Христтэй нэг бай
Бид Есүс Христ болон Түүний цагаатгалд итгэл, хайраар нэгдсэн. Үнэхээр нэгэн хэсэг нь байхын мөн чанар бол Христтэй нэг байх явдал юм.
Намайг бүр бага байхаас Есүс Христийн Цагаатгал надад онцгой санагддаг байсан. Гэхдээ Аврагчийн Цагаатгалын бодит байдлыг би 25 насандаа л жинхэнэ утгаар нь мэдэрсэн юм. Би Стэнфордын хууль зүйн сургуулийг дөнгөж төгсөөд, Калифорниад хуульчийн шалгалт өгөхөөр бэлдэж байв. Ээж минь над руу утасдаад, Ютад амьдарч байсан өвөг эцэг Крозиэр Кимбаллыг амьсгаа хурааж байна, өвөөтэйгөө уулзахыг хүсвэл гэртээ ирэх хэрэгтэй гэлээ. Өвөө маань 86 настай, хүнд өвчтэй байлаа. Түүнтэй уулзахад их сайхан байсан. Өвөө намайг хараад, надтай гэрчлэлээ хуваалцсандаа маш их баярласан.
Крозиэрыг дөнгөж гурван настай байхад аав Дэвид Паттэн Кимбалл нь 44 насандаа өөд болжээ. Аав, Хибэр Ч.Кимбалл өвөө хоёроо өөрийнх нь амьдралыг хүлээн зөвшөөрч, өв уламжлалдаа үнэнч хэвээр байна гэж бодно гэж Крозиэр итгэсэн байв.
Өвөөгийн маань надад өгсөн чухал зөвлөгөө бол эдгээр итгэлтэй өвөг дээдсийнхээ буянаар ирэх аливаа онцгой эрх эсвэл хувь тохиолоос татгалзах хэрэгтэй гэсэн зөвлөгөө байлаа. Тэрээр намайг Аврагч болон Түүний Цагаатгал дээр төвлөрөх ёстой гэсэн юм. Бид бүгдээрээ хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэж тэр хэлсэн. Бидний энэ дэлхий дээрх өвөг дээдэс хэн ч байсан, бидний хүн нэг бүр Аврагчийн зарлигуудыг хэр сайн дагаснаа Түүний өмнө тайлагнах болно.
Өвөө минь Аврагчийг 2 Нифай 9:41-ээс эш татан “Их хаалганы сахиул” гэж нэрлэв. Тэр өөрийгөө Аврагчийн нигүүлслийг хүртэхүйц хангалттай наманчилсан гэж найдаж байгаагаа надад хэлсэн юм.
Миний сэтгэл маш их хөдөлсөн. Би түүнийг зөв шударга хүн байсныг мэдэж байлаа. Тэрээр патриарх байсан бөгөөд хэд хэдэн номлолд үйлчилжээ. Хэн ч Аврагчийн Цагаатгалын ач тусгүйгээр дан ганц өөрийн сайн үйлсээр Бурхан руу буцаж чадахгүй гэж тэр надад заасан юм. Би өвөөгийнхөө Аврагчийг болон Түүний Цагаатгалыг ихэд үнэлж, талархдаг байсныг одоо ч санаж байна.
Би 2019 онд Иерусалимд үүрэгт ажлаар явж байхдаа, Аврагч цовдлуулахаасаа өмнө төлөөлөгчдийнхөө хөлийг угаасан газар энэ хавьд л байх гэж бодож, уг дээд давхрын өрөөнд очсон юм. Би сүнсийг мэдэрч, Түүний төлөөлөгчдөдөө нэг нэгнээ хайрла хэмээн хэрхэн зарлигласныг бодсон.
Аврагчийн бидний өмнөөс гуйсан өмгөөллийн залбирлыг би эргэн саналаа. Иоханы сайн мэдээнд цэдэглэcнээр энэхүү залбирал чухамдаа Түүний мөнх бус амьдралын сүүлийн цагт тохиосон юм.
Энэхүү залбирал Христийн дагагчид руу мөн бид бүгд рүү чиглэж байв. Аврагч Эцэгтээ хандан: “энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд бидний дотор байхын … тулд билээ” хэмээн гуйсан. Дараа нь Аврагч үргэлжлүүлэн: “Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн сүр жавхланг тань Би тэдэнд өгсөн билээ” гэв. Нэг байх гэдэг бол Христийн Өөрөөс нь урвасан урвалт, цовдлуулалтын өмнө залбирч гуйсан зүйл юм. Бид Аврагчийн Цагаатгалаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй болон Христтэй нэг болж чадна.
