Ерөнхий чуулган
Хайрла, хуваалц, урь
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


13:3

Хайрла, хуваалц, урь

Бид хайрлаж, хуваалцаж, урихын хэрээр Мессиагийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэж буй агуу хийгээд алдар суут ажилд оролцдог.

Та нар Галилын уулан дээр зогсоод, амилсан Аврагч шавь нар дээрээ ирж буй гайхамшиг, алдар сууг гэрчилж байна гээд хэсэг төсөөлөөд үз дээ. Түүний “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ”1 гэсэн чанд урилгыг, тэдэнтэй хуваалцсан энэхүү үгийг өөрийн чихээр сонсоно гэдэг ямар гайхалтай байх талаар бодоорой. Эдгээр үг Түүний төлөөлөгчдийн нэг адил биднийг ч бас хүчирхэгжүүлж, урамшуулж, сэтгэлийг маань хөдөлгөх нь гарцаагүй биз ээ. Үнэхээр л тэд үлдсэн амьдралаа Түүний урилгыг хэрэгжүүлэхэд зориулсан юм.

Сонирхолтой нь, Есүсийн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авсан нь зөвхөн төлөөлөгчид байгаагүй. Сүмийн эхэн үеийн гишүүд дөнгөж хөрвөсөн нь ч тэр, хамгийн туршлагатай нь хүртэл Аврагчийн агуу даалгаварт оролцож, сайн мэдээний талаарх сайхан мэдээг уулзсан болон таньдаг хүмүүстэйгээ хуваалцдаг байсан. Тэд Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцахаар шийдсэн нь шинээр байгуулагдсан Түүний Сүм өргөн хүрээтэй өсөхөд тусалсан юм.2

Мөн бид Христийн шавь нарын хувьд Түүнийг Галилын уулан дээр анх тунхаглах үед тэнд байсан мэт Түүний номлох даалгаварт анхаарлаа хандуулахаар уригдсан билээ. 1830 онд Иосеф Смит өөрийн дүү Самуелыг Есүс Христийн Сүмийн анхны номлогчоор онцгойлон адисалснаар уг даалгавар дахин эхэлсэн.3 Тэр цагаас хойш 1.5 сая гаруй номлогч дэлхий даяар аялж, бүх үндэстэнд зааж, сэргээгдсэн сайн мэдээний баярт мэдээг хүлээн авсан хүмүүст баптисм хүртээсэн.

Энэ бол бидний сургаал. Бидний чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл юм.

Бага балчраас авхуулаад ахмад буурал хүртэл бүгдээрээ Аврагчийн дуудлагыг анхааран сонсож, дэлхийн үндэстнүүдтэй сайн мэдээг хуваалцах цагийг тэсэн ядан хүлээдэг. Өчигдөрхөн бошиглогч маань яг л Аврагчийн төлөөлөгчдөө урьсны адил залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд та бүхнийг бүрэн цагийн номлогчийн үйлчлэлд бэлтгэхийг урих үед та нар дээрхтэй адил хүчирхэг уриалгыг мэдэрсэн гэдэгт би итгэлтэй байна.

Гараан дээр зогсох гүйлтийн тамирчид уралдаан эхлэх дохиог хүлээдгийн адил бид бошиглогчийн гарын үсэг бүхий албан ёсны урилгыг сэтгэл догдлон харуулддаг! Энэ бол эрхэмсэг, урам зоригтой хүсэл юм. Тэгвэл дараах асуултыг бодоод үзье. Яагаад бид бүгдээрээ одоо эхэлж болохгүй гэж?

Та нар “Би нэрийн тэмдэггүйгээр хэрхэн номлогч байж чадах юм бэ?” гэж асууж магадгүй. Эсвэл “Бүрэн цагийн номлогчид л энэ ажлыг хийхээр онцгойлон адислагдсан. Би туслахыг хүсэж байгаа ч амьдрал жаахан тайван болсны дараа л болъё” гэж өөрсдөдөө хэлж болох юм.

Ах, эгч нар аа, энэ нь та нарын бодож байгаагаас хамаагүй хялбар! Аврагчийн агуу даалгавар бид бүгдийн багаасаа заалгасан хайрла, хуваалц, урь хэмээх энгийн, ойлгомжтой зарчмуудын тусламжтайгаар гүйцэлдэх боломжтой нь талархууштай юм.

