2010–2019
Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн
2018 оны 4-р сар


2:3

Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн

Номхон дөлгөөн байдал нь Гэтэлгэгчийн нэгэн чухал зан чанар бөгөөд энэ нь зөв шударга хариу үйлдэл хийдэг, өөрийн хүслээр захирагддаг, тэсвэр тэвчээртэй байх гэдгээр тодорхойлогддог.

Би ахлагч Гонг, ахлагч Соарэс нарыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад тавтай морилно уу хэмээн чин сэтгэлээсээ урьж байна. Эдгээр итгэлтэй ахын тохинуулал дэлхийн өнцөг буланд байгаа хувь хүн, гэр бүлүүдийг адислах болно. Би тэдэнтэй хамт үйлчлэхийг, тэднээс суралцахыг тэсэн ядан хүлээж байна.

Бидний хүн нэг бүрийн дуурайхыг эрмэлзэх хэрэгтэй Аврагчийн бурханлаг мөн чанарын нэгэн чухал талаас хамтдаа суралцах үед маань Ариун Сүнс бидэнд зааж, сэнхрүүлээсэй хэмээн би залбирч байна.

Захиасынхаа сүүлээр энэхүү зан чанарыг тодорхойлон хэлэхээс өмнө Христийн энэхүү зан чанарыг онцлон харуулсан хэд хэдэн жишээг та бүхэндээ хэлье. Жишээ болгоныг анхааралтай сонсоод, миний тавих асуултуудад өгч болох хариултыг эргэцүүлэн бодоорой.

1-р жишээ. Баян залуу ба Амюлек

Шинэ Гэрээнээс бид, Есүсээс ‘Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ?’ гэж асуусан нэгэн баян залуугийн тухай уншдаг. Аврагч түүнд эхлээд тушаалуудыг сахихыг зөвлөдөг. Багш дараа нь уг залуугийн тодорхой хэрэгцээ, нөхцөл байдалд нь тохирсон шаардлагыг нэмж өгсөн.

“Есүс түүнд Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.

Тэр залуу энэ зааврыг сонсоод, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй нэгэн байжээ.”

Баян залуугийн хариултыг Мормоны Номонд өгүүлсэн Амюлект тохиолдсон явдалтай харьцуулан бодоод үз дээ. Амюлек төрөл садан, найз олонтой, хөдөлмөрч, баян хүн байсан. Тэрээр өөрийгөө олон удаа дуудагдсан ч сонсоогүй, Бурханы зүйлсийг мэдэж байснаа ч мэдээгүй хэмээн дүрслэн өгүүлсэн. Ерөнхийдөө сайн хүн болох Амюлек Шинэ Гэрээний баян залуугийн адилаар дэлхийн зүйлсэд санаа тавин, зовнидог байв.

Амюлек хэдий урьд өмнө нь зүрх сэтгэл нь хатуурсан байсан ч тэнгэр элчийн дуу хоолойг даган, бошиглогч Алмаг гэртээ хүлээн авч, хоолложээ. Тэрээр Алмаг тэднийд зочлох үеэр сүнслэг байдлын хувьд сэрсэн бөгөөд сайн мэдээг номлохоор дуудагдав. Амюлек тэгээд “түүний найзууд асан тэд мөн түүнчлэн өөрийн эцэг мөн садангуудаараа эсэргүүцэгд[эн мөн] Бурханы үгийн төлөө … өөрийн бүх алт, мөн мөнгө, мөн өөрийн үнэт зүйлүүдээ” орхисон.

Та нар баян залуу, Амюлек хоёрын хариу үйлдлийн ялгааг нь юу тайлбарлана гэж бодож байна вэ?

2-р жишээ. Пахоран

Мормоны Номон дээр гардаг аймшигт дайны үеэр нифайчуудын их цэргийн ахмад Моронай, нутгийн захирагч, ерөнхий шүүгч Пахоран нар хоорондоо захидал солилцжээ. Их цэрэг нь засгийн газраас хангалттай дэмжлэг аваагүйгээс болж зовж зүдэрч байсан учраас Моронай Пахоранд хандан, “зэмлэл болгон” захидал бичээд, бодлогогүй, хайхрамжгүй, дүйнгэ бүр тэрслүүд байгаа түүнийг болон бусад удирдагчийг буруутгажээ.

Пахоран Моронайд болон түүний зөв бус буруушаалтад амархан гэгч нь дургүйцэж болох байсан ч тэр тэгээгүй юм. Тэрээр өрөвч сэтгэлээр хариулж, Моронайгийн мэдээгүй байсан засгийн газрыг эсэргүүцсэн бослогын талаар дүрслэн бичдэг. Тэгээд Пахоран

“Болгоогтун, би чамд хэлнэ, Моронай, би та нарын их зүдгүүрүүдэд баясдаггүй, тийм ээ, энэ нь сэтгэлийг минь шаналгаж байна.

