Ирээд, Намайг дага
Би хэн бэ? Би хэн болж чадах вэ?


Би хэн бэ? Би хэн болж чадах вэ?

Бид бол Түүний дүр төрхөөр бүтээгдсэн, Түүнтэй адил хаан байх боломжтой, Тэнгэрлэг Эцэгийн хөвгүүд юм. Бид санваарын үүрэг хариуцлагыг биелүүлэхэд шаардах онцгой авьяас бэлэг хүлээн авсан. Хэн гэдгээ таньж мэдэх нь биднийг амьдралын зорилготой болгож, зөв шийдвэрүүд гаргахад тусалдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бурханы хөвгүүн гэдгээ мэдэх нь таны бодол санаа болон үйлдэлд хэрхэн нөлөөлдөг вэ? Танд Бурхан ямар авьяас, бэлэг өгсөн бэ? Та зааж буй залуу эрэгтэйчүүдээ адислахын тулд Түүний өгсөн авьяас, бэлгийг хэрхэн ашиглаж болох вэ?

Та өөрсдийн тэнгэрлэг чадварыг таньж мэдэхэд залуу эрэгтэйчүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Үүнийг ойлгосноор зөв шийдвэр гаргахад нь тэдэнд хэрхэн туслах вэ? Таны заадаг залуу эрэгтэйчүүдэд ямар онцгой авьяас, чадвар байдаг вэ? Эдгээр авьяас, чадвараа бусдыг адислахын тулд ашиглахад нь та тэднийг хэрхэн дэмжиж чадах вэ?

Дараах судар, материалуудыг залбирч судлаарай. Та залуу эрэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Дуулал 82:6; Үйлс 17:28–29; Еврей 12:9; С ба Г 76:24 (Бид Бурханы хүүхдүүд)

Maтай 25:14–30 (Талантын тухай сургаалт үлгэр)

Лук 15:4–6, 11–32; Иохан 3:16; С ба Г 18:10–15 (Бодгалийн үнэ цэн агуу юм)

Moсе 1:4–22 (Мосе Бурханы хүү гэдгээ мэдэж авсан нь)

Доналд Л.Холлстром, “Би Бурханы хүүхэд,” Ensign  эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10–12

Дэйл Г.Рэнланд, “Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43

Дийтр Ф.Угдорф, “Дөрвөн нэр,Ensign эсвэл Liahona, 2013 оны 5-р сар, 58–61

“Би Бурханы хүүхэд,” Сүмийн дуулал, 58-р дуу

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заадаг хүмүүсээ мэддэг байсан ба тэдний хэн болж чадахыг ч мөн мэддэг байсан. Тэрээр өсөж хөгжихөд нь тэдэнд туслах онцгой арга замуудыг мэддэг байсан. Тэднийг зовж, цөхрөнгөө барахад Тэрээр хэзээ ч тэднийг орхилгүй, харин үргэлжлүүлэн хайрлаж, тэдэнд тохинуулсаар байлаа. Та залуу эрэгтэйчүүдэд зааж байхдаа тэдний хэн болох мөн хэн болж чадах талаар тунгаан бодож, тэнгэрлэг чадавхаа ашиглахад нь туслах арга замуудыг олох хэрэгтэй.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс хамгийн чухал юу сурсан бас үүнийгээ хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа хуваалцах хоёр залуу эрэгтэйг урь.

  • Самбар дээр дараах асуултуудыг бич. “Би Тэнгэрлэг Эцэгийн тухай юу мэдэх вэ?” “Энэ нь миний хэн болох мөн хэн болж чадах тухай юу заадаг вэ?” “Энэ мэдлэг маань миний бодол санаа ба үйлдэлд хэрхэн нөлөөлдөг вэ?” Тэдэнд эдгээр асуултыг тунгаан бодох цаг өгч мөн тэднийг самбар дээр өөрсдийн хариултыг бичихийг урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь чуулгын гишүүдэд өөрсдийн тэнгэрлэг мөн чанарыг болон ур чадвараа таньж мэдэхэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонго.

