2010–2019
Залуу эмэгтэйчүүд энэ ажилд
2018 оны 4-р сар


2:3

Залуу эмэгтэйчүүд энэ ажилд

Сүмийн залуу эмэгтэй бүр бусдад хэрэгтэйгээ мэдэрч, үйлчлэх боломжтой байж, энэ ажилд хувь нэмэр оруулах үнэ цэнтэй зүйл өөрт нь байгаа гэж боддог байх ёстой.

Нэг жилийн өмнө Ерөнхий чуулганы санваарын нэгдсэн хуралдааны үеэр бишоп Жэралд Коссэй Сүмийн ах нарт хандан авралын төлөвлөгөөний ажлыг гүйцэтгэхэд Аароны болон Мелкизедек санваартнууд хэрхэн салшгүй холбоотой хамтран ажилладгийг дүрслэн ярьсан билээ. Тэрхүү захиас Аароны санваартан залуу эрэгтэйчүүдэд дэлхий дээрх Бурханы хаант улсыг барьж байгуулахад ямар чухал үүрэгтэйгээ ойлгоход нь туслах агуу адислал болсон юм. Тэдний хамтын үйлчлэл Сүмийг хүчирхэгжүүлж, залуу эрэгтэйчүүд өөрсдийнхөө оруулж буй хувь нэмрийн үнэ цэнийг мөн энэ ажил ямар гайхамшигтай болохыг ойлгосноор илүү гүнзгий хөрвөгдөж, зүрх сэтгэлээ зориулдаг.

Өнөөдөр би яриагаа тэрхүү захиасын нөгөө тал болгож, гэр орондоо болон Сүм дээр Их Эзэний ажлыг гүйцэтгэхэд эн тэнцүү хэрэгтэй байдаг Сүмийн залуу эмэгтэйчүүдийн талаар яримаар байна.

Би бишоп Коссэйгийн адил өсвөр насныхаа ихэнх цаг мөчийг Сүмийн жижиг салбарт өнгөрүүлсэн бөгөөд надаас ерөнхийдөө насанд хүрэгчдийн гүйцэтгэдэг байсан дуудлага, үүрэг даалгавруудыг гүйцэтгэхийг хүсдэг байв. Түүнээс гадна, өсвөр үеийнхний хөтөлбөрт хамрагдаж байхдаа хүмүүс бид ихэвчлэн өөрсдийн үйл ажиллагаа, онцгой үйл явдлуудыг зохион байгуулж, удирдан явуулах ажлыг гардан хийдэг байв. Бид салбарын үйл ажиллагаанд зориулан жүжиг бичиж, дууны бүлэг байгуулж, салбарын бүхий л цуглаанд бүрэн оролцдог байсан. Намайг салбарын дууны удирдагчаар дуудсан бөгөөд би долоо хоног бүр ариун ёслолын цуглааны дууг удирддаг байсан. Ням гараг болгон бүх хүний өмнө зогсоод, Сүмийн дууллыг удирдах нь 16 настай хүүхдийн хувьд агуу туршлага байсан. Би бусдад хэрэгтэй гэдгээ мөн ямар нэг зүйлээр хувь нэмэр оруулж байгаагаа мэдэрдэг байсан. Хүмүүс намайг тэнд очихыг хүлээдэг байсан бөгөөд би бусдад туслахдаа баяртай байдаг байв. Бишоп Коссэйгийн адил, энэхүү туршлага Есүс Христийн талаарх гэрчлэлийг маань бататгахад тусалж, миний амьдралыг сайн мэдээний үйлчлэлтэй бөхлөн холбосон юм.

