Ерөнхий чуулган
Биднийг гэртээ аваачих нь Бурханы зорилго юм
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


11:35

Биднийг гэртээ аваачих нь Бурханы зорилго юм

Хайрт хүүхдүүддээ зориулсан Эцэгийн төлөвлөгөө тэр чигээрээ хүн бүрийг гэртээ авчрах зорилготой билээ.

Ерөнхийлөгч Нэлсоны томилсны дагуу Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчөөр үйлчлэх энэхүү дуудлагадаа дасан зохицох үйл явцыг эхлүүлэхэд өргөсөн та бүхний залбиралд би талархаж байна. Энэ нь намайг хэрхэн даруусгасныг та нар төсөөлж байгаа байх. Гэхдээ энэ цаг үе нь ер бусын хүчит өөрчлөлтийн, мөн өөрийгөө саруул ухаанаар үнэлж дүгнэх цаг байсан. Хэдий тийм ч Аврагчид бүхий л хүчин чадлаараа үйлчилж, Түүний итгэл найдварын сайн мэдээний үзэмж төгөлдөр сургаалыг та бүхэнтэй хамт хуваалцах нь үнэхээр нэр төрийн хэрэг билээ.

Үүнээс гадна шинэ төлөөлөгч бүрийн ард гайхсан хадам ээж бий гэсэн яриа байдаг. Хэн ингэж хэлснийг мэдэхгүй ч энэ үг одоо үнэн санагдах боллоо. Хадам ээж маань өөд болсон ч түүнийг гайхсан хэвээрээ байгаа болов уу гэж би бодож байна.

Хэдэн сарын өмнө эхнэр бид хоёр Сүмийн олон үүрэг даалгаврынхаа дагуу өөр нэгэн улсад зочилсон юм. Нэгэн өглөө би эртлэн босож, нойрмог нүдээрээ зочид буудлын цонхоор гаднах орчноо ажлаа. Хөл хөдөлгөөнтэй гудамжинд замын хаалт тавьж, саадад тулж ирсэн машинуудыг эргүүлэн явуулж буй цагдаа ойролцоо нь харагдав. Эхлээд зам дээр хэдхэн машин явж байсныг эргүүлэн явууллаа. Цаг өнгөрөхийн хэрээр хөдөлгөөн ихсэж, машины дараалал үүсэж эхлэх нь тэр.

Хөдөлгөөний урсгалыг хааж, хүмүүсийг эргүүлэн буцаах эрх мэдэл байгаад цагдаа ихэд сэтгэл хангалуун байгаа бололтойг би дээрээс цонхоор харан ажиглан суув. Үнэндээ түүний алхаа нь хүртэл хөнгөрч, хаалтад машин ойртох бүрд үзүүлбэр үзүүлэх гэж байгаа мэт хөдөлж байлаа. Жолоочийг замын хаалт тавьсанд бухимдахад уг цагдаа туслах нь битгий хэл учир байдлыг ойлгож байгаа шинж ч үзүүлэхгүй байв. Тэр зүгээр л толгойгоо ахин дахин сэгсрэн эсрэг зүг рүү л зааж байлаа.

Найзууд аа, мөнх бус амьдралын замд хамт гарсан итгэл нэгт шавь нараа, бидний Эцэгийн үлэмж сайхан төлөвлөгөө, тэрхүү “гайхалтай” төлөвлөгөө нь гэртээ орох замыг тань хаах бус харин эргүүлэн аваачихын тулд бүтээгдсэн юм. Хэн ч замын хаалт тавьж, таныг замаас тань эргүүлэн буцаах хэн нэгнийг тэнд зогсоохгүй. Яг үнэндээ эсрэгээрээ. Бурхан таныг эргүүлэн авчрахыг эцэж цуцалтгүйгээр эрэлхийлдэг. Тэрээр “бүх хүүхэд нь Түүнд эргэн ирэхийг сонгоосой хэмээн хүсдэг” бөгөөд таныг эргүүлж авчрахын төлөө боломжит бүх аргыг хэрэглэдэг билээ.

