Христийг болон Түүний сайн мэдээг бишрэн шүтэхүй
Нүдээрээ харж, зүрх сэтгэлээрээ мэдэрсэн зүйлийн талаарх ой санамж маань Аврагчийн цагаатгагч золиосыг илүү ихээр гайхан бишрэхэд туслах болтугай.
Надад хосгүй ухаантай, тэтгэвэртээ гарсан, их сургуулийн профессор, амжилттай зохиолч бөгөөд юу юунаас илүү Есүс Христийн үнэнч шавь, нэгэн эрхэм найз байдаг. Тэр Ариун газарт чуулганд оролцож, эрдэм шинжилгээний ажил удирдаж, аялал хөтлөхөөр олон арван удаа очиж байсан. Түүний хэлсэнчлэн, Есүсийн алхаж явсан газарт очих бүрдээ Аврагчийн тухай болон Түүний мөнх бус амьдрал дахь тохинуулал, хайртай төрөлх нутгийнх нь тухай ямар нэгэн шинэ, сонирхолтой, биширмээр зүйлийг зайлшгүй мэдэж авдаг нь гайхмаар. Найзыг минь Ариун газраас сурч мэдсэн зүйлийнхээ тухай сэтгэл догдлон ярихад энэ нь бусдад нөлөөлдөг бөгөөд энэхүү шагшран хүлээн авдаг байдал нь түүний амьдралдаа хүрч чадсан асар их амжилт, эрдмийн ажлынх нь үндэс суурь байсан юм.
Би түүний туршлагыг сонсож, хүсэл тэмүүллийг нь мэдрэхдээ бид Есүс Христийн заасан сайн мэдээний талаар хэр их сүнслэг гайхамшигт мэдрэмжийг мэдэрч чадахыг болон мэдрэх ёстойг мөн энэ нь бидний шавь байх зам, мөнх амьдралд хүрэх аялалд ямар нөлөө үзүүлэх тухай эргэцүүлэн бодсон. Миний дурдаж буй энэ гайхамшигт мэдрэмж бол амьдралаа Аврагч дээр болон Түүний сургаал дээр бүхий л сэтгэл зүрхээрээ төвлөрүүлдэг, Түүний оршихуйг даруухнаар хүлээн зөвшөөрдөг бүх хүнд төрдөг сэтгэл хөдлөл, догдлол, гайхах мэдрэмж юм. Ариун Сүнсний нөлөөгөөр өдөөгдсөн энэхүү гайхамшигт мэдрэмж нь Христийн сургаалын дагуу баяр баясгалантай амьдрах урам зоригийг өгдөг.1
Судруудад энэ мэдрэмж хэрхэн илэрдэг талаар өгсөн хэд хэдэн жишээ бий. Тухайлбал, бошиглогч Исаиа Их Эзэнд баярласнаар гүн талархлаа илэрхийлсэн байдаг.2 Капернаум дахь синагогт Есүсийн номлож байгааг сонссон хүмүүс Түүний сургаалыг төдийгүй заасан шийдэмгий байдлыг нь гайхширсан байдаг.3 Яг ийм мэдрэмж Библи дээрх Иаковын эхний бүлгийг уншиж байхад нь залуу Иосеф Смитийн зүрх сэтгэлийн угт мэдрэгдэж түүнийг Бурханаас мэргэн ухааныг эрэлхийлэхэд хүргэсэн.4
Хайрт ах, эгч нар аа, бид Есүс Христийг болон Түүний сайн мэдээг үнэхээр гайхан бишрэх үедээ илүү аз жаргалтай байж, Бурханы ажилд илүү их урам зоригтой шамдан орж, бүх зүйлд Их Эзэний мутрыг олж хардаг болдог. Түүнчлэн Бурханы үгийг судлах явц маань илүү утга учиртай, залбирал маань илүү зорилготой, шүтлэг бишрэл маань илүү хүндэтгэлтэй, Бурханы хаант улсад үзүүлдэг үйлчлэл маань улам хичээнгүй болдог. Энэ бүх үйлдэл нь бидэнд Ариун Сүнсний нөлөөллийг амьдралдаа илүү ойр ойрхон мэдрэхэд тус дэм болдог.5 Иймээс Аврагч болон Түүний сайн мэдээний талаарх бидний гэрчлэл хүчирхэгжиж, дотор оршдог Христээ амьд байлган,6 амьдралаа “Түүнд үндэслэ[н], байгуул[ж], итгэлдээ баталгаажин, талархлаар бялха[н]”7 амьдрах болно. Бид ийнхүү амьдарснаар сүнслэг байдлаараа улам бүр хүчирхэгжиж, сүнслэг байдлын хувьд хайхрамжгүй байх урхинд орохоос хамгаалагддаг.