Их Эзэний авралын нигүүлсэл бол удам угсаа, боловсрол, эдийн засгийн байр суурь, арьс өнгөнөөс үл хамаардаг. Энэ нь Христтэй болон Түүний зарлиг тушаалуудтай нэг байх дээр тулгуурладаг.
Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёр 1830 онд Сүм зохион байгуулагдсаны дараахан Сүмийн зохион байгуулалт, удирдлагын талаар илчлэлт хүлээн авчээ. Одоогийн 20-р хэсгийг бошиглогч Иосеф Смит Сүмийн анхны чуулган дээр уншсан бөгөөд энэ нь нийтийн дэмжлэгээр батлагдсан анхны илчлэлт байсан юм.
Энэхүү илчлэлтийн агуулга үнэхээр гайхамшигтай. Энэ нь Аврагчийн ач холбогдол, үүргийн талаар мөн цагаатгагч ач ивээлээр нь дамжуулан Түүний хүч, адислалыг хэрхэн олж авах тухай бидэнд заадаг. Бошиглогч Иосеф 24 настай байсан ба аль хэдийн хэд хэдэн илчлэлт хүлээн авсан төдийгүй Бурханы хүч, бэлгээр Мормоны Номыг орчуулж дууссан байжээ. Иосеф, Оливер хоёр хоёул төлөөлөгчдөөр томилогдсоноор Сүмийг удирдах эрх мэдэлтэй болсон байна.
17-оос 36-р шүлэг нь Бурхан бодит гэдгийг болон хүн төрөлхтний Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гүйцэлдэх Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө зэрэг Сүмийн үндсэн сургаалын хураангуйг агуулдаг. 37-р шүлэгт Их Эзэний Сүмд орохоор баптисм хүртэхэд тавигдах үндсэн шаардлагууд орсон байдаг. 75-аас 79-р шүлэгт Хүндэтгэлийн өдөр болгонд хэлэх ариун ёслолын залбирлыг оруулсан.
Сэргээлтийн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэний тогтоосон сургаал, зарчим, ариун ёслол, зан үйл үнэхээр үндэс суурь болсон.
Баптисм хүртэхэд тавигдах шаардлагууд нь гүн гүнзгий бөгөөд ер бусын энгийн. Шаардлагуудад үндсэндээ Бурханы өмнө даруу байх, харууссан зүрх, гэмшсэн сэтгэл, бүхий л нүглээ наманчлах, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах, эцсээ хүртэл тэвчих, бидний хувьд Христийн Сүнсийг хүлээн авснаа үйлсээрээ харуулах зэрэг багтана.
Баптисм хүртэх бүх шалгуур сүнслэг байдаг нь чухал ач холбогдолтой. Ямар ч эдийн засгийн эсвэл нийгмийн ололт амжилт шаардлагагүй. Баян, ядуу аль алинд нь ижил сүнслэг шаардлага тавигддаг.
Арьс өнгө, хүйс, яс үндэстний шалгуур байхгүй. Мормоны Номд үүнийг бүгд Их Эзэний сайн сайхнаас хүртэхэд уригдсан бөгөөд “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм; … Бурханд бүгд адил” хэмээн тов тодорхой хэлдэг. “Бүх хүмүүн нэг нь нөгөөгийнхөө адил эрх бүхий бөгөөд нэг нь ч үл хориглогдсон болой.”
Бурханы өмнө бид “ижил” байдгийг харгалзан үзвэл, бидний ялгааг онцлох нь тийм ч утга учиртай биш юм. Зарим хүн биднийг “өөрсдийгөө болон нэг нэгнээ бодит байдлаасаа хавьгүй өөр байхаар төсөөлөхөд буруу өөгшүүлдэг. [Зарим нь] бодит боловч бага сага ялгааг авч, том ангал болгон томруулдаг.”
Түүнчлэн зарим нь бүх хүн Түүний сайн сайхныг болон мөнх амьдралыг хүлээн авахад уригдсан учраас ёс суртахууны шаардлага байхгүй гэж ташаа ойлгодог.