Мөн эдүгээ, чи захидалдаа намайг буруутгажээ, гэвч энэ нь хамаагүй; би уурлаагүй, харин сэтгэлийн чинь агуу ихэд баясна” гэж бичжээ.

Та нар Моронайгийн буруутгасан захидалд хариулсан Пахораны тэвчээртэй хариултыг юу тайлбарлана гэж бодож байна вэ?

3-р жишээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ба ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Зургаан сарын өмнөх Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Мормоны Номонд агуулагдсан үнэнийг судлах, тунгаан бодох, хэрэгжүүлэхийг уриалсан ерөнхийлөгч Томас С.Монсоны урилгын дагуу хэрхэн үйлдэл хийсэн тухайгаа дүрслэн ярьсан. Тэрээр “би түүний зөвлөгөөг дагахыг хичээсэн. Бусад олон зүйлийн хамт би Мормоны Ном гэж юу болох, юуг нотолдог, юуг няцаадаг, юуг гүйцэлдүүлдэг, юуг тодруулдаг, юуг илчилдэг талаар жагсаалт гаргасан юм. Мормоны Номыг ийм аргаар харах нь илүү гүн ойлголт болоод сүнслэг өдөөлт өгсөн туршлага байлаа! Ингэж хийхийг та бүхний хүн нэг бүрд би санал болгож байна” гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ерөнхийлөгч Монсоны хүсэлт амьдралд нь ямар чухал болохыг бас онцлон хэлсэн. Тэрээр

“би Мормоны Номыг 50 жилийн турш өдөр бүр уншиж байна. Иймээс би ерөнхийлөгч Монсоны үгс өөр хэн нэгэнд зориулагдсан юм байна гэж бодож болох байсан ч бошиглогчийн урам дэм, амлалт намайг илүү агуу хичээл зүтгэл гаргахад урьж байгааг та нартай адил мэдэрсэн билээ. …

Бошиглогчийн амласан аз жаргалтай үр дүн надад ч мөн та нарт ч ирсэн билээ” гэж хэлжээ.

Та нар Их Эзэний Сүмийн эдгээр хоёр удирдагч ерөнхийлөгч Монсоны урилгын дагуу чин сэтгэлээсээ тэр даруй үйлдэл хийснийг юу тайлбарлана гэж бодож байна вэ?

Амюлек, Пахоран, ерөнхийлөгч Нэлсон, ерөнхийлөгч Айринг нарын сүнслэг хүчтэй хариултыг Христийн зөвхөн ганц зан чанарын үр дүн гэж би хэлэхгүй. Өөр хоорондоо холбоо хамааралтай олон зан чанар, туршлага эдгээр дөрвөн үнэнч үйлчлэгчийн амьдралд сүнслэг төлөвшилтийг авчирсан гэдэг нь тодорхой. Гэхдээ Аврагч болон Түүний бошиглогчид илүү бүрэн дүүрэн ойлгох, амьдралдаа хэрэгжүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй нэгэн чухал зан чанарыг бид бүхэнд онцолж ирсэн.

Номхон дөлгөөн байдал

Их Эзэний Өөрийгөө тодорхойлсон, дараах судар дээрх зан чанарыг анхаарна уу. “Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.”

Сонгож болох байсан олон зан чанар, ариун журмын дундаас Аврагч номхон дөлгөөн гэсэн зан чанарыг онцолж авснаас бид суралцах ёстой.

1829 онд бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтэд үүнтэй төстэй загвар байдаг. Их Эзэн “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” хэмээн тунхаглажээ.

Номхон дөлгөөн байдал нь Гэтэлгэгчийн нэгэн чухал зан чанар бөгөөд энэ нь зөв шударга хариу үйлдэл хийдэг, өөрийн хүслээр захирагддаг, тэсвэр тэвчээртэй байх гэдгээр тодорхойлогддог. Энэ чанар Амюлек, Пахоран, ерөнхийлөгч Нэлсон, ерөнхийлөгч Айринг нарын хариу үйлдлийг илүү бүрэн ойлгоход бидэнд тусалдаг.

Жишээлбэл: Ерөнхийлөгч Нэлсон, ерөнхийлөгч Айринг хоёр ерөнхийлөгч Монсоны Мормоны Номыг уншиж судлах уриалгад маш хурдан, зөв шударга хариу үйлдэл хийсэн. Энэ хоёр хүн хоёулаа Сүмийн чухал бөгөөд олны мэддэг албан тушаалд үйлчилж байсан бөгөөд судруудыг хэдэн арван жилийн туршид судалчихсан байсан хэдий ч ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүйгээр мөн өөрсдийгөө чухал хүмүүс гэж үзэлгүй хариу үйлдэл хийсэн.

