Ирээд, Намайг дага
Сэргээлт яагаад шаардлагатай байсан бэ?


Сэргээлт яагаад шаардлагатай байсан бэ?

Есүс Христ дэлхий дээрх мөнх бус амьдралын тохинууллынхаа үеэр Өөрийн Сүмийг санваарын эрх мэдэлтэйгээр байгуулжээ. Энэ нь үнэн сургаалыг зааж, судар ба цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан бошиглогч, төлөөлөгчдөөр удирдагдаж байсан. Төлөөлөгчдийг насан эцэслэхэд, санваарын эрх мэдэл дэлхийгээс авагдаж, илчлэлт өгөгдөхөө больж мөн чухал сургаалууд алдагдаж, өөрчлөгдсөн. Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан, Есүс Христийн байгуулсан тэр Сүм сэргээгдсэн юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Урвалтын ямар үр дагаврыг та өнөөдөр хардаг вэ? Сайн мэдээний сэргээлт таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Залуу эмэгтэйчүүд Урвалт, Сэргээлтийн талаар юу мэдэх шаардлагатай вэ? Урвалт ба Сэргээлтийг ойлгох нь тэдэнд хэрхэн туслах вэ?

Та хичээлдээ бэлтгэж байхдаа эдгээр судар ба материалыг залбирч судлаарай.

Aмос 8:11–12; 2 Тесалоник 2:3; 1 Нифай 13:24–29; Иосеф Смитийн Түүх 1:5–6 (Урвалтын уршгаар Сүм алдагдсан байсан)

Исаиа 29:13–14; Үйлс 3:20–21 (Урвалт ба Сэргээлтийн талаар эрт үед урьдчилан хэлсэн байсан)

С ба Г 1:17–23, 30 (Иосеф Смитээр дамжуулан Есүс Христ Өөрийн Сүмийг сэргээсэн)

Урвалт,” “Сайн мэдээний сэргээлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 200–201, 160–164

Д.Тодд Кристоффэрсон, “Сүм яагаад хэрэгтэй вэ?,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–105

Робэрт Д.Хэйлс, “Сэргээлт ба Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь: “Миний мутар чам дээр байх болно,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 88–92

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа тунгаан бодож, гүнзгий мэдрэх асуултуудыг тавьдаг байсан. Түүнийг өөрсдөд нь хайртай гэдгийг шавь нар нь мэддэг учраас бодол санаагаа айж эмээлгүй хуваалцдаг байсан. Та залуу эмэгтэйчүүдийг анхааралтай сонссоноор Аврагчийн хайрыг мэдрэхэд тэдэнд тусалж чадна.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай:

  • “Сайн мэдээний үнэн зарчмуудаас нүүр буруулах” ба “ямар нэг зүйлийг хуучин хэвэнд нь буцаан оруулах” гэсэн тодорхойлолтуудыг самбар дээр бич. Дараах үгсийг эсвэл судрын эшлэлүүдийг бичсэн дөрвөн цаас бэлтгэ: Урвалт, Сэргээлт, Исаиа 29:13 ба Исаиа 29:14. Залуу эмэгтэй бүрд нэг цаас өгөөд, самбар дээрх тодорхойлолттой тохируулахыг хүс.

  • Яагаад сэргээлт шаардлагатай байсан бэ? гэдэг асуултад хариулж бичихийг залуу эмэгтэй бүрээс хүс. Тэдний хариултыг цуглуулан, ангиараа ярилц.

Хамтдаа суралц

Яагаад сайн мэдээний Сэргээлт чухал болохыг ойлгоход дараах бүх үйл ажиллагаа тусална. Сүнсний өдөөлтийг даган ангидаа хамгийн сайн тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Сүм яагаад хэрэгтэй вэ?” хэлсэн үгийг судалж, хожмын өдрүүд дэх Сүмийн сэргээлт ба үүргүүдийн талаарх ойлголтуудыг хайж олоход урь. Та бас хэдэн залуу эмэгтэйг сэргээгдсэн Сүмд яагаад талархалтай байдаг тухай хуваалцахаар бэлдэж ирэхэд урьдчилан урьж болно.  Та бишопын зөвшөөрөлтэйгөөр, ангидаа саяхан баптисм хүртсэн гишүүнийг Сүмийн тухай болон сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэлээ хуваалцахад урьж болно.

