Ирээд, Намайг дага
Санваар гэж юу вэ?


Санваар гэж юу вэ?

Санваар гэдэг нь Тэнгэрлэг Эцэгийн маань мөнхийн хүч ба эрх мэдэл юм. Бурхан санваараар дамжуулан тэнгэр, газрыг бүтээсэн бөгөөд тэдгээрийгудирддаг билээ. Энэхүү хүчээр дамжуулан Тэрээр Өөрийн хүүхдүүдийг гэтэлгэж, мөн өргөмжилдөг. Тэрээр зохистой санваартнуудад авралын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг өгдөг. Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд эдгээр ёслолыг хүлээн авч, санваарын хүч ба адислалуудаас хүртэх боломжтой.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та санваарын тухай юу мэдэх вэ? Та санваарын тухай юуг мэдэх хэрэгтэй гэж боддог вэ?

Залуу эмэгтэйчүүд өөрсдийн амьдрал дахь санваарын ач холбогдлыг ойлгодог болов уу? Та залуу эмэгтэй бүр санваарын тухай юу мэдэж байгааг мэдэхийн тулд хичээлээс өмнө юу хийж болох вэ? Энэ нь та нарыг юу заахаа шийдэхэд хэрхэн нөлөөлөх вэ?

Та заахаар бэлтгэхдээ эдгээр судар ба материалыг залбирч судлаарай. Залуу эмэгтэйчүүдэд санваар гэдгийг ойлгоход ямар судрууд болон хэлсэн үгс туслах вэ?

Еврей 5:4; С ба Г 107:1–5; Итгэлийн Тунхаг 1:5 (Санваартнууд Бурханаар дуудагдаж, эрх мэдэл бүхий хүнээр томилогддог)

С ба Г 84:17–22 (Бурханлаг байдлын хүч чадал санваарын ёслолуудад илэрхийлэгддэг)

С ба Г 121:34–46 (Санваарын эрх мэдэл зөвхөн зөв шударга ёсны зарчмуудаар үйлчилдэг)

Хэнри Б.Айринг, “Надтай хамт алхагтун,” Ensign, 2017 оны 5-р сар, 82–85 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–72

M.Рассэлл Баллард, “Энэ нь Миний ажил болон алдар суу бөлгөө,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар, 18–21

Нийл Л.Андэрсэн, “Санваар дахь хүч,” Ensign эсвэл Liahona, 2013 оны 11-р сар, 92–95

Санваар,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 166–171

Aaроны санваар,” Итгэлдээ үнэнч байх нь, 3–4

Meлкизедек санваар,”Итгэлдээ үнэнч байх нь, 123–124

Видео бичлэг: “Санваарын адислал бүх хүнд боломжтой”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн үүрэг зорилгыг зааж, энэ тухай гэрчлэхдээ судруудыг ашигладаг байлаа. Тэр асуултууддаа хариулт олж, сүнсний хүч чадал хүлээн авахын төлөө судруудад хандахыг шавь нартаа заадаг байсан. Та залуу эмэгтэйчүүдийг асуултууд болон сорилт бэрхшээлүүдэд хариулт олохын тулд судруудад хандахад ямар арга замуудаар урамшуулан дэмжиж болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад төрсөн сэтгэгдлээ ярих, заах санаа болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтайг олж харахад туслах болно.

Сургаалыг заа

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас сонгох эсвэл өөрийн санааг бодож ол.

  • Санваарын тухай юу мэддэгийг залуу эмэгтэйчүүдээс асуу. Энэ тоймын эхэнд байгаа догол мөрийг тэдэнтэй хуваалцаж эсвэл “Санваарын адислал бүх хүнд боломжтой” видео бичлэгийг үзэж, санваарын талаар өөр ямар үнэнийг нэмж сурсныг тэднээс асуу.

