Бидэнд Мормоны Ном байх ёстой нь Их Эзэний мэргэн ухаан болой
Энэ жил Мормоны Номыг унших нь бидний хүн нэг бүрд баяр хөөр, адислал авчирч, биднийг Аврагчид ойртуулах болтугай хэмээн би залбирч байна.
Хайрт ах, эгч нар аа, та бүхэн Ирээд, Намайг дага гарын авлагын хамтаар судруудыг уншиж байгаад бид маш их талархаж байна. Та нарын хийж буй бүхий л зүйлийн төлөө талархъя. Өдөр бүр Бурхантай мөн Түүний үгтэй харилцах нь гүнзгий ач холбогдолтой юм. “Та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг.”
Судруудаас Аврагчийн сургаалыг унших нь бидэнд гэр орноо итгэлийн ариун дагшин газар, сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөд тусалдаг. Энэ нь бидний гэр оронд Сүнсийг урьдаг. Ариун Сүнс бодгалиудыг маань баяраар дүүргэж, биднийг Есүс Христийн насан туршийн шавь болгож өөрчилдөг билээ.
Сүүлийн хэдэн жил бид ариун судруудаас унших явцдаа сайн мэдээний томоохон эрин үеүдэд Бурханы хүүхдүүддээ өгсөн сургаалын тоймыг ажигласан.
Бид эрин үе болгонд бидний мэдэх нэгэн хэв маягийг хардаг. Бурхан бошиглогчдоороо дамжуулан Есүс Христийн сайн мэдээг сэргээдэг буюу илчилдэг. Хүмүүс бошиглогчдыг даган, ихэд адислагддаг. Гэвч, хэсэг хугацааны дараа зарим хүн бошиглогчдын үгсийг анхаарахаа больж, Их Эзэнээс мөн Түүний сайн мэдээнээс хөндийрдөг аж. Бид үүнийг урвалт гэж нэрлэдэг. Сайн мэдээг анх Адамд илчилсэн хэдий ч Адам, Ева хоёрын зарим хүүхэд урваж, Их Эзэнээс холдсон. Бид сэргээлт ба урвалт гэсэн хэв маяг Енох, Ноа, Абрахам, Мосе зэрэг хүмүүсийн эрин үеүдэд давтагдсаныг хардаг билээ.
Өнөөдөр бид цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдарч байна. Энэ нь урвалтаар төгсгөл болохгүй цорын ганц эрин үе юм. Энэ бол Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлт, Түүний мянган жилийн хаанчлал руу хөтлөх эрин үе аж.
Тэгвэл энэ эрин үе юугаараа ялгаатай вэ? Их Эзэн эдүгээ, ялангуяа бидний энэ цаг үед Аврагчид ойртон, Түүнийг хэзээ ч орхихгүй байхад туслах юуг бидэнд өгсөн бэ?
Оюунд минь ирж байгаа нэг хариулт бол судрууд юм. Тэр тусмаа Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ юм.
Нийтийг хамарсан урвалт дахин хэзээ ч болохгүй хэмээн Бурхан амласан хэдий ч “Бидний хүн нэг бүр хувийн сүнслэг өсөлт хөгжлийнхөө төлөө хариуцлага үүрдэг” хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасныг санан, бид хувийн урвалтаас зайлсхийхийн тулд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Энэ жил бидний судалж буй Мормоны Ном үргэлж биднийг Аврагчид ойртуулж, Түүнтэй ойр хэвээр үлдэхэд тусалдаг.
Бид үүнийг “судлах” гэж нэрлэдэг ба энэ нь хүчин чармайлтыг илэрхийлдэг тул сайн хэрэг юм. Гэвч бид үргэлж шинэ зүйл сурах албагүй. Заримдаа Мормоны Номыг унших нь тухайн өдөр Бурхантай харилцсан гэдгээ мэдрэх, гэрээсээ гараад, дэлхий ертөнцтэй нүүр тулахаас өмнө сүнсээ тэжээн, сүнслэг байдлаар хүчирхэгжих эсвэл дэлхийн нэгэн хэцүү өдрийн дараа эдгэрэл олох явдал юм.
Биднийг судар судлах үед агуу багш болох Ариун Сүнс бидэнд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлж, Тэдэнтэй илүү адил болоход тусалж чадна.
Энэ талаар бодохын зэрэгцээ бид өөрсдөөсөө “Энэ долоо хоногт Мормоны Номыг судалж байх үед Ариун Сүнс бидэнд юу заасан бэ?”, “Энэ нь хэрхэн биднийг Аврагчид илүү ойртуулж байна вэ?” хэмээн асууж болох юм.
