2010–2019
Ариун Сүнсийг хөтчөө болго
2018 оны 4-р сар


2:3

Ариун Сүнсийг хөтчөө болго

Есүс Христэд итгэл найдвараа тавьдаг хүмүүст ямар зүйрлэшгүй гайхамшигт бэлэг ирдэг гээч. Энэ бэлэг нь Ариун Сүнс юм.

Христийн амилсны энэ ням гарагт бидний бодол санаа Их Эзэн Есүс Христийн Амилалт руу мөн юунд ч дийлэгдэшгүй Христийн ялалтад найдах найдварыг итгэгч бүрд өгдөг хоосон булш руу чиглэдэг. Би төлөөлөгч Паултай хамт, Бурхан “Христийг үхэгсдээс амилуулсан [шигээ] [бидний] дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжуулан үхлийн биест [маань] амь өгнө” гэдэгт итгэдэг.

Амь өгөх гэдэг нь амь оруулах гэсэн үг юм. Христ бие махбодын үхлийн дараа Өөрийн Амилуулалтын хүчээр дамжуулан бидний биед амь оруулдаг шигээ сүнслэг үхлээс биднийг амилуулж чадна. Бид Мосегийн номноос Адамыг иймэрхүү байдлаар амилуулж байгаа талаар уншдаг. “[Адам] баптисм хүртэж, мөн Бурханы Сүнс түүн дээр бууж ирсэн ажгуу, мөн ийн тэрбээр Сүнсээр төрсөн байв, мөн доторх хүндээ амьдруулагдсан байлаа.”

Есүс Христэд итгэл найдвараа тавьдаг хүмүүст ямар зүйрлэшгүй гайхамшигт бэлэг ирдэг гээч. Энэ бэлэг нь Шинэ Гэрээнд хэлдэгчлэн “Христ доторх амь” бөгөөд үүнийг Ариун Сүнс бидэнд өгдөг. Заримдаа бид энэхүү бэлгэнд талархалгүй ханддаг уу?

Ах, эгч нар аа, дараах түүхэнд дүрслэн өгүүлснээр “Ариун Сүнсийг зам заагчаа болгон авах нь” онцгой эрх юм.

Инсайн Франк Блайр

Солонгосын дайны үеэр Инсайн Франк Блайр Япон дахь суманг тээвэрлэдэг усан онгоцонд алба хааж байв. Уг усан онгоцны бие бүрэлдхүүн албан ёсны цэргийн санваартантай байхаар том биш байсан учраас хөлгийн ахмад Блайр ахын итгэлтэй, зарчимч мөн багийнхандаа өндрөөр үнэлэгддэг гэдгийг нь мэдэх тул мань залуу эрээс албан бусаар санваартан болохыг хүсжээ.

Инсайн Блайр

Инсайн Блайр “Усан онгоц маань хүчтэй хуй салхитай тулгарав. Далайн давлагаа бараг 14 метр өндөр байсан. Намайг харуулд гарах үед гурван хөдөлгүүрийн нэг нь ажиллахаа больж, усан онгоцны төв хэсгийн голоор хагарал гарсныг мэдэгдэв. Бидэнд хоёр хөдөлгүүр үлдсэн байсан ба нэг нь зөвхөн тал хүчээрээ л ажиллаж байлаа. Бид ноцтой бэрхшээлтэй тулгарсан байв” гэж бичжээ.

Инсайн Блайрыг харуулын үүргээсээ буугаад, унтах гэж байтал хөлгийн ахмад хаалгыг нь тогшжээ. Тэр “Та энэ хөлгийн төлөө залбираад өгөөч” гэж хүсэв. Мэдээж хэрэг, Инсайн Блайр зөвшөөрсөн байна.

Тэр үед Инсайн Блайр “Тэнгэрлэг Эцэг минь, усан онгоцыг маань адислаарай. Биднийг аюулгүй байлгаарай” гэж энгийн залбирал хэлээд, унтаад өгч болох байсан ч усан онгоцыг аюулгүй байлгахад туслахын тулд хийж чадах ямар нэгэн зүйл байгаа эсэхийг мэдэхээр залбирчээ. Блайр ахын залбирлын хариуд Ариун Сүнс түүнд удирдлагын өрөө рүү очоод, ахмадтай ярилцаж, илүү мэдээлэл олж авах өдөөлтийг өгсөн байна. Тэрээр уг өдөөлтийн дагуу үйлдсэн ба хөлгийн ахмад усан онгоцны үлдсэн хөдөлгүүрүүдийг ямар хурдаар ажиллуулах ёстойгоо шийдэх гэж хичээж байгааг ойлгов. Инсайн Блайр дахин залбирахаар бүхээг рүүгээ буцжээ.

Тэр “Хөдөлгүүрт гарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд би юу хийж болох вэ?” гэж залбирав.

Хариуд нь Ариун Сүнс усан онгоцыг тойрон шалгаж, илүү мэдээлэл олж авах хэрэгтэй гэж түүнд шивнэжээ. Тэр дахиад ахмад дээр очоод, хөлгийн тавцангаар тойрон шалгах зөвшөөрөл хүссэн байна. Тэр аврах татлага бүсэлхийндээ зүүгээд, шуурга руу явж орлоо.

