Есүс Христ яагаад миний амьдралд чухал байр суурь эзэлдэг вэ?
Есүс Христ бидний Аврагч байхаар сонгогдсон. Түүний Цагаатгалын ачаар бид амилуулагдаж, наманчилж, нүглээсээ уучлагдан Тэнгэрлэг Эцэгийн оршихуй руу буцах боломжтой болдог. Аврагч биднийг нүглээс аврахаас гадна сорилт бэрхшээлтэй үед маань амар амгалан ба хүч чадлыг өгдөг. Тэрээр бидэнд төгс жишээ үзүүлдэг. Түүний сургаал энэ амьдрал болон дараагийн амьдрал дахь аз жаргалын эх булаг юм.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалыг залбирч, уншаарай. Залуу эрэгтэйүүдэд Есүс Христ яагаад чухал болохыг заахад танд юу тусалж чадах вэ?
Maтай 10:1 (Есүс Христ төлөөлөгчдөдөө санваарын хүчийг өгөв)
Иохан 6:38 (Есүс Христ Эцэгийнхээ хүслийг биелүүлэхээр ирсэн юм)
Иохан 8:12; 3 Нифай 11:11 (Есүс Христ дэлхийн гэрэл ба амь мөн)
Иохан 14:6 (Есүс Христ бол зам, үнэн, амь мөн)
2 Нифай 2:3–9; 9:5–12 (Лихай, Иаков нар Есүс Христийн Цагаатгалын тухай гэрчлэв)
3 Нифай 27:14–16 (Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан биднийг нүгэл ба үхлээс аварсан юм)
3 Нифай 27:27 (Есүс Христ бол бидний даган дуурайх жишээ мөн)
Дэвид А.Бэднар, “Хэрэв та нар Намайг мэдсэн бол,” Ensign, 2016 оны 11-р сар, 102–105 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97–101
“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” Ensign 2000 оны 4-р сар, 2–3 (Итгэлдээ үнэнч байх нь, 87–89; Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь, 106-аас үзнэ үү)
Хосе А.Тэхэйра, “Их Эзэнийг эрэлхийлэх нь,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83
Жэффри Р.Холланд, “Эхний агуу зарлиг” Ensign эсвэл Liahona, 2012 оны 11-р сар
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Залуу эрэгтэйчүүдэд өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлсээ санахад нь туслахын тулд самбар дээр нэг эсвэл түүнээс олон асуулт бич.
-
Залуу эрэгтэйчүүдийг Сэдэвчилсэн удирдамжаас “Есүс Христ” гэдэг үгийг олж, энэ гарчиг доор бичсэн зүйлсийг дүгнэхийг хүс. Христийн үүрэг ба зорилгын тухай дүрсэлсэн үгс ба өгүүлбэрийг олохыг тэднээс хүс. Энэхүү жагсаалтаас тэд Есүс Христийн тухай юу сурсан бэ? Бидний төлөө Түүний хийсэн зүйлсийг дүгнэсний дараа тэд Түүний тухай ямар бодолтой байна вэ?
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаанууд нь чуулгын гишүүдэд яагаад Есүс Христ бидний амьдралд чухал байр суурь эзэлдэг болохыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Тойргийн цөөн хэдэн гишүүнээс ангидаа ирж, Есүс Христийг таньж мэдэхэд тусалсан туршлагаа хуваалцахыг урьдчилан хүс. Чуулгыг дөрвөн бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн “Хэрэв та нар Намайг мэдсэн бол” үгэн дэх түүхүүдээс нэгийг уншуулахаар хуваарил. Бүлэг бүрийг эдгээр асуултын хариултыг оногдсон хэсгээсээ хайхад урь. Христийн тухай мэддэг байх, Христийг мэддэг байх хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? Бид Христийг үнэхээр мэддэг болохын тулд юу хийж болох вэ? Чи Аврагчтай харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа найзууддаа юу гэж зөвлөж чадах вэ?
