Талх тариатай байжээ
Бид материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байх гэж хичээх үедээ амьдралын сорилт бэрхшээлийг илүү итгэлтэй даван туулж чадна.
Өнөөгийн цар тахлаас болж аяллуудыг хязгаарлахаас өмнө би гадаад томилолтоос ирж байхдаа, нислэгийн хуваариас болж ням гарагт дараагийн нислэгээ хүлээх хэрэгтэй болсон юм. Хоёр нислэгийн хооронд надад орон нутгийн ариун ёслолд оролцож, мөн товчхон үг хэлэх боломж гарав. Цуглааны дараа нэгэн урам зоригтой дикон ирээд, надаас ерөнхийлөгч Нэлсоныг таньдаг эсэхийг бас түүнтэй гар барьж байсан эсэхийг асуув. Би түүнийг таньдаг, түүнтэй гар барьж байсан мөн Тэргүүлэх бишопын зөвлөлийн гишүүний хувьд ерөнхийлөгч Нэлсонтой болон түүний зөвлөхүүдтэй долоо хоног болгон хоёр, гурван удаа уулздаг гэж хариулсан.
Уг залуу дикон сандал дээр суугаад, гараа дээш өргөн, “Өнөөдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа!” хэмээн дуу алдсан юм. Ах, эгч нар аа, би гараа дээш өргөн, дуу алдахгүй байж магадгүй ч би амьд бошиглогчийн төлөө, ялангуяа энэ хүнд хэцүү цаг үед бошиглогч, үзмэрч, илчлэгчдээс хүлээн авдаг удирдамжийнхаа төлөө мөнхөд талархдаг.
Цаг хугацааны эхлэлээс Их Эзэн мөнх бус амьдралын нэг хэсэг болох гай зовлон, зовлон бэрхшээл учрах болно гэдгийг мэдэж байсан болохоор сүнслэг болон материаллаг байдлын хувьд эдгээрт бэлтгэлтэй байхад Өөрийн хүмүүст туслах удирдамжаар хангасаар ирсэн. Эдгээр гай зовлон нь хувийн эсвэл нийтийг хамарсан чанартай байж болох ч бид Их Эзэний зөвлөгөөг анхааран сонсож, үүний дагуу үйлдэх тусам Түүний удирдамж биднийг хамгаалалт, дэмжлэгээр хангах болно. Эхлэл номд гайхалтай жишээг харуулсан түүх байдаг бөгөөд бид эндээс Египетийн Иосефын талаар болон тэрээр Фараоны зүүдийг сүнслэг удирдамжаар хөрвүүлсэн талаар мэдэж авдаг.
“Иосеф, Фараонд — … Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлийг Фараонд үзүүлжээ. …
Харагтун, Египетийн нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж,
Дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдах болно.” 1
Фараон Иосефыг сонсож, Бурханы өөрт нь зүүдээр үзүүлсэн зүйлд хариу арга хэмжээ авч, тохиох гэж байгаа зүйлд тэр даруй бэлдэж эхэлжээ. Судруудад цааш нь өгүүлэхдээ:
“Өнтэй долоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ.
Иосеф … долоон жилийн бүх ургацыг хураан авч, … нөөцлөв.
Иосеф далайн эргийн элс мэт арвин их тариа нөөцөлсөн нь хэмжээлшгүй их болсон учир түүнийгээ тоолохоо ч больжээ.” 2
Элбэг дэлбэг долоон жил өнгөрсний дараа “Иосефын хэлсэн ёсоор өлсгөлөнгийн долоон жил эхэлжээ. Бүх нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг талх тариатай байжээ.” 3
“Ирэх” 4 гай зовлонгийн эсрэг биднийг бэлтгэх хэрэгтэйг ойлгодог мөн биднийг зөвлөгөөг нь дагахаар хичээх үед бидэнд тулгарч болох хэмжээ хязгаар юм уу хязгаарлалтыг таньж мэддэг бошиглогчдоор удирдуулдгаараа бид өнөөдөр адислагдсан билээ.
Байгалийн гамшигт сүйрлийн болон КОВИД-19-ийн нөлөө хүмүүсийг ялгаварлахгүйгээр тив болгоны үндэс угсаа, нийгэм, шашны хүрээнээс хальж байгаа нь тодорхой байна Хүмүүс ажлаа алдаж, ажилгүйдэл ихсэж, ажиллах боломж багассанаар орлого муудаж мөн эрүүл мэндийн болон хууль эрх зүйн асуудлууд ажиллах чадварт нөлөөлж байна.
