Ахлагчдын чуулга
Тойрог Мелкизедек санваарын нэг чуулгатай болсноор авралын ажлыг бүхий л талаар нь хийж гүйцэтгэхэд тойргийн санваартнуудыг нэгтгэх юм.
Энэхүү сүүлийн эрин үед Сүм зохион байгуулагдсаны дараахан Их Эзэн “Мөн та нар миний сүмийг хэрхэн эрхлэхээ мэдэж мөн бүх зүйлийг миний өмнө зөвөөр байлгахын тулд та нар итгэлийнхээ залбирлаар миний хуулийг хүлээн авах болно” хэмээх илчлэлтийг өгсөн. Тэр үеэс эхлэн энэ зарчмыг Сүмд дагасаар ирсэн ба тэрхүү амлалтыг Их Эзэн биелүүлсээр ирсэн. Санваарын албадыг болон чуулгуудыг анх зохион байгуулах үеэс эхлэн тэдгээрийн зохион байгуулалт болон үйлчлэлийн загваруудыг бошиглогч Иосеф Смитээс эхлэн байнга илчилсээр ирсэн билээ. Ерөнхийлөгч Бригам Янг, Жон Тэйлор, Спэнсэр В.Кимбалл болон бусад удирдагчдыг үйлчилж байх үед Арван хоёрын чуулга, Дал, дээд прист, Мелкизедек болон Аароны санваарын бусад алба, чуулгыг боловсронгуй болгох илчлэлтүүдийг хүлээн авч, хэрэгжүүлсэн юм. Сая хэдхэн мөчийн өмнө хийсэн түүхэн тунхаглалаараа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах зохицуулалтын талаар мэдэгдэл хийлээ.
Би зарим мэдэгдлийг нь давтан хэлье. “Энэ үдэш Их Эзэний ажлыг илүү үр дүнтэй хийж гүйцэтгэхийн тулд Мелкизедек санваарын чуулгуудад томоохон бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалт хийх болсныг бид мэдэгдэж байна. Тойрог бүрийн дээд пристүүд болон ахлагчид одооноос нэгдэн нэг ахлагчдын чуулга болж … [мөн] [гадасны дээд пристүүдийн] чуулгын бүтэц одоогийн санваарын дуудлагууд дээр үндэслэгдэх болно.
Ерөнхийлөгч Нэлсон цааш нь
“Эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд олон сарын турш судалсан болно. Бид гишүүдээ анхааран халамжилдаг … арга замаа яаралтай сайжруулах чухал хэрэгцээ байгааг мэдэрсэн. Бид үүнийг илүү сайн хийхийн тулд Их Эзэний Өөрийн гэгээнтнүүддээ тохинуулах хайр, тусламж дэмжлэгийг үзүүлэхэд илүү сайн удирдамж өгөхийн тулд санваарын чуулгуудаа хүчирхэгжүүлэх хэрэгтэй.
Эдгээр өөрчлөлт Их Эзэнээс сүнслэг өдөөлтөөр ирсэн юм. Эдгээрийг хэрэгжүүлэх юм бол бид өмнөхөөсөө ч илүү үр бүтээлтэй байх болно” гэж хэлсэн юм.
Тэргүүн Зөвлөлийн удирдамжаар ахлагч Роналд А.Расбанд болон миний бие зарим нарийн ширийн зүйлийг нэмж хэлэх бөгөөд ингэснээр та бүхний асуултад хариулна гэдэгт бид итгэж байна.
