Ирээд, Намайг дага
Санваар гэж юу вэ?


Санваар гэж юу вэ?

Санваар бол Тэнгэрлэг Эцэгээс өгөгдсөн эрх мэдэл, мөнхийн хүч чадал юм. Бурхан санваараар дамжуулан тэнгэрүүд болон дэлхий ертөнцийг бүтээсэн ба мөн эдгээрийг захирдаг юм. Энэхүү хүчээр дамжуулан Тэрээр Өөрийн хүүхдүүдийг гэтэлгэж, өргөмжилдөг. Тэрээр зохистой санваартнуудад авралын ёслолуудыг үйлдэх эрх мэдлийг өгдөг билээ. Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд эдгээр ёслолыг хүлээн авч чадах ба санваарын хүч чадал хийгээд адислалуудаас хүртэж чадах юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Санваар амьдралыг тань хэрхэн адисалсан бэ? Та санваарынхаа талаар залуу эрэгтэйчүүдтэй хуваалцаж болох ямар туршлага хуримтлуулсан бэ?

Залуу эрэгтэй бүр санваарын тухай юу мэддэгийг нь олж мэдэхийн тулд та чуулгын цуглааны өмнө юу хийж болох вэ? Тэд санваарыг ашиглах талаар ямар туршлагатай вэ? Энэ нь таныг заах зүйлээ сонгоход хэрхэн нөлөөлж болох вэ?

Хичээлд бэлтгэхдээ дараах судар ба материалуудыг залбирч судал. Та чуулгынхантай юуг хуваалцах хэрэгтэй гэж сүнслэгээр нөлөөлөгдөж байна вэ?

Maтай 3:1–6; 28:19; Иохан 15:16 (Санваартнууд сайн мэдээг номлодог)

Үйлс 3:1–8; Иаков 5:14–15 (Санваартнууд өвчтэй болон зовж зүдэрсэн хүмүүст эдгээх адислал өгдөг)

Еврей 5:4 (Санваартнууд Бурханаар дуудагддаг)

3 Нифай 11:12; 18:1–5; С ба Г 107:20 (Санваартнууд ёслолуудыг гүйцэтгэдэг)

С ба Г 20:38–67 (Санваарын үүргүүд)

С ба Г 65:2; 124:123 (Санваартнууд Сүмийг удирдахад тусалдаг)

C ба Г 121:34–46 (Санваарын хүч ба эрх мэдэл нь зөвхөн зөв шударга ёсны зарчмаар хэрэгждэг)

Хэнри Б.Айринг, “‘Надтай хамт алхагтун’,” Ensign, 2017 оны 5-р сар, 82–85 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–72

Томас С.Монсон, “Санваар бол ариун нандин бэлэг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74–76

M.Рассэлл Баллард, “Энэ нь Миний ажил болон алдар суу бөлгөө,Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар, 18–21

Санваар,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 166–71

Видео бичлэгүүд: “Санваарын адислал нь бүх хүнд боломжтой

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа итгэл хүлээлгэн, тэднийг бэлтгэж, бусдад заах, бусдыг адислах болон үйлчлэх чухал үүрэг хариуцлагуудыг тэдэнд даалгадаг байлаа. Бусдад үйлчлэх байдал нь залуу эрэгтэйчүүдийн амьдралын нэг хэсэг болж, санваарын сургаалд хөрвөгдөхөд нь тэдэнд та хэрхэн тусалж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлээр сурч мэдсэн зүйлээ хуваалцах бэлтгэлтэйгээр чуулгын цуглаанд ирэхийг нэг залуу эрэгтэйгээс хүс. Өөрийн бодол санаа, гэрчлэлийг хуваалцахад түүнийг урамшуулан дэмж.