Хайрт Эцэг маань та бидэнд мөнх бус амьдралын хурцлах, цэвэршүүлэх туршлагыг олгож, Бурханаас өгөгдсөн ёс суртахууны сонгох эрхийг ашиглан Түүнийг сонгон, суралцаж, өсөж хөгжиж, алдаж онож, наманчилж, Бурханыг болоод хөршөө хайрлан, нэгэн өдөр Түүнтэй уулзахаар гэртээ эргэж очих боломжийг олгохын тулд энэ дэлхийн бүтээлтийг удирдан явуулж байсан юм.

Тэрээр эрхэм Хайрт Хүүгээ хүмүүний амьдралыг бүхий л талаар үзэж туулан, бусад хүүхдэд нь үлгэр жишээ үзүүлж, тэднийг цагаатгаж, гэтэлгэхээр унасан дэлхийд илгээсэн билээ. Христийн цагаатгагч бэлэг нь мөнхийн гэрээс маань тусгаарлах биеийн болон сүнслэг үхлийн хаалт бүрийг авч хаядаг.

Хайрт хүүхдүүддээ зориулсан Эцэгийн төлөвлөгөө тэр чигээрээ хүн бүрийг гэртээ авчрах зорилготой билээ.

Бурханы элч, Түүний бошиглогчид уг төлөвлөгөөг Сэргээлтийн сударт юу гэж нэрлэдэг вэ? Тэд үүнийг гэтэлгэлийн, нигүүлслийн, аз жаргалын агуу төлөвлөгөө мөн “Төрсөн Ганцын цусаар дамжин ирэх” бүх хүмүүнд зориулсан авралын төлөвлөгөө хэмээн нэрлэдэг.

Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөөний зорилго бол энэ дэлхийд, мөн яг энэ цаг үед болон үүрд мөнхөд таныг аз жаргалтай байлгах явдал юм. Энэ нь таныг аз жаргалаас холдуулж оронд нь зовнил, айдсыг танд авчрахаар зориулагдаагүй.

Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөөний зорилго нь үнэндээ таны гэтэлгэл бөгөөд Есүс Христийн зовлон шаналал, үхлээр дамжуулан аврагдаж, гэм нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөхөд оршино. Энэ нь таныг байгаагаар тань үлдээхэд зориулагдаагүй.

Эцэгийн нигүүлслийн төлөвлөгөө нь таныг Түүнд эргэн очиж, Түүнд үнэнч үлдэх гэрээнүүдээ сахих үед нигүүлсэнгүй хандах зорилготой. Энэ нь нигүүлслийг үгүйсгэж, өвчин шаналал, харууслыг мэдрүүлэхэд зориулагдаагүй.

Эцэгийн авралын төлөвлөгөөний зорилго үнэн хэрэгтээ таныг Есүсийн талаарх гэрчлэлийг хүлээн авч, бүхэл бодгалиа Түүнд өргөл болгон өргөх үед селестиел хаант улсын алдар сууд аврах явдал юм. Энэ нь таныг авралаас холдуулахад оршдоггүй.

Тэгэхээр бид хэрхэн яаж амьдрах нь хамаагүй гэсэн үг үү? Аль эсвэл бид сонгох эрхээ ямар арга замаар ашиглах нь чухал биш гэсэн үг үү? Эсвэл бүр Бурханы зарлигуудыг хүссэн үедээ дагаж хүссэн үедээ үл ойшоож болно гэсэн үг үү? Мэдээж үгүй. Мөнх бус тохинууллынхаа үеэр Есүс өөрчлөгд, наманчил, Түүнд ир хэмээн хамгийн ихээр уриалж, гуйсан байдаг. Ёс суртахууны өндөр жишгээр амьдрах Түүний бүх сургаалын үндэс суурьд нь хувийн өсөлт хөгжил, бусдыг өөрчлөх хүчтэй Христэд итгэх итгэл, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтөд чиглүүлсэн уриалга оршдог.

Бурхан биднийг хувиа хичээсэн, бардам хүсэл эрмэлзлээ үндсээр нь өөрчилж, эгэл хүмүүнээ орхиж, “яв[ж], үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд[ээсэй]” хэмээн хүсдэг.

Хэрэв бид Эцэгийн бүх хүнд зориулагдсан аврах, гэтэлгэх, нигүүлслийг тохиолгох, аз жаргалд хүргэх төлөвлөгөөний зорилгод итгэдэг юм бол энэ агуу төлөвлөгөөг боломжтой болгосон Хүүгийн зорилго нь тэгвэл юу вэ?