Ийм хайхрамжгүй байдлыг Их Эзэний сайн мэдээнд бүрэн оролцох гал халуун хүсэл нь аажим аажмаар хөрөх явдал гэж тодорхойлдог. Ерөнхийдөө энэ байдал нь энэ дэлхийд аз жаргалтай байхын тулд хүлээн авсан байх хэрэгтэй бүх мэдлэг, адислалаа аль хэдийн авсан гэж бодох үед эхэлдэг байна. Ийнхүү сэтгэл ханаснаар бид сайн мэдээний бэлгүүдээ байдаг л зүйл мэт үзэх болж, тэр мөчөөс эхлэн Есүс Христийн сайн мэдээний үндсэн хэсэг8 болох ёслол, үйл ажиллагаанд байнга оролцохоо больж, байгуулсан гэрээнүүдээ үл тоомсорлох эрсдэлд ордог. Эцэст нь, бид аажмаар Их Эзэнээс холдож, “Түүнийг сонсох”9 чадвар маань суларч, Түүний агуу ажилд хайхрамж, мэдрэмжгүй ханддаг болдог. Аль хэдийн хүлээж авсан үнэнүүдтэй холбоотой төрсөн эргэлзээ бидний сэтгэл, зүрхэнд шургалан орж, дайсны уруу таталтад өртөмтгий болдог.10
Алдарт зохиолч, зоригт Христэд итгэгч, пастор Эйдэн Вилсон Төүзэр “Сэтгэл ханасан байх нь бидний бүх сүнслэг өсөлтийг үхэлд хүргэдэг дайсан юм”11 гэж бичжээ. Христийг төрсний дараахан Нифайн хүмүүст яг энэ зүйл тохиолдоогүй гэж үү? Тэд “тэнгэрээс ирэх аливаа тэмдэг эсвээс гайхамшигт улам багаар цочирдон гайхах болж эх[лэн]” … “мөн сонссон мөн харсан бүхэндээ [итгэхгүй]” болж эхэлсэн. Тийн Сатан “тэдний мэлмийг харалган болгож мөн Христийн сургаал бол мунхаг мөн хоосон зүйл гэдэгт тэднийг итгүүлэхээр дагуул[сан].”12
Хайрт ах, эгч нар аа, Аврагч төгс, хязгааргүй хайраар хайрладаг, мөн хүмүүний мөн чанарыг мэддэг тул13 сүнслэг байдлын хувьд хайхрамжгүй байх урхинд орохоос зайлсхийх арга замыг бидэнд өгсөн билээ. Ялангуяа бидний амьдарч буй ээдрээтэй дэлхийг авч үзвэл, “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно”14 хэмээх Аврагчийн урилга бидэнд аливаа зүйлийг илүү өргөн хүрээнд харах боломжийг олгодог. Аврагчийн урилгыг хүлээж авснаар бид даруухан, заалгах хүсэлтэй, Түүнтэй илүү адилхан болно хэмээн найдаж байгаагаа харуулдаг.15 Энэ урилгад мөн “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа”16 Түүнд үйлчилж, Бурханы хүүхдүүдэд тохинуулах явдал ордог. Энэ аян замдаа гаргах хичээл зүтгэлийн маань гол цөм бол яах аргагүй Бурхан Эзэнээ хайрла мөн хөршөө өөрийн адил хайрла гэсэн хоёр агуу зарлиг юм.17