Гэсэн хэдий ч судруудад хариуцлагын насанд хүрсэн бүх хүн нүглээ наманчлах, Түүний тушаалуудыг дагах шаардлагатай гэж батлан хэлдэг юм. Их Эзэн бүх хүн ёс суртахууны сонгох эрхтэй бөгөөд “бүх хүмүүний их Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох, … түүний агуу зарлигуудыг анхаараасай; мөн түүний үгсэд итгэлтэй байж, … мөнх амьдралыг сонгоосой” хэмээн үүнийг тодорхой болгодог. Аврагчийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авахын тулд бид Христийг сонгох, Түүний зарлиг тушаалуудыг дагах ёс суртахууны сонгох эрхээ баттай хэрэгжүүлэх ёстой.
Амьдралын минь туршид “сонгох эрх,” ”чөлөөт хүсэл зориг” хоёрын утгыг задлан авч үзэж, мэтгэлцсээр иржээ. Энэ сэдвүүд дээрх маргаан мэтгэлцээн байсаар ирсэн, байсаар ч байна.
Саяхан нэгэн томоохон их сургуулийн төгсөгчдийн хэвлэлийн нүүр хуудсан дээр биологийн нэр хүндтэй нэгэн профессор: “Чөлөөт хүсэлд орон зай байхгүй” гэж батлан бичжээ. Уг нийтлэлд профессорын “Бурхан гэх мэт зүйл байхгүй … чөлөөт хүсэл гэж байхгүй бөгөөд энэ бол өргөн уудам, саармаг, хоосон ертөнц юм” хэмээн хэлснийг эш татсанд гайхах зүйл алга. Би үүнтэй огт санал нийлээгүй.
Бидэнд ёс суртахууны сонгох эрх байдаг ба үүнд чөлөөт хүсэл зориг багтдаг гэдэг нь бидний итгэлийн суурь сургаал юм. Сонгох эрх бол сонгох, үйлдэх чадвар. Энэ нь авралын төлөвлөгөөнд зайлшгүй чухал. Ёс суртахууны сонгох эрх байхгүй бол бид суралцах, өсөж хөгжихийг эсвэл Христтэй нэг байхыг сонгож чадахгүй. Ёс суртахууны сонгох эрхийн ачаар бид “эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох … эрхтэй.” Тэнгэрт болсон мөнх бус байдлын өмнөх Зөвлөл дээр Эцэгийн төлөвлөгөөнд сонгох эрхийг нэгэн чухал хэсэг болгон багтаасан. Люсифер бослого гаргаж, “хүмүүний сонгох эрхийг [устгахыг] эрэлхийлсэн.” Үүний дагуу Сатанд болон түүнийг дагасан сүнснүүдэд мөнх бус бие махбодтой байх онцгой эрхээс татгалзуулсан юм.
Өмнөх дэлхийд байсан бусад сүнс Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахдаа сонгох эрхээ ашиглажээ. Энэхүү мөнх бус амьдралд төрөх боломжоор адислагдсан сүнснүүд үргэлжлүүлэн сонгох эрхтэй байдаг. Бид чөлөөтэй сонгож, үйлддэг хэдий ч үр дагавар нь бидний хяналтаас гадуур байдаг. “Сайн болоод зөв шударга сонголтууд нь аз жаргал, амар амгалан, мөнх амьдрал руу хөтөлдөг байхад нүгэл, хилэнцийн сонголтууд уй гашуу, зовлон зүдгүүрт хүргэдэг.” Алмагийн хэлсэнчлэн, “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”
Туйлын өрсөлдөөнт энэ дэлхий ертөнцөд бид сайжрахын тулд байнга хичээж чармайдаг. Бид чадахынхаа хэрээр хамгийн сайн байх гэж хичээх нь зөв шударга бөгөөд үнэ цэнтэй хичээл зүтгэл юм. Энэ нь Их Эзэний сургаалд нийцдэг. Бусдыг доош нь хийх, муулах эсвэл амжилтад нь саад болох гэж хичээж зүтгэх нь Их Эзэний сургаалд харш. Бид Бурханы зарлиг тушаалуудын эсрэг үйлдэх шийдвэр гаргасных нь төлөө нөхцөл байдлыг эсвэл бусдыг буруутгаж болохгүй.
Өнөөгийн дэлхийд материаллаг зүйлд болон ажил мэргэжлийн ололт амжилтад төвлөрөх амархан. Зарим нь мөнхийн зарчмуудаас болон мөнхийн ач холбогдол бүхий сонголтоос хараагаа салгадаг. Бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Селестиел ухаанаар бодогтун!” хэмээх зөвлөгөөг дагавал ухаалаг хэрэг болно.
