Үүрд үлдэх жимс
Хэрэв бид үүрд мөнхөд амлагдсан адислалтай байхыг хүсвэл бидний ёслолуудыг Ариун Сүнс лацдах нь маш чухал юм.
Би жаахан байхдаа болц нь гүйцсэн тоор жимсэнд их дуртай байлаа. Өнөөг болтол, хурц амттай, болц нь гүйцсэн шүүслэг тоор хазаж байна гэж бодох төдийд л арааны шүлс асгардаг. Бүрэн боловсорсон тоорыг хурааж авснаас хойш 2-оос 4 өдрийн дараа мууддаг. Ирэх өвлийн улиралд зориулан хурааж авсан тоороо шилэн саванд нөөшлөх гэж ээж, ах, эгч, дүү нар минь гал тогооныхоо өрөөнд цуглардаг байсныг санахад сайхан санагддаг. Бид тоороо зөв нөөшилбөл 2-оос 4 өдөр биш, харин хэдэн жил ч амттай сайхан хэвээрээ байдаг. Зөв бэлтгэж, халаавал тагны лацыг салгаж авах хүртэл хадгалж болдог юм.
Христ биднийг “явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай” хэмээн зааж чиглүүлсэн. Гэхдээ Тэрээр тоор жимсний талаар яриагүй. Тэрээр хүүхдүүддээ өгдөг Бурханы адислалын талаар ярьж байсан. Хэрэв бид Бурхантай гэрээнүүд байгуулж, сахивал гэрээтэй хамт дагалдан ирэх адислалууд энэ амьдралын дараа ч үргэлжлэх ба үүрд үлдэх жимс болж, бидний дээр үүрд лацдагдах буюу нөөцлөгдөх болно.
Амлалтын Ариун Сүнсний тэнгэрлэг үүргээрээ Ариун Сүнс гэрээнүүддээ итгэлтэй хүмүүсийн дээр ёслол бүрийг лацдах ба тэдгээр нь мөнх бус байдлын дараа хүчинтэй болох болно. Хэрэв бид үүрд үлдэх жимс болж, үүрд мөнхөд амлагдсан адислалтай байхыг хүсвэл бидний ёслолуудыг Ариун Сүнс лацдах нь маш чухал юм.
Хэрэв бид өргөмжлөгдөхийг хүсдэг бол энэ нь нэн чухал. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид оюундаа төгсгөлийг нь харж эхлүүлэх хэрэгтэй. Мэдээж, бидний хүн нэг бүрийн хувьд бидний хамгийн их хүрэхийг тэмүүлдэг ‘төгсгөл’ бол Бурхан Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын оршихуйд өргөмжлөгдсөн байдалд гэр бүлийнхэнтэйгээ үүрд мөнх амьдрах явдал юм” хэмээн заасан. Ерөнхийлөгч Нэлсон мөн “Селестиел гэрлэлт бол мөнх амьдралд бэлтгэх бэлтгэлийн нэн чухал хэсэг юм. Энэ нь зөв хүнтэйгээ, зөв газартаа, зөв эрх мэдэлтнээр батлуулан гэрлэсэн байхыг мөн тэрхүү ариун гэрээг итгэлтэйгээр дагахыг шаарддаг. Тэгснээр уг хүн Бурханы селестиел хаант улсад өргөмжлөгдөх нь баталгаатай болох юм” хэмээн заасан.
Өргөмжлөлийн адислалууд гэж юу вэ? Эдгээрт “хаан сэнтий хийгээд эзэгнэлүүд, вант улсууд хийгээд хүчнүүд … үүрд хийгээд мөнхөд үр удмынх нь хувьд үргэлжлэлийг” өвлөн авахын тулд Бурханы оршихуйд эхнэр, нөхрийн хувиар мөнхөд хамт амьдрах, Бурхан Эцэгт буй бүхнийг хүлээн авах зэрэг нь багтана.
Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан:
“Селестиел алдар сууд гурван тэнгэр буюу зэрэглэл буй;
Мөн хамгийн дээдхийг нь олж авахын тулд хүн санваарын энэхүү ариун жаягт [гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг хэлж буй] орох ёстой;
Мөн хэрэв тэрээр үгүй аваас, тэрээр үүнийг олж авч чадах нь үгүй.
Тэрээр нөгөөд нь орж болно, гэвч тэр нь түүний хаант улсын төгсгөл болой; тэрээр өсөн нэмэгдэж үл чадна” хэмээн илчилсэн.
Хүн селестиел хаант улсад байхдаа эсвэл Бурханы оршихуйд оршихдоо ганцаар байх боломжтой гэдгийг бид эндээс ойлгож авдаг. Гэхдээ селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд өргөмжлөл хүртэхийн тулд зохих эрх мэдэлтнээр гэрлэлтээ холбуулж мөн тэгээд уг гэрлэлтээр байгуулсан гэрээнүүддээ үнэнч байх ёстой. Хэрэв бид эдгээр гэрээнд үнэнч байвал Амлалтын Ариун Сүнс бидний гэрлэлтийн гэрээг лацдаж чадна. Эдгээр лацдагдсан адислал “үүрд үлдэх жимс” болно.
Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээ үнэнчээр сахихад юу шаардагддаг вэ?
Биднийг энэхүү мөнхийн гэрлэлтийн гэрээнд нэгдэх үед Бурхантай холбогдох дээшээ холбоо, эхнэр, нөхрийн хоорондох нэг нэгнээ гэсэн зэргэлдээ холбоо гэсэн хоёр төрлийн холбоо байдаг гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан. Бид өөрсдийн дээр өргөмжлөлийн адислалыг лацдуулж, энэ амьдралын дараа лацдагдсан хэвээр байхын тулд гэрээний дээшээ, зэргэлдээ гэсэн хоёр холбоонд үнэнч байх ёстой.
Бурхан бидэнд хань ижилтэйгээ энэхүү зэргэлдээ холбоогоо хадгалахын тулд “эхнэрээ [эсвэл нөхрөө] бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, … өөр хэнтэй ч биш зөвхөн түүнтэй нэгдэн нийлэх ёстой” гэж зөвлөсөн. Гэрлэсэн хүмүүс өөр хэнтэй ч биш зөвхөн түүнтэйгээ нэгдэн нийлэх гэдэг нь хамтдаа хайраар зөвлөлдөх, нэг нэгнээ хайрлах, халамжлах, ямар ч ашиг сонирхлоос илүүтэй хань ижилтэйгээ өнгөрөөх цагаа хамгийн чухалд үзэх, сул дорой байдлаа даван гарахад туслуулахын тулд Бурханаа дуудна гэсэн үг юм. Энэ нь мөн сээтэн хаях эсвэл болзоонд явах, хүсэл тачаал төрүүлэх порнограф үзэх зэргээр гэрлэлтээс гадуурх сэтгэл санааны дотно харилцаа болон бэлгийн харьцаа байхгүй гэсэн утгатай.
Гэрээний зэргэлдээ холбоог хадгалахын тулд хамтрагч тус бүр гэрлэлтээ хадгалж үлдэх хүсэлтэй байх ёстой. Саяхан ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Тэр мөн хэнийг ч хүсээгүй байхад нь лацдан холбох харилцаанд оруулахыг хүчлэхгүй гэдгийг бид мэднэ. Лацдан холбогдсон харилцаанаас ирэх адислалууд нь гэрээгээ сахидаг бүх хүнд баттай ирэх ч зохисгүй, бэлэн бус хүнтэй хүчээр лацдан холбогдохыг хэзээ ч хүчилдэггүй” гэж заасан.
Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн, Бурхантай холбогдох дээшээ холбоо гэж юу вэ? Дээшээ холбоог бид Бурхантай байгуулдаг.
Бурхантай холбогдох дээшээ холбоогоо хадгалахын тулд бид дуулгавартай байдлын, золиослолын, сайн мэдээний, ариун явдлын хуулийн болон бүхнээ зориулах хуулийн дагуу байгуулсан ариун сүмийн гэрээндээ үнэнч байх ёстой. Түүнчлэн бид мөнхийн ханиа хүлээн авах, зөв шударга хань, эцэг эх байх гэрээг Бурхантай байгуулдаг. Бид Бурхантай холбогдох дээшээ холбоогоо хадгалах үедээ үр хойч, сайн мэдээ, санваарын адислал зэргийг багтаах Абрахамын гэрээгээр дамжуулан Бурханы гэр бүлийн нэг хэсэг байх адислалыг хүлээн авахуйц болж тэнцдэг. Түүнчлэн эдгээр адислал бол үүрд үлдэх жимс юм.
Шинэ бөгөөд үүрдийн гэрээнд нэгддэг бүх хүн үнэнч хэвээр үлдэнэ, лацдагдсан адислалуудтайгаа мөнхөд байна гэж бид найддаг ч заримдаа энэ туйлын зорилгод хүрч чадахгүй мэт санагддаг. Гэрээ байгуулж сахидаг ч хань ижил нь тийм биш гишүүдтэй тохинууллынхаа туршид би учирч байсан. Түүнчлэн мөнх бус амьдралд гэрлэх боломж олдоогүй ганц бие хүмүүс байгаа. Гэрлэлтийн гэрээндээ үнэнч бус хүмүүс ч бас байдаг. Ийм тохиолдлуудад хувь хүмүүст юу тохиолддог вэ?
-
Хэрэв та хишиг хүртэх үедээ байгуулсан гэрээндээ үнэнч хэвээр байвал, хань ижил тань гэрээгээ зөрчсөн эсвэл гэрлэлтээ цуцлуулсан байсан ч хишгийн үеэр амлагдсан хувийн адислалаа хүлээн авах болно. Хэрэв та лацдан холбогдоод, дараа нь салсан байсан ч лацдан холболтыг тань цуцлаагүй бөгөөд та өөрөө итгэлтэй хэвээр байвал тэрхүү лацдан холболт дахь хувийн адислал тань хүчинтэй хэвээр байна.