Эдгээр нь гэртээ судар судлахад тохиромжтой асуулт юм. Түүнчлэн Сүм дээр ч эдгээр асуултаар ням гаргийн хичээлийг эхэлбэл онц сайн. Бид тухайн долоо хоногт гэртээ суралцах үйл явцаа сайжруулснаар ням гарагт сүм дээр заах явцаа сайжруулдаг. Иймийн тул, ням гаргийн хичээл дээр “номлодог тэр нь мөн хүлээн авдаг тэр нь бие биенээ ойлгодог, мөн хоёул сэнхэрч мөн хамтдаа баясдаг буюу.”
Энэ долоо хоногийн Мормоны Номоос судлах дараах хэдэн шүлэг оюун бодолд минь Сүнсийг мэдрүүлсэн юм.
-
Нифай Иаковт “эдгээр ялтсуудыг хадгалан үлдээж мөн тэднийг … үеэс үед гардуулан өгвөл зохихыг” зааварласан. “Мөн хэрэв ариун нандин гэгдсэн номлол, эсвээс … илчлэлт, эсвэл бошиглол байх аваас” Иаков “эдгээр ялтсууд дээр … өөрсдийн хүмүүсийн тусын тулд тухайлан бичиглэх” ёстой байв.
-
Иаков хожим нь “Бид [судруудыг] судалж байв, мөн бид эдгээр олон нотолгоотой болсон учир найдлага олж, мөн итгэл маань гуйвшгүй болно” хэмээн гэрчилсэн билээ.
Өдгөө эдгээр шүлэг надад гуулин ялтаснуудын талаар Нифайн хэлж байсныг сануулж байна.
“Бид … цэдгүүдийг олж, мөн тэдгээрийг судалж мөн тэдгээр нь … үр хүүхдүүддээ Их Эзэний зарлигуудыг сахиулан өвлүүлэхүйц агуу эрхэм чухал [болохыг олж мэдэв].
“Иймийн тул амлалтын нутгийг зорин аглаг буйдад зорчихдоо, бид эдгээрийг өөрсөдтэйгөө авч явах нь Их Эзэний мэргэн ухаан буйза.”
Эдүгээ, хэрэв Лихай, түүний гэр бүл судруудтай байх нь мэргэн ухаан байсан бол энэ нь бидний хувьд ч мэргэн ухаан болой. Судруудын агуу үнэ цэн, сүнслэг хүч бидний амьдралд өнөөг хүртэл тод хэвээр байна.
Мормоны Ном болон бусад судрыг өнөөдөр бидэн шиг ашиглах боломжтой хүмүүс түүхэд байгаагүй. Тийм ээ, Лихай ба түүний гэр бүл гуулин ялтаснуудыг өөрсөдтэйгөө авч явахаар адислагдсан ч тэд майхан бүрдээ нэг хувь судартай байгаагүй. Мормоны Номын хамгийн чухал хувь бол өөрсдөд маань буй хувь юм. Энэ бол бидний уншдаг хувь гэсэн үг.
Лихай амьдралын модны үзэгдлээрээ бидэнд Бурханы хайрыг хувьдаа мэдрэхийн чухлыг заасан. Тэрээр жимснээс хүртсэнийхээ дараа холгүйхэн газар өөрийн эхнэр Сариа, хөвгүүд болох Нифай, Сам нарыг хардаг.
“Тэд хааш одвол зохихыг мэдэхгүй зогсож байсан болой.
“… би тэднийг даллав; мөн түүнчлэн би тэдэнд хандан өндөр дуугаар тэднийг надад ирж, мөн бүхий л жимснээс дээгүүр хүсэл татам тэр жимснээс хүртвэл зохино хэмээн хэлсэн бөлгөө.
“Мөн тэд надад ирж, мөн жимснээс түүнчлэн хүртсэн авай” хэмээн Лихай хэлсэн.
Би Лихайн зорилготойгоор хүүхдээ хүмүүжүүлэх аргад дуртай. Сариа, Нифай, Сам нар зөв шударга, сайн амьдардаг байсан. Гэсэн ч Их Эзэн тэдэнд илүү дээр, илүү амттай зүйлийг бэлдсэн байлаа. Тэд үүнийг хаанаас олохоо мэдэхгүй байв. Харин Лихай үүнийг олжээ. Тиймээс тэр тэднийг амьдралын мод руу ирж, өөрсдөө жимснээс хүртээсэй хэмээн “өндөр дуугаар” дуудсан. Түүний зааварчилгаа тодорхой байсан аж. Үүнд ямар ч үл ойлгогдох зүйл байсангүй.
Би ч мөн үүнтэй төстэй, зорилготойгоор хүүхдээ хүмүүжүүлэх аргаар хүмүүжсэн. Намайг 11, 12 орчим настай байхад ээж минь надаас “Марк, чи энэ сургаал үнэн гэдгийг Ариун Сүнсээр өөрөө мэдэж авсан уу?” гэж асууж билээ.