Амюлек Бурханы хүсэлд өөрийгөө захируулж, сайн мэдээг номлох дуудлага хүлээн аваад, тав тухтай амьдрал, дассан харилцаа холбоогоо орхин явсан. Мөн Пахоран засгийн газрын эсрэг тэмцсэн босогчдын улмаас үүссэн хүнд хэцүү нөхцөл байдлыг Моронайд тайлбарлахдаа дургүйцэхээсээ илүүтэй үйлдэхийн тулд ойлголт болоод тэсвэр тэвчээрээр адислагдсан.

Номхон дөлгөөн байх Христийн зан чанарыг бидний эдүгээ цагийн дэлхий заримдаа буруугаар ойлгодог. Номхон дөлгөөн байх гэдэг нь сул дорой биш харин хүчтэй, идэвхгүй биш харин идэвхтэй, халирамтгай биш зоригтой, аархсан биш харин тэсвэр тэвчээртэй, онгироо биш даруу, бүдүүлэг биш харин найрсаг зан чанар юм. Номхон дөлгөөн хүн амархан өдөөгддөггүй, сайрхуу юм уу ихэмсэг биш харин бусдын амжилтыг хурдан хүлээн зөвшөөрдөг хүн юм.

Даруу байдлыг ерөнхийдөө Бурханаас хамааралтай бөгөөд Түүний удирдамж дэмжлэг байнга хэрэгтэй гэдгээр тайлбарладаг бол, номхон дөлгөөн байдлын бусдаас ялгарах тал нь Ариун Сүнснээс болон чадвар, туршлага, боловсролын хувьд өөрөөсөө дор мөн чухал бус албан тушаалтай мөн их хувь нэмэр оруулаад байхааргүй мэт санагдах хүмүүсээс бүгдээс нь суралцах сүнслэг байдлын хүлээн авах тодорхой нэгэн чадвар юм. Сири дэх хааны их цэргийн ахмад Нааманыг эргэн санавал, тэрээр бардам зангаа даван, бошиглогч Елишаг дуулгавартай даган, Иордан голд долоон удаа угаал хийх зарц нарынхаа зөвлөгөөг даруухнаар хүлээн авдаг. Номхон дөлгөөн байдал бол байр суурь, албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө чинээ, бусдын магтаалын улмаас ихэнхдээ гарч ирдэг бардамналын сохролоос хамгаалах гол хамгаалалт юм.

Номхон дөлгөөн байдал бол Христийн зан чанар агаад сүнслэг бэлэг юм

Номхон дөлгөөн зан чанар бол хүсэл, ёс суртахууны сонгох эрх чөлөөг зөв шударга ашиглах, гэм нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалахыг эрмэлзэх зэргээр дамжуулан хөгждөг зан чанар юм. Энэ нь мөн бидний зохих ёсоор эрэлхийлэх боломжтой сүнслэг бэлэг юм. Гэсэн хэдий ч энэхүү адислалын зорилго нь Бурханы хүүхдүүдэд ашиг тустай мөн тэдэнд үйлчлэхийн тулд бидэнд өгөгдсөн гэдгийг санах хэрэгтэй.

Бид Аврагч руу ирээд, Түүнийг дагах үедээ Түүнтэй илүү адил болох хавьгүй илүү боломжтой болдог. Бид сахилга баттай, биеэ захирдаг, тогтуун дөлгөөн, тайван аядуу болох сүнсээр хүчирхэгждэг. Иймээс, номхон дөлгөөн байдал бол Эзэний шавь болоход бий болдог чанар болохоос биш, бидний хийгээд байдаг зүйл биш юм.

“Мосе Египетийн бүх эрдэмд боловсорч, ажил үйлс, үг яриагаар хүчтэй эр болжээ.” Тийм хэдий ч тэрээр “дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа.” Түүний мэдлэг, чадвар түүнийг бардамнахад хүргэж болох байсан. Гэтэл түүний адислалаар хүлээн авсан номхон дөлгөөн зан чанар болоод хандлагын сүнслэг бэлэг нь амьдралдаа бардамналыг багасгаж, Бурханы зорилгыг гүйцэлдүүлэхэд зэмсэг болоход нь Мосед тусалсан.

Эзэн номхон дөлгөөн байдлын үлгэр жишээ мөн

Номхон дөлгөөн байдлын хамгийн ер бусын бөгөөд утга учиртай жишээнүүд Аврагчийн Өөрийнх нь амьдралд байдаг.