Заримдаа хань ижил тань урваснаас болж үүссэн мэдрэмж, хүнд хэцүү зовлон шаналал зэргийн улмаас энэ дэлхийд төдийгүй мөнхөд тэднээс аль болох хол байхын тулд үнэнч байсан нэгэн нь үнэнч бус ханьтайгаа холбуулсан лацдан холболтоо цуцлуулахыг хүсэж болох юм. Хэрэв та наманчлаагүй өмнөх хань ижилтэйгээ холбоотой байсаар байх нь гэж санаа зовж байгаа бол та холбоотой байхгүй гэдгийг санаарай! Бурхан хэнийг ч хүсээгүй байхад нь лацдан холбогдсон харилцаанд мөнхөд үлдэхийг шаардахгүй. Бидний хүсэл, сонголтоор боломжтой болсон бүх адислалаа бид хүлээн авах болно гэдгийг Тэнгэрлэг Эцэг бататгах болно.
Гэсэн хэдий ч, хэрвээ лацдан холболтыг цуцлахыг хүсэж байвал сонголтыг нь хүндэтгэнэ. Энд тодорхой журам үйлчилдэг. Гэхдээ үүнийг хайнга үйлдэж болохгүй! Тэргүүн зөвлөл тэнгэрт болон газар дэлхий дээр холбох түлхүүрүүдийг атгадаг. Тэргүүн зөвлөл лацдан холболтыг цуцлах хүсэлтийг зөвшөөрсөн бол уг лацдан холболттой холбоотой адислалууд цаашид хүчингүй болдог. Эдгээр адислал нь дээшээ болон зэргэлдээ холбооны аль алинд цуцлагдана. Өргөмжлөлийн адислалыг хүлээн авахын тул бид энэ амьдралд эсвэл дараагийн амьдралд энэхүү шинэ бөгөөд үүрдийн гэрээнд нэгдэж, үнэнчээр сахих хүсэлтэйгээ харуулах ёстой гэдгийг ойлгох нь чухал.
-
Сүмийн ганц бие гишүүдийн хувьд, “Их Эзэний цаг хугацаа, арга замаар Түүний итгэлтэй гэгээнтнүүдэд бүх адислал өгөгдөх болно. Их Эзэн хүн нэг бүрийг үйлсээр нь төдийгүй зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүн, шагнах болно” гэдгийг санаарай.
-
Хэрэв та ариун сүмийн гэрээндээ үнэнч бус байвал, үүнд найдвар бий юү? Тийм ээ! Есүс Христийн сайн мэдээ бол найдварын сайн мэдээ юм! Чин сэтгэлээсээ наманчилж, Христийн сургаалыг дуулгавартай дагаснаар уг найдвар Есүс Христээр дамжин ирдэг. Ноцтой нүгэл үйлдэж, ариун гэрээнүүдийг зөрчсөн хувь хүмүүсийг би харж байсан. Чин сэтгэлээсээ наманчилснаар өршөөгдөж, гэрээний зам дээрээ буцаж гарч ирсэн хүмүүстэй би тогтмол уулздаг. Хэрэв та ариун сүмийн гэрээгээ зөрчсөн бол Есүс Христ рүү эргэж хандан, бишоптойгоо зөвлөлдөж, наманчилж, Есүс Христийн Цагаатгалын ачаар боломжтой болсон хүчирхэг эдгээх хүчинд зүрх сэтгэлээ нээгээрэй гэж би та бүхнээс хүсэж байна.
Ах, эгч нар аа, хайрт Тэнгэрлэг Эцэг маань бидэнд зориулан хадгалсан бүхий л зүйлд биднийг нэвтрэх боломжтой байлгахын тулд гэрээнүүдийг өгсөн. Бурханаас ирдэг эдгээр ариун нандин адислал энэ дэлхийн ямар ч жимснээс илүү амттай. Бид гэрээнүүддээ үнэнч байвал эдгээр нь үүрд үлдэх жимс болж, бидний төлөө үүрд нөөцлөгдөх боломжтой.
Тэнгэрт болон дэлхий дээр холбох эрх мэдлийг Бурхан сэргээсэн гэдгийг би гэрчилж байна. Энэхүү эрх мэдэл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байдаг. Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зөвлөл энэ эрх мэдлийг атгадаг ба ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны удирдлаган доор гүйцэтгэдэг. Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд нэгдэж, тэрхүү гэрээгээ сахидаг хүмүүс төгс төгөлдөржиж, тэдний хянаж чадахгүй ямар ч нөхцөл байдлыг үл харгалзан эцэст нь Эцэгийн алдар суугийн бүрэн байдлыг хүлээн авах боломжтой.
Бидний гэрээнд хамаарах эдгээр амлагдсан адислал бидний дээр Амлалтын Ариун Сүнсээр лацдагдаж, мөнхөд “үүрд үлдэх жимс” болох боломжтой. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.