2010–2019
Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт
2018 оны 4-р сар


2:3

Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт

Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулж, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно.

Ерөнхий чуулганы энэ ням гарагт та бүхэнтэй хамт Христийн амилсны баярыг тэмдэглэх нь ямар гайхалтай боломж вэ! Энэ дэлхий дээр амьдарч байсан хамгийн чухал нэгнийг шүтэн биширч, дэлхийд тохиолдсон хамгийн чухал үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхээс өөр илүү тохиромжтой зүйл гэж юу байх билээ дээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Гетсеманийн цэцэрлэгт хэмжээлшгүй Цагаатгалаа эхлүүлсэн Түүнийг шүтэн биширдэг. Тэрээр бидний хүн нэг бүрийн гэм нүгэл, сул талын төлөө зовж шаналахыг хүссэн бөгөөд энэ нь Түүний “сүв бүрээс цус [шүүрэхэд]” хүргэсэн юм. Тэр Калварийн загалмайд цовдлогдож, гурав дахь өдрөө амилсан бөгөөд бидний Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээс хамгийн анх амилсан нь байв. Би Түүнд хайртай бөгөөд амьд гэдгийг нь гэрчилж байна! Тэр Сүмээ удирдан чиглүүлдэг.

Гэтэлгэгчийн маань хэмжээлшгүй Цагаатгал байгаагүй бол бидний нэг нь ч Тэнгэрлэг Эцэгтээ хэзээ нэгэн өдөр эргэн очих найдвар үгүй байх байсан. Тэр амилаагүй бол үхэл бидний амьдралын төгсгөл байх байсан. Аврагчийн маань Цагаатгал бүх хүнд мөнх амьдралыг боломжтой, үхэшгүй байдлыг бодитой болгосон билээ.

Түүний ер бусын номлолын болон дагагчдадаа өгдөг амар амгалангийн ачаар миний эхнэр Вэнди бид хоёр 2018 оны 1-р сарын 2-ны шөнө ерөнхийлөгч Томас С.Монсонг насан эцэслэснийг мэдэгдсэн утасны дуудлагаар нойрноосоо сэрэхдээ тайтгарал мэдэрч байсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ба ерөнхийлөгч Томас С.Монсон

Бид ерөнхийлөгч Монсонг ямар их үгүйлэн санана вэ! Бид түүний амьдрал, өвийг хүндэтгэдэг. Сүнслэг байдлын хувьд агуу нэгэн тэрээр өөрийг нь мэддэг бүх хүнд болон өөрийнхөө хайрладаг Сүмд мартагдашгүй мөнхийн ул мөрөө үлдээсэн билээ.

2018 оны 1-р сарын 14-ний ням гарагт Солт Лэйк ариун сүмийн дээд танхимд Тэргүүн Зөвлөл Их Эзэний байгуулсан энгийн атлаа ариун нандин загвараар дахин зохион байгуулагдсан. Тэгээд өчигдрийн онцгой ариун хуралдаан дээр Сүмийн дэлхий даяарх гишүүд гараа өргөн, төлөөлөгчдийн гүйцэтгэсэн энэхүү үйл хэргийг баталлаа. Би та бүхний дэмжлэг туслалцаанд даруухнаар талархаж байна.

Миний өмнө энэхүү дуудлагад үйлчилсэн хүмүүст би бас баярлаж явдаг. Би Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад 34 жил үйлчилж, Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн 16 ерөнхийлөгчийн аравтай нь харилцаа холбоотой байх боломжтой байсандаа баярладаг. Би тэдний хүн нэг бүрээс асар ихийг сурч авсан.

Би мөн өвөг дээдэстээ маш их өртэй. Миний бүх элэнц хуланц наймуулаа Европт байхдаа Сүмд хөрвөгдсөн. Эдгээр тууштай шийдэмгий бодгаль тус бүр Сион руу ирэхийн тулд бүхнээ золиосолсон. Дараа дараагийн үе удмын өвөг дээдсийн маань зарим нь үнэнч байгаагүйн улмаас би сайн мэдээнд төвлөрсөн гэр оронд өсөж хүмүүжээгүй юм.

