Тэнгэрлэг Эцэг намайг сүнслэг бэлгүүдээ хэрхэн ашиглаасай гэж хүсдэг вэ?
Сүнслэг бэлгүүд нь Ариун Сүнсний хүчээр өгөгдсөн адислалууд буюу чадварууд юм. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд бидэнд бүгдэд нь сүнслэг бэлгүүд бий. Бид бусдад үйлчилж мөн Түүний хаант улсыг байгуулахад тусалж болохын тулд Бурхан тэдгээр бэлгийг бидэнд өгдөг. Тэрээр бидэнд сүнслэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийлж, хөгжүүлэхийг зарлигласан.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Залуу эмэгтэйчүүдэд сүнслэг бэлгийн талаар ойлгож, Тэнгэрлэг Эцэг тэдгээрийг ашиглахыг хүсдэг гэдгийг мэдэхэд нь ямар судар болон материалууд туслах вэ?
1 Коринт 12:3–27; Moронай 10:8–18; С ба Г 46:13–25 (Сүнслэг бэлгийн жишээнүүд)
С ба Г 46:8–10 (Сүнслэг бэлгүүд бидэнд яагаад өгөгдсөн талаар)
С ба Г 46:11–12 (Сүнслэг бэлгүүд нь хүн бүрд өгөгдсөн)
Итгэлийн Тунхаг 1:7 (Бид сүнслэг бэлгүүдэд итгэдэг)
Хэнри Б. Айринг, “Өндөр зорилго тавихад нь хүүхдүүддээ тусал” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 60–67
Дэвид А. Бэднар, “Ажиглахдаа түргэн бай,” Ensign, 2006 оны 12-р сар, 31–36; эсвэл Лиахона, 2006 оны 12-р сар, 14–20
“Сүнслэг бэлгүүд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 186–188
“Сүнсний бэлгүүд,” Сайн мэдээний зарчмууд (2009), 137–144
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрийн санааг бодож олоорой:
-
Дараах асуултуудыг самбар дээр бич: Сүнслэг бэлгүүд гэж юу вэ? Би өөрийнхөө сүнслэг бэлгүүдийг хэрхэн таньж мэдэх вэ? Тэнгэрлэг Эцэг намайг сүнслэг бэлгүүдээ хэрхэн ашиглаасай хэмээн хүсдэг вэ? Эдгээр асуултад хариулахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Хичээлийн туршид тэдэнд ирж болох нэмэлт ойлголтуудыг эрж хайхад тэднийг урь.
-
“Сургаал ба Гэрээ 46:8”-ыг цаасан дээр бичиж, хайрцагт хийн, гадуур нь бэлгийн боолтоор боож, ангид авчир. Хайрцган дотор юу байж болох талаар төсөөлөхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Тэдний нэгээс нь хайрцгийг нээж, дотор нь байгаа судрыг уншихыг хүс. “Хамгийн шилдэг бэлгүүд” нь юу вэ? Энэ хичээлийн туршид энэхүү асуултын талаар тунгаан бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь Сүнсний бэлгүүдийн тухай сурахад нь залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу:
-
Дараах гурван асуултыг самбар дээр бич: Бидэнд яагаад сүнслэг бэлгүүд өгөгддөг вэ? Сүнслэг бэлгүүд хэнд өгөгддөг вэ? (С ба Г 46:9-ийг үзнэ үү.) Сүнслэг бэлгийн ямар жишээнүүд байна вэ? Залуу эмэгтэй бүрд дээрх асуултуудад хариулахад нь туслах энэ зааварт байгаа судруудаас нэг, нэгийг хуваарилж өг. Судраа судалж, олсон хариултаа хуваалцахад тэднийг урь. Залуу эмэгтэйчүүдэд эдгээр бэлгээс аль нь байдаг вэ? Тэд алийг нь авахыг хүсдэг вэ? (Патриархын адислалаа авсан залуу эмэгтэйчүүд байвал дараа нь адислалаа уншиж, тэдэнд ямар сүнслэг бэлэг өгөгдсөн болохыг олж мэдэхийг санал болго.) Тэдний одоогийн болон ирээдүйн үүрэг хариуцлагуудад сүнслэг бэлгүүд хэрхэн тусалж чадах талаарх бодлоо хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс.
