Ирээд, Намайг дага
Би хэрхэн илүү сайн тохинуулагч ах болох вэ?


Би хэрхэн илүү сайн тохинуулагч ах болох вэ?

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Есүс Христ бол бусад бүх зүйлд жишээ байдгийн адил тохинуулалд ч бас бидний төгс жишээ юм. Тохинууллынхаа үед Тэрээр хувь хүмүүст тусламжийн гараа сунгаж, материаллаг болон сүнслэг хэрэгцээг нь хангаж, хүн бүрийг чин сэтгэлээсээ хайрладгаа илэрхийлсэн. Есүс Христийн дагалдагчид, Түүний санваарыг атгагчдын хувьд биднийг Түүнтэй адилаар, ялангуяа тохинуулагч ахын хувьд үйлчлээсэй хэмээн биднээс хүссэн хүмүүст тохинуулахыг урьсан. Бид Христийн адил уг хүмүүсийг хайрлаж, харж хандан, хүчирхэгжүүлж чадна. Тухайлбал, Аароны санваартнууд “Христэд ирэхэд бүхнийг ур[их]” (Сургаал ба Гэрээ 20:59) үүрэгтэй. Үүнээс гадна прист болон багш нар “гишүүн бүрийн гэрээр айлчлан,” “сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх” (Сургаал ба Гэрээ 20:47, 53) үүрэгтэй. Сүмийн залуу эрэгтэйчүүдийн хувьд, бид “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд” (Moсе 1:39) тохиолгон авчрахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Өөрийгөө бэлтгэхэд туслах эх сурвалжууд

Эдгээр эх сурвалж цуглааны “Хамтдаа суралц” хэсэгт өөрийгөө бэлтгэхэд танд тусална.

Заахаасаа өмнө тунгаан бодох асуултууд

Та тохинуулагч ахаар үйлчилж байхдаа Аврагчийн жишээг дагаж юу хийсэн бэ? Энэ тохинуулал таны болон таны үйлчилсэн хүмүүсийн амьдралыг хэрхэн адисалсан бэ? Та залуу эрэгтэйчүүдтэй ямар туршлага хуваалцаж болох вэ?

Залуу эрэгтэйчүүд тохинуулагч ах байх талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ? Тэд бие биентэйгээ ямар ямар туршлага хуваалцаж болох вэ?

Залуу эрэгтэйчүүд суралцахад өөрсдийгөө бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд энэ сэдэвтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэж эсвэл судраас суралцаж болно.

Тэмдэглэл: Энэ хичээлийн бэлтгэл болгож, та тохинуулагч ахаар үйлчилж буй чуулгын гишүүдээс тохинууллын хамтрагчаа энэ хичээлд суулгаж, хэрхэн илүү сайн тохинуулагч ах нар болж болох талаар ярилцахад урьж болно.

Аврагчийн арга барилаар заах нь

Ямар ч тохиолдолд, Аврагч заасан хүмүүстээ төгс үлгэр жишээ мөн зөвлөгч нь байсан юм. Залуу эрэгтэйчүүд Христтэй адил тохинуулагч ах нарын үүргээ гүйцэтгэхээр хичээл зүтгэл гаргахдаа та нарын болон бусад Мелкизедек санваартны үлгэр жишээнээс хэрхэн суралцаж болох вэ?

Хурлын тойм

1. Хамтдаа зөвлөлдөж, туршлагуудаа хуваалц

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хөтлөн явуулна. Ойролцоогоор 5–10 минут.

Дараахтай адил зүйлсийн талаар ярилцлага хөтлөн явуул. Үүнд:

  • Манай чуулга: Өнөөдөр хэн ирээгүй байна вэ? Хэнийд айлчлан очих хэрэгтэй вэ? Дараагийн үйл ажиллагаан дээр хэнийг урих нь зүйтэй вэ? Бидний тусламж, залбирал хэнд хэрэгтэй байна вэ?

  • Бидний үүрэг хариуцлага: Бид ямар үүрэгт ажил хийх хэрэгтэй байна вэ? Бид ямар үүрэгт ажлаа хийж гүйцэтгэсэн бэ? Бид бусдыг Христэд ирэхэд хэрхэн урьсан бэ, мөн бид одоо хэрхэн бусдыг урьж болох вэ?

  • Бидний амьдрал: Чуулгынханд хамгийн сүүлийн цуглаан дээр ярилцсан зүйлсээ сануул. Ойлгож мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх талаар бид ямар туршлага хуримтлуулсан бэ? Өнгөрсөн хэдэн долоо хоногийн туршид бид сайн мэдээний талаарх бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн ямар туршлага олж авсан бэ?

Боломжтой бол эдгээрийг өмнө нь чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээрээ ярилцана уу.

2. Хамтдаа суралц

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, багш эсвэл удирдагч цуглааныг хөтлөн явуулна; 25–35 минут.

Та дээрх эх сурвалжуудыг судалж, Сүнсний өдөөлтийг дагасныхаа дараа, сайн мэдээг ойлгоход нь чуулгын гишүүдэд туслахын тулд дараах үйл ажиллагаануудаас нэг юм уу түүнээс олныг сонгон авч болно.