Ерөнхийлөгч Нэлсоний эцэг эх
Залуу ерөнхийлөгч Нэлсоний гэр бүл

Би эцэг эхээ ихэд хайрлан хүндэлдэг байсан. Тэд миний хувьд маш эрхэм нандин байсан бөгөөд надад хамгийн чухал сургамжийг өгсөн. Надад болон ах, эгч, дүү нарт маань гэр орны аз жаргалтай амьдралыг бүтээж өгсөнд тэдэнд талархаад баршгүй. Гэхдээ үүний зэрэгцээ би жаахан байхдаа ч миний амьдралд ямар нэгэн зүйл дутагдаж байгааг мэддэг байсан юм. Нэгэн өдөр би нийтийн унаанд суугаад, Сүмийн тухай ном олж авахаар ХҮГ номын дэлгүүр рүү явж билээ. Би сайн мэдээний талаар суралцах дуртай байсан юм.

Би Мэргэн ухааны үгийг ойлгосныхоо дараа эцэг эхээ тэрхүү хуулийн дагуу амьдраасай гэж хүссэн. Тэгээд би жаахан байхдаа нэгэн өдөр гэрийнхээ зоорь руу орж, шилтэй архи бүрийг бетонон шалан дээр хага цохив. Би шийтгүүлэх байх гэж бодож байсан ч аав минь энэ талаар нэг ч үг дуугараагүй.

Би өсөж том болоод, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний сүр жавхланг ойлгож эхэлсэн үедээ өөрөө өөртөө “Би дахиж Христийн мэндэлсний баярын бэлэг авахыг хүсэхгүй байна! Би зүгээр л ээж, аавтайгаа лацдан холбуулмаар байна” гэж олонтоо хэлдэг байв. Тэрхүү хүсэн хүлээсэн үйл явдал эцэг эхийг маань 80 хүрсний дараа л тохиосон. Би тэр өдөр мэдэрсэн баяр баяслаа бүрэн илэрхийлж чаддаггүй. Би өдөр бүр тэдний өөр хоорондоо болон надтай лацдан холбогдсон үеийн баяр баяслыг мэдэрдэг.

Рассэлл ба Данзэл Нэлсон

Би 1945 онд анагаахын сургуулд сурч байхдаа Данзэл Вайттай Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн юм. Бид есөн сайхан охин, эрдэнэ мэт нэг хүүгээр адислагдсан. Өнөөдөр улам бүр өнөр өтгөн болж байгаа манай гэр бүл миний амьдрал дахь хамгийн агуу баяр хөөрийн нэг юм.

Ерөнхийлөгч Нэлсон ба Нэлсон эгч охидын хамт
Ерөнхийлөгч Нэлсон хүүгийн хамт

2005 онд, гэрлээд бараг 60 жил өнгөрсний дараа хайрт Данзэл маань зуурдаар нас нөгчсөн. Уй гашуугаасаа болоод би хэсэг хугацаанд юу ч хийх аргагүй болсон юм. Гэвч Христийн амилсны баярын захиас, амилалтын амлалт надад тусалсан.

Вэнди Нэлсон ба Рассэлл Нэлсон

Тэр үед Их Эзэн Вэнди Ватсоныг надад авчирсан билээ. Бид 2006 оны 4-р сарын 6-нд Солт Лэйкийн ариун сүмд лацдан холбуулсан. Би түүндээ хайртай! Тэр бол ер бусын эмэгтэй бөгөөд надад төдийгүй гэр бүлд маань мөн Сүмд бүхэлд нь агуу адислал юм.

Эдгээр адислал бүр Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийлж, анхаарч үзсэний үр дүнд ирсэн. Ерөнхийлөгч Лорэнзо Снөү “Хожмын үеийн гэгээнтэн бүрд өгсөн гол давуу эрх бол Сүнсний илэрхийллийг амьдралынхаа өдөр бүр хүлээн авах бидний эрх юм” гэж хэлсэн.

Намайг Сүмийн ерөнхийлөгчийн шинэ дуудлагаа авснаас хойш Сүнс миний оюун бодолд удаа дараа ойлгуулж байгаа зүйлсийн нэг бол Их Эзэн Өөрийн бодол, хүслийг илчлэхдээ хэчнээн их дуртай байдаг явдал юм. Илчлэлт хүлээн авах эрх нь Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг билээ.