Үүний нөлөөнд автсан хүмүүст хандан хэлэхэд, бид та нарын нөхцөл байдлыг ойлгож, санаа зовж байгаа бөгөөд удахгүй илүү сайхан өдрүүд ирэх болно гэдэгт баттай итгэж байгаагаа хэлье. Та нар бишоп, салбарын ерөнхийлөгчдөөр адислагдсан. Тэд цуглааныхаа гишүүдийн материаллаг хэрэгцээг харж үзэн, амьдралаа дахин төвхнүүлэхэд тань мөн бэлтгэлтэй байдлын зарчмуудыг хэрэгжүүлэн, бие даасан байхад хүргэх зам дээр гарахад тань туслах эх сурвалж хэрэгслүүдтэй холбогдох боломжтой.
Эдийн засгийн болон хувь хүмүүсийн амьдралыг бүхэлд нь сүйрүүлсэн цар тахал бүхий өнөөгийн нөхцөлд зовж шаналж байгаа олон хүний бодит байдлыг үл ойшоон, ирээдүйд зориулан хоол хүнс, мөнгөө нөөцөлж эхлэхийг хүсэх нь Аврагчийн энэрэнгүй чанартай нийцэхгүй. Гэхдээ, энэ нь бэлтгэлтэй байх зарчмыг огт тоохгүй байна гэсэн үг биш харин эдгээр зарчмыг “мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд” 5 хийх хэрэгтэй бөгөөд тэгснээр бид ирээдүйд Египетийн Иосефын адилаар, “талх тариатай байжээ” 6 хэмээн хэлж болох юм.
Их Эзэн биднийг өөрсдийн хийж чадахаас илүүг хийхийг шаарддаггүй. Гэхдээ Тэрээр биднээс хийж чадах зүйлээ хийж чадах үедээ хийхийг хүсэн хүлээдэг. Ерөнхийлөгч Нэлсон сүүлийн Ерөнхий чуулганаар бидэнд сануулснаар “Их Эзэн хичээл зүтгэлд дуртай.” 7
Сүмийн удирдагчид хожмын үеийн гэгээнтнүүдэд “амьдралд нь тулгарч болох хүнд хэцүү үе ирэхэд бэлтгэлтэй байхын тулд хоол хүнс, ус нөөцөлж мөн хадгаламждаа мөнгөтэй” 8 байхыг уриалдаг. Үүний зэрэгцээ, бидэнд гэртээ нөөцтэй болж, мөнгө хадгалахаар хичээх явцдаа “ухаалаг” байж мөн “хэтэрхий туйлшрахгүй” 9 байхад биднийг урамшуулдаг. 2017 онд хэвлэгдсэн Бие даасан байдалтай болохын тулд хувийн санхүүгээ зохицуулах нь гарын авлагыг Сүмийн вэбсайт дээр 36 хэлээр унших боломжтой бөгөөд энэ гарын авлага Тэргүүн Зөвлөлийн захиасаар эхэлдэг.
“Их Эзэн ‘Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой’ [Сургаал ба Гэрээ 104:15] хэмээн тунхагласан. Энэхүү илчлэлт … биднийг материаллаг адислалаар хангаж, бие даасан байдалтай болох үүд хаалгыг нээж өгөх Их Эзэний амлалт юм. …
… Эдгээр зарчмыг хүлээн зөвшөөрч, амьдралдаа хэрэгжүүлэх нь Их Эзэний амласан материаллаг адислалыг хүлээн авах боломжийг танд олгоно.
Бид таныг эдгээр зарчмыг хичээнгүйлэн судалж, амьдралдаа хэрэгжүүлэн, гэр бүлийнхэндээ заахад урьж байна. Ингэснээр амьдрал тань адислагдах болно.… [учир нь] та Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхэд билээ. Тэрээр танд хайртай бөгөөд таныг хэзээ ч орхихгүй. Тэр таныг мэддэг бөгөөд бие даасан байдлын сүнслэг, материаллаг адислалуудыг өгөхөд бэлэн байдаг.” 10
Энэ гарын авлагад мөнгөн төсөв гаргаж, үүнийхээ дагуу амьдрах, гэр бүлээ амьдралд тохиох хэцүү бэрхшээлд бэлтгэх, санхүүгийн хямралыг хяналтдаа байлган, ирээдүйдээ зориулан хөрөнгө оруулах мөн бусад зэрэг тусгай бүлгүүд багтдаг. Энэ гарын авлагыг Сүмийн вэбсайтаас болон орон нутгийн удирдагчдаас авч болно.