Энэ хоёр хайр бол Есүсийн тэнгэрлэг зан чанарын нэгэн хэсэг бөгөөд дэлхий дээрх тохинууллынхаа үеэр хийсэн бүх зүйлээс нь илэрдэг байсан.18 Тиймээс бид Түүн рүү харж, Түүний төгс үлгэр жишээнээс суралцахыг чин сэтгэлээсээ зорьж, өөрийгөө зориулах аваас19 Түүнийг илүү сайн таньж мэддэг. Мөн хэрхэн амьдрах тогтсон жишиг, үзүүлбэл зохих үлгэр жишээ, дагавал зохих зарлигуудыг амьдралтайгаа уялдуулан холбох бидний хүсэл эрмэлзэл өсөн нэмэгддэг. Бид бас Бурхантай болон хөрштэйгөө холбоотой нэмэлт ойлголт, мэргэн ухаан, бурханлаг зан чанар, нигүүлслийг олж авдаг.20 Түүнчлэн амьдралдаа Аврагчийн нөлөө ба хайрыг мэдрэх чадвар маань улам хөгжиж, улмаар итгэл, зөв шударгаар үйлдэх хүсэл, Түүнд болон бусдад үйлчлэх урам зоригийг маань өсгөн нэмэгдүүлнэ21 гэдгийг би та нарт амлаж байна. Нэмж хэлэхэд, мөнх бус амьдралд хүлээн авах адислал, тулгарах сорилт бэрхшээлдээ талархах талархал маань батжиж, жинхэнэ шүтлэг бишрэлийн маань нэгэн хэсэг болох болно.22
Хайрт найз нар аа, энэ бүх зүйл нь сайн мэдээний талаар бодоход төрдөг сүнслэг ер бусын мэдрэмжийг маань хүчирхэгжүүлж, сорилт бэрхшээлийн дунд ч Их Эзэнтэй байгуулдаг гэрээнүүдээ дуртайяа сахих хүслийг төрүүлдэг. Мэдээж ийм үр дүнд хүрэхийн тулд бид Аврагчийн сургаалд итгэлтэй байж, чин хүсэл эрмэлзэлтэйгээр гүн орж,23 Түүний зан чанарыг өөрсдийн салшгүй нэгэн хэсэг болгохыг хичээх хэрэгтэй.24 Нэмж хэлэхэд, бид наманчлалаар дамжуулан Түүнд илүү ойртон,26 амьдралдаа Түүний өршөөл болон гэтэлгэх хүчийг эрэлхийлж, зарлигуудыг нь сахих хэрэгтэй. Хэрэв бид бүх зүрх сэтгэлээрээ Түүнд итгэж, бүх зүйлдээ Түүнийг хүлээн зөвшөөрч, өөрсдийн ойлголтод тулгуурлахгүй26 байх аваас Их Эзэн бидний замыг удирдан чиглүүлэхээ амласан.
Саяхан надтай уулзсан Вэс гэх залуу өнөөдөр чуулганд оролцож байгаа бөгөөд Христийн тухай мөн Түүний сайн мэдээнээс суралцах урилгыг хүлээн авч, гэрээний замаас 27 жил хөндийрснийхөө дараа Түүний хайрын гайхамшгийг мэдэрч эхэлсэн байна. Вэйсийн ярьснаар ахлагч Жөүнс гэх номлогч анх томилогдсон Панам дахь номлолдоо явахынхаа өмнө, Вэсийн амьдарч байсан бүсэд түр томилогдсон байсан бөгөөд нэг өдөр түүнтэй фэйсбүүкээр холбогдсон байна. Ахлагч Жөүнс Вэсийг хэдийний Сүмийн гишүүн байсныг мэдээгүй тул түүний танилцуулгыг хараад, Ариун Сүнсний удирдамжийг мэдэрч, Вэстэй нэн даруй холбоо барих хэрэгтэй гэдгээ мэджээ. Тэр төрсөн мэдрэмжээ хойш нь тавилгүй шууд холбогдов. Ийн гэнэт холбогдсонд Вэс гайхан, гэрээний замаас холдсон байсан ч Их Эзэн түүний хэн болохыг мэдэж байгааг ухаарч эхэлжээ.