  • Өөр сүмийн нэг найз нь санваар гэж юу болохыг асуусныг ангиараа буюу хосоор жүжигчлэн тоглоход залуу эмэгтэйчүүдийг урь. Залуу эмэгтэйчүүд санваарыг хэрхэн дүрсэлж байна вэ? Санваар гэж юу болохыг ойлгоход нь тэдэнд туслахын тулд энэ хичээлийн эхэн дэх тодорхойлолтыг ашигла.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь санваарыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Надтай хамт алхагтун” гэх хэлсэн үгэндээ бидний “ариун санваарт үзүүлэх хүндлэл бишрэлийг маань нэмэгдүүлнэ” гэсэн хэдэн судрыг хуваалцсан (Ensign, 2017 оны 5-р сар, 82–83 эсвэл 2017 оны 4 дүгээр сарын Ерөнхий чуулган, 69-72). Залуу эмэгтэй бүрээс эдгээр судрын аль нэгийг судлаад, дараа нь санваарын талаар сурсан зүйлээ ангийнхандаа хэлэхийг хүс. Тэдэнд “Санваарын хүч чадлын ийм биширмээр дүрслэлийг сонсоод” гэж эхэлсэн догол мөрөн дэх ерөнхийлөгч Айрингийн тавьсан асуултын талаар тунгаан бодох цаг гаргаж өг. Эдгээр асуулт тэднийг хэрхэн үйлчлэл хийхэд сүнслэгээр өдөөж байна вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрд уг тойм дээр зөвлөсөн нэг эсвэл нэгээс олон судар болон М.Рассэлл Баллардын “Энэ нь Миний ажил болон алдар суу бөлгөө” хэлсэн үгээс санваарын талаар сурч болох зүйлсийг эрэлхийлэхийг даалга. Тэднийг сэтгэлийг нь хөдөлгөсөн зүйлсийг хуваалцахад урь. Залуу эмэгтэйчүүдэд санваартай холбоотой ямар туршлагууд байдаг вэ?

  • Залуу эмэгтэйчүүдээс дэлхийн хүмүүсийн хүч чадал олж авч болох арга замуудыг жагсаахыг хүс (мөнгө, боловсрол, нэр хүнд, сайхан царай зүс гэх мэтчилэн). Хамтдаа Сургаал ба Гэрээ 121:36–46-г уншиж, залуу эмэгтэйчүүдээс санваарын хүчийн тулгуурладаг зарчмуудыг жагсаахыг хүс. Хүч чадал олж авах дэлхийн замыг Их эзэний замтай харьцуул. Эдгээр зарчмын талаар мэдэх нь залуу эмэгтэйчүүдэд санваарыг ойлгоход хэрхэн туслах вэ?

  • Зарим залуу эмэгтэйг Итгэлдээ үнэнч байх нь товхимлын 3–4-р хуудсан дахь Аароны санваарын тухай уншихад, бусад залуу эмэгтэйг 123–124-р хуудсан дахь Мелкизедек санваарын тухай уншихад урь. Залуу эмэгтэй бүрээс сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Залуу эмэгтэйчүүд санваарыг ойлгох нь яагаад чухал гэж тэд бодож байна вэ?

  • Залуу эмэгтэй бүрийг ахлагч Нийл Л.Андэрсэны “Санваар дахь хүч” хэмээх хэлсэн үгийн аль нэг хэсгийг уншихад урь. Дараа нь залуу эмэгтэй бүрээс санваарын талаар юу сурснаа мөн энэ нь тэдэнд ямар утга учиртай болохыг ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

  • Итгэлдээ үнэнч байх нь товхимлын 167-р хуудсан дахь “Санваартны чуулгууд” хэсгийг уншихад залуу эмэгтэйчүүдийг урь. Аароны санваарын чуулгууд болон залуу эмэгтэйчүүдийн ангиуд ямар адил нийтлэг зарчим дээр зохион байгуулагддаг вэ? Ялгаа нь юу вэ? Сүмийн эмэгтэйчүүд санваарын загвараар зохион байгуулагддагийг ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд тусал (Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 138-ыг үзнэ үү).

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Санваар гэж юу болохыг тэд илүү сайн ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурсан зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодож үзэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • санваарын тухай хичээл бэлтгэн гэр бүлийн үдшээр заах юм уу

  • санваарын тухай мэдсэн зүйлээ тэмдэглэлдээ бичиж болно.

Дараагийн долоо хоногт тэд юу судлах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлд бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээ нь, тэд аль нэг хүний хэлсэн үгийг унших юм уу видео бичлэг үзэж, дараагийн долоо хоногийн хичээлтэй холбоотой судар судалж болно.

Хэвлэх