Гишүүн бүр өөрсдийгөө хэчнээн их хэрэгтэй гэдгийг мэддэг байх ёстой. Хүн бүрд энэ чухал ажлыг урагшлуулахад туслах онцгой авьяас чадвар болон хувь нэмэр оруулах чухал зүйл байдаг. Манай залуу эрэгтэйчүүдэд Сургаал ба Гэрээн дээр Аароны санваарын үүргүүдийг нь дүрслэн хэлж өгсөн байдаг ба тэдгээр нь ерөнхийдөө маш тодорхой, илэрхий байдаг. Залуу эмэгтэйчүүдэд “гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсох” гэрээт үүрэг хариуцлагыг баптисм хүртсэн цагаас нь хойш өгдөг гэдэг нь Сүмийн залуу эмэгтэйчүүд, тэдний эцэг эх, удирдагчдад илэрхий биш байж болох юм. Залуу эмэгтэйчүүд тойрог, салбар дээрээ мөн ангийнхаа ерөнхийлөгчийн зөвлөлд болон өсвөр үеийнхний зөвлөлд мөн өөр бусад дуудлагад үйлчлэхдээ эдгээр үүргийг биелүүлэх боломжтой байдаг. Сүмийн залуу эмэгтэй бүр бусдад хэрэгтэйгээ мэдэрч, үйлчлэх боломжтой байж, энэ ажилд хувь нэмэр оруулах үнэ цэнтэй зүйл өөрт нь байгаа гэж бодож байх ёстой.

Бид Гарын авлага 2 номоос манай тойргуудын авралын ажилд “гишүүдийн номлолын ажил, хөрвөгчдийг үлдээх, идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил, сайн мэдээг заах зэрэг” нь ордог гэдгийг мэдэж авдаг. Энэхүү ажлыг тухайн тойргийн төлөө санваарын түлхүүрүүдийг атгаж байдаг итгэлтэй бишопууд удирддаг. Манай ерөнхийлөгчийн зөвлөл олон жилийн турш “Энд дурдсан хэсгүүдийн алинд нь манай залуу эмэгтэйчүүд оролцоод хэрэггүй вэ?” гэж асуусаар ирсэн. Энэ асуултад хариулахад, тэдэнд энэ ажлын бүх хэсэгт хувь нэмэр оруулах зүйл байгаа.

Жишээ нь би саяхан Лас Вегас бүсийн хэд хэдэн залуу эмэгтэйтэй уулзсан юм. Тэд тойргийнхоо ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдээр дуудагдсан байв. Тэд тойргийнхоо гишүүдэд өвөг дээдсээ олохыг зааж, тэдэнд тусалж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байлаа. Тэд компьютер хэрэглэх чадвар сайтай, FamilySearch-ийг яаж ашиглахыг сурсан бөгөөд энэ мэдлэгээ бусадтай хуваалцахдаа баяртай байсан. Нас барсан өвөг дээдсийнхээ нэрсийг хайж олсноор ариун сүмд тэдний төлөө авралын ёслолуудыг гүйцэтгэж болох тухай гэрчлэл болон ойлголт тэдэнд байсан нь илэрхий байв.

Хэдэн сарын өмнө 14 настай хоёр залуу эмэгтэйтэй нэг санааг туршиж үзэх боломж надад тохиосон юм. Би хоёр ч тойргийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх зүйлсийн хөтөлбөрийг олж авсан бөгөөд Эмма, Магги хоёрт нэг нэг хувийг өгсөн. Би тэднийг эдгээр хэлэлцэх зүйлийг уншаад, тойргийн зөвлөлийн арга хэмжээ авах зүйлсийн дотор тэдний үйлчилж чадах зүйлс байгаа эсэхийг үзэхийг хүссэн юм. Эмма уг тойрогт нэгэн шинэ гэр бүл нүүж ирж байгааг хараад, тэдэнд нүүж, төвхнөхөд нь тусалж чадна гэж хэлсэн. Тэр уг гэр бүлийн хүүхдүүдтэй найзалж, шинэ сургуулийг нь тэдэнд танилцуулж чадна гэж бодсон. Мөн тэр тойргийн оройн хоолны үйл ажиллагаа болох гэж байгааг харсан бөгөөд үүнд олон талаар үйлчлэн, тусалж чадна гэж боджээ.

Магги тойрогт нь хэд хэдэн настай хүн байдгийг мөн тэднийг эргэж тойрч, найзалж нөхөрлөх хүмүүс хэрэгтэй байгааг харсан. Тэр уг настай гишүүдийг эргэж очин, тэдэнд тусалмаар байгаагаа хэлсэн. Тэр бас олон нийтийн мэдээллийн бүртгэлүүдийг хэрхэн нээж, ашиглахыг тойргийн гишүүдэд заахад нь тусалж чадна гэж бодож байсан. Хурлын эдгээр хөтөлбөр дээр энэ хоёр залуу эмэгтэйн тусалж чадахгүй зүйл байгаагүй!