Түүнээс хойш Вэс номлогчидтой ойр ойрхон харьцаж эхлэв. Ахлагч Жөүнс хамтрагчтайгаа хамт долоо хоног бүр түүнд үйлчилж, сүнслэг захиас хуваалцаж байсан нь Вэсийн Аврагчийн болон Түүний сайн мэдээний талаарх мэдрэмжийг сэргээхэд тусалсан юм. Энэ нь үнэний тухай гэрчлэлийн, Аврагчийн түүнийг гэх хайрын дөлийг дахин асаахад тусалжээ. Вэс Тайтгаруулагчаас ирдэг амар амгаланг мэдэрч, сүрэгтээ эргэн ирэхэд шаардлагатай хүчийг олж авсан. Энэ үйл явдал сүнслэг байдал, сэтгэл санааны хувьд түүнийг дахин амьдруулж, хүнд хэцүү үйл явдлаас болж олон жил хуримтлагдсан гомдол цөхрөлийг нь арилгахад тусалсан тухай тэр надад ярьсан юм.
Дээр дурдсан гярхай профессор найзын маань ажигласантай адил Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаар суралцахад ямар нэгэн гайхалтай, сэтгэл хөдөлгөм зүйлс байнга гарч ирдэг.27 Их Эзэн Өөрөөс нь суралцаж, үгийг нь амьдралынхаа нэгэн хэсэг болгохыг эрэлхийлдэг бүх хүнд болон бидэнд гайхалтай амлалтуудыг өгсөн. Тэрээр Еноход “Болгоогтун миний Сүнс чам дээр [байна], иймийн тул, чиний бүх үгсийг бибээр зөвтгөх болно; мөн уулс чиний өмнө зугтах болно, мөн гол мөрнүүд голдрилоосоо эргэх болно; мөн чибээр надад, мөн би чамд орших болно”28 хэмээн хэлжээ. Өөрийн үйлчлэгч хаан Бенжаминаар дамжуулан Тэрээр “Мөн та нар Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид гэж нэрлэгдэх болно; учир нь болгоогтун, энэ өдөр тэрээр та нарыг оюун санаагаар тань төрүүллээ; учир нь та нарын зүрх сэтгэл түүний нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн хэмээн та нар хэллээ; тиймийн тул, та нар түүнээс төрсөн мөн түүний хөвгүүд мөн түүний охид болсон бөлгөө”29 хэмээн тунхагласан.
Тиймээс Аврагчаас суралцаж, үлгэр жишээг нь дагахыг чин сэтгэлээсээ, үргэлж хичээх юм бол Түүний нэр, тэнгэрлэг зан чанар бидний сэтгэл, зүрхэнд бичигдэж,30 бид Түүнтэй илүү адилхан болж, хамт алхах болно31 гэдгийг би Түүний нэрээр амлаж байна.
Хайрт ах, эгч нар аа, бид хэзээд Есүс Христийг болон Түүний бүрэн, хязгааргүй, төгс хайрыг үргэлж бахдан биширдэг байгаасай гэж би залбирч байна. Нүдээрээ харж, зүрх сэтгэлээрээ мэдэрсэн зүйлийн талаарх ой санамж маань бидний сүнслэг болон сэтгэлийн шархыг эдгээж, Түүнтэй илүү ойртоход тусалдаг Аврагчийн цагаатгагч золиосыг илүү ихээр гайхан бишрэхэд туслах болтугай. Эцэгийн итгэлтэй хүмүүст зориулан бэлдсэн, мутарт нь байх агуу амлалтуудыг шагшин дуулцгаая.
“Хаант улс та нарынх болой, мөн үүн дээрх адислалууд та нарынх билээ, мөн үүрд мөнхийн баялагууд та нарынх бөлгөө.
Мөн бүх зүйлийг талархалтайгаар хүлээн авдаг тэрээр алдар суут болгогдох болно”32.
Есүс бол дэлхийн Гэтэлгэгч мөн бөгөөд энэ бол Түүний Сүм юм. Би эдгээр үнэнийг бидний Аврагч Есүс Христийн бишрэм, эрхэм нандин, ариун нэрээр гэрчилж байна, амен.