Хайрла

Бидний хийж чадах эхний зүйл бол Аврагчийн адил хайрлах явдал.

Энэхүү үймээн самуунтай цаг үед дэлхий даяар бидний харж буй хүмүүсийн зовлон зүдгүүр, хурцадмал байдал бидний зүрх сэтгэлийг зовоодог. Гэсэн хэдий ч гэр орноосоо дүрвэсэн, гэр бүлээсээ хагацсан, бусад хэлбэрийн уй гашуу, цөхрөлийг амсаж буй гадуурхагдсан хүмүүст туслахаар хичээж буй хүмүүсийн энэрэн нигүүлсэх, хүмүүнлэг сэтгэлийг хараад бид ч мөн урам зориг авч болно.

Саяхан Польш дахь хэсэг ээж хамтраад, цөхрөнгөө барж дүрвэсэн гэр бүлүүдэд зориулан галт тэрэгний буудлын тавцангууд дээр иж бүрэн хүүхдийн тэрэгнүүдийг дараалуулан байрлуулж, хилээр нэвтрэн орж ирэх дүрвэгч хүүхэд, эхчүүдийг галт тэрэгнээс буумагцаа тэдгээрийг ашиглах боломжтой болгосон талаар мэдээний эх сурвалжууд мэдээлсэн юм. Бид нэг нэгнийхээ ачааг үүрэхийн хэрээр “Христийн хуулийг хэрэгжүүлдэг”4 учраас Тэнгэрлэг Эцэг маань энэ мэт өгөөмөр үйлсийг таалдаг нь гарцаагүй.

Бид хөршдөө нэг ч үг хэлээгүй байсан ч Христийнхтэй адил хайрыг харуулах бүрдээ сайн мэдээг номлож байдаг.

Бусдыг хайрлах нь хөршөө хайрлах хоёр дахь агуу тушаалын тод томруун илэрхийлэл5 бөгөөд энэ нь бидний сэтгэл дотор явагдаж буй Ариун Сүнсний цэвэршүүлэх үйл явцыг харуулдаг. Бид Христтэй адил бусдыг хайрласнаар бидний сайн үйлсийг хардаг хүмүүсийг “тэнгэр дэх [бидний] Эцэгийг алдаршуулахад”6 хүргэж чадна.

Бид үүнийг хариу нэхэлгүйгээр хийдэг.

Тэд бидний хайр болон захиасыг хүлээн зөвшөөрнө гэж бид найддаг ч тэдний хариу үйлдлийг бид хянаж чадахгүй.

Харин бид юу хийхээ, хэн байхаа хянаж чадна.

Бид Христийн адил бусдыг хайрласнаар Түүний сайн мэдээний алдар суут, амьдралыг өөрчилдөг шинж чанаруудыг зааж, Түүний агуу даалгаврыг гүйцэлдүүлэхэд гайхалтайгаар оролцдог.

Хуваалц

Бидний хийж чадах хоёр дахь зүйл бол хуваалцах юм.

Тайландад амьдардаг Висан ах КОВИД-19 цар тахал дэгдэж эхлэх үед Мормоны Номыг судлаад, сурсан мэдрэмж, сэтгэгдлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцах сүнслэг өдөөлтийг мэдэрчээ. Тэрээр хувийн үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэлийнхээ нэгэнд Мормоны Номд гардаг Амюлек, Алма гэдэг хоёр номлогчийн түүхийг хуваалцсан байна.

Түүний ах Винай хэдийгээр шашны өөр итгэл үнэмшилтэй байсан ч энэ нийтлэлийг уншаад сэтгэл нь хөдөлж, “Би энэ номыг тай хэлээр авч болох уу?” гэж асуужээ.

Висан самбаа гаргаж, хоёр номлогч эгчээр Мормоны Ном хүргүүлсэн ба улмаар тэд ахад нь сургаалыг зааж эхэлсэн байна.

Висан ахтайгаа хамт онлайн хичээлүүдэд оролцож, Мормоны Номын талаарх мэдрэмжүүдээ хуваалцжээ. Винай үнэнийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхийн тулд үнэнийг эрэлхийлэгч сүнсээр залбирч, судалж сурав. Тэр хэдхэн сарын дотор баптисм хүртсэн юм!