Тойргийн зөвлөлд байдаг эсвэл тойрогт дуудлагатай хүмүүс залуу эмэгтэйчүүдийг тойрогтоо байгаа олон хэрэгцээг гүйцэлдүүлэхэд туслуулах чухал эх үүсвэр гэж боддог уу? Ихэнхдээ хэн нэгэнд үйлчлэх шаардлагатай нөхцөл байдлын урт жагсаалт байдаг бөгөөд бид ихэнхдээ тэдгээр хэрэгцээг хангахын тулд тойргийн насанд хүрэгчдийг боддог. Аароны санваартнуудыг эцгүүдтэйгээ болон Мелкизедек санваартай бусад ахтай хамтран хөдөлмөрлөхийг урьдгийн адил, залуу эмэгтэйчүүдийг ээжүүдтэйгээ, бусад үлгэр жишээ эгчтэй тойргийн гишүүдийн хэрэгцээг хангахад туслуулж, үйлчлүүлэхээр дуудаж болно. Тэд ням гарагт сүмд ирэхээс илүү ихийг хийх чадвар, хүсэлтэй хүмүүс шүү!

Хүнс худалдаж авахад тусалж буй залуу эмэгтэй
Үйлчилж буй залуу эмэгтэй
Компьютер дээр ажиллахад тусалж буй залуу эмэгтэй
Цэвэрлэгээ хийж буй залуу эмэгтэй
Хөгжим удирдаж буй залуу эмэгтэй
Зааж буй залуу эмэгтэй
Тусламжийн гар хантаазтай залуу эмэгтэй
Сүм дээр угтаж буй залуу эмэгтэй

Бид залуу эмэгтэйчүүдийнхээ ойрын ирээдүйд гүйцэтгэх үүргүүдийг бодохдоо, тэднийг номлогч, сайн мэдээг заагч, Сүмийн туслах бүлгийн удирдагч, ариун сүмийн ажилтан, эхнэр, ээж, зөвлөгч, үлгэр жишээ, найз болохоор бэлтгэхэд нь туслах ямар ямар туршлагыг одоо тэдэнд өгч болох талаар өөрсдөөсөө асууж болно. Үнэндээ тэд одооноос эдгээр үүргийнхээ олныг нь гүйцэтгэж эхэлж чадна. Өсвөр үеийнхнийг ням гарагт ангидаа хичээл заахад нь туслахыг олонтоо хүсдэг. Нас барагсдын өмнөөс баптисм гүйцэтгэхээр өсвөр үеийнхний бүлэгтэй хамт ариун сүмд очих үед өмнө нь ёслолын ажилтнууд эсвэл сайн дурын хүмүүсээр гүйцэтгүүлж байсан үйлчлэлийг одоо залуу эмэгтэйчүүд гүйцэтгэж болдог болсон. Хүүхдийн хэсгийн насны охидыг одоо ариун сүмд орохыг урьдаг болсон ба энэ нь тэдэнд санваараар удирдуулдаг энэхүү ажилд өөрсдөө ч бас чухал оролцогчид гэдгийг ойлгоход тусалдаг. Тэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, өсвөр үеийнхэн болон хүүхдүүд бүгдээрээ санваарын адислалыг хүлээн авагчид гэдгийг бас бүгдээрээ Их Эзэний ажлыг урагшлуулахад идэвхтэй тусалж чадна гэдгийг мэдэж авч байна.

Бишопууд аа, та нарын хариуцсан үүрэгт ажил их хэдий ч чухал ажлуудын тань нэг нь Аароны санваарын чуулгыг тэргүүлэх явдал байдгийн адил, Гарын авлага 2 -т “бишоп болон түүний зөвлөхүүд Залуу эмэгтэйчүүдийн байгууллагыг санваарын удирдлагаар хангана. Тэд залуу эмэгтэй бүрд анхаарал тавьж, энэхүү хүч чармайлтдаа тэдний эцэг эхтэй болон Залуу эмэгтэйчүүдийн удирдагчидтай нягт хамтран ажиллана” гэж тайлбарласан байна. Мөн үүнд “Бишоп болон түүний зөвлөхүүд Залуу эмэгтэйчүүдийн хурал цуглаан, үйлчлэл, үйл ажиллагаануудад тогтмол оролцоно” гэж заасан байдаг. Залуу эмэгтэйчүүдийн ангиудаар зочлох цаг гаргаж, ажлын ажиглагч биш, харин оролцогч байх боломжийг залуу эмэгтэйчүүдэд олгодог бишопуудад бид талархаж байдаг. Тойргийн гишүүдийн хэрэгцээг хангахад залуу эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцуулахад анхаарал тавьдагт тань баярлалаа! Утга учиртай замаар үйлчлэх эдгээр боломж нь зугаа цэнгэл бүхий үйл ажиллагаануудаас илүү тэднийг адисалдаг юм.

