Ирээд, Намайг дага
Би одоо хэрхэн номлогч байж чадах вэ?


Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Би одоо хэрхэн номлогч байж чадах вэ?

Христэд ирэхэд бүхнийг урь гэсэн үүргийг Аароны санваартан бүрд Их эзэн өгсөн билээ (С ба Г 20:59-ийг үз). Түүнчлэн Их Эзэний бошиглогчид сүмийн зөв зохистой, үйлчлэх боломжтой залуу эрэгтэйчүүдийг бүрэн цагийн номлолд үйлчил хэмээн урьсан. Бид Христэд ирэхэд бүхнийг урь гэдэг Аароны Санваарын үүргээ биелүүлэх нь ирээдүйн бүрэн цагийн номлолын үйлчлэлд бэлтгэхэд бидэнд тусалдаг. Ийм замаар бид Бурханы хаант улсыг байгуулахад тусалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Танд сайн мэдээг бусадтай хуваалцсан ямар туршлагууд байгаа вэ? Бусад хүн тантай сайн мэдээг хэрхэн хуваалцсан бэ? Хэрэв та бүрэн цагийн номлолд үйлчилсэн бол номлолд явахад бэлтгэхийн тулд чухам юу хийсэн бэ? Эргээд бодоход, та номлолд бэлтгэхийн тулд өөр юу хийх байсан бэ?

Сайн мэдээг хуваалцах нь залуу эрэгтэйчүүдэд ямар нөлөө үзүүлэх вэ? Та номлолын ажилд одоо болон ирээдүйд бэлтгэхэд нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Дараах судар, материалуудыг залбирч судал. Та залуу эрэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 28–29, 52–53, 76–77

Алма 17:2–3 (Мозаягийн хөвгүүд мацаг барьж, залбирч, судруудыг хичээнгүйлэн судалснаар номлолдоо бэлтгэсэн)

Үйлс 2, 16; Мозая 18 (Петр, Паул, Алма нар бусдыг Христэд ирэхэд урьсан нь)

Нийл Л.Андэрсэн, “Бурханы гэрч,” Ensign,  2016 оны 11-р сар, 35-38 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган , 23–26

M.Рассэлл Баллард, “Их Эзэнд итгэл найдвараа тавь,Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар, 43–45

Дэвид А.Бэднар, “Номлогч болох нь,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 44–47

Дэвид А.Бэднар, “Ирээд, хар,Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 107-110

Видео бичлэгүүд: “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь,” “Номлогчийн сэтгэлгээ,” “Санваарын үүрэг: Сайн мэдээг номлох нь”

Аврагчийн арга барилаар заах нь

Сүнс тэдний зүрх сэтгэлд хүрч болохын тулд, Аврагч бусдыг сурсан үнэнээ гэрчлэхэд урьдаг байсан. “Та нар намайг хэн гэж хэлэх вэ?” гэж Түүнийг асуухад “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” гэж хариулснаар Петрийн гэрчлэл өссөн (Maтай 16:15–16). Сайн мэдээг хуваалцах нь чуулга дахь залуу эрэгтэйчүүдийн гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Залуу эрэгтэйчүүдээс өнгөрсөн долоо хоногийн хичээлээс сурсан зүйлээ ашигласнаар олж авсан туршлагаа хуваалцаж, зааж, гэрчлэхийг хүс.

  • Залуу эрэгтэйчүүдээс Христэд ирэхэд урьж болох найз, гэр бүлийн гишүүд болон идэвх султай чуулгын гишүүний талаар залбиран бодож үзэхэд урь. Тэдгээр нэрсээ Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номондоо бичихэд урь (хуудас 28–29, 52–53, 76–77-г үзнэ үү). Хичээлийн үеэр тэдгээр хүмүүстэй сайн мэдээг хуваалцахын тулд юу хийвэл зохих талаарх бодол сэтгэгдлүүдэд хянамгай байхыг залуу эрэгтэйчүүдэд урамшуул.

Хамтдаа суралц

Энэ хичээлийн зорилго нь залуу эрэгтэйчүүдийг амьдралынхаа туршид номлогч байх үйлчлэлд нь бэлтгэхэд туслах явдал юм. Чуулгын цуглааны үеэр Бурханы өмнө хүлээсэн үүрэг номон дээрээ төлөвлөгөө бичих цагийг залуу эрэгтэйчүүдэд гаргаж өгөөрэй. Тэднийг бие биетэйгээ төлөвлөгөөгөө хуваалцахад урамшуулж, мөн хойшдын чуулгын уулзалтуудад номлолын үйлчлэлд бэлтгэж, бусдыг Христэд ирэхэд урихдаа ямар туршлагатай болсноо хуваалцахад урь.

  • Сайн мэдээг хуваалцах тухай ярилцлагаа эхлэхдээ ахлагч Нийл Л.Андэрсэны “Бурханы гэрч” хэлсэн үгэндээ дурдсан эвлүүлдэг зурагны талаарх ижил төстэй байдлыг дурдаж болох юм.  Зургуудыг эвлүүлэх үйл явц сайн мэдээг хуваалцахтай хэр адилхан бэ?   Та нар номлолын ажлыг хийхдээ чуулгаараа хамтран ажиллаж болох арга замуудыг ярилцан, хүн бүрийг эвлүүлдэг зураг дээр хамтран ажиллахад урь.   Ярилцлагын нэг хэсэг болгон та ахлагч Андэрсэны “Өсвөр үеийнхэнд өгөх урилга” гарчигтай хэсгийг онцгойлон дурдаж болох юм.  Ахлагч Андэрсэны зөвлөгөө ба уриалга нь сайн мэдээг хуваалцах төлөвлөгөө гаргахад залуу эрэгтэйчүүдэд хэрхэн тусалж болох вэ?

