2020
Мэддэг байх нь сайхан ч энэ нь хангалтгүй
2020 оны 1-р сар


Мэддэг байх нь сайхан ч энэ нь хангалтгүй

Мормоны Номын гэрчүүдийн гэрчлэлийг сонссон Сүмийн эхэн үеийн гишүүдийн зарим түүхийг өгүүлэв.

Joseph holding the golden plates

Зураг чимэглэлийг Дан Бөрр

Мормоны Номын гэрчийн гэрчлэлийг сонсох нь алтан ялтаснууд юм уу тэнгэр элчүүдийг олж харахын дараа орох гайхалтай зүйл байж болох юм. Сүмийн эхэн үеийн олон гишүүнд ийм боломж байсан.

Мормоны Номын гэрчүүдтэй ярилцаж байсан хэдэн гишүүний түүхийг оруулав. Гэхдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар, Мормоны Номын талаар гэрчлэлтэй болох нь “сайхан ч, хангалтгүй!”1 гэдгийг олж харах болно.

Rebecca Williams

Рэбэка Виллиамс: “Тэдний үгс итгэл төрүүлж байв”

Рэбэка Виллиамс 1830 оны эхэн үеэс эхлэн Огайод Мормоны Номын хэд хэдэн гэрчийн ярихыг сонсжээ. Тэр аав, ах дүү нартаа “Би [Смитийн] гэр бүлийн хэдэн гишүүнээс мөн гурван гэрчээс яг адилхан түүхийг сонссон. Тэд тэнгэрээс Ариун Тэнгэр элч бууж ирэн, ялтаснуудыг авчирч, тэдний нүдний өмнө авчирсныг харсан тухайгаа нийтийн цуглаан дээр зарлахыг нь би сонссон” хэмээн гэрчлэлээ хуваалцжээ.

Гэр бүлийн гишүүд нь түүний гэрчлэлийг эсэргүүцэхэд Рэбэка няцсангүй. Тэр үргэлжлүүлэн тэднийг хайрлаж, тэднийхээ төлөө залбирч байсан ба эцгийнхээ сайн зөвлөгөөг сонсохоо болиогүй юм. Тэр бас аавдаа Мормоны Номын гэрчүүд үнэнийг хэлсэн талаар гэрчилсээр байв. “Тэд зан чанарын хувьд сайн хүмүүс бөгөөд тэдний үгс итгэл төрүүлж байсан. … Тэд Бурханы тэнгэр элчийг харсан бөгөөд түүнтэй ярилцсан”2 гэж тэр гэрчилж байв.

1830-аад оны сүүлээр, Сүм даяар хагарал газар авах үед Рэбэка үнэнч хэвээр үлдэж, Мормоны Номын үгсийг дагахаар сонгосон юм.3

William McLellin

Виллиам Маклеллин: “Үнэний мэдлэгт … хүлэгдсэн”

1831 оны нэгэн өглөө сургуулийн залуухан багш Виллиам Маклеллин Миссури руу явах замдаа, хэдэн хүн “Бурханаас ирсэн илчлэлт” хэмээх нэгэн шинэ номын тухай номлох гэж байгааг сонсжээ. Тэр тэднийг сонсохоор яаран очив. Тэр Давид Витмерийг “энэхүү цэдгийг үнэн гэдгийг өөрт нь гэрчилсэн Ариун Тэнгэр элчийг харсан” хэмээн гэрчлэхийг сонсжээ. Тэдний гэрчлэл үнэн эсэхийг мэдэхийг тэрээр сэтгэлийнхээ гүнээс хүсэж байв. Тэр тэднийг Миссурийн Индепенденс рүү 644 км дагасан бөгөөд тэнд Мартин Харрис, Хайрум Смит зэрэг өөр бусад гэрчтэй уулзаж, ярилцсан байна.4

Виллиам Хайрумтай олон цагийн турш ярилцжээ. Виллиам: “Би уг цэдэг хэрхэн гарч ирсэн талаар нарийвчлан асуув. Маргааш өглөө нь үнэн рүү хөтлөхийг хүсэн залбирсныхаа дараа “шударга хүний хувьд тэр Мормоны Номын үнэн болон бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй”5 болсноо ойлгосон байна.

Дараагийн он жилүүдэд Виллиамын итгэл өөрийнх нь хийсэн сонголт, хожмын үеийн гэгээнтнүүдийн туулсан хавчлагаар соригдож, хүчирхэгжсэн юм. Миссури мужийн Жаксон гүнлэгт байсан гэгээнтнүүд рүү довтлох үед Виллиамын найз, Найман гэрчийн нэг болох Хайрам Пейжийг хэсэг эр зодож, ташуурдан, хэрвээ Мормоны Номыг үгүйсгэх юм бол чөлөөлж явуулна гэжээ. “Би үнэн гэж мэддэг зүйлээ хэрхэн үгүйсгэх билээ?” гэж Хайрамыг хэлэхэд тэд түүнийг ахин зоджээ.