Хүү “Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм” хэмээн хэлсэн байдаг.

Есүсийн хүсэл бол нинжин сэтгэлт Эцэгийн хүсэл юм! Тэрээр Эцэгийнхээ хүүхдүүдэд нэгийг нь ч үлдээлгүй энэхүү төлөвлөгөөний эцсийн зорилго болох мөнх амьдралыг хүлээн авах боломжийг олгохыг хүсдэг. Хэн ч энэхүү тэнгэрлэг чадавхаас хүртэх боломжтой.

Хэрэв та өөрийгөө хэзээ ч хангалттай байж чадахгүй гэж санаа зовон, Христийн хязгааргүй цагаатгал хүн бүрд хэрэгжсэн ч танд хэрэгжихгүй байна гэж бодвол та буруу ойлгож байна. Хязгааргүй гэдэг нь хязгааргүй л гэсэн утгатай. Хязгааргүй гэдэгт та болон таны хайртай хүмүүс багтдаг.

Нифай энэ гайхалтай үнэнийг “Тэрээр энэ дэлхийн төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийх авай; учир нь тэрээр дэлхийг хайрладаг, бүр тэрээр бүх хүмүүнийг өөртөө ойртуулж болохын тулд тэр амиа өгсөн болой. Иймийн тул, тэрээр хэнд ч өөрийн авралыг бүү хүрт хэмээн үл зарлигладаг билээ” хэмээн тайлбарласан.

Сайн хоньчин, Аврагч маань алдагдсан хонио олох хүртлээ хайсаар байдаг. Тэрээр хэнийг ч мөхөлд орхихыг хүсдэггүй.

“Миний нигүүлслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч, түүнийг би хүлээн авах болно.”

Тэрээр “Та нарын дунд өвчтөнүүд байна уу? Тэднийг нааш авчрагтун. Доголон, эсвээс хараагүй, эсвээс хазгар, эсвээс тахир дутуу, эсвээс уяман өвчтэй, эсвээс татанги, эсвээс дүлий, эсвээс ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй” хэмээсэн.

Тэрээр цус алддаг өвчтэй эмэгтэйг хөөгөөгүй, уяман өвчтэй хүнээс жигшээгүй, садар самууныг үйлдсэн эмэгтэйг үл ойшоогоогүй, ямар ч гэм нүгэл үйлдсэн байсан гэмшигчдээс татгалзаагүй. Тиймээс Тэр таныг эсвээс таны хайртай хүмүүс гэмшсэн сэтгэл, харууссан зүрхтэйгээр Түүнд ирвэл мөн адил татгалзахгүй. Татгалзах нь Түүний зорилго, загвар, төлөвлөгөө, зорилт, хүсэл, найдвар биш юм.

Үгүй ээ, Тэрээр хаалт, саад тотгорыг тавьдаггүй, харин ч тэдгээрийг зайлуулдаг. Тэр таныг гадна үлдээдэггүй, харин ч урин оруулдаг. Түүний тохинуулал тэр чигтээ энэ зорилгын амьд тунхаглал байсан юм.

Мэдээж Түүний цагаатгагч золиослол бий ч бидний хувьд үүнийг ойлгох нь амаргүй бөгөөд мөнх бус чадавхынхаа хүрээнд ойлгоход бэрх юм. “Гэхдээ” гэсэн энэ чухал үгийг сайн анхаар. Гэхдээ бид Түүний цагаатгагч золиослолын ариун, аврах гэсэн зорилгыг ойлгодог мөн ойлгох боломжтой юм.

Есүсийг загалмай дээр нас барах үед ариун сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурсан ба энэ нь Түүнд хандаж, итгэж, ачаагаа үүрүүлж, гэрээгээр холбогдон Түүний буулгыг өөрсөд дээрээ авсан хүн бүхэнд Эцэгийнхээ оршихуйд эргэж очих боломжийг олгох үүд нээлттэй болсныг бэлгэддэг.

Өөрөөр хэлбэл Эцэгийн төлөвлөгөө нь замын хаалтын тухай биш юм. Хэзээ ч энэ ийм байгаагүй мөн цаашид ч ийм байхгүй. Бидэнд хийх зүйл, сахих зарлиг, эгэл хүний зан төрхөө өөрчлөх хэрэгцээ байна уу? Тийм ээ. Гэхдээ Түүний ач ивээлээр бид чадах зүйлээ өөрчлөх боломжтой.