Ахлагчид ба дээд пристүүдийн чуулга
Юуны түрүүнд, тойргийн дээд пристүүдийн бүлэг болон ахлагчдын чуулгад ямар өөрчлөлтүүд орж буйг дахин дурдъя. Одооноос эхлэн тойргуудын ахлагчдын чуулгыг болон дээд пристүүдийн бүлгийн гишүүдийг нэгтгэн, нэг ерөнхийлөгчийн зөвлөлтэй нэг Мелкизедек санваарын чуулгатай болгоно. Тооны хувьд ч мөн эв нэгдлийн хувьд ч өсөн нэмэгдсэн энэхүү чуулгыг “Ахлагчдын чуулга” гэж нэрлэнэ. Дээд пристүүдийн бүлгүүд үүнээс хойш байхаа болино. Ахлагчдын чуулга нь тойргийн бүх ахлагч, ахлагч болох боломжтой ах нарыг мөн одоогоор бишопын зөвлөл, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөлд болон патриархаар үйлчлээгүй байгаа дээд пристүүдийг хамарсан байна. Гадасны дээд пристүүдийн чуулга нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл, дээд зөвлөлд болон патриархаар үйлчилж байгаа дээд пристүүдээс бүрдэнэ.
Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл
Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг хэрхэн зохион байгуулах вэ? Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл тойрог, салбар бүрийн одоогийн дээд пристүүдийн бүлгийн удирдагчдыг болон ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг буулгаж, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, зөвлөхүүдийг шинээр дуудна. Шинэ ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд янз бүрийн нас, туршлагатай ахлагч, дээд пристүүд хамрагдаж, хамтдаа нэг чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болж үйлчилнэ. Ахлагч, дээд пристийн аль аль нь ерөнхийлөгчийн зөвлөлд чуулгын ерөнхийлөгч, зөвлөхөөр үйлчилж болно. Энэ нь ахлагчдын чуулгыг дээд пристүүд “авч” байгаа хэрэг биш юм. Бид ахлагчид болон дээд пристүүд чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл ба чуулгын үйлчлэлд ямар ч байдлаар хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Чуулгын энэхүү өөрчилсөн зохион байгуулалтыг боломжийнхоо хэрээр аль болох хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ахлагчдын чуулга дахь санваарын алба
Чуулгын бүтцэд хийгдэж буй энэ өөрчлөлт нь чуулгын гишүүдийн томилогдсон санваарын албыг өөрчлөх үү? Өөрчлөхгүй. Энэ арга хэмжээ нь чуулгын аливаа нэг гишүүний өмнө нь томилогдсон ямар ч санваарын албыг хүчингүй болгохгүй. Хүн амьдралынхаа туршид өөр өөр санваарын албанд томилогдож болох бөгөөд шинэ албанд томилогдохдоо өмнө нь хүлээн авсан түүний томилгоо эсвэл эрх мэдэл хүчингүй болдоггүй гэдгийг та бүгд мэднэ. Дээд прист патриархаар эсвэл бишопоор үйлчилж болдгийн адил, зарим тохиолдолд санваартан нэг зэрэг нэгээс илүү албанд үйлчилж болох боловч ихэвчлэн санваарынхаа бүх албанд нэг зэрэг үйлчилдэггүй. Жишээлбэл, бишопууд болон Далууд томилогдсон албанаасаа бууж эсвэл чөлөөлөгдсөнийхөө дараа тэдгээр албандаа идэвхтэй үйлчилдэггүй. Тиймээс, тухайн хүн ямар ч санваарын албанд эсвэл хэд хэдэн албанд дуудагдсан байлаа ч ахлагчдын чуулгын гишүүнийхээ хувьд ахлагчаар үйлчилдэг.
Олон жилийн өмнө ерөнхийлөгч Бойд К.Пакэр “Санваар нь өөрийн аль ч албан тушаалаас илүү чухал юм. … Санваарыг хэсэглэн хувааж болдоггүй. Ахлагч нь төлөөлөгчтэй яг адилхан хэмжээний санваарыг атгадаг. (С ба Г 20:38-ыг үзнэ үү.) Хүн [санваарт томилогдсоноор] түүний эрх мэдэл, хүчийг бүхэлд нь хүлээн авдаг. Гэвч энэхүү санваарын хүрээнд эрх мэдэл, үүрэг хариуцлагаараа хуваагдсан алба байдаг. … Заримдаа нэг албыг бусад албаас ‘илүү дээгүүр’ эсвэл ’илүү доогуур’ гэж ярих явдал бий. Мелкизедек санваарын алба нь ‘доод’ эсвэл ’дээд’ зэрэглэлийнх гэхээсээ илүүтэй үйлчлэлийн өөр өөр хүрээг төлөөлж байдаг” гэж хэлсэн. Бид Мелкизедек санваарын өөр албанд “дэвшсэн” гэсэн маягаар цаашид ярихгүй байх гэж би хичээнгүйлэн найдаж байна.