Ариун Сүнсний илэрхийллээр дамжуулан Их Эзэн бидэнд бүх зөв шударга зорилгоо биелүүлэхэд тусалдаг. Мэс заслын өрөөнд өвчтөн рүү харан, шинэ бөгөөд өмнө нь хийж байгаагүй мэс заслыг хэрхэн хийх билээ гэж тээнэгэлзэн зогсоход минь Ариун Сүнс уг арга барилыг оюун бодолд маань дэлгэн харуулдаг байсан.

Вэндид тавих гэрлэх саналдаа хүч нэмэхийн тулд би түүнд “Би илчлэлтийн тухай мөн түүнийг хэрхэн хүлээн авахыг мэддэг” гэж хэлж билээ. Магтууштай нэг зүйл нь гэвэл, тэрээр бидний талаарх өөрийн илчлэлтийг аль хэдийн эрэлхийлж, хүлээгээд авчихсан байсан тул тийм гэж хэлэх зоригтой байв. Илчлэлт авах нь түүний хувьд ердийн зүйл болохыг би хожим мэдсэн.

Би Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувьд илчлэлт авахын төлөө залбирч, Их Эзэн миний оюун, зүрх сэтгэлд ярих бүрд Түүнд талархдаг байв.

Илчлэлт хүлээж авахын гайхамшгийг төсөөл дөө! Сүмийн дуудлага маань ямар ч байсан бай, бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, заавар, удирдамж хүлээн авч, аюул болон анхаарал сарниулах зүйлсийн талаар анхааруулга авч, гагцхүү өөрсдийн хийж чадахгүй зүйлсийг хийх чадвартай болдог. Хэрэв бид Ариун Сүнсийг үнэхээр хүлээн авч, Түүний өдөөлтүүдийг ялган таньж, ойлгох талаар мэдэж авах юм бол их бага ямар ч асуудлуудад зааж чиглүүлэгдэх болно.

Би саяхан хоёр зөвлөхөө сонгох хэцүү даалгавартай тулгарсан. Хайрлаж хүндэтгэдэг арван хоёр эрээс ердөө хоёрыг нь би яаж сонгох билээ хэмээн гайхширч байсан.

Сүнслэг сайн удирдамж сайн мэдээлэл дээр үндэслэгддэгийг би мэддэг учраас төлөөлөгч бүртэй залбирч, ганцаарчлан уулзсан. Тэгээд би ариун сүмийн хувийн өрөөнд өөрийгөө тусгаарлан, Их Эзэний хүслийг эрэлхийлсэн юм. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нарыг Тэргүүн Зөвлөлд зөвлөхүүдээрээ үйлчлэхээр сонгохыг Их Эзэн надад зааварчилсан гэдгийг би гэрчилж байна.

Үүний адилаар, би ахлагч Гэррит В.Гонг, ахлагч Улиссэс Соарэс нарыг Их Эзэний төлөөлөгчөөр томилох дуудлагад Түүнийг сүнслэгээр нөлөөлсөн гэдгийг гэрчилж байна. Би тэднийг энэхүү үйлчлэлийн хосгүй ахан дүүгийн барилдлагаар халуун дотноор хүлээн авч байна.

Биднийг Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын чуулгын хамтарсан зөвлөлийн хувьд хуралдахад уулзалтын өрөөнүүд маань илчлэлтийн өрөөнүүд болж, тэнд Сүнс илт оршин байдаг. Биднийг ярвигтай асуудлуудтай тэмцэлдэж, төлөөлөгч бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үед сэтгэл хөдөлгөм үйл явц явагддаг. Бидний харах өнцөг эхэндээ өөр өөр байж болох ч нэг нэгнээ гэсэн хайр маань хувиршгүй байдаг. Бидний нэгдмэл байдал Их Эзэний Сүмээ гэсэн хүслийг ялган танихад тусалдаг юм.