-
Залуу эмэгтэйчүүдээс 1 Коринт 12:8–10; Моронай 10:9–16; эсвэл Сургаал ба Гэрээ 46:13–25-д байдаг сүнслэг бэлгүүдийг уншиж, илүү ихийг сурах хүсэлтэй байгаа бэлгээ олохыг хүс. Сайн мэдээний зарчмууд номоос “Сүнсний бэлгүүд” (137–144-р хуудас), Итгэлдээ үнэнч байх нь номоос “Сүнслэг бэлгүүд” (186–188-р хуудас) эсвэл Сэдэвчилсэн удирдамж зэрэг материалуудыг ашиглан, сонгосон бэлгээ судлах хугацаа өг. Тэднээс ойлгосон зүйлсээ хуваалцахыг хүс. Бурханы хаант улсыг байгуулахад эдгээр бэлгийг хэрхэн ашиглаж болох вэ?
-
Залуу эмэгтэйчүүдээс мэддэг Сүнсний бэлгүүдээ жагсаахыг хүс (хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй байвал энэ тоймд өгөгдсөн судруудаас үзэхийг хүс). Ахлагч Дэвид А. Бэднарын “Ажиглахдаа түргэн бай” хэлсэн үгийн эхэнд буй “илт тод бус бэлгүүдийн” жагсаалтыг уншихад урь. Бусдын амьдралыг адислахын төлөө эдгээр бэлгээс ашиглаж байхыг нь харсан хүмүүсийн жишээнээс хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Залуу эмэгтэйчүүдийн бодож буй ямар “илт тод бус бэлгүүд” байж болох вэ? Танай ангид буй залуу эмэгтэй бүрээс анзаарсан сүнслэг бэлгүүдээс жишээ болгон хуваалц.
-
Залуу эмэгтэй бүрийг Итгэлдээ үнэнч байх нь номын 186–188-р хуудсыг дахин уншиж, хөгжүүлэхийг хүсэж буй нэг юм уу түүнээс олон сүнслэг бэлгээс сонгоход урь. Яагаад тэдгээр бэлгийг сонгосноо тайлбарлахыг түүнээс хүс. Бид сүнслэг бэлгүүдийг хэрхэн хөгжүүлдэг вэ? Залуу эмэгтэйчүүдийг Сургаал ба Гэрээ 46:7–12 болон Сайн мэдээний зарчмууд номын 142-р хуудсанд байгаа “Бид өөрсдийн бэлгүүдийг хөгжүүлж чадна” хэсгийг судлахад урь. Тэднийг сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс.
-
Энэ тоймд байгаа видео бичлэгүүдийн нэгийг үзүүлэн, залуу эмэгтэйчүүдийг ангийн гишүүн нэг бүрд байдаг авьяасын талаар бодож, хуваалцахыг хүс (залуу эмэгтэй бүрийн сайн сайхан зан чанарын талаар хуваалцсан байхад анхаар). Залуу эмэгтэйчүүдийг Maтай 25:14–30-ийг уншихыг эсвэл ангийн нэг гишүүнийг талантын тухай сургаалт зүйрлэлийг ярихад урь. Энэхүү сургаалт зүйрлэл нь Бурханы бидэнд өгсөн бэлгүүдтэй ямар хамааралтай вэ? Бид бусдад үйлчилж мөн өөрсдийн үүргээ биелүүлэхдээ авьяас чадвараа хэрхэн ашиглаж чадах вэ? Залуу эмэгтэйчүүдийг өөрсдийн бодол санааг бичихэд уриад, цөөн хэдээс нь бичсэн зүйлсээ ангийнхантай хуваалцахыг хүс.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд сүнслэг бэлгүүдийн талаар илүү сайн ойлгож байна уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Сүнслэг бэлгээ ойлгож, бусдын сайн сайхны төлөө ашиглахын тулд чин сэтгэлээсээ залбирч болно.
-
Хувийн хөгжил дэвшил номоос “Хувь хүний үнэ цэнэ” эрхэмлэх чанарын 7-р туршлагыг хийж болно.