-
Чуулгын гишүүдийг ахлагч Хосе А.Тэхэйрагийн “Их Эзэнийг эрэлхийлэх нь” хэлсэн үгийг уншаад, Есүс Христийг эрэлхийлэх хүмүүст ахлагч Тэхэйрагийн амласан адислалуудыг олж мэдэхэд урь. Тэднийг энэ хэлсэн үгээс олж мэдсэн зүйлээ мөн Аврагчийг өдөр тутмын амьдралынхаа чухал хэсэг болгохын тулд хувь хувьдаа юу хийж байгаагаа хуваалцахад урь. Та нар энэ ярилцлагын нэг хэсэг болгон ахлагч Тэхэйрагийн хэлсэн үгэндээ зөвлөсөн энгийн хэвшлүүдийг хамтдаа судалж болно. Залуу эрэгтэйчүүдийг Христтэй илүү ойр байхын тулд хичээл дээр ярилцсан зөвлөмжүүдээс нэгийг сонгож ашиглах зорилго тавихад урь.
-
Хичээлийн нэг хэсгийг заах чуулгын гишүүнийг урь. Тэр үүнийг Бурханы өмнө хүлээсэн үүргийнхээ төлөвлөгөөн дэх Цагаатгалын тухай судалж мөн заах үүргийнхээ дагуу хийж болох юм (“Сургаалыг ойлго” сэдвийн 18, 42, 66-р хуудсыг үзнэ үү).
-
Хэсэг залуу эрэгтэйгээс 2 Нифай 2:3–9 -оос Есүс Христ тэдний төлөө юу хийсэн болохыг олж уншихыг хүс. Үлдсэн залуу эрэгтэйчүүдээс 2 Нифай 9:6–10-аас хэрэв Есүс зорилгоо биелүүлж чадаагүй бол ямар үр дагавар гарах байсныг олж уншихыг хүс. Дэлхийн юу нь өөр байх байсан бэ? Та Аврагчийг хайрладаг хайраа хуваалцаж мөн залуу эрэгтэйчүүдээс үүний тухай хуваалцахыг урь.
-
Аврагч хүмүүст тусалж байгаа зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн ном 36–60-ыг үзнэ үү). Залуу эрэгтэйчүүдийг Аврагч тэдэнд болон тэдний гэр бүлийнхэнд мөн таньдаг хүмүүст хэрхэн тусалж байсан тухай тунгаан бодож, энэ тухай хуваалцах цөөн хэдэн минут олго. Аврагчийн тухай юу мэдэрдэг тухайгаа хуваалцахад урь. Залуу эрэгтэйчүүдээс “Есүс Христ миний амьдралд хичнээн чухал болохыг би бусдад хэрхэн харуулж чадах вэ?” гэдэг асуултын талаар тунгаан бодохдоо Ахлагч Жэффри Р.Холландын “Эхний агуу зарлиг” хэлсэн үгийн сүүлийн дөрвөн догол мөрийг уншихыг хүс. Тэднийг өөрсдийн бодлыг бичиж тэмдэглэхэд урь. Хэрэв тэд хүсвэл бичсэн зүйлсийнхээ талаар хуваалцаж болно.
-
“Reclaimed” видео бичлэгийг үзүүл. Уг видео бичлэгээс залуу эрэгтэйчүүд Есүс Христ тэдний төлөө юу хийж чадах тухай юу сурах вэ? Тэд өөрсдийгөө уучилж чадахгүй байгаа бас Аврагчийн туслалцааг авах боломжгүй гэж боддог хүмүүст энэхүү видео бичлэгийн захиасыг ашиглан яаж тусалж чадах вэ? Тэд ямар судруудаас хуваалцаж болох вэ? (жишээлбэл Исаиа 1:18; Aлма 36:3, 27; Ифер 12:27; С ба Г 58:42–43-ыг үзнэ үү).
-
Аврагчийн зургийг үзүүлж, дараах асуултуудыг самбар дээр бич: “Есүс гэж хэн бэ?” “Тэр бидний төлөө юу хийсэн бэ?” “Тэр амьд гэдгийг бид яаж мэддэг вэ?” Залуу эрэгтэйчүүдийг эдгээр асуултын хариултыг “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ээс эсвэл дууны номоос хайж олоход урь. Олж мэдсэнээ хуваалцахыг тэднээс хүс. Есүс Христийн тухай гэрчлэл нь тэдний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд юу мэдэрч, ямар сэтгэгдэлтэй байна вэ? Есүс Христ тэдний амьдралд яагаад чухал болохыг тэд ойлгодог уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцаж болно.
-
Чуулгын гишүүдийг Аврагчийн тухай гэрчлэл нь тэдний мэддэг хэн нэгний амьдралыг хэрхэн адисалж болох тухай тунгаан бодож, гэрчлэлээ хуваалцахад нь урамшуулан дэмжиж болно.