Виллиам зодуулахаас айж байсан ч Хайрамын гэрчлэл түүнийг хүчирхэгжүүлэв. Ойр хавийнх нь эрчүүд Оливер Каудери тэр хоёрыг барьж өгсөн хүнд шагнал өгнө гэж ярьж байсныг сонсоод, тэд хотоос гарч, Давид Витмертэй хамт ойд нуугдсан байна. Тэнд Виллиам гурван гэрчийн хоёроос нь ярилцлага авчээ. Тэрээр “би амьдралдаа хэзээ ч үзэгдэл үзэж байгаагүй” ч та нар үзсэн гэж байгаа тул баттай мэднэ. Одоо дээрэмчид биднийг барих юм бол амь нас маань аюулд орно гэдгийг та хоёр мэдэж байгаа. Бурханы нэрээр андгайлж, Мормоны Ном үнэн эсэхийг хэлж өгөөч?” гэжээ.

Оливер “Виллиам ах аа, Бурхан өөрийн ариун тэнгэр элчийг илгээн, энэ номын орчуулга үнэн гэдгийг тунхагласан тул бид мэднэ. Мөн дээрэмчид биднийг алах байсан ч бид энэ үнэнийг тунхагласаар үхнэ” гэж хэлжээ.

Давид цааш нь, “Оливер чамд баттай үнэнийг хэлсэн, учир нь биднийг хуурч чадахгүй. Би энэ нь үнэн болохыг чамд чин сэтгэлээсээ тунхаглаж байна!”6 гэжээ.

Давид, Мартин, Хайрам, Оливер, Виллиам нар бүгд өөрсдөө Иосеф Смит Мормоны Номыг Бурханы хүчээр орчуулсан гэдгийг олж мэдсэн байв. Алтан ялтаснууд дээр бичигдсэн сайн мэдээ үнэн гэдгийг тэд мэдэж байлаа. Гэхдээ хожим нь тэд Иосефт уурлан, Мормоны Номын сургаалын дагуу амьдрахаа больсон байна.

Тэдний сонголтыг хараад, бошиглогч Иосеф Смит Мормоны Ном үнэн төдийгүй “энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу” бөгөөд бид “бусад ямар ч номоос илүүтэйгээр, түүний зааврыг мөрдсөнөөр л Бурханд илүү ойртох болой”7 хэмээн гэрчилжээ.

Sally Parker

Салли Паркэр: “Итгэлдээ хүчтэй”

Салли Паркэр Огайо мужийн Көртландад, Люси Мак Смитийн хөрш байв. Салли: “Тэр надад уг түүхийг бүтнээр нь ярьсан. Тэр Люсигээс ялтаснуудыг харсан эсэхийг асуухад “[Люси] үгүй ээ, энэ нь түүний харах ёстой зүйл биш байсан ч тэр гартаа барьж, өргөж, байснаа хэлсэн бөгөөд би түүний хэлсэн бүхэнд итгэсэн. Учир нь би түүний дэргэд 8 сар амьдарсан бөгөөд тэр бол хамгийн сайн эмэгтэйчүүдийн нэг байсан” гэж бичжээ.

1838 онд Салли Хайрум Смитийн гэрчлэхийг сонссон талаараа “Тэр өөрийн нүдээр уг ялтаснуудыг харж, өөрийн гараар хүрсэн гэж хэлсэн”8 хэмээн бичсэн байна.

1830-аад оны сүүлээр олон хүн Сүмийг орхих үед Салли Паркэр тэднийг Сүмээс гарч байгаад нь гашуудаж, Мормоны Номын зарчмуудын дагуу амьдрахаар бат шийджээ. Салли ийн бичсэн байдаг. “Гичийн үрийн адил тэрхүү итгэлээс би чанга зууран барихыг хүсэж байна. Би одоо зүрх сэтгэлдээ үүний хүчийг мэдэрч байна. Миний итгэл баптисм хүртэх үед байсан шигээ хүчтэй байгаа бөгөөд оюун ухаан маань ч өөрчлөгдөөгүй. Би үхэх хүртлээ сайн мэдээнээс зууран барих болно.”9

Rhoda Greene

Рода Грийн: “Түүнд Бурханы Сүнс байв”

1845 онд Мормоны Номыг гэрчлэгч, гэр бүлийнх нь бүх гэрч алуулсан, өвчнөөр нас барсны дараа Люси Мак Смит Ерөнхий чуулган дээр үг хэлжээ. Тэр хүү Самуелын анхны номлолын нэгэн түүхийг ярив.

Найман гэрчийн нэг байсан Самуел нөхөр нь өөр сүмийн номлолд үйлчилж байсан Рода Грийн гэгчийн гэрт айлчилжээ. Самуел Родагаас ном авах уу гэж асуусан байв. Тэрээр “Энэ бол миний ах Иосефын газраас гаргаж авсан ялтаснуудаас орчуулсан ном” гэж тайлбарлажээ.

Рода уг номын нэг хувийг өөрөө уншина, бас нөхөртөө үзүүлнэ гэж авч үлдэв. Дараа нь Самуелыг эргэж ирэхэд, нөхрийнхөө сонирхохгүй байгааг мөн уг номыг худалдаж авахгүй гэдгээ Рода хэлжээ. Сэтгэлээр унасан Самуел номоо аваад, явах гэлээ. Хожим нь Рода Люсид Самуел хэсэг зогтуссанаа түүн рүү харсан талаар ярьсан байна. Люси Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ “Рода руу ямар ч хүн тийм харцаар харж байсангүй. Түүнд Бурханы Сүнс байгааг тэр мэдэж байлаа” гэв.