“Бүх зүйлийн доор бууж ирснээр” “бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэх ”-ийн тулд зовж шаналан, цусаа урсган, амиа өгсөн Агуу Гэтэлгэгч шавь нарынхаа тоостой хөлийг зөөлнөөр угаасан. Ийм номхон дөлгөөн чанар Их Эзэний үйлчлэгч, удирдагчийн шалгуур шинж чанар юм.

Есүс Гетсеманид туйлын их өвчин тарчлалыг тэсэж байхдаа зөв шударга хариу үйлдэл үзүүлэх, өөрийн хүслээр захирагдахын хамгийн тод томруун жишээг үзүүлсэн билээ.

“Тэнд ирээд Тэр [шавь нартаа] хандаж,—Сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гээд

Тэр өвдөг сөгдөөд ингэж залбирав.

“Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг.”

Энэхүү мөнхийн ач холбогдолтой бөгөөд тэсэхүйеэ бэрх туршлагын явцад харуулсан Аврагчийн номхон дөлгөөн зан чанар Бурханы оюун ухааныг өөрсдийнхөөсөө дээгүүрт тавихын ач холбогдлыг бид бүхэнд заадаг.

Их Эзэний байнга өөрийн хүслээр захирагддаг, тэвчдэг зан чанар хоёулаа бид бүгдэд сэтгэл хөдөлгөм урам өгч, cургамж болдог. Ариун сүмийн хамгаалалтын цэргийн баг болох Ромын цэргүүдийг Гетсеманид Есүсийг баривчлахаар ирэхэд Петр илдээ сугалж, тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив. Тэгтэл Аврагч чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв. Тэрээр Өөрийг нь баривчлагдаж, цовдлогдохоос сэргийлж болох байсан тэрхүү тэнгэрлэг хүчээ ашиглан олзлогч нь болох хүндээ хүрч очин, адисалсныг анхаарна уу.

Мөн Пилатын өмнө Эзэн хэрхэн буруушаагдан, цовдлогдохоор шийтгүүлснийг эргэцүүлэн бодоорой. Есүс Өөрөөс нь урвах үед “Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?” хэмээн тунхагласан. Гэсэн ч “амьд үхсэний аль алиных нь Мөнхийн Шүүгч” улс төрийн түр зуурын албан тушаалтны өмнө шүүгдсэнийг бодоход ер бус юм. “[Есүс] түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ.” Аврагчийн номхон дөлгөөн зан чанар нь Түүний сахилга баттай хариу үйлдэл, хатуу тэсвэр тэвчээр, хувийн ашиг сонирхлын төлөө Өөрийн төгс хүчээ ашиглах хүсэлгүй байгаа зэрэгт илэрдэг.

Амлалт ба гэрчлэл

Мормон номхон дөлгөөн зан чанарыг сүнслэг бүхий л чадавх болоод бэлэг үүдэн гарч ирэх үндэс суурь хэмээн тодорхойлсон.

“Иймийн тул, хүмүүн итгэлтэй аваас түүнд найдвар байх нь гарцаагүй; учир нь итгэлгүйгээр ямар ч найдвар байж чадахгүй.

Мөн тэрчлэн, болгоогтун тэр хүлцэнгүй даруу, мөн зүрх сэтгэлдээ номхон байхгүй аваас, түүнд итгэл хийгээд найдвар байх аргагүйг би та нарт хэлнэ.

“Хэрэв тийм аваас, түүний итгэл хийгээд найдвар нь хоосон, учир нь хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байхаас бусдаар, хэн ч Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөхүйц байхгүй; мөн хэрэв хүмүүн хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон мөн Ариун Сүнсний хүчээр Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрдөг аваас, түүнд энэрэл байх нь гарцаагүй; учир нь түүнд энэрэл үгүй бол тэр хэн ч биш билээ; иймийн тул түүнд энэрэл байх нь гарцаагүй.”

Аврагч “Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно” хэмээн тунхагласан. Номхон дөлгөөн зан чанар бол бурханлаг мөн чанарын нэг чухал шинж чанар бөгөөд Аврагчийн Цагаатгалын ачаар мөн Цагаатгалаар дамжуулан хүлээн авагдах, хөгжих боломжтой зан чанар юм.

Есүс Христ бол бидний амилсан хийгээд амьд Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Тэрээр биднийг Түүний Сүнсээр хөтлөгдөн алхах үед маань удирдан, хамгаалж мөн хүчирхэгжүүлэх болно. Би эдгээр үнэнийг болон амлалтуудыг баттай гэрчилж байгаагаа Их Эзэн Есүс Христийн нэрээр тунхаглаж байна, амен.