Ирээд, Намайг дага
Би бусдад хэрхэн үйлчлэх вэ?


Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Би бусдад хэрхэн үйлчлэх вэ?

Есүс Христ бусдыг хэрхэн хайрлаж мөн тэдэнд үйлчлэх төгс жишээг үзүүлсэн юм. Санваар атгагчдын хувьд бид бусдад үйлчлэх үүрэгтэй. Санваарын ёслолуудыг гүйцэтгэх, бусадтай сайн мэдээг хуваалцах, өдөр тутмын энгийн найрсаг үйлдлүүдийг гүйцэтгэх гэх мэт олон арга замаар бид Аврагчийн адил бусдад үйлчилж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бусдад үйлчилж байсан туршлагынхаа талаар бодоорой. Таны үйлчлэлийн үр дүн юу байсан бэ? Залуу эрэгтэйчүүдэд үйлчлэл чухал гэдгийг мэдрэхэд туслах ямар туршлагыг та хуваалцаж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдийг бусдад үйлчилж байхыг та хэзээ харж байсан бэ? Залуу эрэгтэйчүүд ямар туршлагуудыг бие биедээ хуваалцаж чадах вэ? Христтэй адил үйлчлэлийг хэрхэн үзүүлэхийг сурах нь яагаад чухал вэ?

Үйлчлэлийн талаар судар болон бусад материалаас суралцах үедээ Христийнхтэй адил үйлчлэлийг үзүүлэхэд залуу эрэгтэйчүүдийг урамшуулах зүйлсийг эрж хайгаарай.

Maтай 25:31–46; Moзая 2:17 (Бид бусдад үйлчилж байхдаа Бурханд үйлчилж байдаг)

Иохан 13:34–35 (Аврагч биднийг хайрладаг шиг бид бусдыг хайрлах ёстой)

Иаков 1:27 (Эцэггүй болон бэлэвсэн хүмүүсийг эргэж тойрох нь цэвэр шүтлэг юм)

1 Нифай 2:16–18; 3:1–7, 28–31; 4:1–2; 17:7–19, 50–51; 18:1–4 (Даалгавар хүлээн авсан Нифай, Лемен, Лемүел нарын хандлага)

Мозая 18:8–10 (Бид тайтгарал хэрэгтэй хүмүүсийг тайтгаруулахад бэлэн байх ёстой)

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 26, 50, 74

Хэнри Б.Айринг, “Тэдний шархыг боо,Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69-72

Үйлчлэл,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 32–33

Видeo бичлэгүүд: “Тусламж хэрэгтэй тэдгээрийг аврах нь,” “Дэйтоны хөл,” “Хэрвээ бид өөрсдийгөө мартах юм бол,” “When Ye Are in the Service—YM”

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс Христ дэлхий дээрх тохинууллынхаа туршид Өөрийн эргэн тойронд байгаа хүмүүст үйлчлэн, туслахад Өөрийн цагийг зарцуулдаг байсан. Христийн үнэн дагалдагчид мөн ийн үйлддэг. “Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно” (Иoхан 13:35) хэмээн Аврагч хэлсэн билээ. Та залуу эрэгтэйчүүдэд зааж байхдаа тэднийг бусдад хэрхэн үйлчилсэн талаар мөн үйлчлэл хийх урмыг хаанаас авсан тухай хуваалцахад урих боломжуудыг эрэлхийлээрэй.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлийн гарчгийг самбарт бичээд уг хичээлээс сурсан эсвэл хэрэгжүүлсэн зүйлээ хурдхан бичихийг залуу эрэгтэй бүрээс хүс.

  • Бусдад үйлчилсэн саяхны туршлагаасаа хуваалцахад (боломжтой бол Бурханы өмнө хүлээсэн үүргийнхээ төлөвлөгөөний нэг хэсэг болгон, хувиараа эсвэл чуулгаараа биелүүлсэн үйлчлэлийн төслийн талаар хуваалцахыг тэднээс хүс) залуу эрэгтэйчүүдийг урь. Энэхүү үйлчлэл нь тэдэнд ямар нөлөө үзүүлсэн бэ? Бусдад ямар нөлөө үзүүлсэн бэ?

  • Залуу эрэгтэйчүүдээс тэд хэцүү цаг үед бие махбодоороо аврагдаж байсан эсэхийг нь асуу. Тэдэнд тусалсан хүний талаар ямар мэдрэмж тэдэнд төрсөн бэ? “Тусламж хэрэгтэй тэдгээрийг аврах нь” видео бичлэгийг үзээд, Аврагчтай адил бусдад үйлчлэх талаар ерөнхийлөгч Монсоноос юу сурснаа ярилцахад залуу эрэгтэйчүүдийг урь.

Хамтдаа суралц

Энэ хичээлийн зорилго нь бусдад үйлчлэх санваарын үүргээ хэрхэн биелүүлэх талаар ойлгоход нь залуу эрэгтэй бүрд туслах явдал юм. Энэ хичээлийн нэг хэсэг болгож, чуулгын гишүүд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номондоо энэ үүргээ биелүүлэх төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоо сүм дээр авч ирж байхыг чуулгын цуглаанаас өмнө залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх талаар ямар туршлага хуримтлуулж байгаагаа чуулгын цаашдын цуглаанууд дээр хуваалцахад урь.