Уулзалтуудад маань олонх хэзээ ч захирч ноёрхдоггүй! Бид нэгдмэл болох хүртлээ нэг нэгнээ залбиран байж сонсон, харилцан ярилцдаг. Тэгээд биднийг бүрэн зөвшилцөлд хүрэхэд Ариун Сүнсний нэгтгэгч нөлөө үнэхээр сэтгэл хөдлөм байдаг. Бошиглогч Иосеф Смитийн “Бид сэтгэл санааны эв нэгдлээрээ Бурханы хүчийг олж авдаг” хэмээн заахдаа мэддэг байсан зүйл бидэнд тохиолддог. Тэргүүн Зөвлөлийн эсвэл Арван хоёрын чуулгын гишүүн нь Их Эзэнээс асууж лавлахгүйгээр Сүмд зориулан шийдвэр гаргадаггүй.

Ах, эгч нар аа, бид хэрхэн Их Эзэнд хэрэгтэй, Христтэй адил үйлчлэх эрэгтэй, эмэгтэйчүүд болж чадах вэ? Биднийг төөрөгдүүлдэг асуултуудын хариултыг бид хэрхэн олж авах вэ? Хэрэв Ариун ойн цоорхойд болсон Иосеф Смитийн гайхамшигтай туршлага бидэнд ямар нэгэн зүйл заадаг л бол тэр нь тэнгэр нээгдэж, Бурхан хүүхдүүддээ хандан ярьдаг явдал юм.

Бошиглогч Иосеф Смит бидэнд асуултууддаа шийд олохын тулд дагах загварыг бий болгосон. Хэрэв мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуйг гэсэн Иаковын амлалтаас Иосеф хүү урам авч, асуултаа Тэнгэрлэг Эцэгт хандан тавьсан. Тэр хувийн илчлэлт эрэлхийлсэн бөгөөд түүний эрэл энэхүү сүүлчийн эрин үеийг нээсэн билээ.

Үүний нэгэн адил, таны эрэл танд юуг нээж өгөх вэ? Танд ямар мэргэн ухаан дутагдаж байна вэ? Та мэдэх эсвэл ойлгох шаардлагатай ямар зайлшгүй хэрэгцээг мэдэрч байна вэ? Бошиглогч Иосефын үлгэр жишээг дага. Байнга очиж болох нам жим газар ол. Бурханы өмнө өөрийгөө даруусга. Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ уудал. Хариулт, тайтгарал авахаар Түүнд ханд.

Өөрийн асуудал, айдас, сул талуудын талаар, тийм ээ, бүр зүрхний хүсэл эрмэлзлийнхээ талаар Есүс Христийн нэр дээр залбир. Тэгээд сонс! Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга. Та энэ үйл явцыг өдөр тутам, сар бүр, жил болгон давтан хийснээр “илчлэлтийн зарчимд өсөн [хөгжих]” болно.

Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг үү? Тийм ээ! “Түүнчлэн Миссури мөрний жам ёсны урсгалыг хүмүүн өчүүхэн гараа урагш сунган зогсоох буюу … Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн тэргүүн дээр тэнгэрээс доош юүлэгдэх Бүхнийг Чадагчийн мэдлэгт саад учруулж чадна гэж үү?”

Та юу үнэн болох талаар эргэлзэх шаардлагагүй. Та хэнд баталгаатай найдаж болохдоо эргэлзэх шаардлагагүй. Та хувийн илчлэлтээр дамжуулан Мормоны Ном бол Бурханы үг, Иосеф Смит бол бошиглогч бөгөөд энэ нь Их Эзэний Сүм юм гэсэн өөрийн гэрчлэлийг хүлээн авч чадна. Бусад хүний юу хэлэх, хийхээс үл хамааран, таны оюунд мөн зүрх сэтгэлд хүргэгдсэн юу үнэн болох талаарх гэрчлэлийг хэн ч авч чадахгүй.

Их Эзэн “Хэрэв чи асуух аваас, чи баяр хөөрийг авчирдаг, амьдралыг авчирдаг тэрхүү нууцууд хийгээд амар амгалангийн зүйлүүдийг мэдэж болохын тулд илчлэлт дээр илчлэлт мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно” гэж амласан учраас би таныг хувийн илчлэлт хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүлэхэд урьж байна.