Бараг хүн болгон авьяас, чадвар, боломж, эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран хамгийн чухал сонголтуудыг хийх боломжтой. Гэр бүлийн сонголтыг эхэнд тавихыг онцлох нь нэн чухал. Үүнийг бүх сударт тодорхой заадаг. 1 Нифай дээр гардагчлан, Лихай “аглаг буйд тийш одсон тухай бодоорой. Мөн тэр өөрийн гэр, бас өвлөж ирсэн нутгаа, бас алт болон мөнгөө, бас үнэт зүйлсээ орхин, мөн гэр бүлийн хамт хоол хүнс, бас майхнаас өөр юуг ч эс аван аглаг буйдыг зорин одсон” тухай цэдэглэсэн Нифайн цэдгийг бодоорой.
Амьдралд өгсөх, уруудах үед бидний бага зэрэг эсвэл бүр хянаж үл чадах олон үйл явдал тохиолдоно. Эрүүл мэндийн асуудал, осол эндэгдэл мэдээж энэ ангилалд орж болно. Саяхны Ковид-19 цар тахал, бүхнийг зөв хийсэн хүмүүст ч хүнд цохилт болсон. Хамгийн чухал сонголтуудын хувьд бид үүнийг хянах боломжтой. Номлолд үйлчилж байсан өдрүүдээ эргэн дурсвал, номлолын маань ерөнхийлөгч, ахлагч Марион Д.Хэнкс бид бүгдэд Элла Вийлэр Вилкоксын шүлгийн дараах хэсгийг цээжлүүлж байж билээ.
Зарчим, ёс зүй, шашин шүтлэг, зөв шударга амьдралын асуудал бидний хяналтад байдаг. Бурхан Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх, шүтэн бишрэх нь бидний сонгох сонголт юм.
Боловсрол, ажил мэргэжилд бага ач холбогдол өгөх талаар сурталчлаагүй гэдгийг ойлгоорой. Миний хэлж буй зүйл бол боловсрол, ажил мэргэжилтэй холбоотой хүчин чармайлтыг гэр бүлээс эсвэл Христтэй нэг байхаас илүү чухалчилбал хүсэн хүлээгээгүй, мэдэгдэхүйц сөрөг үр дагавар гарах боломжтой гэсэн санаа юм.
Сургаал ба Гэрээ 20 дахь энгийн бөгөөд тодорхой сургаал ариун нандин сүнслэг үзэл баримтлалыг дэлгэрүүлэн тодруулдаг тул нөлөөтэй бөгөөд хүчирхэг. Үүгээр Есүс Христ наманчлагч бодгалиудыг ач ивээлээрээ зөвтгөж, цэвэршүүлэх үед аврал ирдэг гэдгийг заадаг. Энэ нь Түүний Цагаатгалын голлох үүргийн бэлтгэл болдог.
Бид нэг байх тойрог дотроо бусдыг оролцуулдаг байхыг хичээвэл зохино. Бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн, тараагдсан Израилыг хөшигний хоёр талд цуглуулах сануулгыг дагахдаа нэг байх тойрогтоо бусдыг оролцуулахыг хичээх хэрэгтэй. Ерөнхийлөгч Нэлсон: “Тив бүрд мөн далайн арлуудаар итгэлтэй хүмүүс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэн цугларч байна. Итгэлтэй хүмүүсийг гэрээний зам дээр гарч, бидний хайрт Гэтэлгэгч дээр ирэхэд соёл, хэл яриа, хүйс, яс үндэс зэргийн ялгаа чухал байхаа больдог” хэмээн гайхалтай заасан.
Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд Есүс Христэд итгэх итгэлээрээ, Түүнийг гэх хайраараа нэгддэг. Үнэхээр нэгэн хэсэг нь байхын мөн чанар бол Христтэй нэг байх явдал юм. Сургаал ба Гэрээ 20-д дурдсан баптисм, ариун ёслолын ёслолууд нь ариун сүмийн ёслолуудын хамт биднийг онцгой арга замаар нэгтгэж, мөнхийн ач холбогдолтой бүх зүйлд нэг байх, амар амгалан, эв нэгдэлтэй амьдрах боломжийг олгодог.
Есүс Христ амьд, Түүний Цагаатгалын ачаар бид Христтэй нэг байх боломжтой хэмээх тодорхой бөгөөд баттай гэрчлэлээ би хуваалцаж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.