Ерөнхий чуулган
Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс

Их Эзэний зорилгуудыг биелүүлж мөн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсан бүх хүнийг адислахад Бурханы санваарыг хэрхэн ашиглахыг санваарын түлхүүрүүдээр зохицуулдаг.

Хайрт ах, эгч нар аа, өнөөдөр ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бид хоёрын хувьд түүхт өдөр тохиож байна. 40 жилийн өмнө 1984 оны 4-р сарын 7-нд бид хоёр Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дэмжин батлагдсан. Түүнээс хойших бүх чуулганаар бид баяссаар ирсэн. Энэ удаад ч мөн адил. Сүнсний ариун нөлөө бүрхэж, биднийг дахин адисаллаа. Би та бүхнийг энэ чуулганы захиасыг ирэх саруудад давтан судална гэж найдаж байна.

Намайг төрөх үед Сүмд үйл ажиллагаа явуулдаг зургаан ариун сүм байсан. Сэйнт Жорж, Логан, Мантай, Ютагийн Солт Лэйк Сити; Канадын Албертагийн Кардстон, мөн Хавайн Лаиэд тус тус нэг ариун сүм байсан. Үүнээс өмнөх хоёр ариун сүм Огайогийн Көртланд, Иллинойн Наувуд богино хугацаанд үйл ажиллагаа явуулсан билээ. Сүм бүрэн бүрэлдэхүүнээрээ баруун зүгт нүүхэд гэгээнтнүүд энэ хоёр ариун сүмийг орхихоос өөр аргагүй болсон.

Наувугийн ариун сүмийг нэгэн галдан шатаагч устгасан. Үүнийг дахин барьж, ерөнхийлөгч Гордон Б.Хинкли онцгойлон адисалсан. Көртландын ариун сүмийг Сүмийн дайснууд бузарласан. Хожим нь Христийн Нийгэмлэг Көртландын ариун сүмийг худалдан авч, олон жил эзэмшсэн юм.

Өнгөрсөн сард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Көртландын ариун сүмийг Науву дахь хэд хэдэн чухал түүхэн газруудын хамт худалдаж авсныг бид зарласан. Бид Христийн Нийгэмлэгийн удирдагчидтай эв найртай, харилцан ашигтай хэлцэл өрнүүлж, улмаар уг зөвшилцөлд хүрсэнд ихэд талархаж байна.

Зураг
Көртландын ариун сүм.

Көртландын ариун сүм бол Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд ер бусын ач холбогдолтой. Тэнд болсон хэд хэдэн үйл явдлыг мянга мянган жилийн өмнөөс бошиглосон ба эдгээр нь Их Эзэний Сүм хожмын үеийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй чухал байсан.

Эдгээр үйл явдлын хамгийн чухал нь 1836 оны 4-р сарын 3-ны Христийн амилсны ням гарагт болсон юм. Энэ өдөр Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр гайхамшигтай айлчлалууд цувран ирсэн ажээ. Эхлээд Их Эзэн Есүс Христ үзэгдсэн юм. Бошиглогч энэ тухай бичихдээ Аврагчийн “мэлмий галын дөл лугаа адил байв; тэргүүнийх нь үс цэвэрхэн цас мэт цав цагаан байв; түүний төрх байдал нарны гэрлээс ч илүү хурцаар гялалзаж байлаа; мөн дуу хоолой нь агуу их ус хуйлрах мэт байв” гэжээ.

Энэ айлчлалаар Их Эзэн Өөрийн хэн болохыг бататган: “Бибээр эхнийх мөн эцсийнх болой; Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ” гэж хэлжээ.

Тэгээд Есүс Христ ариун сүмийг Өөрийн өргөө хэмээн хүлээж авснаа тунхаглаж, “энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно” гэх гайхам амлалтыг өгсөн.

Энэхүү агуу амлалт эдүгээ онцгойлон адислагдсан ариун сүм бүрд хамаатай. Би та бүгдийг Их Эзэний уг амлалт таны хувьд ямар утга учиртай болохыг тунгаан бодохыг урья.

Аврагчийн айлчлалын дараа Мосе үзэгдсэн. Мосе Иосеф Смитэд Израилыг цуглуулж, арван овгийг эргүүлэн авчрах түлхүүрүүдийг өгсөн юм.

Энэхүү үзэгдэл хаагдсаны дараа “Елиас хүрч ирэн, … Абрахамын сайн мэдээний эрин үеийг” Иосефт даатгасан юм.