Бэлтгэлтэй байх зарчмын талаар бодох үедээ бид урам авахын тулд Египетийн Иосефыг санаж болох юм. Юу тохиох гэж буйг мэдээд, элбэг дэлбэг жилүүдэд тодорхой хэмжээний золиос гаргаагүй бол “тарчиг” жилүүдэд амь зогоох зүйл хангалттай байхгүй байх байсан. Фараоны албатууд тарьж, хурааж авсан бүхнээ идэж хэрэглэхийн оронд, хэрэглээний хязгаар тогтоон, дагаснаар тэдний одоогийн болон хожмын хэрэгцээ шаардлагыг хангалттай бүхнээр хангаж өгсөн. Хүнд хэцүү цаг ирэх болно гэдгийг мэдэх ч хангалттай биш байсан. Тэд үйлдэх хэрэгтэй байсан бөгөөд тэд хичээл зүтгэлийнхээ ачаар “талх тариатай байжээ.” 11
Энэ нь “Тэгвэл, одоо яах вэ?” гэж асуухад хүргэдэг. Бүх зүйл Их Эзэний хувьд сүнслэг, “мөн аль ч цаг үед” Тэр бидэнд “цаг зуурын хууль” 12 өгч байгаагүй гэдгийг ойлгох нь эхлэх зөв цэг юм. Тэгэхэд бүр өөрсдийн материаллаг бэлтгэлийг нөөцлөх тэрхүү суурь болж, бүх зүйл Есүс Христ рүү чиглэдэг.
Материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байж, биеэ даасан байна гэдэг нь “Есүс Христийн ач ивээл буюу боломжтой болгогч хүч, өөрсдийн хүчин чармайлтаар дамжуулан бид өөрсдөдөө болон гэр бүлдээ шаардлагатай амьдралын бүхий л сүнслэг болоод материаллаг хэрэгцээт зүйлсийг олж авна гэдэгт итгэх явдал юм” 13 .
Материаллаг бэлтгэлтэй байх сүнслэг суурийн өөр нэмэлт талуудад дараах зүйлс багтана. Үүнд: “мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд” 14 үйлдэх буюу хоол хүнсний нөөц болон мөнгөн хадгаламжийг цаг хугацааны явцад бага багаар нөөцлөх, мөн “өчүүхэн мөн энгийн” 15 байдлаар амьдарч, мөн энэ нь Их Эзэн бидний өчүүхэн боловч байнгын хичээл зүтгэлийг томруулан авч үзнэ гэсэн итгэлийг үзүүлэх явдал юм.
Бид сүнслэг байр суурьтай болсон үедээ материаллаг бэлтгэлийн хоёр чухал талыг амжилттай хэрэгжүүлэх буюу санхүүгээ хянаж, хоол хүнсээ нөөцөлж чадна.
Санхүүгээ зохистой хянах түлхүүр зарчмуудад аравны нэг, өргөлөө төлөх, өрнөөс гарч, аль болох өрөнд орохгүй байх, төсөв зохион, төсвийнхээ дагуу амьдрах, ирээдүйд зориулан хадгалах зэрэг нь багтдаг.
Гэртээ хоол хүнс нөөцлөх түлхүүр зарчимд хүнс, ус нөөцлөх, түүнчлэн хувь хүн, гэр бүлийн хэрэгцээнд тулгуурлан бусад шаардлагатай зүйлийг нөөцлөх явдал багтдаг. Үүний шалтгаан нь гэр орон бол “хамгийн сайн агуулах” 16 бөгөөд “хэрэгцээт үед хамгийн ойрхон нөөцлөх газар” болдог.” 17
Бид сүнслэг зарчмуудыг хэрэгжүүлэн, Их Эзэнээс сүнслэг удирдамж эрэлхийлбэл хувь хүнд болон гэр бүлүүдэд зориулсан Их Эзэний хүслийг болон материаллаг байдлаар бэлтгэлтэй байхын чухал зарчмуудыг хэрхэн хамгийн сайн хэрэгжүүлэхийг мэдэхээр удирдагдах болно. Бүхнээс хамгийн чухал алхам бол эхний алхам юм.
Ахлагч Дэвид А.Бэднар “Үйлдэл хийх нь итгэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг. … Жинхэнэ итгэл Есүс Христ дээр төвлөрч, үргэлж үйлдэл рүү хөтөлдөг” 18 хэмээн хэлэхдээ энэхүү зарчмыг заасан билээ.
Ах, эгч нар аа, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг дэлхийд бид гэнэтийн зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Илүү сайхан өдрүүд ирсэн ч мөнх бус байдлын түр зуурын оргил ба хөндийнүүд үргэлжилсээр байх болно гэдгийг бид мэднэ. Бид материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байхаар хичээх үедээ хүнд хэцүү нөхцөл байдалд хүртэл амьдралын саад бэрхшээлийг бие бялдрын хувьд илүү итгэлтэйгээр, зүрх сэтгэлийн хувьд илүү тайван амгалан байдалтайгаар туулж мөн Египетийн Иосефын адил “талх тариатай байжээ” 19 гэж хэлэх боломжтой байх болно. Есүс Христийн нэрээр, амен.