Судрууд
3 Нифай 2


Бүлэг 2

Хүмүүсийн дунд ёс бус явдал болон жигшүүрт үйлүүд ихсэв—Гадиантоны дээрэмчдийн эсрэг өөрсдийгөө хамгаалахаар нифайчууд болон леменчүүд нэгдэв—Хөрвүүлэгдсэн леменчүүд цагаан болж, нифайчууд хэмээн нэрлэгдэв. Ойролцоогоор МЭ 5–16 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тийн ерэн тав дахь он түүнчлэн улирч одов, мөн хүмүүс өөрсдийн сонссон тэмдгүүд болон гайхамшгуудыг мартаж эхлэв, мөн тэнгэрээс ирэх аливаа тэмдэг эсвээс гайхамшигт улам багаар гайхдаг болж эхлэв, үүний хэрээр тэд зүрх сэтгэлдээ хатуу, мөн оюун санаандаа харалган болж эхлэв, мөн тэд сонссон мөн харсан бүхэндээ итгэхгүй болж эхлэв—

2 Хүмүүсийн зүрх сэтгэлийг хууран мөн буруу тийш дагуулахын тулд, тэр нь хүмүүнээр мөн чөтгөрийн хүчээр үйлдэгдсэн хэмээн зарим хоосон зүйлийг зүрх сэтгэлдээ төсөөлснөөс буюу; мөн хүмүүсийн зүрх сэтгэлийг Сатан дахин тийн эзэмшив, үүний хэрээр тэрбээр тэдний мэлмийг харалган болгож мөн Христийн сургаал бол мунхаг мөн дэмий хоосон зүйл гэдэгт тэднийг итгүүлэн дагуулав.

3 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс ёс бус явдал болон жигшүүрт үйлүүдэд хүчирхэг болж эхлэв; мөн тэмдгүүд болон гайхамшгууд цаашид өгөгдөнө гэдэгт тэд итгэсэнгүй; мөн Сатан явж, хүмүүсийн зүрх сэтгэлийг дагуулан, тэднийг уруу татан мөн тэднийг уг нутагт агуу ёс бусыг хийхэд хүргэв.

4 Мөн тийн ерэн зургаа; түүнчлэн ерэн долоо; мөн түүнчлэн ерэн найм; мөн түүнчлэн ерэн ес дэх он улирч одов;

5 Мөн түүнчлэн нифайчуудын ард түмний хаан асан Мозаягийн өдрүүдээс хойш зуун жил улирч одсон байв.

6 Мөн Лихай Иерусалимыг орхисноос хойш зургаан зуун есөн жил улирч одсон байлаа.

7 Мөн Христ дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдоор яригдсан тэрхүү тэмдэг өгөгдсөнөөс хойш есөн жил улирч оджээ.

8 Эдүгээ нифайчууд уг тэмдэг өгөгдсөн энэ үеэс хойш, өөрөөр хэлбэл Христийн ирэлтээс цаг хугацаагаа тоолох болжээ; тиймийн тул, есөн жил улирч оджээ.

9 Мөн Нифайн эцэг асан, цэдгүүдийг хариуцаж байсан Нифай Зарахемла нутагт эргэж ирсэнгүй, мөн бүх нутагт хаанаас ч олдохгүй байв.

10 Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн дунд ихээхэн номлол мөн бошиглол илгээгдсэн хэдий ч тэд ёс бус байдалдаа хэвээр үлдэв; мөн тийн арав дахь он түүнчлэн улирч одов; мөн арван нэг дэх он түүнчлэн алдаст улирч одсон болой.

11 Мөнхүү улиран тохиох дор арван гурав дахь онд бүх нутаг даяар дайнууд мөн зөрчилдөөнүүд байж эхлэв; Гадиантоны дээрэмчид маш олон тоотой болж мөн хүмүүсээс маш олныг нь хөнөөж, мөн маш олон хотыг устгаж, мөн уг нутаг даяар маш их үхэл мөн алаан хядаан тараасны учир, нифайчууд мөн леменчүүдийн аль аль нь, бүх хүн тэдний эсрэг зэр зэвсэг барих шаардлагатай болов.

12 Тиймийн тул, Их Эзэнд хөрвүүлэгдсэн бүх леменчүүд өөрсдийн ах дүүс болох нифайчуудтай нэгдэв, мөн өөрсдийн амь нас мөн эмэгтэйчүүдийнхээ болон хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын төлөө, тийм ээ, мөн өөрсдийн эрхийг, өөрсдийн сүмийн бөгөөд өөрсдийн сүсэг бишрэлийн онцгой боломжууд мөн өөрсдийн эрх чөлөө, чөлөөт байдлыг хадгалан хамгаалахаар Гадиантоны дээрэмчдийн эсрэг зэвсэг барихаас аргагүйд хүрэв.

13 Мөнхүү улиран тохиох дор энэхүү арван гурав дахь он улирч одохын өмнө үлэмж ширүүн болсон байсан энэхүү дайны улмаас нифайчууд бүрэн устгалаар заналхийлэгдэв.

14 Мөнхүү улиран тохиох дор нифайчуудтай нэгдсэн тэр леменчүүд нифайчуудын дунд тоологдов;

15 Мөн тэдний зүхэл тэднээс авагдаж, мөн тэдний арьс нифайчуудынхтай адил цагаан болжээ;

16 Мөн тэдний залуу эрэгтэйчүүд мөн тэдний охид үлэмж үзэсгэлэнтэй болж, мөн тэд нифайчуудын дунд тоологдож, мөн нифайчууд хэмээн нэрлэгдэв. Мөн арван гуравдугаар он тийн төгсөв.

17 Мөнхүү улиран тохиох дор арван дөрөвдүгээр оны эхэнд, дээрэмчид мөн Нифайн хүмүүсийн хооронд дайн үргэлжилж мөн үлэмж ширүүн болов; гэсэн хэдий ч, Нифайн хүмүүс дээрэмчдийн дээр зарим давуу талыг олж, үүний хэрээр тэд тэднийг нутгаасаа ухраан, уул руу мөн тэдний нуувчууд тийш хөөв.

18 Мөн арван дөрөвдүгээр он ийн төгсөв. Мөн арван тавдугаар онд тэд Нифайн хүмүүсийн эсрэг давшин ирэв; мөн Нифайн хүмүүсийн ёс бусын, мөн тэдний олон зөрчилдөөн мөн тэрслэлүүдийн улмаас, Гадиантоны дээрэмчид тэдний дээр олон давуу тал олж авсан ажээ.

19 Мөн арван тав дахь он ийн төгсөж, мөн тийн уг хүмүүс олон зовлон зүдгүүрийн байдалд байв; мөн устгалын илд тэдний дээр далайгдсан байв, үүний хэрээр тэд түүгээр цохигдох гэж байв, мөн энэ нь тэдний алдсын улмаас буюу.

Хэвлэх