Ирээд, Намайг дага
Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ?


Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ?

Цагаатгал бол гэм нүгэл, сорилт бэрхшээл, үхэл хагацлыг даван туулахад бидэнд туслахын тулд Есүс Христийн хийсэн золиослол юм. Есүсийн цагаатгагч золиослол Гетсеманий цэцэрлэг болон Калварийн загалмай дээр тохиосон. Тэрбээр бидний нүглийн төлөөсийг төлж, Өөр дээрээ үхлийг авсан ч гэсэн амилсан. Цагаатгал бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрын дээд илрэл билээ.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Цагаатгал бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал үйл явдал мөн. Есүс Христийн цагаатгагч золиослол гэж юу вэ? Цагаатгал таны хувьд ямар утга учиртай вэ?

Гетсеманийн цэцэрлэгт болон загалмай дээр болсон үйл явдлын тухай залуу эмэгтэйчүүд юу мэдэж байна вэ? Есүс Христийн Цагаатгалын тухай гэрчлэлийг нь гүнзгийрүүлсэн юуг тэд судруудаас нээн илрүүлж болох вэ? Тэд юуг бие биедээ зааж болох вэ?

Ямар судрууд болон хэлсэн үгс Цагаатгалын ач холбогдлыг мэдэрч, тэдний төлөө Аврагчийн хийсэн золиослолыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?

Maтай 26–27 ( Есүс Христ Гетсеманид загалмай дээр бидний нүглийн төлөөсийг төлж, бидний өвчин эмгэгийг Өөр дээрээ авсан)

Maтай 28:1–10 (Есүс Христ амилснаар үхлийг ялсан юм)

2 Нифай 9:6–16 (Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан нүгэл, үхэл хоёрыг ялсан)

Aлма 7:11–13 (Есүс Христ бидний өвчин эмгэг, төгс бус байдал, нүгэл хилэнцийг Өөр дээрээ авсан)

Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,”Ensign, 2017 оны 5-р сар, 39-42 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25-28.

Кэрол М.Стэфэнс, “Эдгээгч Эзэн,” 2016 оны 11-р сар, Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129–133

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign, 2000 оны 4-р сар, 2–3 (мөн Итгэлдээ үнэнч байх нь, 87–89; Хувийн хөгжил дэвшил, 102-ыг үзнэ үү.)

Линда K.Бөртон, Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэл бидний зүрхэнд бичигдсэн үү?”Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар

Есүс Христийн Цагаатгал,Итгэлдээ үнэнч байх нь (2004), 91–97

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн үүрэг зорилгыг заахын тулд судруудыг ашигладаг байв. Тэр судруудын тухай дор бүрнээ тунгаан бодохыг хүмүүст заадаг байлаа. Есүс Христийн Цагаатгалыг ойлгоход судруудыг ашиглахад нь залуу эмэгтэйчүүдэд туслахын тулд та юу хийж болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хэлэхэд урь. Энэ нь хувийн хөрвөлтөд тус дөхөм үзүүлэх бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамаатай болохыг олж харахад тусална.

Сургаалыг заа

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • Өөр шашинтай нэг найз чинь сүм дээр ирж, хэн нэг нь Есүс Христийн Цагаатгалын тухай дурдахыг сонссон гэж төсөөлөн бодоход залуу эмэгтэйчүүдийг урь. “Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ?” гэж найз нь асуувал тэд юу гэж хариулах вэ?

  • Цагаатгалын үйл явдлуудын нэгийг дүрсэлсэн зургийг үзүүлж (Аврагч Гетсеманий цэцэрлэгт зовсон, Түүнийг цовдолсон болон Тэр амилсан нь гэхчилэн), уг үйл явдлын тухай юу мэддэгээ хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэдэнд ямар асуулт байна вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь Есүс Христийн Цагаатгалын тухай мэдэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эмэгтэйчүүдийг Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь үгийг уншаад Аврагчийн хэлсэн эсвэл хийсэн зүйлсийг багтаасан судруудыг олоход урь. Бид эдгээр судраас Аврагчийн тухай юуг мэдэж авч чадах вэ? Ерөнхийлөгч Нэлсон Аврагчийн хүчийг амьдралдаа татан авахад маань туслах ямар зөвлөгөөг бидэнд өгсөн бэ? Ерөнхийлөгч Нэлсоны Сүмийн залуу насанд хүрэгчдэд уриалгыг хүлээн авах арга замуудын талаар бодоход залуу эмэгтэйчүүдийг урь. Залуу эмэгтэйчүүдийг хийхээр сонгосон зүйлсдээ үүрэг амлалт авахад урь. Тэдэнд Аврагчийн тухай судалж мэдсэн туршлагаасаа хуваалцах цаг гаргахаар төлөвлө. 

