Тусламж дууд, унахаас сэрэмжил
Бид Бурханыг дуудах үед унахгүй.
Өнөөдөр би Бурхан бидний залбирлыг сонсож тэдгээрт хувьчлан хариулдаг хэмээх зүрх сэтгэлийнхээ бүрэн дүүрэн итгэл үнэмшлийн тухай гэрчлэлээр үгээ эхлүүлэхийг хүсэж байна.
Тодорхойгүй байдал, шаналал, урам хугарал, сэтгэлийн шарх бүхий цаг үеийг туулж буй энэ дэлхийд бид өөрсдийн чадамж, сонголтод төдийгүй дэлхийн мэдлэг, хамгаалалтад илүү их найдах хандлагатай байдаг. Уг хандлага нь биднийг энэхүү мөнх бус амьдралын саад бэрхшээлүүдийн эсрэг сөрөн зогсож чадах жинхэнэ тусламжийн эх үүсвэр, дэмжлэгийг олж харахгүй өнгөрөхөд хүргэдэг.
Нэг удаа би өвдөөд эмнэлэгт хэвтэж байхдаа унтаж чадахгүй байсан үеэ санадаг. Гэрлээ унтраан өрөө харанхуй болоход би таазан дээр “Тусламж дууд, унахаас сэрэмжил” гэж гэрэл ойлгогчтой үсгээр бичсэн тэмдгийг олж харав. Маргааш нь би өрөөнийхөө хэд хэдэн хэсэгт тэрхүү санамжийг дахин давтан бичсэн байгааг олж хараад гайхаж билээ.
Тэр санамж яагаад тийм чухал байсан юм бол? Намайг сувилагчаас тэр тухай асуухад сувилагч: “Энэ нь таныг илүү их өвдөж шаналгаж болзошгүй гэмтлээс сэргийлэх зорилготой” гэж хэлсэн юм.
Энэ амьдрал угаасаа зовлонт туршлагыг авчирдаг бөгөөд зарим нь бидний бие махбодоос болдог бол зарим нь бидний сул дорой байдал, зовлон зүдгүүртэй холбоотой байдаг, харин үлдсэн хэсэг нь бусад хүн болон бид өөрсдөө сонгох эрх чөлөөгөө хэрхэн ашигласнаас хамаарч байна.
Аврагчийн Өөрийнх нь: “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш” буюу дууд, ”тэгвэл та нарт нээгдэнэ” хэмээн тунхаглан хэлснээс илүү хүчирхэг амлалт байдаг болов уу?
Залбирал бол “Тусламж дуудан, унахаас сэрэмжлэхэд” бидэнд тусалдаг Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах хэрэгсэл юм. Гэсэн хэдий ч бидэнд хариултаа тэр даруй хүлээн аваагүй эсвэл хариулт нь бидний хүсэн хүлээсэн шиг биш байсны улмаас дуудлага маань хүрээгүй байх вий гэж бодоход хүргэх нөхцөл байдал гардаг.
Энэ нь сэтгэл тавгүйтэж, гуниглаж эсвэл урам хугарахад хүргэдэг. Гэвч Нифай Их Эзэнд итгэх итгэлээ илэрхийлэн: “Усан онгоц барихыг яахан тэрээр надад зааварлаж болохгүй байх билээ?” гэснийг санаарай. Харин би та нараас асууя. Унахгүй байхыг яахан Их Эзэн та нарт зааварлаж болохгүй байх билээ?
Бурханы хариултад бат итгэнэ гэдэг нь Түүний зам бидний замаас өөр бөгөөд “бүх зүйл [өөрсдийн] цаг үед тохиохоор ирэх ёстой” гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм.
Бид өөрсдийгөө хайраар дүүрэн, нигүүлсэнгүй Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгийг эргэлзээгүй мэддэг байх нь “дуудах” эрмэлзэл байх учиртай. Энэ дуудлага нь “бидний үйл бодгальд маань золтой бай[хын] тулд …үргэлж залбирах … мөн шантрах[гүй байх] хандлагаар итгэлийн залбирлаар тохиож байх ёстой. Тэнгэрлэг Эцэгт биднийг залбирал бүрдээ Өөрийнх нь Хүү Есүс Христийн нэрийг дуудан залбирвал ямархуу санагдахыг төсөөлөөд үз дээ. Биднийг ийн үйлдэхэд агуу хүч, өрөвч сэтгэл мэдрэгддэг гэдэгт би итгэдэг.
