Ирээд, Намайг дага
Гэр бүл яагаад чухал вэ?


Гэр бүл яагаад чухал вэ?

Гэр бүл нь Бурханаас заяагдсан бөгөөд Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Түүний төлөвлөгөөний гол цөм нь юм. Энэхүү тэнгэрлэг төлөвлөгөө нь хувь хүн бүрийг Түүний оршихуйд буцаж очих мөн гэр бүлүүдийг мөнхөд нэгдэх боломжтой болгодог.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Яагаад гэр бүл тань танд чухал байдаг вэ? Яагаад гэр бүлүүд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний гол цөм нь байдаг гэж та бодож байна вэ?

Залуу эмэгтэйчүүд гэр бүлийн ач холбогдлын талаар бошиглогчдын хэлсэн зүйлсийг үгүйсгэж буй ямар захиасуудыг хүлээн авч байдаг вэ? Та гэр бүлийн мөнхийн ач холбогдлыг ойлгоход тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Эдгээр судар, материалыг залбирч судал. Гэр бүлийн ач холбогдлыг ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд ямар судар, материалууд туслах вэ?

Ром 8:16–17; Еврей 12:9 (Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд)

Эхлэл 2:18–24; С ба Г 131:1–4; 138:48 (Гэр бүлийн талаарх сайн мэдээний үнэнүүд)

Moзая 4:14–15; С ба Г 93:40, 43, 48–50; 68:25, 27–29 (Хүүхдүүд сайн мэдээг эцэг эхээсээ суралцдаг)

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129

Кэрол М.Стэфэнс, “Бурханы гэр бүл,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129-131

Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35-40

Л.Toм Пэрри, “Сайн эцэг эх болох нь,Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–34

Гэр бүл,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 10–11

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа тунгаан бодоход тусалж, гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн асуултуудыг тавьдаг байсан ба тэдний итгэлийн илэрхийлэлд баясдаг байсан. Та залуу эмэгтэйчүүдэд гэр бүлийн ач холбогдлын талаар тунгаан бодоход тусалж, гүн гүнзгий мэдрэмж төрүүлэх ямар асуултуудыг тавьж болох вэ? Эдгээр асуулт итгэлийн илэрхийлэлд хэрхэн урам дэм өгөх вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:

  • Залуу эмэгтэйчүүдээс найз нь “Яагаад танай сүмд гэр бүлүүд тийм их чухал байдаг вэ?” гэж асууж байгаагаар төсөөлөхийг хүс. Тэд хэрхэн хариулах байсан бэ?

  • Самбар дээр “ _________ бол Бүтээгчийн төлөвлөгөөн дэх Түүний _______ мөнхийн ________” гэж бич. Залуу эмэгтэйчүүдээс “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”–ийн 1-р догол мөрийг уншаад, өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүс. Энэхүү мэдэгдэл яагаад үнэн болохыг ангиараа ярилц.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь гэр бүлийн ач холбогдлыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Самбар дээр дугуй дүрс зур. Нэг залуу эмэгтэйг дугуй дүрсэн дотор нэг гэр бүлийг зурахад урь. Дугуй дүрснийхээ эргэн тойронд мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус амьдрал мөн мөнх бус байдлын дараах амьдрал гэж бич. Нэг залуу эмэгтэйгээс “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 3-р догол мөрийг уншиж, гэр бүл нь авралын төлөвлөгөөний эдгээр хэсэг бүрд нийцэж буй арга замуудыг олж мэдэхийг хүс. Залуу эмэгтэйчүүдийг гэр бүлийнхнийхээ талаарх мэдрэмжүүдээ мөн энэ амьдралын дараа тэдэнтэй яагаад дахин нэгдэхийг хүсэж байгаагаа хуваалцахад урь.

  • Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан” хэлсэн үгийг эсвэл ахлагч Л.Том Пэрригийн “Сайн эцэг эх болох нь” хэлсэн үгийн хамгийн сүүлийн найман догол мөрийг уншиж, “Гэр бүлүүд яагаад чухал байдаг вэ?” асуултын хариултуудыг олж мэдэхэд урь. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Гэр бүл ямар чухал болохыг ойлгож байгаагаа харуулахын тулд залуу эмэгтэйчүүд юу хийж чадах вэ? Гэр бүл чухал гэдгийг ойлгох ойлголт нь тэдний гэр бүлийнхэндээ хандаж буй арга замд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Залуу эмэгтэй бүрд энэ тойм дахь судрын хэсгүүдээс нэгийг уншихыг даалга. Ангийнхнаас “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг судалж, өөрсдөд нь даалгагдсан судартай холбоотой хэсгийг олж мэдэхийг хүс. Залуу эмэгтэй бүрээс өөрсдөдөө оногдсон судрыг болон тунхгийн үүнтэй холбоотой хэсгийг хуваалцахыг хүс. Гэр бүлийн ач холбогдлыг харуулдаг туршлагуудаасаа хуваалцахад тэднийг урь.

  • Бишопын зөвшөөрлөөр хүчирхэг гэрлэлтийг бий болгосон тойргийнхоо нэг эсвэл хэд хэдэн эгчийг урьж, ангийнхантай гэрлэлт болон гэр бүлийнхээ тухай сэтгэгдлээ хуваалцахад урь. Тэд яг одоо гэр бүлийнх нь нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа хэн нэгэнд хандаж юу хэлэх бол? (“Гэр бүл,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 10–11.) Тэд гэрлэж, хүүхдүүдтэй болох хэрэгтэйг ойлгоогүй байгаа хэн нэгэнд хандаж юу хэлэх бол? Залуу эмэгтэйчүүдийг гэрлэж, гэр бүлтэй болоход бэлдэх талаар ямар нэгэн асуулт байгаа бол асуухад урамшуулан дэмж.

  • Ангийг дөрвөн бүлэгт хуваа. Бүлэг бүрээр Кэрол М.Стэфэнсийн “Бурханы гэр бүл” хэлсэн үгийн хэсгүүдээс нэгийг судлуул (хэсэг бүр нь гэр бүлийн талаар тод хараар бичсэн үнэнээр эхэлж байгаа). Өөрсдийн хэсгээс мэдэж авсан зүйлсээ бусад бүлэгт заахаар бэлтгэхийг бүлэг бүрээс хүс. Тэд эдгээр үнэнийг хэрхэн өөрсдийн гэр оронд болон нийгэмд зааж мөн үлгэр жишээ үзүүлж чадах вэ?

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд яагаад гэр бүл чухал болохыг ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Өөрсдийн бишрэн хүндэтгэдэг зөв шударга нэг гэр бүлийн тухай бодон, тэр гэр бүлээс дуурайж болох тодорхой арга замуудыг бичиж болно.

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.