Энэ нь сайн мэдээ юм! Би эдгээр энгийн үнэнд үнэхээр талархдаг. Эцэгийн загвар, Түүний төлөвлөгөө, зорилго, зорилт, хүсэл, найдвар нь бүгд таныг эдгээх, танд амар амгаланг өгөх, таныг болон хайртай хүмүүсийг тань гэртээ эргүүлэн авчрахын төлөө байдаг. Би үүнийг Түүний Хүү, Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Тайлбар

  1. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” Лиахона 2023 оны 11-р сар, 117, 118.

  2. 2 Нифай 26:25, 27-г үзнэ үү.

  3. Gospel Library, Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.1-ийг үзнэ үү.

  4. Мосе 7:33-ыг үзнэ үү.

  5. Иаков 6:8; Алма 12:30-ийг үзнэ үү.

  6. Алма 42:15-ыг үзнэ үү.

  7. Алма 42:8, 16-г үзнэ үү.

  8. Мосе 6:62

  9. Сургаал ба Гэрээ 45:4-ийг үзнэ үү.

  10. Сургаал ба Гэрээ 76:50–70

  11. Омнаи 1:26-г үзнэ үү.

  12. Матай 4:17-г үзнэ үү.

  13. Maтай 5–7-г үзнэ үү. Жишээлбэл: Матай 5:43–44-т Аврагч шавь нартаа “хөршөө хайрла, дайснаа үзэн яд[ах” нь хангалтгүй. Түүнийг дагахын тулд тэд түүнчлэн “дайснууд[аа] хайрлах” хэрэгтэй гэдгийг заасан.

  14. Мозая 5:2-ыг үзнэ үү. Бид Есүс Христийн нигүүлслийг амьдралдаа хүлээн авахын тулд Түүн рүү эргэн очих хэрэгтэй. Залуу Алма энэхүү гайхалтай “гэтэлгэлийн төлөвлөгөө нь энэ бэлтгэлийн байдал дахь наманчлалын нөхцөлөөс бусдаар бол … ; эдгээр нөхцөлүүдийг хангахаас бусдаар нигүүлсэл үйлчилж чадахгүй” хэмээн заадаг (Алма 42:13).

  15. Moзая 3:19-ийг үзнэ үү.

  16. Иохан 8:11

  17. Иохан 6:38

  18. See Russell M. Nelson, “The Atonement,” Ensign, Nov. 1996, 35: “His Atonement is infinite—without an end. Энэ нь бас бүх хүн төрөлхтөн үхлээс үүрд мөнх аврагдах учраас хязгааргүй юм. Түүний зовлон юутай ч зүйрлүүлшгүй тул энэ нь бас хязгааргүй юм. Энэ нь мал амьтнаар тахил өргөдөг ёсыг халснаараа цаг хугацааны хувьд хязгааргүй юм. Энэ нь бүх хүний төлөө, тухайлбал нэг удаа хийгдсэн цар хүрээгээрээ хязгааргүй юм. Цагаатгалын нигүүлсэл нь тоо томшгүй олон хүнд хүрээд зогсохгүй мөн Түүний бүтээсэн хязгааргүй тооны дэлхийд хүрдэг. Энэ нь хүмүүний аливаа хэмжүүрийг эсвэл мөнх бусын тухай ойлголтыг давснаараа хэмжээлшгүй байсан.

  19. 2 Нифай 26:24

  20. Лук 15:4-ийг үзнэ үү.

  21. 2 Петр 3:9; Сургаал ба Гэрээ 18:11–12-ыг үзнэ үү.

  22. 3 Нифай 9:14

  23. 3 Нифай 17:7; мөн 6-р шүлгийг үзнэ үү.

  24. Есүс Христийн сургаалд зарим хүн тэнгэрийн хаант улсыг өвлөхгүй гэдгийг онцолсноор энэхүү үр дагавар нь Түүний хүсэл биш харин тэдний сонголтын үр дагавар гэдгийг тодорхой заасан байдаг (Матай 7:13–14, 21–25-ыг үзнэ үү).

  25. Матай 27:50–51; Еврей 9:6–12-ыг үзнэ үү.