  • Өөр шашинтай нэг найз нь “Санваар гэж юу вэ?” гэж асууж байгаагаар жүжигчлэн тоглох ярилцлага өрнүүлэхэд залуу эрэгтэйчүүдийг урь. Тэд санваарыг юу гэж тайлбарлах вэ? Тэд ямар туршлагуудыг хуваалцаж чадах вэ? Энэ бүлгийн эхэнд байгаа догол мөрийг тэдэнтэй хуваалцаж эсвэл “Санваарын адислал нь бүх хүнд боломжтой” видео бичлэгийг үзэж, санваарын талаар өөр ямар үнэнийг нэмж сурсныг тэднээс асуу.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь санваар гэж юу болохыг ойлгоход чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Надтай хамт алхагтун” хэлсэн үгэндээ дурдсан хэдэн судрыг “ариун санваарт үзүүлэх бидний хүндлэл бишрэлийг нэмэгдүүлж” чадна хэмээн хуваалцсан (Ensign, 2017 оны 5-р сар, 82–83) эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69-72). Залуу эрэгтэй бүрийг эдгээр судрын аль нэгийг судлаад, санваарын талаар сурсан зүйлсээ ангийнхандаа хэлэхийг хүс. “Санваарын хүч чадлын ийм биширмээр дүрслэлийг сонсоод” гэж эхэлж байгаа догол мөрөн дээрх ерөнхийлөгч Айрингийн тавьсан асуултуудыг тунгаан бодох хэдэн минутыг залуу эрэгтэйчүүдэд өг. Эдгээр асуулт тэдэнд хэрхэн сүнслэгээр нөлөөлөх вэ? 

  • Чуулгыг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн “Санваар бол ариун нандин бэлэг” үгэн дэх түүхүүдээс нэгийг уншуулахаар хуваарил. Бүлэг бүрээс уншсан түүхээ дүгнэн, чуулгынханд ярьж өгөхийг мөн ерөнхийлөгч Монсон энэ туршлагаасаа санваарын талаар юу сурсан талаар хуваалцахыг хүс. Санваарын талаарх залуу эрэгтэйчүүдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн ямар туршлагууд тэдэнд байдаг вэ?

  • Энэ хичээлийн нэг хэсгийг заахад чуулгын нэг гишүүнийг урь. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь төлөвлөгөөнийхөө дагуу санваар ба санваарын түлхүүрүүдийн тухай тэрээр энэ хичээлийг хэсэг болгон зааж болно (“Сургаалыг ойлго,” 18, 42, 66-р хуудсыг үзнэ үү).

  • Чуулгыг жижиг бүлгүүд болгон хуваарил. Бүлэг бүрд хичээлийн тоймд санал болгосон судруудаас нэгээс илүүг өгч, тэдгээр судраас санваарын үүрэг хариуцлагыг олохыг тэднээс хүс. Санваарын үүрэг хариуцлагаа гүйцэтгэж буй хүмүүсийн зургийг Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас олж, уг үйлчлэлээр дамжуулан бусад хүн хэрхэн адислагдаж байгааг тайлбарлахыг тэднээс хүс. Санваарын үүргээ гүйцэтгэсэн туршлагаасаа хуваалцаж, тэдний үйлчлэл бусдад хэрхэн нөлөөлөхийг тайлбарлахад залуу эрэгтэйчүүдийг урь.

  • Самбар дээр “Санваарын ачаар та нарын амьдралд ямар адислалууд ирсэн бэ?” гэж бичээрэй. Залуу эрэгтэйчүүдийг энэ асуултыг тунгаан бодож, хариултаа хуваалцахад урь. Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдийн нэгийг үзүүлж эсвэл ахлагч Рассэлл М.Баллардын “Энэ нь Миний ажил болон алдар суу бөлгөө” хэлсэн үгийн эхний 9 догол мөрийг хамтдаа унш. “Санваар гэж юу вэ?” болон “Санваар биднийг хэрхэн адисалдаг вэ?” гэх мэт асуултын хариултыг олоход залуу эрэгтэйчүүдийг урь. Санваар гэр бүлийг нь хэрхэн адисалсан түүхийг өдрийн тэмдэглэлдээ эсвэл Миний гэр бүл дэвтэртээ бичиж тэмдэглэхийг залуу эрэгтэйчүүдэд урамшуул. Тэд эцэг эх болон гэр бүлийнхээ гишүүдээс тусламж хүсэж болно.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд санваарыг илүү сайн ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?

Заах санаа

“Зөвхөн хичээл дуусах үед биш, Сүнсний өдөөлт ирсэн хэдийд ч гэрчлэлээ хуваалц. Заадаг хүмүүстээ гэрчлэлээ хуваалцах боломж олго” (Teaching, No Greater Call [1999], 45).

Үйлдэхэд урь

Цуглааныг хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаана. Тэрээр:

  • Санваарын тухай мөн энэ нь амьдралд нь ямар нөлөө үзүүлж байгаа тухай санал бодлоо хуваалцана.

  • Өнөөдрийн хичээлээс сурч мэдсэн зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа хуваалцах даалгаврыг чуулгын гишүүдэд өгнө.