2020
Сүнсээр удирдуулж байснаа мэдсэн нь
2020 оны 1-р сар


Сүнсээр удирдуулж байснаа мэдсэн нь

Би илчлэлт гэж юу болох талаар мэддэг болохоосоо өмнө маш олон удаа Сүнсээр удирдуулсан байв.

Би 17 настайдаа хоёр жилийн өмнөөс мэдэх болсон протестант сүмд явдаг байв. Энэ нь Бурхан, Есүс Христ хоёрын тухай албан ёсоор олж мэдсэн анхны газар маань байсан юм. Тухайн үед намайг нэгэн өдөр автобусаар явж байтал хажууд нэг залуу суув. Тэр шоронгоос суллагдаад удаагүй байсан бөгөөд дахин ямар ч сүмд явах боломжгүй болсон гэж бодож байгаагаа хэлэв. Тэр үед Бурхан намайг тэр хүнтэй уулзуулахаар илгээснийг би ойлгосон бөгөөд түүнийг урамшуулж, сүмд явах хэрэгтэй гэж хэлж билээ.

Ярилцах зуураа би түүнд сэтгэл зүйн чиглэлээр сургуульд явах гэж байгаагаа хэлэв. Гэвч дараа нь, би сэтгүүлчээр ч сурч магадгүй гээд санаандгүй хэлчихэв. Тэр “Чи нээрээ сэтгүүлч хүн шиг харагдаж байна. Сэтгүүлч болоорой” гэлээ. Би сэтгүүлч болох тухай хэзээ ч бодож байгаагүй тул энэ үнэхээр хачин санагдаж билээ. Энэ бодол хаа нэгтэйгээс гарч ирсэн юм шиг санагдсан.

Хоёр сарын дараа их сургуульд сэтгэл зүйчээр сурах шалгалт болох гэж байлаа. Нэг орой би энэ шийдвэртээ итгэлгүй байгаагаа мэдэрсэн. Би өөр зүйлд сонирхолгүй байсан тул цочирдов. Дараа нь би автобусанд таарсан хүнтэй ярилцаж байснаа саналаа. Би мужийнхаа сэтгүүл зүйн сургуулийн талаар юу ч мэдэхгүй байсан ч нэг сургуулийн вэбсайт олсон ба тохиолдлоор тэр өдөр нь бүртгүүлэх хамгийн сүүлийн өдөр байж таарсан юм. Би олон юм бодолгүй, шууд бүртгүүлэв. Ингээд би саяхан сэтгүүл зүйн сургуулиа төгсчихөөд байж байна.

Үнэнийг олж мэдэх нь

Тухайн үедээ ойлгоогүй ч одоо бол Бурхан намайг юу судлахаа шийдэхэд маань хувийн илчлэлтээр дамжуулан удирдсаныг мэддэг болсон. Бурхан надаас юу хүсэж байгаагаа мөн намайг дагаасай хэмээн хүсдэг замаа харуулахын тулд миний амьдралд ямар боломж, нөхцөл байдлыг бүрдүүлэн өгсөөр ирснийг нь үргэлж мэддэг байхаар би адислагдаж ирсэн юм шиг санагддаг.

Дөрвөн жилийн дараа би Ариун Сүнсний удирдамжаар Сүмийг олж, баптисм хүртсэн. Мөн эцэст нь би хувийн илчлэлт гэж юу болохыг Сургаал ба Гэрээг уншиж байгаад олж мэдсэн юм. Баптисмынхаа өмнөх өдөр би номлогчдын хүссэний дагуу Мормоны Номоос уншиж байлаа. Би гэнэт ямар нэгэн шалтгаанаар Нифайн Есүс Христийн баптисмыг дүрсэлсэн 2 Нифай 31-ийг уншихаар шийдэв. Би Мормоны Номын талаар хараахан залбираагүй байсан ч Тэнгэрлэг Эцэг надад баптисмын талаар ямар нэг зүйл хэлэхийг хүсэж байгааг мэдэрсэн юм. Ариун Сүнс бидний хийвэл зохих бүх зүйлийг бидэнд үзүүлэх болно гэсэн дараагийн бүлэг ч миний анхаарлыг татав (2 Нифай 32-ыг үзнэ үү). Энэ үг миний амьдралд их зүйл ойлгуулсан.

Үнэндээ би Бурхан намайг харанхуйгаас ямар нэг гэрэлтэй гарч ирээсэй гэж хүсдэгийг үргэлж мэддэг байсан. Би Иосеф Смитийн талаар суралцаж байхдаа бидний хоорондох адил төстэй талуудыг олж харсан. Би Бурханаас хариулт эрэлхийлж сурсан. Би хүүхэд байхдаа сүмд явдаггүй байсан ч үргэлж залбирдаг байсан тул энэ нь наманчилж, тэвчээртэй байж мөн хүн бүрд эелдэг, найрсаг хандахад тусалдаг байсан.

Би ямартай ч Бурхан намайг сонсож байгааг үргэлж мэддэг байв. Ингээд би 15-тайдаа сүмд явдаг болж, Библийн тухай суралцсан. Олон туршлагаасаа харахад, залбирснаар олж авсан мэдлэг маань Бурханаас ирдэг байсныг ойлгосон юм.

Илчлэлтийг ойлгох нь

Нифай “Учир нь болгоогтун, би та нарт дахин хэлье, хэрэв та нар уг замд орох, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно” хэмээн 2 Нифай 32:5-д заадаг. Энэ нь баптисмынхаа дараа номлогчдыг надаас илчлэлт гэж юу болохыг асуух хүртэл миний мэднэ гэж бодож явсан зүйл байв. Нэрлэж мэдэхгүй ч Бурхан надтай оюун бодлоор минь дамжуулан ярьж, миний асуулт болон бодлуудад хариулж байгаа мэт үүнийг олон удаа мэдэрч байснаа би тэдэнд хэлэв. Тэд миний зөв гэж хэллээ.

Илчлэлтийн талаарх мэдлэг ба Ариун Сүнсний бэлэг надад Библи унших шинэ хүслийг төрүүлсэн юм. Би уншиж байхдаа олон утга учиртай зүйлийг олж мэдэж эхэлсэн ба энэ бүхнийг Сүнсээр удирдуулснаар л мэдэж авсан гэдгийг ухаарсан. Би Паулын захидлуудыг унших дуртай байсан ба түүний Сүнсээр заалгаж үйлддэг үлгэр жишээ болон Аврагчид итгэх хүчирхэг итгэл нь гайхалтай санагддаг байв. Энэ бүхнийг би сэргээгдсэн Сүмээр дамжуулан ойлгож авсан.

Ингээд эцсийн эцэст таны хэдтэй, хаана амьдардаг эсвэл Бурханы зүйлсийн талаар хэр ихийг мэддэг эсэхээс үл хамааран хийх ёстой зүйл бол “Хаа дуудсан ч би үйлчлэх болно. Хий гэснийг тань хийх болно би” (Hymns, no. 270) гэх дууллыг дагах явдал юм. Сүнсний зүрх сэтгэлд тань суулгасан гайхалтай зүйлсээр амьдарч мөн хуваалцаарай. Учир нь Сүнс танд бусдыг адисалж мөн адислалуудыг энэ амьдралдаа олж авах арга замыг үзүүлэх болно.