Тэнгэр дэх Эцэг тань таныг мэдээсэй хэмээн хүсэж байгаа асар олон зүйл бий. Ахлагч Нийл А.Максвэлл “Харах нүдтэй, сонсох чихтэй хүмүүст Эцэг, Хүү хоёр орчлон ертөнцийн нууцуудыг задалж байгаа нь тодорхой юм!” гэж заасан байдаг.

Өсөн нэмэгдсэн цэвэр ариун байдал, ягштал дуулгавартай дагах, үнэн сэтгэлээсээ эрэлхийлэх, Мормоны Номонд байгаа Христийн үгэн дээр өдөр бүр найрлах, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд тогтмол цаг гаргаж байхтай адилаар тэнгэрийг нээх өөр юу ч байдаггүй.

Мэдээж хэрэг, заримдаа танд тэнгэр хаагдсан мэт санагдах үе гарч болно. Гэвч та үргэлжлүүлэн дуулгавартай байж, Их Эзэний өгсөн адислал бүрд талархаж, Түүний цагийг тэвчээртэй хүндэтгэх юм бол эрэлхийлсэн мэдлэг, ойлголт тань танд өгөгдөх болно гэдгийг би амлаж байна. Их Эзэний танд зориулсан адислал бүр, тэр байтугай гайхамшгууд өгөгдөх болно. Хувийн илчлэлт хүлээн авах нь адислал, гайхамшгуудыг авчирдаг.

Би ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байдаг. Ирээдүйд бидний хүн бүр хөгжиж дэвших, хувь нэмрээ оруулах, сайн мэдээг дэлхийн дөрвөн зүгт хүргэх боломжуудаар дүүрэн байх болно. Гэхдээ би ирэх өдрүүдийн талаар ч бас мэддэг хашир хүн. Бид сөргөлдөөн улам өссөөр байгаа ярвигтай дэлхийд амьдарч байна. Байнга ашиглахад бэлэн байдаг сошиал медиа, 24 цагийн туршид гардаг мэдээ мэдээлэл биднийг хайр найргүй булж байна. Хэрэв үнэн рүү дайрч довтлох хүмүүсийн олон янзын үзэл бодол, зарчмыг анхааралтай шигшиж, ялган таних ямарваа нэгэн итгэл найдварыг бий болгоё гэвэл бид илчлэлт хүлээн авах талаар сурч мэдэх ёстой.

Бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христ гайхамшигт үйлсийнхээ заримыг одоо төдийгүй Өөрөө дахин ирэх хүртлээ үйлдэх болно. Бурхан Эцэг, Түүний Хайрт Хүү хоёрын энэ дэлхийг сүр жавхлан, алдар суугаараа удирддагийг илтгэх ер бусын шинж тэмдгүүдийг бид олж харна. Гэвч ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулж, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно.

Хайрт ах, эгч нар минь ээ, би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. Та бүхэн Христийн амилсны баярын энэ ням гаргийг амьдралын ирээдүйг тодорхойлох цаг үе болгоорой. Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхийг сонго.

Христийн амилсны баярын энэ ням гарагт би Моронайн хамт та бүхнийг “Христэд ирж,” амьдралыг тань өөрчилж чадах мөн өөрчлөх Ариун Сүнсний бэлгээс өгсүүлээд “сайн бэлэг болгоноос барьж [авахад]” урьж байна.

Бид Есүс Христийн дагалдагчид. Ариун Сүнсний танд байнга гэрчлэх хамгийн чухал үнэн бол Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэсэн үнэн юм. Тэр амьд! Тэрээр Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч, Үлгэр дуурайл, Гэтэлгэгч маань билээ. Христийн амилсны баярын энэ ням гарагт бид Түүний цагаатгагч золиослол, бодит амилалт, тэнгэрлэг байдлын баярыг тэмдэглэдэг.

Энэ бол бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн Түүний Сүм юм. Би та нарын хүн нэг бүрд хайртай гэдгээ илэрхийлж, эдгээр зүйлийг гэрчиллээ. Есүс Христийн ариун нэрээр, амен.