Сүмийн залуу эмэгтэйчүүд та нарт хэлэхэд, та нарын өсвөр насны он жилүүд завгүй бөгөөд үе үе хэцүү байж болно. Та нарын олонх нь өөрийгөө хэрэггүй хүн гэж бодон, сэтгэлийн зовуурь, дарамтад орж, тэр ч бүү хэл сэтгэлээр унасан асуудалтай тулгараад байгааг бид ажигласан. Өөрийнхөө асуудалд анхаарал тавихын оронд бодлоо гадагш хандуулах нь та нарын асуудлуудыг шийдэхгүй байж болох ч бусдад үйлчлэх нь та нарын ачааг хөнгөлж, бэрхшээлийг чинь тийм ч хэцүү санагдуулахгүй байж болох юм. Өөрийгөө хэрэггүй хүн гэж бодохоо болих хамгийн сайн аргуудын нэг бол бусдын төлөө санаа зовж, тэдэнд үйлчилснээр хувь нэмэр оруулах их зүйл бий гэдгээ ойлгох явдал юм. Би залуу эмэгтэйчүүд та нарыг өөрсдийн эргэн тойронд буй хэрэгцээг харах үедээ сайн дураараа гараа өргөн, ханцуй шамлан ажиллахыг уриалж байна. Та нарыг гэрээнийхээ үүрэг хариуцлагыг биелүүлж мөн Бурханы хаант улсыг өсгөн бэхжүүлэхэд оролцох үед та нарын амьдралд адислалууд цутган ирэх бөгөөд та нар шавь байхын дуусашгүй, гүн гүнзгий баяр хөөрийг олж мэдэх болно.

Ах, эгч нар аа, манай залуу эмэгтэйчүүд үнэхээр гайхамшигтай. Тэд авьяастай, хязгааргүй урам зоригтой, нинжин сэтгэлтэй мөн халамжтай хүмүүс шүү. Тэд бусдад үйлчлэхийг хүсдэг. Тэд авралын ажилд хэрэгтэй, чухал гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Залуу эрэгтэйчүүд Аароны санваартан байхдаа Мелкизедек санваарт дэвшин орж, илүү агуу үйлчлэл үзүүлэхээр бэлтгэдгийн адил, залуу эмэгтэйчүүд маань дэлхий дээрх эмэгтэйчүүдийн хамгийн агуу байгууллага болох Халамжийн нийгэмлэгийн гишүүд болохоор бэлтгэж байгаа. Эдгээр үзэсгэлэнтэй, хүчтэй, итгэлтэй залуу эмэгтэйчүүд болон залуу эрэгтэйчүүд хамтдаа Бурханы селестиел хаант улсад зохистой байх гэр бүлүүдийг өсгөн хүмүүжүүлэх эхнэр, нөхөр, аав, ээжүүд болохоор бэлтгэж байгаа.

Тэнгэрлэг Эцэгийн ажил бол Өөрийнхөө хүүхдүүдэд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах явдал гэдгийг би гэрчилж байна. Бидний эрхэм нандин залуу эмэгтэйчүүд энэ агуу ажлыг биелүүлэхэд туслах чухал үүрэгтэй. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Жэралд Коссэй, “Замыг бэлтгэ” гэдгийг үзнэ үү, 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 61–63.

  2. Мозая 18:9.

  3. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 22-р хуудас.

  4. Гарын авлага 2, 10.3.1.

  5. Матай 10:39-ийг үзнэ үү.

  6. Мосе 1:39-ийг үзнэ үү.