Онгоцны хитэг дээр зогсож байхдаа тэр усан онгоц давлагааг давах үед аварга том сэнснүүд нь уснаас ил гарч ирэхийг ажиглажээ. Зөвхөн нэг нь л бүрэн ажиллаж байсан ба энэ нь маш хурдтай эргэлдэж байв. Ийн ажиглалт хийснийхээ дараа Инсайн Блайр дахиад залбирчээ. Тэр бүрэн ажиллагаатай үлдсэн ганц хөдөлгүүр нь хэт их ачаалалтай ажиллаж байгаа учраас хурдыг нь багасгах хэрэгтэй гэдэг тов тодорхой хариулт хүлээн авсан байна. Тэгээд тэр ахмад дээр очиж, уг саналаа хэлэв. Ахмад ихэд гайхаж, усан онгоцны инженер шуургыг давж гарахын тулд бүрэн ажиллагаатай хөдөлгүүрийн хурдыг нэмэх хэрэгтэй гэсэн тэс өөр зөвлөгөө өгснийг хэллээ. Хэдий тийм ч ахмад Инсайн Блайрын зөвлөгөөг дагахаар шийдэж, хөдөлгүүрийг удаашруулжээ. Үүрийн гэгээнээр усан онгоц тогтуун усанд аюулгүй хүрэв.

Хоёрхон цагийн дараа бүрэн ажиллагаатай хөдөлгүүр нь ч ажиллахаа болив. Усан онгоц хагас ажиллагаатай хөдөлгүүрээр усан боомтод арай ядан хүрчээ.

Ахмад “Хэрэв бид тэр үед хөдөлгүүрийг удаашруулаагүй бол шуурганд осолдох байлаа” гэж Инсайн Блайрт хэлжээ.

Тэд хөдөлгүүргүйгээр залуурдах ямар ч боломжгүй болох байсан бөгөөд усан онгоц хөмрөн, живэх байж. Ахмад уг ХҮГ залуу офицерт талархлаа илэрхийлэн, Инсайн Блайрын сүнслэг өдөөлтүүдийг дагаснаар усан онгоц мөн багийнхан бүгд аврагдсан гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.

Энэ түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм түүх байгаа биз? Бид иймэрхүү аюултай нөхцөлд тэр бүр ороод байхгүй ч энэ түүхэнд хэрхэн Сүнсний удирдамжийг ойр ойрхон хүлээн авч чадах тухай чухал удирдамж байгааг би дурдмаар байна.

Нэгдүгээрт, бид илчлэлт авахдаа хүлээн авагчаа тэнгэрийн давтамж руу хандуулах ёстой. Инсайн Блайр цэвэр ариун, итгэлтэй амьдралаар амьдарч байсан. Тэр дуулгаваргүй байсан бол усан онгоцныхоо аюулгүй байдлын төлөө залбирч, тийм тодорхой удирдамж хүлээн авахад шаардлагатай сүнслэг байдалтай байхгүй байх байсан. Бид бүгд Бурханаар удирдуулахын тулд Түүний зарлигуудын дагуу амьдрахаар хичээж зүтгэдэг байх ёстой.

Бид зохисгүй байдлаасаа болж заримдаа тэнгэрийн дохиог сонсож чаддаггүй. Наманчлал, дуулгавартай байдал нь тодорхой харилцаа холбоог дахин тогтоох арга зам юм. Хуучин Гэрээн дээрх наманчлах гэдэг үг “эргэх” юм уу “эргэж харах” гэсэн утгатай. Та нар Бурханаас холдсон мэт санагдах үедээ нүглээсээ эргэж, Аврагч руу харах шийдвэр гаргах л юм бол Түүнийг мутраа дэлгэн, таныг хүлээж байгааг мэдэх болно. Тэр таныг удирдахыг хүсэж байдаг бөгөөд тэрхүү удирдамжийг хүлээн авахад танд залбирах л дутуу байдаг.

Хоёрдугаарт, Инсайн Блайр Их Эзэнээс зүгээр л асуудлыг нь шийдэж өгөхийг хүсээгүй. Тэр шийдлийн нэг хэсэг байхын тулд юу хийх хэрэгтэйгээ асуусан. Үүнтэй адил бид “Их Эзэн минь, би шийдлийн нэг хэсэг байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?” гэж асууж болно. Бид залбирахдаа асуудлуудаа нэг бүрчлэн дурдаад, Их Эзэнээс шийдэж өгөхийг хүсэхийн оронд Их Эзэний тусламжийг хүлээн авах илүү шинэлэг, бүтээлч арга замуудыг хайж, Сүнсний удирдамжийн дагуу үйлдэхээр амлах хэрэгтэй.