“Унахгүйн тулд Бурханыг дуудсан олон хүний жишээ” судруудад дүүрэн бий. Хиламан ба түүний арми зовлон зүдгүүртэй тулгарсан үедээ залбиралд сэтгэл оюунаа уудлан Бурханыг дуудсан. Тэд зорилгоо гүйцэлдүүлэх хүртлээ баталгаа, амар амгалан, итгэл, найдвар, зориг, шийдэмгий байдлыг мэдэрч байсан.
Улаан тэнгис, довтлон ирж буй египетчүүд хоёрын хооронд гацан зогсох үедээ Мосе, түүнчлэн өөрийн хүү Исаакийг өргөл болгон золиослох тушаалыг дуулгавартай дагах үедээ Абрахам хэрхэн Бурханыг дуудаж тусламж гуйж байсныг төсөөлөөд үзээрэй.
Та нарын хүн нэг бүр тусламж дуудах нь унахгүй байхын хариулт юм гэдгийг мэдэрч байсан төдийгүй ийн мэдрэх болно гэдэгт би итгэлтэй байна.
30 жилийн өмнө эхнэр бид хоёр иргэний болон ариун сүмийн гэрлэлтдээ бэлтгэж байх үеэрээ иргэний гэрлэлт маань ажил хаялтын улмаас цуцлагдсан тухай дуудлагыг утсаар хүлээн авсан юм. Бидний төлөвлөсөн байсан ёслолоос гурван өдрийн өмнө тэр дуудлага ирсэн. Иргэний гэрлэлтийг баталдаг бусад газар луу залгасан ч сул цаг олдохгүй байсан тул бид төлөвлөснийхөө дагуу гэрлэж чадах эсэхдээ эргэлзэн тэвдэж эхлэв.
Би сүйт бүсгүйнхээ хамтаар бүх сэтгэл оюунаа Бурханд уудлан залбирч “тусламж дуудсан” юм. Эцэст нь нэг хүн бидэнд хотын захын нэгэн хотхонд байдаг газрыг зааж өгсөн ба хотхоны дарга нь бид хоёрын таньдаг хүн байж таарлаа. Бид хоёр огтхон ч эргэлзэлгүй түүнтэй очиж уулзаад, бидний гэрлэлтийг батлах боломжтой эсэхийг асуусан. Түүнийг зөвшөөрөхөд бид их баярлаж билээ. Нарийн бичгийн ажилтан нь бидэнд тэр хотдоо гэрчилгээ авах хэрэгтэй бас маргааш өдрийнх нь үдээс өмнө бүх баримт бичгээ авчрах ёстойг чухалчлан хэлэв.
Маргааш нь бид жижиг хотхон руу нүүж, цагдаагийн хэлтэс дээр нь очиж, шаардлагатай баримт бичгүүдийг авах хүсэлт гаргалаа. Цагдаагийн ажилтныг бидэнд баримт бичиг гаргаж өгөхгүй гэж хэлэхэд бид хоёр үнэхээр цочирдов. Учир нь олон залуу хос гэр бүлээсээ зугтан, тэр хотхонд нууцаар гэрлэж байсан аж. Мэдээж, бид тэдний нэг байгаагүй. Дахиад л бид айдас, гунигт автлаа.
Би унахгүйн тулд Тэнгэрлэг Эцэгээс хэрхэн тусламж гуйж байснаа санадаг. Би оюундаа “Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг, ариун сүмийн зөвшөөрлийн бичиг” гэсэн үгсийг дахин дахин давтан хэлэх хоолойг маш тодорхой сонсож билээ. Тэр даруй намайг ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ гаргаж ирээд нөгөөх цагдаагийн ажилтанд өгөхөд сүйт бүсгүй минь ч бас гайхсан.
Тэгтэл өнөөх цагдаагийн ажилтан “Яагаад та хоёр надад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд гэдгээ хэлээгүй юм бэ? Би танай сүмийг сайн мэднэ” гэж хэлэхийг бид хоёр сонсоод ихэд гайхсан. Тэрээр шаардлагатай баримт бичгүүдийг тэр даруй бэлдэж эхэллээ. Тэгснээ юу ч хэлэлгүй цагдаагийн хэлтсээс гараад явахад нь бид хоёр бүр ч их гайхав.
50 минут өнгөрөхөд тэр буцаж ирээгүй л байв. Цаг аль хэдийн өглөөний 11:55 болчихсон байсан. Бид үд гэхэд бичиг баримтуудыг хүргэж өгөх ёстой байлаа. Гэнэт тэр нэг хөөрхөн гөлөг дагуулан орж ирээд, бидэнд тэр гөлгийг хуримын бэлэг гэж хэлээд, баримт бичгүүдийн хамт өгөв.