Висан хожим нь “Бид Бурханы мутар дахь зэмсэг байх үүрэгтэй бөгөөд Түүнийг биднээр дамжуулан Өөрийн ажлыг Өөрийн арга замаар гүйцэтгэхэд үргэлж бэлэн байх ёстой” гэж хэлсэн юм. Висан сайн мэдээг энгийн, тодорхой байдлаар хуваалцсан учраас түүний гэр бүлд гайхамшиг тохиожээ.

Бид бүгд бусадтай аливаа зүйлсээ хуваалцдаг. Бид үүнийг байнга хийдэг. Бид ямар кинонд мөн ямар хоолонд дуртайгаа, үздэг хөгжилтэй зүйлс, зочилсон газрууд, талархдаг урлаг, урам зориг авсан эшлэлүүдээ хуваалцдаг.

Бид бусадтай хуваалцдаг зүйлсийнхээ жагсаалтад Есүс Христийн сайн мэдээний талаарх дуртай зүйлсээ хэрхэн хялбархан нэмж оруулах вэ?

Ахлагч Дийтр Ф.Угдорф “Хэрэв хэн нэгэн танаас амралтын өдрөөрөө юу хийснийг тань асуувал сүм дээр юу болсныг хуваалцахаас бүү татгалз. Хүмүүсийн өмнө гараад, Есүстэй адилхан болохыг хэрхэн хичээж байгаа талаараа дуулсан хүүхдүүдийн тухай яриарай. Та мөн ахмадын асрамжийн газар очиж, нас дээр гарсан хүмүүст хувийн түүхийг нь эмхэтгэн цуглуулахад цаг гарган тусалсан өсвөр үеийнхний талаар яриарай”7 хэмээн зөвлөжээ

Хуваалцах гэдэг нь сайн мэдээг “борлуулах” гэсэн үг биш юм. Та ямар нэгэн захиас бичих эсвэл хэн нэгний буруу ойлголтыг засах шаардлагагүй.

Номлолын ажлын хувьд Бурхан танаас Түүний хууль сахиулагч байхыг шаарддаггүй. Харин Тэр танаас Түүний хуваалцагч байхыг хүсдэг.

Сайн мэдээний талаарх эерэг туршлагуудаа бусадтай хуваалцсанаар бид Аврагчийн агуу даалгаврыг гүйцэлдүүлэхэд оролцдог.

Урь

Бидний хийж чадах гурав дахь зүйл бол урих юм.

Майра эгч бол Эквадорт амьдардаг шинэхэн хөрвөгч. Тэрээр баптисм хүртсэн даруйдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан эргэн тойрныхоо найз нөхөд, хайртай хүмүүсээ сургаалд урьсан бөгөөд ингэснээр түүний сайн мэдээнээс мэдэрдэг баяр баясгалан огцом өсжээ. Түүний бичлэгийг үзсэн гэр бүлийн маш олон гишүүн, найз нөхөд нь түүнд асуулт илгээсэн байна. Майра тэдэнтэй холбогдож, тэднийг номлогчидтой хамт гэртээ уриад хамтдаа уулздаг байв.

Майра “ирээд, харах” болон “ирээд, үйлчлэх” мөн “ирээд, нэгдэхэд” зоригтойгоор урьсан тул түүний эцэг эх, дүү нар, нагац эгч, хоёр үеэл болон хэд хэдэн найз нь баптисм хүртжээ. Түүний энгийн бөгөөд тодорхой урилгаар дамжуулан 20 гаруй хүн Есүс Христийн Сүмд баптисм хүртэж, гишүүд болсон юм. Майра эгч Сүмийн гишүүн болоод мэдэрсэн баяр баясгалангаа бусдад мэдрүүлэхээр энгийн байдлаар урьсан тул ийм зүйл тохиожээ.

Майра эгч сайн мэдээний баяр баяслыг хуваалцсан хүмүүстэйгээ хамт

Бидэнд бусдад өгч чадах олон зуун урилга байдаг. Бид бусдыг Есүс Христийн сайн мэдээг тайлбарладаг онлайн видео, ариун ёслолын цуглаан, тойргийн үйл ажиллагаа зэргийг “ирээд, харахад” урьж болно. Мөн “ирээд, харах” гэдэгт ариун сүмийг онцгойлон адислахаас өмнөх нээлттэй хаалганы өдөрлөгт зочлох, Мормоны Номыг унших зэрэг урилгууд орж болно. Зарим тохиолдолд өөрсдөдөө байгаа, тухайлбал эргэн тойронд байгаа боломжуудаа анхаарч хараад, тэдгээрийн дагуу үйлдэхийг сануулах замаар урилга өгдөг.