Самуел Родад хандан “Сүнс намайг энэ номыг буцааж авахыг хориглож байна” гэхэд Рода Самуелыг өвдөг сөгдөн, хамт залбирахыг гуйжээ. Тэр номыг авч үлдээд, улмаар уншиж, гэрчлэлтэй болжээ. Яваандаа, нөхөр нь ч гэрчлэлтэй болсон юм. Тэд амьдралынхаа турш энэ номын зарчмын дагуу амьдрах сонголтыг хийсэн.

“Мөн ажил ийн эхэлсэн бөгөөд гичийн үр мэт тархсан билээ” хэмээн Люси гэрчилжээ.10

Рода Грийн бол миний эмэг эх. Мормоны Номын талаарх түүний гэрчлэлийг болон гэрчүүдийн ярихыг сонссон хүмүүсийн тухай бичиж үлдээсэн тэдний гэрчлэл намайг гэгээрүүлдэг. Мормоны Номд заадаг зүйлсийг дагах сонголт хийсэн маань намайг хүчирхэгжүүлдэг.

Ариун Сүнс бидэнд уг номын үнэнийг батлах үед бидний хүн нэг бүр Мормоны Номын орчин үеийн гэрч байж чадна. Номлолд явахаас өмнөхөн би Мормоны Номыг уншиж дуусгасныхаа дараа чин хүсэлтэйгээр, үнэн сэтгэлээсээ мөн Есүс Христэд итгэх итгэлтэйгээр өвдөг сөгдөн, энгийн залбирал үйлдэв (Моронай 10:3–4-ийг үзнэ үү). “Чи үнэнийг аль хэдийн мэднэ” гэсэн хүчтэй мэдрэмж төрөхийг би мэдэрсэн. Энэ нь надад хэзээ ч үгүйсгэж зүрхлэхгүй амар амгаланг даган ирсэн юм. Тэр үеэс хойш би Мормоны Ном үнэн гэдгийг мэддэг болсон.

Гэхдээ мэдэх нь хангалтгүй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Би ‘Мормоны Ном үнэн’ хэмээн бусдын бас өөрийн хэлэхийг сонсох бүрдээ ‘Сайхан хэрэг байна. Гэхдээ хангалтгүй’ гэж дуу алдмаар санагддаг. Бид Мормоны Ном бол Бурханы үг эргэлзээгүй мөн гэдгийг зүрхнийхээ ‘угаас’ гүн гүнзгий мэдрэх хэрэгтэй. Бид үүнгүйгээр нэг ч өдөр амьдрахыг хүсэхгүй болтлоо тийм гүн гүнзгий мэдрэх ёстой”11 хэмээн заасан. Ерөнхийлөгч Нэлсоны заасан зүйлс үнэн. Мормоны Номын сургаалын дагуу амьдрахын тулд байнга хичээл зүтгэл гаргаж байсан маань юу юунаас ч илүү намайг Бурханд ойртуулсан.

Эшлэлүүд

  1. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 58.

  2. Rebecca Swain Williams to Isaac Swain, Youngstown, New York, June 12, 1834, зөв бичгийн дүрмээр стандарчилсан. Janiece Johnson, “Give Up All and Follow Your Lord,” BYU Studies, vol. 41, no. 1 (2002), 97–102 дээрх бичвэр, захидлуудын зургийг үзнэ үү.

  3. Мөн Janiece Lyn Johnson, “Rebecca Swain Williams: Steadfast and Immovable,” Ensign, Apr. 2011, 38–41-ийг үзнэ үү.

  4. The Journals of William E. McLellin: 1831–1836, ed. Jan Shipps and John W. Welch, (1994), 29–33-ыг үзнэ үү.

  5. The Journals of William E. McLellin, 33, том үсгийг стандарчлав.

  6. William E. McLellin’s Lost Manuscript, ed. Mitchell K. Schaefer (2012), 165–67.

  7. Иосеф Смит, Мормоны Номын оршил. Энэ сургаалын нарийвчилсан судлгааг харах бол Scott C. Esplin, “Getting ‘Nearer to God’: A History of Joseph Smith’s Statement,” in Living the Book of Mormon: Abiding by Its Precepts, ed. Gaye Strathearn and Charles Swift (2007), 40–54-ийг үзнэ үү.

  8. Janiece L. Johnson, “‘The Scriptures Is a Fulfilling’: Sally Parker’s Weave,” BYU Studies, vol. 44, no. 2 (2005), 116, 115.

  9. Johnson, “‘The Scriptures Is a Fulfilling,’” 117.

  10. Lucy Mack Smith, “This Gospel of Glad Tidings to All People,” in Jennifer Reeder and Kate Holbrook, eds., At the Pulpit: 185 Years of Discourses by Latter-day Saint Women (2017), 24.

  11. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 58.