2020
Яаруу сандруу наманчилж болохгүй
2020 оны 1-р сар


Яаруу сандруу наманчилж болохгүй

Илүү сайжрахын тулд би наманчлах арга барилаа өөрчлөх хэрэгтэй байлаа.

“Амен.”

Ариун ёслол түгээх үеэр би толгой бөхийн, өнгөрсөн долоо хоногт хийсэн буруу зүйл, сайжруулж болох арга замуудаа тоочин, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг. Би өөрчлөгдөх амлалт өгч, Аврагчийн тухай бодож, ариун ёслолоос хүртдэг. Тэгээд дараагийн долоо хоногт нь тэр зүйлээ бараг яг адилхнаар давтан үйлдэнэ.

Би олон жил ариун ёслолыг Аврагчийн тухай бодох, наманчлах, энэ долоо хоног өөр байх болно гэж амлах үйл явц гэж бодож ирсэн.

Энэ үйл явц өсөж хөгжихөд маань туслахгүй байгааг би гадарлаж байлаа. Үнэндээ долоо хоног бүр өмнөхөөсөө дээрдэхгүй хэвээр байв. Хувийн залбирал маань давталт ихтэйгээс гадна улам ховордож байв. Би өглөөний галт тэргэн дотор чанга дуутай хүмүүсийн тухай таагүй зүйл бодсоор мөн ажлынхаа дараа чөлөөт цагаараа хэт их зурагт үзсээр л байв. Эдгээр зан авир надад бүр тогтчихсон юм шиг санагдаж, муу гэж бодоод ч хэрхэн салахаа мэдэхгүй байлаа. Нэг л зүйл дутагдаад байв. Би зүгээр л юу гэдгийг нь мэдэхгүй байв.

Залбирлын хариу

Ерөнхий чуулганаар би дутагдаад байсан зүйлээ олж мэдсэн юм. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Даллин Х.Өүкс “Сүнслэг түлхэц, өсөлтийн өөр нэгэн эх сурвалж бол бүр өчүүхэн мэт санагдаж болох гэм нүглээ үргэлж наманчлах явдал юм. Иймд долоо хоног тутам ариун ёслолоос хүртэхээсээ өмнө наманчилсан байх ёстой”1 хэмээн заасан.

Гэнэт надад буй асуудал тодорхой болов. Би зөвхөн ням гарагт л наманчилдаг байж. Ариун ёслолын үеэр хэдхэн минут л гэм нүглээ эргэцүүлэн бодож, долоо хоногийн бусад үед хэнэггүйтэн, эцэст нь ямар ч өөрчлөлт гаргадаггүй байсан байна.

Ерөнхийлөгч Өүксийн заасан зүйлс энэ дутагдаад байгаа зүйлээ наманчлах үйл явцдаа оруулж болох гурван арга замыг олж тогтооход тусалсан юм.

Юуг нүгэл гэж үзэх

Есүс Христийн Цагаатгал нь муу зуршлуудад эсвэл түр зуурын анхаарал сарниулах зүйлсэд буюу үндсэндээ Түүнтэй илүү адил болоход бидэнд саад болох юунд ч болов тусалж чадна. Өчүүхэн зүйлс хүртэл биднийг Түүний замаас холдуулж чадна гэдгийг мэддэг тул Тэр эдгээрийг даван туулахад бидэнд туслахыг хүсдэг. Би Түүнд энэ боломжийг олгохын тулд эдгээр зүйлийн талаар өөрөөр буюу Аврагчид ойртоход саад болж байгаагаар нь харж эхлэхээр шийдсэн.

Энэ нь надад алдаа дутагдлуудаа илүү тодорхой олж харж, илүү нухацтай авч үзэхэд тусалсан. Христ надад үүнийг хийхэд тусалж чадна гэдгийг олж мэдсэнээр би өөдрөг үзэлтэй болж, энэ бүхнээс хурдан салахыг улам их хүсэх болов. Эдгээр зуршлаа хаяхыг хүсвэл долоо хоногт нэг удаа эдгээрийн төлөө залбирах нь хангалтгүй гэдэг нь ойлгомжтой байлаа. Би Их Эзэнтэй өдөр бүр зөвлөлдөх хэрэгтэй байв.

Аврагчийн тусламжийг урих нь

Өдөр тутам наманчлах нь биднийг Тэнгэрлэг Эцэгтээ эргэн тайлагнахдаа өөрсдийн өсөлтийг бодитоор дүгнэх боломжийг олгодог. Бид хаана ямар сул талтай байгаагаа олж харж, өршөөл эрэлхийлж байхдаа Түүнээс тодорхой тусламж хүсэх болно. Өдөр бүр Аврагчаас намайг холдуулж байдаг өчүүхэн шалихгүй зүйлстэй нүүр тулж байхдаа миний залбирал болон үйлдлүүд өөрчлөгдөж байв. Долоо долоо хоногоор би нэгэн хэвийн байдалдаа дасахын оронд байнга сайжрах хүсэл эрмэлзэлтэй болсон байв. Сүнс миний шийдвэрүүдэд нөлөөлж байгааг би мэдрэх болсон. Би Христийн Цагаатгалын боломж олгогч хүчээр дамжин ирдэг “хэцүү ч гэсэн зөвийг сонгох”2 илүү их хүсэлтэй болсон байв.

Нүгэлтэйгээ холбоотой асуудлаа бие даан шийдэхийг хичээж байх үедээ сайхан санаа өвөртөлсөн байсан ч долоо хоногийн турш Бурханд найдах нь бүх зүйлийг эрс өөрчилсөн юм. Намайг өөрчлөгдөх гэж хичээх үед Бурхан дэргэд минь байгааг би мэдэрдэг байсан. Би Түүнийг тэртээх урт хонгилын үзүүрт зүгээр л хүлээгээд байж байгаагаар бодохоо больсон.

Ариун ёслолыг өөрөөр харах нь

Ерөнхийлөгч Өүксийн тайлбарласнаар, ариун ёслол нь наманчлалыг багтаадаггүй, харин долоо хоног бүр давтагддаг мөчлөг юм. Энэ нь бидний хувьд өнгөрсөн долоо хоногоо дүгнэж цэгнэн, Аврагчид талархаж, илүү сайныг үйлдэхээр амлалт өгөх мөч юм. Өдөр бүр наманчилснаар ариун ёслол миний хувьд шинэ утга учиртай зүйл болж эхэлсэн. Би наманчлах бүх үйл явцаа 10-хан минутад багтаахаа больсон. Харин би үнэхээр Христийн золиосын тухай бодож, Түүний хязгааргүй хайр, нигүүлслийг гайхширан боддог болсон. Би талх, уснаас хүртэхдээ илүү цэвэр ариун болж, дараа долоо хоногт илүү сайжрахад бэлэн болсон мэт санагдах болсон.

Долоо хоногийн турш наманчлах нь ариун ёслолын гайхамшгийн төлөө талархах боломжийг бидэнд олгодог. Наманчлахыг өдөр тутмын үйл явц гэж ойлгосон маань алдаа дутагдалтайгаа зоригтой, өөдрөгөөр нүүр тулахад намайг хүчирхэгжүүлсэн юм. Би асуудлаа шийдэхдээ өөрийгөө ганцаараа гэж бодохоо больсон. Би ийм үедээ гутарч, сэтгэлээр унахын оронд баптисм хүртэхдээ мэдэрсэн итгэл найдвар, баяр баяслаа эргэн санаж чадна.

Эшлэлүүд

  1. Даллин Х.Өүкс, “Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110.

  2. Томас С.Монсон, “Сонголтууд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69-ийг үзнэ үү.