Инсайн Блайрын түүхээс гурав дахь чухал сургамжийг авч болно. Хэрэв тэр өмнө нь Сүнснээс удирдамж хүлээн авч байгаагүй бол тийм тайван, итгэлтэй залбирч чадах байсан болов уу? Хүчит хар салхи ирэх үед удаан хугацаанд таг чимээгүй байснаа гэнэт ухаа орон, Ариун Сүнсний бэлгийг эрж хайн, хэрхэн ашиглах билээ гэж гайхширах цаг ч гарахгүй. Энэ залуу эр урьд өмнө нь удаа дараа ашиглаж байсан загвар буюу бүрэн цагийн номлогч байхдаа сурсан загвараа дагаж байсан нь тодорхой юм. Бид Ариун Сүнсийг тайван тогтуун усан дээр ч хөтчөө болгох ёстой. Ингэснээр Түүний дуу хоолой хүчит шуурган дунд ч андууршгүй тодорхой байх болно.

Зарим хүн “бүх зүйлд [Бурхан] зарлиглах нь тохирохгүй” эс бөгөөс бид лазан үйлчлэгч болдог учраас Сүнснээс өдөр тутам удирдамж аваад байх шаардлагагүй гэж боддог. Энэ судар нь өөрсдөө хүлээж авах ёстой байсан ч өөрсдийнх нь өмнөөс илчлэлт авч өгөхийг Иосеф Смитээс хүссэн эртний зарим номлогчид зориулагдсан юм. Өмнөх шүлгэн дээр нь Их Эзэн тэдэнд “өөр хоорондоо хийгээд надтай зөвлөлдсөнөөр номлолын талбарт ир гэсэн байна.

Эдгээр номлогч аяллынхаа төлөвлөгөөний талаар тодорхой илчлэлт авахыг хүссэн бөгөөд хараахан хувийн асуудлууддаа удирдамж эрэлхийлэхэд суралцаагүй байжээ. Мөн Их Эзэн энэ хандлагыг байгаагаар нь, лазан гэж нэрлэсэн байна. Сүмийн эртний гишүүд жинхэнэ бошиглогчтой байгаадаа маш их баяртай байснаас хэрхэн хувийн илчлэлт хүлээн авахдаа суралцахгүй байх аюулд орсон байж болох юм. Сүнслэг байдлын хувьд бие даасан байна гэдэг нь хувийн амьдралдаа Их Эзэний Сүнсээр дамжуулан дуу хоолойг нь сонсохыг хэлнэ.

Алма хүүдээ “бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн” хэмээн зөвлөжээ. Энэ арга замаар амьдрах буюу бидний нэрлэдгээр “Сүнсээр амьдрах” нь онцгой эрх юм. Энэ нь амар тайван, итгэлтэй байдлын мэдрэмжийг мөн хайр, баяр баясгалан, амар тайван байдал зэрэг Сүнсний үр жимсийг авчирдаг.

Инсайн Блайрын илчлэлт хүлээн авах чадвар өөрийг нь болон багийнхныг нь аймшигт шуурганаас хамгаалжээ. Өнөө үед өөр төрлийн хар шуурганууд нүдэж байна. Мормоны Номны амьдралын модны сургаалт зүйрлэл нь ийм адармаатай дэлхийд хэрхэн сүнслэг аюулгүй байдлыг бий болгох талаар хүчирхэг жишээгээр хангадаг. Энэ зүүд нь Бурхан руу хүргэх зам дээр алхаж буй Сүмийн гишүүд дээр сүнслэг сүйрлийг авчрахаар зэхэж буй харанхуй манангийн тухай өгүүлдэг.

Лихайн зүүд

Би энэ дүрслэлийг тунгаан бодохдоо, уг замаар аялж буй үй олон хүнийг, зарим нь төмөр бариулаас бат зууран барьж байхад бусад олон нь өмнөө байгаа хүмүүсийн мөрийг даган явж байгаагаар оюун ухаандаа төсөөлдөг. Ийн дагаж явахад санаачилга, хичээл зүтгэл бага шаардагддаг. Та зүгээр л бусдын хийж, бодож байгаа зүйлийг дуурайгаад, хийгээд, бодоод явж болно. Энэ нь зуны нарлаг өдөр сайн ажилладаг. Гэхдээ хууран мэхлэлтийн хар шуурга, худал хуурмагийн харанхуй нь сэрэмжлүүлэг өгөлгүйгээр дэгддэг. Эдгээр нөхцөлд Ариун Сүнсний дуу хоолойг таньдаг байх нь сүнслэг амьдрал ба сүнслэг үхлийн асуудал болдог юм.

“… Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд, тэднийг устгал уруу удирдахаар тэднийг харалган болгож давамгайлах нь ч үгүй” хэмээх Нифайн хүчирхэг амлалт байдаг.

Урдаа явж байгаа хүмүүсийн хөлийн мөрийг дагаж явах нь хангалтгүй. Бид зүгээр л бусдын хийж, бодсоныг дуурайгаад байж болохгүй. Бид удирдамж бүхий амьдралаар амьдрах ёстой. Бид өөрсдөө төмөр бариулаас зууран барих ёстой. Тэгээд бид Их Эзэн биднийг “гараас [маань] хөтөлж мөн залбирлуудад [маань] [бидэнд] хариу өгөх болно” гэсэн мэдлэгтэйгээр Их Эзэн рүү даруухнаар итгэлтэй очиж болно. Есүс Христийн нэрээр, амен.