2020
Төлөвлөөгүй жирэмслэлтийн дараа зам дээрээ эргэн гарсан нь
2020 оны 1-р сар


Төлөвлөөгүй жирэмсэлтийн дараа зам дээрээ эргэн гарсан нь

Би ганц бие боловч жирэмсэн болсон байв. Гэхдээ би өөр амьдрал хүсэн хүлээж байгаагаа ухаарсан юм. Би Христэд амьдралаа зориулж, ариун сүмийн адислалуудыг хүртэхүйц зохистой байхыг хүсдэг байсан.

Би гэртээ ойрхон коллежид суралцахаар шийдэв. Гэрийнхэн маань намайг үзэж, дэмжинэ гэж бодохоор мөн дуртай спортоороо дараагийн түвшинд нь тоглоно гэхээс сэтгэл догдолж байлаа. Би гайхалтай сайхан гэр бүлд төрж өссөн бөгөөд эцэг эх маань бидэнд Есүс Христийн сайн мэдээний үнэ цэн, жишгүүдийг заасан.

Гэвч би 20-той оюутан тамирчин байхдаа хөл бөмбөг тоглон, “коллежийн амьдралаар” амьдарч, заалгасан зарчмуудаа хөсөр хаясан юм. Би хичээлдээ явж, амралтын өдрүүдээр хөл бөмбөг тоглон, жинхэнэ аз жаргалаа олсон гэж бодож, амралтын өдрүүдээр үдэшлэгт явдаг байлаа. Би ямар их алдаа гаргасан гээч! Сатан буруу зүйлсийг хэсэг хугацааны дараа зөв мэт харагдтал сэтгэл татам болгодог. Түүний хийдэг зүйл энэ л юм.

Миний амьдрал коллежийн гуравдугаар курсээс эхлэн хяналтаас гарав. Би муу сонголтууд хийж, дараа нь жирэмсэн болсноо олж мэдсэн юм. Амьдралын минь алсын хараа тэр чигтээ өөрчлөгдсөн. Энэ нь зөвхөн надтай холбоотой бус, миний тээж буй хүүхэдтэй холбоотой болж эхэлсэн. Би Алмагийн мэдэрсэн шиг тийм ихээр бурханлагаар харуусаж, сонголтууддаа гэмшиж байсан тул Алма 36:17–21 дээрх үгс бодгальд минь шулуун шударга ярьж байв.

Наманчлах зам хэцүү бөгөөд хичээл зүтгэл шаардахаар байв. Алдаа гарган, буруу зүйл хийснээ хүлээх нь хэцүү гэдгийг би мэдэж авсан. Хайртай хүмүүс рүүгээ эгцлэн хараад, жирэмсэн болсноо хэлнэ гэдэг миний амьдралын хамгийн аймшигтай мөчүүдийн нэг байв. Би бас бишоптойгоо уулзаж, сахилгын хурлаар орох ёстой болж, хэсэг хугацаанд ариун ёслолоос хүртэх боломжгүй болов. Би зүгээр л зугтаж, үүнийг бодит амьдрал биш байгаасай гэж хүсэж байлаа. Гэвч энэ бүхэн миний шинэ бодит байдал байв. Юутай ч өмнө минь хүндхэн зам зурайж байлаа.

Гэрийнхэн маань миний сонголтуудад сэтгэл дундуур байсан ч тэд намайг яг л Тэнгэрлэг Эцэг шиг хайрлаж, хамгийн сайн сайхныг хүсэж байлаа. Намайг ийм олон алдаа гаргасны дараа Тэр хэрхэн өршөөж чадах бол гэж би өөрөөсөө олонтоо асуудаг байлаа. Ингэж асуух тоолонд Тэр надад хайртай, намайг Өөрт нь эргэн ирээсэй хэмээн хүсдэг гэсэн хариултыг хүлээн авдаг байв. Би дэлхийн эцэг эхийнхээ сэтгэлийг гонсойлгосноо мэдэж байсан ч тэнгэр дэх Эцэгээ хэчнээн гонсойлгосон бол гэж бодоход бүр хэцүү байдаг байсан.