  • Дараах судруудыг залуу эрэгтэйчүүдэд хуваарилж өг: Матай 25:31–46; Иохан 13:34–35; Мозая 2:17; Иаков 1:27; Мозая 18:8–10. Эдгээр шүлгээс бусдад үйлчлэх тухай олж уншин, сурсан зүйлээ бичиж авахыг тэднээс хүс (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь 26-р хуудсыг үзнэ үү). Эдгээр шүлгээс өөрсдийн олж мэдсэн зүйлийг хуваалцсаных нь дараа, бусдын үйлчлэлээр дамжуулан хэрхэн адислагдаж байсан тухай хувийн туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

  • Чуулгын гишүүдийг дараах шүлгүүдийг уншихад уриад, даалгавар хүлээн авсан Нифайн хандлага юугаараа Лемен, Лемүел хоёрынхоос ялгаатайг байсныг асуу: 1 Нифай 2:16–18; 3:1–7, 28–31; 4:1–2; 17:7–19, 50–51; 18:1–4 (тэднээс хариултаа самбар дээр бичихийг хүсэх талаар бодож үз). Тэд бусдад үйлчлэх сүүлчийн боломжийнхоо талаар ямар хандлагатай байсан тухай бодохыг тэднээс хүс. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын 50-р хуудас дээрх тусгай зайд санваарын үүргээ биелүүлж байхдаа бид ямар хандлагатай байх ёстойг заасан хэд хэдэн үг бичихэд залуу эрэгтэйчүүдийг урь.

  • Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг эсвэл хоёуланг нь үзүүлж, чуулгын гишүүддээ болон бусдад үйлчилснээр ирдэг адислалуудыг эрж хайхыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос Аароны санваартнуудын хувьд бусдад үйлчилж болох арга замуудыг хайж олохыг чуулгын гишүүдээс хүс ([дикон] 23, [багш] 47, [прист] 71-р хуудсуудыг үзнэ үү). Үйлчлэлээрээ дамжуулан өөрсдийн чуулгыг бэхжүүлэх арга замуудын талаар тунгаан бодохыг залуу эрэгтэйчүүдээс хүс.

  • Хэнри Б.Айрингийн залуу эрэгтэй байсан үеийнх нь зургийг үзүүл. Пристийн хувьд бишоптойгоо хамт гишүүдийн гэрт айлчилж очдог байсан Ерөнхийлөгч Айрингийн туршлагуудыг унш. Ерөнхийлөгч Айрингийн туршлагуудаас залуу эрэгтэйчүүд бусдад үйлчлэх талаар юу сурч болох вэ? Үүнтэй төстэй ямар туршлагыг тэд амьдралаасаа хуваалцаж болох вэ?

Залуу эрэгтэйчүүд дээрх үйл ажиллагаануудаас нэгийг юм уу түүнээс олныг гүйцэтгэсний дараа дараах зүйлсийг хий:

  • Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын “Бусдад үйлчил” хэсгийг эргэж харахад чуулгын гишүүдийг урь ([дикон] 26–27, [багш] 50–51, [прист] 74–75-р хуудсууд). Чуулгын гишүүн бүрийг үйлчлэл үзүүлэх хувийн төлөвлөгөө бичихэд урь. Жишээлбэл: Тэд ахлагч Рассэл М.Баллардын зөвлөгөөг даган, бусдад үйлчлэх боломжийн төлөө өдөр бүр залбирах төлөвлөгөө гаргаж болох юм (“Санаа сэтгэлээ бүрэн зориулсан байх нь”, Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11 сар, 35–38-ыг үзнэ үү). Бусдад үйлчлэхийн тулд чуулгынхан юу хийж болох талаарх ярилцлагыг удирдахад чуулгын ерөнхийлөгчийг уриад мөн энэ төлөвлөгөөгөө номондоо бичихийг залуу эрэгтэйчүүдээс хүс.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх төлөвлөгөө

Чуулгын цуглааны төгсгөлд залуу эрэгтэйчүүдэд Бурханы өмнө хүлээх үүргээ биелүүлэх нь номон дээрээ төлөвлөгөөгөө гаргах цаг гаргаж өг. Энэ төлөвлөгөө хувь хүнийх боловч чуулгын гишүүд төлөвлөгөөнийхөө талаар бие биедээ санал бодлоо хэлж болно.

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Хэн нэгэнд үйлчлэх өөрийн төлөвлөгөөг хуваалцаж, залуу эрэгтэйчүүдийг төлөвлөгөөгөө биелүүлэхэд урьж болно.

  • Чуулгын гишүүдийг ирэх долоо хоногуудад бусдад үйлчилсэн туршлагаасаа хуваалцахад урина гэдгээ тэдэнд тайлбарлан хэлж болно.

Хэвлэх