  • Таны хувьд тохинуулал гэдэг үг ямар утгатай вэ? Үүнийг олж мэдэхийн тулд та самбарт Тохинуулал гэж бичээд, тохинуулалтай холбоотой гэж бодож байгаа үгсийг тойруулан бичихэд залуу эрэгтэйчүүдийг урь. Тэд уг жагсаалтад нэмэх үг хэллэгүүдийг дараах судруудаас олж болно. Үүнд: Матай 25:34–40; Лук 10:25–37; 2 Нифай 25:26; Мозая 18:8–9; 3 Нифай 18:25; Сургаал ба Гэрээ 81:5. Тэд эдгээр шүлгээс тохинууллын талаар юу мэдэж авч болох вэ? Бусдад тохинуулж буй хүмүүсийг харсан жишээнээсээ хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Залуу эрэгтэйчүүд хүмүүсийг Христэд илүү ойртоход нь туслахын тулд юу хийж чадах вэ?

  • Залуу эрэгтэйчүүдийг хоёр хоёроор нь хуваарилан, 3 Нифай 17-г уншаад, тохинуулагч ах нарын хувьд үйлчлэхэд туслах юуг Аврагчаас сурч болохыг олж мэдэхийг хүс. Хамтрал бүрийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Жишээлбэл, Аврагч хэрхэн “нэг нэгээр” нь тохинуулсан бэ? Тэрээр тохинуулахдаа ямар хэрэгцээ шаардлагыг нь хангасан бэ?

  • Сургаал ба Гэрээ 20:53-ыг хамтдаа уншаад, “сүмийг ямагт харж хандан, тэдэнтэй хамт байж, бэхжүүлж” чадах арга замуудыг жагсаан бичихийг (эсвэл зураг зурахыг) залуу эрэгтэйчүүдээс хүс. Залуу эрэгтэйчүүдэд Сүмийн бусад гишүүнд тохинуулах ямар ямар арга зам байдаг вэ? Бишоп эсвэл ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийг чуулгад хүрэлцэн ирж, Христийн жишээг даган тойргийнхоо гишүүдэд хэрхэн тохинуулах талаар ярьж өгөхөд урьж болно. Залуу эрэгтэйчүүд тэдгээр удирдагчаас тохинууллын талаар асуух зүйлээ урьдчилан бодож ирж болно. Залуу эрэгтэйчүүдийг тойргийнхоо бусад гишүүнд тохинуулахад гаргаж буй хүчин чармайлтаа сайжруулах төлөвлөгөө гаргахад урь.

  • Залуу эрэгтэй бүрээс ахлагч Жэффри  Р.Холландын “Тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл” эсвэл Жийн Б.Бингам эгчийн “Аврагчийн адил тохинуулах нь” захиас дээрх аль нэгэн түүхийг уншихыг хүс. Залуу эрэгтэй бүрийг самбарын өмнө гараад, түүхийг өөрийн үгээр ярихыг мөн энэ нь илүү сайн тохинуулагч ах байх талаар түүнд юу зааж байгааг хуваалцахыг хүс. Эдгээр захиас дээрх юу нь залуу эрэгтэйчүүдэд илүү сэтгэгдэл төрүүлж байна вэ?

  • Чуулгыг хоёр бүлэг болгон хуваарилаад, тохинуулагч ах нарын хувьд сайжирч болох арга замуудаа жагсаан бичихийг бүлэг тус бүрээс хүс. Хэдэн минутын дараа нэг бүлгийг ерөнхийлөгч Рассэлл  М.Нэлсоны “Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь” захиасаас санаанууд олж, жагсаалтан дээрээ нэмж бичихэд урь. Нөгөө бүлгийг ерөнхийлөгч Хэнри  Б.Айрингийн “Сүнсээр өдөөгдсөн тохинуулал” захиасаас санаанууд олж, жагсаалтан дээрээ нэмж бичихэд урь. Жагсаалтаа хуваалцахыг бүлгүүдээс хүсээд, залуу эрэгтэй бүрийг хийх нэг зүйлээ уг жагсаалтаас сонгоход урамшуул.

  • Чуулгын цуглааны өмнөх долоо хоногийн үеэр залуу эрэгтэйчүүдийг ministering.lds.org руу орж, тохинуулагч ах нарын хувьд тэднийг Христтэй илүү адилхан болоход сүнсээр өдөөсөн ямар нэгэн зүйлийг олоод, олж мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлтгэж ирэхэд урь. Залуу эрэгтэйчүүд тохинуулагч ах нарын бусдын амьдралыг адисалж байгааг харж байсан ямар туршлага хуваалцаж болох вэ?

3. Үйлдэх төлөвлөгөө гарга

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хөтлөн явуулна; 5–10 минут.

  • Цуглааны үеэр төрсөн аливаа мэдрэмж, сэтгэгдлээ хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэдний хувьд юу нь утга учиртай байсан бэ? Ойлгож мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ганцаараа эсвэл чуулгаараа хамтран хийж болох зүйл байна уу?

  • Дараагийн хэдэн долоо хоногт төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ бичиж тэмдэглэх хэдэн минутыг залуу эрэгтэйчүүдэд гаргаж өг. Санаагаа хуваалцахад тэднийг урь.

  • Дараагийн цуглааны эхэнд өөрсдийн туршлагыг хуваалцах боломжтой гэдгийг залуу эрэгтэйчүүдэд сануул.