Өнөөгийн цахимжсан цаг үед гишүүд ихэвчлэн олон нийтийн сүлжээг ашиглан, захиасыг хуваалцдаг. Хуваалцахад зохистой мянга биш юм аа гэхэд зуу зуун урамшуулсан захиас бий. Тэдгээр нь “ирээд, харахад” болон “ирээд, үйлчлэхэд” мөн “ирээд, нэгдэхэд” урьсан агуулгатай байдаг.

Есүс Христийн сайн мэдээний талаар илүү ихийг мэдэхэд бусдыг урьснаар бид Түүний даалгаварт ажилд оролцох Аврагчийн бидэнд өгсөн дуудлагыг биелүүлдэг.

Дүгнэлт

Хайрт ах, эгч нар аа, бид өнөөдөр хэний ч хийж чадах энгийн бөгөөд хялбар гурван зүйлийн талаар ярилаа. Та нар эдгээрийг хийж чадна! Та нар магадгүй өөрөө ч мэдэлгүйгээр аль хэдийн хийдэг байх!

Би та бүхнийг хайрлаж, хуваалцаж, урьж болох арга замуудыг тунгаан бодоход урьж байна. Та ийнхүү үйлдсэнээр бидний хайрт Аврагчийн үгсийг анхааран сонсож байгаа гэдгээ мэдээд, баяр хөөр тань нэмэгдэхийг мэдрэх болно.

Миний та нараас хийхийг хүсэж буй зүйл шинэ хөтөлбөр биш юм. Та нар энэ зарчмуудыг урьд нь сонсож байсан. Энэ бол Христийн та нараас хийхийг хүсэж буй “дараагийн том зүйл” ч биш. Энэ гурван зүйл бол Есүс Христийн шавь нарын хувьд бидний аль хэдийн хийдэг зүйлс билээ.

Үүнийг хийхэд нэрийн тэмдэг, номлолын захидал шаардлагагүй.

Албан ёсны дуудлага ч шаардлагагүй.

Энэ гурван зүйл бидний хэн болох, хэрхэн амьдарч байгаагийн энгийн нэг хэсэг болохын хэрээр ердийн дадал хэвшил, жинхэнэ хайрын илэрхийлэл болох болно.

2000 жилийн тэртээд Христээс суралцахаар Галилд хамтдаа цугларсан Түүний шавь нар шиг бид ч мөн сайн мэдээг номлохоор бүх дэлхий даяар явж, Аврагчийн урилгыг гүйцэлдүүлж чадна.

Бид хайрлаж, хуваалцаж, урихын хэрээр Мессиагийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэж буй агуу хийгээд алдар суут ажилд оролцдог.

Бид Түүний дуудлагыг анхааран сонсож, агуу ажилд оролцохоор хичээх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Maтай 28:19

  2. Сүмийн эхэн үеийн өсөлтийн шалтгаан юу байсан бэ? Нэгэн түүхч “Итгэлийн мөн чанарын талаар нухацтай судлахад хүргэсэн хамгийн эхний зүйл бол бусад итгэгчтэй биечлэн уулзаж харилцсан явдал байв. … Есүсийг дагасан хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч, тэдний зан авирыг ойроос харж, өдөр тутмын энгийн үйл ажиллагааныхаа дундуур сайн мэдээний тухай ярьж байхыг сонсоод тэдний амьдрал өөрчлөгдсөн гэсэн нотолгоотой тулгарсан юм. Энэ утгаараа Христийн шашны итгэл татах хүч нь ихэнхдээ Түүний хамгийн нэр хүндтэй төлөөлөгчдийн олон нийтэд зарласан мэдэгдэлд бус, харин Есүсийг шүтэн биширч буй жирийн хүмүүсийн үнэнч шударга, тууштай, нээлттэй байдал, үүгээрээ өөрсдийн амлалтыг сахиж байгаагаа харуулсан тэдний даруухан гэрчлэл дээр тогтдог” (Ivor J. Davidson, The Birth of the Church: From Jesus to Constantine, AD 30–312 [2005], 108–9) хэмээн бичжээ.

  3. Lucy Mack Smith, History, 1845, page 169, josephsmithpapers.org-ийг үзнэ үү.

  4. Галат 6:2

  5. Матай 22:39-ийг үзнэ үү.

  6. Maтай 5:16

  7. Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17.