  • Урвалт ба Сэргээлт гэж самбар дээр бич. Эдгээр үг нь юу гэсэн утгатай вэ гэж залуу эмэгтэйчүүдээс асуу (Итгэлдээ үнэнч байх нь,200–201, 160–164-ийг үзнэ үү). Энэхүү сурах тойм дээр бичсэн судрууд эсвэл өөрийн олсон судруудыг самбар дээр бич. Залуу эмэгтэйчүүдийг судруудыг бүгдийг нь уншаад, эдгээр нь Урвалт,Сэргээлт хоёрын аль сэдэвт багтаж байгааг олоход урь. Хэрэв сайн мэдээ хэзээ ч сэргээгдээгүй байсан бол тэдний амьдрал ямар байх байсан бол гэж залуу эмэгтэйчүүдээс асуу.

  • Ангийн гишүүдийг хоёр бүлэгт хуваан, эхний бүлгээс Урвалт, нөгөө бүлгээс нь Сэргээлтийн тухай заахыг хүс. Тэдэнд Итгэлдээ үнэнч байх нь ном ба сурах тоймд санал болгосон судруудаас ашиглах цаг гаргаж өг. Та энэ даалгаврыг хичээл заахаасаа хэд хоногийн өмнө өгч болох юм.

  • Сэргээлтийн үйл явдлуудыг харуулсан зургуудыг үзүүл (жишээ нь: Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 90–95). Залуу эмэгтэйчүүдээс “ Итгэлдээ үнэнч байх нь” номын Сайн мэдээний сэргээлт: Сэргээлтийн үйл явдлууд (162–164-р хуудсыг) уншин, үйл явдлуудыг зурагтай нь тааруулахыг хүс. Хүн бүрээс нэг үйл явдал ба сэргээсэн зүйлийн талаар хуваалцахыг хүс. Эдгээр зүйлийг сэргээсний үр дүнд бид хэрхэн адислагдсан бэ?

  • Ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Сэргээлт болон Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь: “Миний мутар чам дээр байх болно” хэлсэн үгэнд дурдсан хүмүүсийн нэрийг (Виллям Тандэл, Иоханэс Гутэнбэрг эсвэл Мартин Лютэр гэх мэт. Нэг нэрийг нэг суралцагчид өгнө) залуу эмэгтэйчүүдэд өг. Уг хүн дэлхийг Сэргээлтэд бэлдэхийн тулд юу хийсэн талаар ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн үгээс олохын тулд үүнийг унших эсвэл үзэхийг тэднээс хүс. Олж мэдсэн зүйлсийнхээ талаар хуваалцахад тэднийг урь. Энэ хүмүүсийн гаргасан золиослол залуу эмэгтэйчүүдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Иосеф Смитийн Түүх 1:5–6-г хамтдаа унш. Өнөө үед хүмүүсийн итгэдэг худал эсвэл бүрэн бус сургаалыг нэрлэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс (жишээ нь: Бурханд бие махбод байхгүй, нялх хүүхдүүдэд баптисм хүртээх хэрэгтэй, өнөөдөр бидэнд бошиглогч хэрэггүй гэх мэт). Үнэний сэргээлт нь тэдэнд эргэлзэж тээнэгэлзэхгүй байхад хэрхэн тусалдаг тухай хуваалцахыг тэднээс хүс.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд сайн мэдээний сэргээлт чухал гэдгийг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Сайн мэдээ сэргээгдсэний ачаар хүлээн авсан адислалуудаа жагсаан бичээд, үүнийгээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болно.

  • Тэд гэр бүлийнхэндээ сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад нь одоо болон ирээдүйд хэрхэн тусалж болох талаар тэмдэглэлийн дэвтэртээ бичиж болно.

Дараагийн долоо хоногт залуу эмэгтэйчүүд юу сурах талаар тэдэнтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Зураг

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Хэвлэх