Бид баримт бичгээ аваад, гөлгөө дагуулан, хотхоны даргын ажлын байр луу гүйлээ. Тэгтэл нэг байгууллагын машин биднийг чиглэн ирж явахыг бид харлаа. Би тэр машиныг угтан зогсов. Мөнөөх машиныг зогсоход бид хотхоны даргын нарийн бичгийн ажилтныг дотор нь байхыг харсан ба тэр биднийг хараад “Уучлаарай. Би үд гэхэд гэж хэлсэн дээ. Би өөр ажилтай явж байна” гэлээ.
Би дотроо өөрийгөө даруусган, Тэнгэрлэг Эцэгээ бүх зүрх сэтгэлээрээ дуудаж, “унахгүйн” тулд дахин нэг удаа тусламж гуйлаа. Гэнэт гайхамшиг тохиох нь тэр. Нарийн бичгийн ажилтан: “Та хоёрын нохой үнэхээр хөөрхөн юм аа. Би хүүдээ яг ийм нохойг хаанаас авч өгч болох вэ?” гэж асуув.
Бид тэр даруй “энэ гөлгийг танд авсан юм аа” гэлээ.
Нарийн бичгийн ажилтан бид хоёр луу гайхаж харснаа: “За за. Манай оффис руу явж, баталгааг чинь хийцгээе” гэж хэлэв.
Хоёр хоногийн дараа Кэрол бид хоёр төлөвлөснийхөө дагуу иргэний гэрлэлтээ батлуулж, дараа нь Перугийн Лима ариун сүмд лацдан холбуулсан юм.
Мэдээж, бид тусламж дуудах гэдэг нь итгэл, үйлдлийн зарчим гэдгийг санавал зохино. Энэ нь Өөрийн хязгааргүй мэргэн ухаанаар бидний залбирлуудад хариулдаг Тэнгэрлэг Эцэг бидэнд байгаа гэдэгт итгэх, гуйсан зүйлтэйгээ нийцүүлэн үйлдэх хэрэгтэй гэдгийг ухааран ойлгох явдал юм. Залбирах буюу тусламж дуудах нь бидний итгэж найдаж буйн илрэл байж болох ч залбирсныхаа дараа үйлдэх нь итгэл маань бодит бөгөөд тэрхүү итгэл зовлон шаналал, айдас, урам хугарал зэрэг шалгууруудыг туулж байгаагийн илрэл болдог.
Би та бүхэнд дараах зүйлсийг бодож үзэхийг зөвлөж байна. Үүнд:
-
Тусламж хэрэгтэй үед хамгийн түрүүнд Их Эзэнийг бод.
-
Тусламж дууд. Унахаас сэрэмжил. Бурханд хандан чин сэтгэлээсээ залбир.
-
Залбирсныхаа дараа гуйсан адислалаа хүлээн авахын тулд чадах бүхнээ хий.
-
Бурханы цаг хугацаанд, Түүний арга замаар хариултаа хүлээн авахын тулд өөрийгөө даруусга.
-
Бүү зогс! Хариултаа хүлээж байх үедээ гэрээний замаар урагш үргэлжлүүлэн яв.
Магадгүй, яг одоо нөхцөл байдлынхаа улмаас унахын ирмэг дээр дэнжгэнэн: “Ай Бурхан минь, Та хаана байна вэ? … Таны гар хэчнээн удаан хүлцэн тэвчих юм бэ?” хэмээн Иосеф Смитийн тусламж гуйсантай адилаар “тусламж дуудахыг” хүсэж буй хүмүүс байгаа.
Иймэрхүү нөхцөл байдалд ч таны залбирлыг үргэлж сонсож байдаг тул ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасанчлан “сүнслэг инерцээр” залбир.
Дараах дууллыг санаарай.
Гэрээсээ гарахынхаа өмнө
Та гуйж залбирав уу?
Аюулаас таныг хамгаалахыг
Аврагч Христийн ариун нэрээр
Энэ өглөө гуйв уу?
Ай, сэтгэлийг залбирал засан,
Шөнийг өдөр болгоно.
Амьдрал харанхуйлах үед та
Залбирахаа бүү март. 9
Залбирч байхдаа бид ачааг маань хөнгөлөхөөр Төрсөн Ганц Хүүгээ илгээсэн Тэнгэрлэг Эцэгийнхээ тэврэлтийг мэдэрч чадна. Хэрэв бид Бурханаас тусламж гуйх аваас унахгүй гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.