  • Залуу эрэгтэйчүүдэд чемодан үзүүлж, номлолдоо юу авч явах хэрэгтэй талаар ярилцахад тэднийг урь (цагаан цамц, хослол, гутал гэх мэт). Тэднээс номлолдоо авч явах хэрэгтэй ч чемоданд хийж болохгүй зүйлсийн жагсаалт гаргахыг хүс. Тэднээс Aлма 17:2–3 ба Сургаал ба Гэрээ 4-өөс олсон хариултаа жагсаалтдаа нэмэхийг хүс. Номлолын үйлчлэлд бэлтгэх явцдаа эдгээр зан чанарыг хөгжүүлэхийн тулд залуу эрэгтэйчүүд юу хийж болох талаар асуу.

  • Чуулгын цуглаан эхлэхээс өмнө залуу эрэгтэй бүрийг сайн мэдээ амьдралыг нь адисалсан нэгэн арга замыг төлөөлж буй ямар нэг зүйл, эсвэл зураг авчрахад урь. Ахлагч Дэвид А.Бэднарын “Ирээд, хар” хэлсэн үгэн дэх хөвгүүдийнх нь түүхийг чуулгын цуглааны үеэр хамтдаа унш. Дүү нь яагаад найзуудынхаа гарыг боож өгөхдөө тийм их урам зоригтой байсан бэ? Залуу эрэгтэйчүүдээс авчирсан зүйлүүдээ, эсвэл зургуудаа хуваалцаж, эдгээр зүйлийг төлөөлж буй адислалуудыг дүрслэн хэлэхийг хүс. Эдгээр адислалыг хүлээн аваагүй байгаа, таньдаг хүмүүсийнхээ талаар бодоход нь урамшуулан дэмжиж, тэдэнтэй сайн мэдээг хуваалцах төлөвлөгөө гаргахад тэднийг урь.

  • Залуу эрэгтэйчүүдийг ахлагч М.Рассэлл Баллардын “Их Эзэнд итгэл найдвараа тавь” хэлсэн үгэн дэх урилгыг (Бурханаас сүнслэгээр нөлөөлөгдөн, Түүнээс удирдамж хүсэх нь хамгийн чухал алхам гэж эхэлсэн эхний хоёр догол мөрөнд байгаа) чуулгаараа уншихад урь. Энэ урилгыг хүлээн авахдаа мэдэрсэн туршлагаа хуваалцаж, мөн залуу эрэгтэйчүүдийг туршлагуудаа хуваалцахад урь. Хүрч ирэхэд, мөн Христэд ирэхэд урьж чадах хэн нэгний талаар бодоход тэднийг урь.

  • Самбар дээр “Бүрэн цагийн номлолд үйлчлэхэд хамгийн сайнаараа бэлтгэхийн тулд би юу хийж чадах вэ?” гэж бич. Залуу эрэгтэйчүүдээс үүнд хариулах хариултуудаа санал болгохыг хүс. Тэднийг ахлагч Дэвид А.Бэднар “Номлогч болох нь” хэлсэн үгэндээ уг асуултад хэрхэн хариулсныг олоход урь. Тэднээс энэ хэлсэн үгийг судалж, номлолд гарахаасаа өмнө номлогч болж чадах арга замуудыг эрж олохыг хүс. Энэ хичээлийн тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, эдгээртэй адил туршлагууд нь тэднийг номлолын үйлчлэлд бэлтгэхэд хэрхэн туслах талаар хуваалцахыг чуулгын гишүүдээс хүс.

  • Залуу эрэгтэйчүүдийг чуулгын хичээл эхлэхээс өмнө номлолын ажлын жишээг судруудаас олж, хуваалцахаар бэлдэж ирэхэд урь (энэхүү тоймд санал болгосон судруудаас сонгож болно). Тэднийг түүхүүдээ ярьж байхад нь сайн мэдээг бусадтай хуваалцах талаар юу сурсныг асуу. Түүхүүдэд дурдагдсан хүмүүс сайн мэдээг хуваалцахын тулд юу хийсэн бэ? Тэдний зааж байсан зүйлс бусдад хэрхэн нөлөөлсөн бэ? Залуу эрэгтэйчүүд эдгээр номлогчийн үлгэр жишээг дагахын тулд юу хийхээр өдөөгдсөн бэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд номлолын үйлчлэлд одооноос бэлтгэхийн тулд юу хийж чадах талаар ойлгосон уу? Тэдэнд ямар нэмэлт бодол, сэтгэгдэл байна вэ? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Бэлтгэсэн бүх зүйлээ зааж танилцуулахын тулд сайн ярилцлагыг хурдан дуусгах гэж бүү яар. Хэдийгээр бэлтгэсэн материалаа заах нь чухал ч гэсэн суралцагчид Сүнсний нөлөөллийг мэдэрч, асуултдаа хариулт олж, сайн мэдээний талаарх ойлголтоо нэмэгдүүлэн, зарлигуудыг сахих амлалтаа гүнзгийрүүлэх нь илүү чухал” (Teaching, No Greater Call [1999], 64).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Залуу эрэгтэй бүрийг, хэн нэгнийг Христэд ирэхэд урихын тулд хийх зүйлээ Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номондоо бичихэд (28–29, 52–53, 76–77 хуудсыг үзнэ үү), дараа нь чуулгын хэдэн гишүүнийг бичсэн зүйлсээ хуваалцахад урьж болно.

  • Бүрэн цагийн номлолын үйлчлэлд бэлтгэхийн тулд юу хийхээр төлөвлөж байгаагаа хуваалцаж болно.