  • Бурхантай адил болоход тэвчээр мөн шаргуу хичээл зүтгэл шаардагддаг гэдгийг залуу эрэгтэйчүүдэд ойлгоход нь туслах энгийн үйл ажиллагааны талаар бод. Энэ үйл ажиллагаа нь амжилттай гүйцэтгэхэд хэд хэдэн удаа оролдож үзэхийг шаарддаг байх хэрэгтэй. Жишээлбэл, залуу эрэгтэйчүүд хогийн сав руу харалгүй, ямар нэгэн зүйл шидэж оруулах гэж ахин дахин хичээж болно. Энэ үйл ажиллагаа нь бидэнд шаргуу хичээл зүтгэлийн талаар ямар сургамж өгч байна вэ? Бид энэхүү үйл явцыг Тэнгэрлэг Эцэгтэй адил болохтой хэрхэн уялдуулж ойлгох вэ? Залуу эрэгтэй бүрийг үйл ажиллагаанаас сурсан зүйлийг нь харуулж буй өгүүлбэрүүдийг ахлагч Дэйл Г.Рэнландын “Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг” хэлсэн үгээс олж мэдээд, хуваалцахад урь.

  • Залуу эрэгтэйчүүдийг Moсе 1:4–7-г уншаад, Мосе өөрийнхөө тухай юу сурсан болохыг олоход урь. 12-р шүлгээс Мосегийн сурсан зүйлийг сорих гэж Сатан юу хийсэн болохыг тэднээр олуул. 13–22-р шүлгийг хамтдаа унш. Энэ түүхээс өөрсдийнхөө талаар, Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийн тухай мөн дайсны талаар юу сурсан талаараа хуваалцахыг тэднээс хүс. Тэдэнд энэхүү мэдлэг тус болох ямар нөхцөл байдлуудтай тэд тулгардаг вэ? Энэ ярилцлагын үеэр “Би бол Бурханы хүү” видео бичлэгийг үзүүлж болно.

  • Залуу эрэгтэйчүүдээс өөрсдийнхөө нэр хоч эсвэл амьдралынх нь туршид тэднийг нэрлэж болох нэрсийн жагсаалт гаргахыг хүс. Эдгээр нэр нь тэдний талаар юу өгүүлж байна вэ? Хамгийн чухал нэг эсвэл хоёр нэрийг сонгохыг тэднээс хүс. Чуулгыг дөрвөн бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрд ерөнхийлөгч Угдорфын “Дөрвөн нэр” хэлсэн үгэн дэх нэг гарчгийг уншихыг даалга. Тэд мөн ахлагч Доналд Л.Холлстромын “Би Бурханы хүүхэд” хэлсэн үгийн аль нэг хэсгийг уншиж болно. Бүлэг бүрээс сурсан зүйлээ мөн энэ нь хэрхэн тэдний амьдралтай холбогдож байгааг чуулгатай хуваалцахыг хүс. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон залуу эрэгтэйчүүд “Би Бурханы хүүхэд” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 58-р хуудас) дууллыг дуулж болно.

  • Чуулгын гишүүдийг “Бидний жинхэнэ мөн чанар” видео бичлэгийг үзэхэд (эсвэл 1 Иохан 3:1–3; С ба Г 84:37–38; 88:107; 132:20 гэсэн судруудыг уншихад) мөн тэдэнд чухал санагдсан зүйлсээ бичиж тэмдэглэхэд урь. Өөрсдийн бичсэн зүйлсийг хуваалцан, яагаад үүнийг бичсэн тухайгаа тайлбарлахыг тэднээс мөн хүс. Тэд эдгээр судар, видео бичлэгээс өөрсдийн хэн болох мөн хэн болж чадах талаар юу сурсан бэ? Энэ мэдлэг нь сонголт хийхэд тэдэнд хэрхэн нөлөөлөх вэ? Энэхүү ярилцлагаараа ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг хуваалцаж болно. “Сайн мэдээний загвар нь биднийг урагш удирдаж, улам агуу амжилтын төлөө бүр дээшээ, бурханлаг байдал руу чиглүүлэхэд оршдог.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд өөрсдийгөө хэн болохыг мөн хэн болж чадахаа ойлгож байна уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Таны заадаг хүмүүсийн амьдралд заадаг материалын тань тоо биш, харин үзүүлэх нөлөө нь илүү чухал байдаг. Дэндүү олон санааг нэг дор заах нь суралцагчдыг залхаадаг эсвэл төөрөгдүүлдэг учраас нэг юм уу хоёр гол зарчим дээр төвлөрөх нь үр дүнтэй байдаг (Teaching, No Greater Call [1999], 99).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Бид бол Бурханы хүүхдүүд гэдэг гэрчлэлээ хуваалцаж мөн энэ гэрчлэл нь түүний үйлдлийг хэрхэн удирдан чиглүүлдэг тухай тайлбарлаж болно.

  • Залуу эрэгтэйчүүдийг авьяас бэлгээ ашиглан, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адислах нэг арга замын тухай бодоход урь.

Хэвлэх