Ахлагчид гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөл, бишопын зөвлөлд дуудагдах эсвэл зарим үед гадасны ерөнхийлөгчийн залбиран гаргасан шийдвэр, сүнслэг өдөөлтөөр дээд пристэд томилогддог нь цаашид хэвээр байна. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөл эсвэл бишопын зөвлөлд үйлчлэх хугацаа дуусахад дээд пристүүд тойргийнхоо ахлагчдын чуулгандаа эргэж нэгдэнэ.
Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчид өгөх удирдамж
Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн ажлыг хэн удирддаг вэ? Гадасны ерөнхийлөгч гадасныхаа Мелкизедек санваартнуудыг тэргүүлдэг. Тиймээс ахлагчдын чуулгын ерөнхийлөгч нь гадасны ерөнхийлөгчийн өмнө шууд хариуцлага хүлээдэг бөгөөд гадасны ерөнхийлөгч нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон дээд зөвлөлөөр дамжуулан түүнийг сургалт, удирдамжаар хангадаг юм. Бишоп нь тойргийн тэргүүлэх дээд пристийн хувьд ахлагчдын чуулгын ерөнхийлөгчтэй тогтмол уулзаж байна. Бишоп түүнтэй зөвлөлдөн, хэрхэн тойргийн бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллах мөн тойргийн гишүүддээ хэрхэн хамгийн сайнаараа үйлчилж, адислах тухайд зохих удирдамжийг өгнө.
Эдгээр өөрчлөлтийг хийх болсон зорилго
Мелкизедек санваарын чуулгад өөрчлөлт хийх болсон зорилго юу вэ? Тойрог Мелкизедек санваарын нэг чуулгатай болсноор, дээд пристүүдийн бүлгийн зохицуулдаг байсан ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг оролцуулаад авралын ажлыг бүхий л талаар нь хийж гүйцэтгэхэд тойргийн санваартнуудыг нэгтгэх юм. Энэ нь чуулгын гишүүдэд нас, боловсрол, ажил мэргэжлээс үл хамааран нэг нэгнээсээ мөн амьдралын өөр өөр үе шатанд амьдарч буй хүмүүсийн үзэл санаа, туршлагаас суралцах өргөн боломжийг олгоно. Энэ нь мөн туршлагатай санваартнуудад бусдад, тухайлбал ахлагч болох боломжтой ах, шинэ гишүүн, залуучууд болон Сүмийн үйл ажиллагаанд эргэн ирж байгаа хүмүүст зааж сургах нэмэлт боломжуудыг олгоно. Ахлагчдын чуулгуудын амин чухал үүрэг хариуцлагууд ирээдүйд хэрхэн өсөн нэмэгдэхийг эргэцүүлэн бодох үед миний сэтгэл хэрхэн догдолж байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Эдгээр чуулгаас олж болох мэргэн ухаан, туршлага, чадавх, хүч чадал нь Сүм даяар санваарын үйлчлэлийн шинэ эхлэл, шинэ жишгийг зөгнөж байна.
20 жилийн өмнө би Ерөнхий чуулган дээр Далын ахлагч Ваун Ж.Фэдэрстоуны анх ярьсан түүхийг хуваалцсан бөгөөд энд дахин ярих нь зүйтэй гэж бодож байна. Тэрээр:
“1918 онд ахлагч Жорж Гөүтс Юта мужийн Лихайд чихрийн манжин ургуулдаг фермер байв. Тэр жил өвөл эрт болж, газарт байсан ихэнх манжингийн ургацыг хөлдөөсөн байжээ. Жорж болон түүний хүү Францист ургац хураах ажил удаан бөгөөд хүнд хэцүү байв. Яг тэр үед томуу өвчин хурдацтай тархаж байлаа. Аймшигт өвчин Жоржийн хүү Чарльзын болон Чарльзын хоёр бяцхан охин, нэг хүү гээд гурван бага насны хүүхдийнх нь амийг авч одов. Ердөө зургаан өдрийн дотор Жорж Гөүтс Ютагийн Огдэнээс цогцоснуудыг гэртээ авчран оршуулахаар тийшээ гурван ч удаа явжээ. Энэхүү аймшигт үйл явдлын дараа Жорж, Францис хоёр тэргээ хөллөн манжингийнхаа талбай руу буцаж явав.