  • Maтай 26–28 дахь судрын эшлэлүүдээс Аврагчийн амьдралын сүүлчийн хэдэн цагт болсон нэг үйл явдлыг үзэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэйчүүд эдгээр үйл явдлаас Аврагч болон Түүний Цагаатгалын тухай юу мэдсэн бэ? Аврагч тэдний төлөө юу хийсэн талаар ямар бодол дүгнэлттэй байгаагаа хуваалцахад ангийн цөөн гишүүнийг урь.

  • “Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэл бидний зүрхэнд бичигдсэн үү?” сэдэвт Линда К.Бөртоны хэлсэн үгээс Цагаатгалын зарчмуудын нэгийг уншихад залуу эмэгтэй бүрийг урь. Мөн энэ зарчмын тухай ангийнхнаас хэн нь уншсаныг олохыг тэднээс хүсээд, олж мэдсэн зүйлийнхээ тухай ярилцан, өөрийнхөө амьдралын эсвэл таньдаг хүмүүсийнхээ амьдралын жишээнүүдийг хуваалцахад тэднийг урь. Ярилцсан зүйлээ ангийн үлдсэн хэсэгтэй хуваалцахыг хос бүрийн нэг гишүүнээс хүс.

  • Загалмай дээр хэлсэн Түүний сүүлчийн үгсээс Аврагч болон Түүний Цагаатгалын тухай юу сурсныг нь залуу эмэгтэйчүүдээс асуу (Лук 23:34, 39–43, 46; Иохан 19:26–30-ийг үзнэ үү).

  • Залуу эмэгтэйчүүдийг 2 Нифай 9:6–26-г уншихыг эсвэл энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэг эсвэл нэлээд хэдэн видео бичлэгийг үзэхэд урин, Есүс Христийн Цагаатгалын хэрэгцээний талаар юу сурч мэдсэнийг нь сонс. Сонгосон шүлгүүдийнхээ тухай болон тэдгээр нь юу зааж байгааг хуваалцах цагийг хэдэн залуу эмэгтэйд гаргаж өг. Бурханд итгэдэггүй хэн нэгэнд захидал бичиж, Цагаатгал яагаад чухал болох тухай, бидэнд яагаад Аврагч хэрэгтэйг тайлбарлахдаа эдгээр шүлгийг ашиглахад тэднийг дэмж. Бичсэн захидлаа хоорондоо хуваалцахыг тэднээс хүс. 

  • Залуу эмэгтэйчүүдээс өнөө үед хүмүүст тулгарч байгаа зарим сорилт, бэрхшээл, өвчин зовлонг самбар дээр жагсаан бичихийг хүс. Тэднийг Aлма 7:11–13-ыг мөн Кэрол М.Стэфэнсийн “Эдгээгч Эзэн” үгээс сонгосон хэсгүүдийг уншихад урь. Залуу эмэгтэйчүүд эдгээр эх сурвалжаас Цагаатгалын тухай юу сурч мэдсэн бэ? Бид сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ Цагаатгалын хүчээс хэрхэн тусламж авах боломжтой вэ? (Moзая 24:12–14-ийг үзнэ үү). Залуу эмэгтэйчүүдээс самбар дээр жагсаасан сорилт бэрхшээлүүдийг даван туулахад туслах Цагаатгалын тухай сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болох арга замуудын талаар бодож үзэхийг хүс.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Цагаатгалыг илүү сайн ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Цагаатгалын тухай юу мэддэгээ бас энэ нь тэдэнд ямар мэдрэмж төрүүлдэг тухай хувийн тэмдэглэлдээ бичих хэрэгтэй. Тэд Цагаатгал амьдралыг нь хэрхэн адисалсныг долоо хоногийн турш бодож, өөрсдийн бодлыг хувийн тэмдэглэлдээ бичиж болно.

  • Тэд сурч мэдсэн зүйлээ гэр бүлийн аль нэг гишүүн эсвэл найзтайгаа хуваалцах хэрэгтэй.

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалц. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээ нь, тэд дараагийн долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншин, видео бичлэг үзэж, судар судалж болно.