстэй нөхцөл байдалд байгаа бусад хүнд тусалж чадна гэж би найдаж байна. Би Ариун Сүнсний баталгааг хүлээн авсан бөгөөд Аврагч болон Түүний Цагаатгалын тусламжтайгаар сүйт залуугаа уучилж, өөрсдийнхөө харилцааг цааш үргэлжлүүлж чадсан юм. Энэ нь миний хувьд зөв сонголт байсан гэдгийг би мэднэ.

Хэрвээ та иймэрхүү нөхцөл байдалтай тулгарвал, одоо байгаа өөрийн нөхцөл байдлын талаар залбираад, ирээдүйд ямар байх талаар анхааралтай бодож үзээрэй. Хэрэв харилцаагаа үргэлжлүүлэх нь зөв хэмээх Сүнсний баталгааг хүлээн аваад, итгэл дүүрэн байдлыг мэдэрч байвал, та хоёр хоёулаа хичээж, Тэнгэрлэг Эцэгт итгэж найдсанаар харилцаа тань бүтэх болно гэдгийг санаарай.

Нөхөр маань гайхалтай хүн бөгөөд би түүнд үнэхээр их хайртай. Их Эзэн бидэнд эдгэрэх, улмаар гэр бүл болох боломжийг олгосонд би үнэхээр талархдаг. Их Эзэн бидний амьдралд зориулан Өөрийнх нь төлөвлөж байгаа бүх зүйлтэй хамтдаа нүүр тулахад бэлэн байгаа хосуудын хувьд өсөж хөгжихөд бидэнд тусалсан юм.