[Замд нь] тэдний хажуугаар үйлдвэрт аваачиж өгөхөөр дүүрэн манжин ачсан хөрш фермерүүдийнх нь жолоодож буй тэргийн цуваа өнгөрнө. Жолооч бүр бүгд гараа даллан, “Сайн уу, Жорж ах аа,” “Гай зовлон тохиолдсонд тань харамсаж байна,” “Хэцүү зүйл болжээ,” “Чамд олон найз байгаа шүү” гэж хэлсээр хажуугаар нь өнгөрнө.
Хамгийн сүүлчийн тэргэнд … сэвхтсэн царайт Жаспэр Ролф байжээ. Тэрээр инээмсэглэн, тэдэн рүү “Жорж ах аа, энэ сүүлчийх нь шүү” гэжээ.
[Гөүтс ах] Францис рүү эргэж хараад, “Энэ биднийх байсан ч болоосой” гэж хэлэв.
Фермийнхээ хаалган дээр ирэхэд Францис манжингийн том улаан тэрэгнээсээ бууж, хаалгаа онгойлгоход [аав нь] тэргээ жолоодсоор талбай руу оров. [|Жорж] жолоогоо татаж, морьдоо зогсоогоод … талбайгаа тойруулан харахад … нэг ч чихрийн манжин байсангүй. Яг тэр үед Жаспэр Ролфийн “Жорж ахаа, энэ сүүлчийх нь шүү” гэж хэлсний утгыг тэр ойлгожээ.
[Жорж] тэрэгнээсээ буугаад, маш их хайрладаг байсан шим тэжээлтэй, бор хөрснөөсөө атга дүүрнийг авч, манжингийн толгойг бариад, өөрийнх нь хөдөлмөрийн бэлгэ тэмдэг болсон энэ бүх зүйлийг нүдэндээ итгэхгүй байгаа мэт хэсэг ширтэв.
Дараа нь хайртай дөрвөн хүнээ зургаахан хоногийн дотор гэртээ оршуулахаар авчран, авс хийж, булш ухаж, оршуулгын хувцас хийхэд нь хүртэл оролцсон мөн ийм хүнд хэцүү зовлон шаналлын үед огтхон ч итгэлээ алдаж, шантарч, эргэлзээгүй энэ эр овоолсон манжин дээр суугаад, хүүхэд шиг мэгшин уйлсан гэдэг.
Харин дараа нь тэр босож, нулимсаа арчин, тэнгэр өөд хараад, ‘Эцэг минь, тойргийн ах нартаа баярлалаа’ гэж хэлсэн юм.”
Тийм ээ, санваартан эрчүүддээ мөн хувь хүн, гэр бүлүүдэд тэдний тохинуулж, Сионыг барьж байгуулахад үзүүлэх үйлчлэлд Бурхандаа талархъя.
Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын чуулга энэ өөрчлөлтүүдийн талаар нэлээд урт хугацааны туршид авч үзсэн. Олон удаагийн залбирлаар санваарын чуулгуудын судрын үндэс суурийг нягт нямбай судалж, энэ нь Их Эзэний хүсэл гэсэн нотолгоог хүлээн авсныхаа дараа бид үнэн хэрэгтээ Сэргээлтийн явцад хийгдэж буй өөр нэгэн алхмыг санал нэгтэйгээр хийж байгаа хэрэг юм. Их Эзэний удирдамж тунхаглагдсан бөгөөд би Түүнийг мөн Түүний санваарыг болон та бүхнийг томилсон томилгоог үнэн гэдгийг гэрчилж байгаадаа баярлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.