Түүний энэ асуултад би ямар их гайхсан гээч. Би үргэлж “сайн хүү” байхыг хичээж, энэ нь хангалттай гэж боддог байв. Гэвч өөр илүү дээр зүйл хэрэгтэй гэдгийг ээж минь Лихайн адил мэдэж байлаа. Би үйлдэл хийн, өөрөө үүнийг мэдэж авах хэрэгтэй байв.
Би арай мэдэж аваагүй байна аа хэмээн хариуллаа. Тэр миний хариултад огт гайхсангүй.
Тэгээд тэр надад миний хэзээ ч мартдаггүй нэгэн зүйлийг хэлсэн юм. Би одоо ч хүртэл түүний, “Тэнгэрлэг Эцэг чамайг өөрөө мэдэж аваасай гэж хүсдэг. Гэхдээ чи хичээл зүтгэл гаргах ёстой. Чи Мормоны Номыг уншиж, Ариун Сүнсээр мэдэхийн тулд залбирах хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэг залбиралд чинь хариулах болно” гэж хэлсэн үгсийг санадаг.
Үнэндээ, би Мормоны Номыг өмнө нь хэзээ ч уншиж үзээгүй байв. Би унших хангалттай том болоогүй гэж боддог байлаа. Харин ээж маань илүү сайн мэдэж байсан.
Түүний асуулт надад өөрөө олж мэдэх хүслийг төрүүлсэн.
Тэгээд би ах, дүүтэйгээ хамт унтдаг байсан унтлагын өрөөндөө орой бүр орныхоо дээрх гэрлийг асаан, Мормоны Номоос нэг бүлгийг уншдаг болов. Тэгээд гэрлээ унтраан, орноосоо бууж, өвдөг сөгдөн залбирдаг байлаа. Би өмнөхөөсөө илүү чин сэтгэлээсээ хүсэж залбирав. Би Тэнгэрлэг Эцэгээс Мормоны Номын үнэнийг мэдүүлж өгөөч хэмээн гуйсан.
Тэр цагаас би Мормоны Номыг уншиж эхлэн, Тэнгэрлэг Эцэг миний хичээл зүтгэлийг мэдэж байгааг мэдэрсэн. Бас би Түүний хувьд чухал гэдгээ мэдэрсэн юм. Би уншиж, залбирах үедээ тав тухтай, амар тайван мэдрэмж авдаг байсан. Бүлэг бүлгээр унших тусам бодгальд минь итгэлийн гэрэл улам тодрон ассаар байв. Яваандаа би тэдгээр мэдрэмж нь Ариун Сүнснээс ирсэн үнэний баталгаа гэдгийг ухаарсан юм. Би Мормоны Ном үнэн гэдгийг, Есүс Христ бол дэлхийн Аврагч гэдгийг өөрөө мэдэж авсан. Би ээжийнхээ сүнсээр өдөөгдсөн урилгад ямар их талархаж байна гээч!
Ийнхүү хүүхэд байхдаа Мормоны Номыг уншсан минь надад судар судлах хэв маягийг бий болгосон ба энэ нь намайг одоог хүртэл адисалсаар байна. Би одоо ч Мормоны Номыг уншаад, өвдөг сөгдөн залбирдаг. Ариун Сүнс үүний үнэнийг ахин дахин баталсаар байдаг.
Нифай үнэн хэлсэн. Бид судруудыг амьдралынхаа туршид өөрсөдтэйгөө хамт авч явах ёстой нь Их Эзэний мэргэн ухаан байсан. Мормоны Ном бол энэ эрин үеийг өмнөх эрин үеүдээс ялгаатай болгодог “тулгуур чулуу” юм. Бид Мормоны Номыг уншиж, амьд бошиглогчийг дагавал амьдралд маань хувийн урвалт гэж үгүй байх болно.
Бурханы үгээс зууран, амьдралын модонд ирэх урилга нь дан ганц Лихайн гэр бүлдээ өгсөн урилга биш бөгөөд Мормоны Номыг уншиж, үүний талаар залбирах нь дан ганц ээжийн минь надаас хүссэн зүйл биш юм. Энэ бол бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны бидний хүн нэг бүрд өгсөн урилга билээ.
Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэж, та нар асуултууддаа хариулт, хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлаж байна.”
Энэ жил Мормоны Номыг унших нь бидний хүн нэг бүрд баяр хөөр, адислал авчирч, биднийг Аврагчид илүү ойртуулах болтугай хэмээн би залбирч байна.
Тэнгэрлэг Эцэг амьд. Есүс Христ бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч. Мормоны Ном Түүний үгсийг агуулж, Түүний хайрыг дамжуулдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол өнөө үеийн дэлхий дээрх Их Эзэний амьд бошиглогч юм. Хүүхэд байхдаа Мормоны Номыг уншаад, анх хүлээн авсан тэрхүү Ариун Сүнсний гэрчлэлийнхээ ачаар би эдгээр зүйл үнэн гэдгийг мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.