Жирэмсний эхний хэдэн сард яахаа мэдэхгүй ганцаардан, төөрөлдсөн мэт санагддаг байв. Би Тэнгэрлэг Эцэгээс удирдамж, тусламж хүсэн илүү чин сэтгэлээсээ залбирч эхэлснээр хэзээ ч ганцаараа биш гэдгээ ойлгож эхэлсэн юм. Тэр намайг үргэлж Өөрийг нь хайгаасай хэмээн хүлээж байсан байв. Би зүрх сэтгэлдээ эрс өөрчлөгдсөн. Би өөр амьдралаар амьдрахыг, амьдралаа Христэд зориулахыг хүсэж байв. Би ариун ёслолоос дахин хүртэхийн тулд зохистой байхыг хүсэж байв. Би алдаанаасаа болоод хэзээ ч боломжгүй болсон гэж бодож байсан ч ариун сүмд гэрлэхүйц зохистой байхыг хүсэх болсон.

Тэр үед би өөрийн Аврагч, Есүс Христийн жинхэнэ хүчийг олж мэдсэн юм. Би энэ есхөн сарын хугацаанд Их Эзэний ийм их эрхэм нигүүлслийг олж харсан. Тэгээд амьдралдаа урьд өмнө байгаагүй их итгэлтэй болсон. Есүс Христэд итгэх итгэл маань надад хөөрхөн охиноо үрчлүүлэхийг зөвшөөрөхөд тусалсан юм. Охиноо үрчлүүлсэндээ сэтгэл шаналан хэцүү байсан ч, Бурханы өөр нэг охинд мөнхийн гэр бүлдээ очиход нь тусалж байгаадаа бүр их баярласан. Их Эзэнд өөрсдийгөө дахин эдгээхийг зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, наманчилснаар бид бүгд өөрчлөгдөж болдогтой адил би ч бас энэ туршлагаараа илүү сайжирч өөрчлөгдсөн юм.

Тэр цагаас хойш би өдөр бүр адислагдаж байна.

Би өөрөө хүүхэд байхдаа үрчлэгдэж байсан бөгөөд охиноо үрчлүүлснээс хойш зургаан сарын дараа төрсөн эхээ олж уулзсан билээ. Үүнийг гайхамшиг байсан гэхээс өөр юу гэх вэ. Үүнээс хойш удалгүй ирээдүйн ханьтайгаа танилцаж, дараа нь бид ариун сүмд гэрлэсэн. Би дахин дөрвөн хөөрхөн хүүхэд төрүүлсэн.

Төлөвлөөгүй жирэмслэлт болон анхны хүүхдээ үрчлүүлсэн явдал миний амьдралыг мөнхөд өөрчилсөн юм. Би өөрийнхөө талаар мөн Бурхан, Есүс Христ хоёр намайг болон бүх хүнийг хэрхэн хайрладаг тухай маш их зүйл мэдэж авсан. Сэтгэлдээ шаналан зовж, нулимс урсган, дотроо залбирч мөн залбирлынхаа хариултуудыг авснаар би итгэл найдвар, хайр, уучлал, нигүүлсэл, ач ивээлийг олсон. Би үрчлэлт бол хайр гэдгийг мэдэж авсан. Би ариун ёслолоос хүртэхийн үнэ цэнийг мэдэж авсан. Би нэгмөсөн алдагдаагүйгээ мөн төөрсөн зам дээрээ эргэн гарах хэрэгтэй байснаа мэдэж авсан. Би гэм нүглээ чин сэтгэлээсээ наманчилж, Христэд найдаж мөн итгэлтэй байхыг сурснаар Тэр намайг Өөрийн сүрэгт буцаан авчирч мөн миний амьдралыг төсөөлөхийн аргагүй ихээр адисалсан юм. Есүс Христийн Цагаатгал бодит бөгөөд Түүний ач ивээл бид бүгдэд хангалттай билээ (Ифер 12:27-г үзнэ үү).