Тэгээд бошиглогч Елиа үзэгдсэн. Түүний ирэлт нь Хоёр дахь ирэлтээс өмнө Их Эзэн Елиаг илгээн, “эцгүүдийн зүрхийг хүүхдүүд рүү нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү нь эргүүлнэ” хэмээх Малахийн амлалтыг биелүүлсэн билээ. Елиа лацдан холбох хүчний түлхүүрүүдийг Иосеф Смитэд өгсөн.

Их Эзэний удирдамжаар гурван тэнгэрлэг элч эдгээр түлхүүрийг эргүүлэн авчирсан нь нэн чухал үйл хэрэг билээ. Санваарын түлхүүрүүд нь тэргүүлэх эрх мэдэл болон хүчнээс бүрддэг. Их Эзэний зорилгуудыг биелүүлж мөн Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсан бүх хүнийг адислахад Бурханы санваарыг хэрхэн ашиглахыг санваарын түлхүүрүүдээр зохицуулдаг.

Сүмийг зохион байгуулахаас өмнө тэнгэрлэг элч нар Аароны болон Мелкизедек санваарыг Бошиглогч Иосеф Смитэд хүртээж, тухай тухайн санваарын түлхүүрийг өгсөн байсныг тодотгох нь зүйтэй. Эдгээр түлхүүр нь Иосеф Смитэд 1830 онд Сүмийг зохион байгуулах эрх мэдлийг өгсөн.

Тэгээд Көртландын ариун сүмд 1836 онд, дээр дурдсан нэмэлт санваарын түлхүүрүүд болох Израилын цугларалтын түлхүүр, Абрахамын сайн мэдээний түлхүүр, лацдан холбох түлхүүрүүдийг хүртээсэн нь зайлшгүй хэрэгтэй байсан. Эдгээр түлхүүр Иосеф Смитэд болон түүнээс хойших Сүмийн бүх ерөнхийлөгчид хөшигний хоёр талд Израилыг цуглуулж, гэрээний хүүхдүүдийг Абрахамын адислалаар адисалж, санваарын ёслолууд ба гэрээг баталгаажуулж, гэр бүлүүдийг мөнхөд лацдах эрх мэдлийг өгсөн. Санваарын эдгээр түлхүүрийн хүч хязгааргүй бөгөөд агуу билээ.

Санваарын түлхүүрүүд дэлхийд сэргээгдээгүй байсан бол таны амьдрал ямар өөр байх байсныг бодоод үз дээ. Санваарын түлхүүрүүдгүйгээр та Бурханы хүчээр хишиг хүртэх боломжгүй. Санваарын түлхүүрүүдгүйгээр Сүм нь хүмүүст зааж сургадаг, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас цаашгүй болж хувирна. Санваарын түлхүүрүүдгүйгээр биднийг хайртай хүмүүстэй минь мөнхөд холбож, эцэст нь Бурхантай амьдрах боломж олгодог зайлшгүй шаардлагатай ёслол ба гэрээнүүдийг хийх боломжгүй болно.

Санваарын түлхүүрүүд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг дэлхий дээрх бусад бүх байгууллагаас ялгаатай болгодог. Олон байгууллага таны мөнх бус амьдралыг илүү сайхан болгож чадах ба чадсаар байгаа. Гэвч үхлийн дараах амьдралд тань нөлөөлж чаддаг мөн ирээдүйд нөлөөлж чадах өөр нэг ч байгууллага байхгүй.

Санваарын түлхүүрүүд Абрахамд амласан бүх адислалыг гэрээгээ сахидаг бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүст хүргэх эрх мэдлийг бидэнд өгдөг. Ариун сүмийн ажил Бурханы бүх хүүхдэд хаана мөн хэзээ амьдарч байснаас нь мөн одоо амьдарч байгаагаас нь үл шалтгаалан эдгээр гайхалтай сайхан адислалыг хүртэх боломжийг олгодог. Санваарын түлхүүрүүд дэлхий дээр дахин ирсэнд бүгдээрээ баясацгаая!

Би та бүхнийг дараах гурван мэдэгдлийг анхааралтай тунгаан бодоход уриалж байна.

  1. Израилын цугларалт нь Бурхан хаа газрын бүх хүүхдээ хайрладгийн нотолгоо юм.

  2. Абрахамын сайн мэдээ нь Бурхан хаа газрын бүх хүүхдээ хайрладгийн бас нэг нотолгоо юм. Тэрээр “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм” бүх хүнийг Өөр дээр нь ирэхийг урьдаг; … “мөн Бурханд бүгд адил.”

  3. Лацдан холбох хүч бол Бурхан газар бүр дэх бүх хүүхдээ ямар их хайрлаж, хүн бүрийг Өөрт нь эргэн ирэхийг сонгохыг хүсдэгийн тэнгэрлэг нотолгоо юм.

Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн санваарын түлхүүрүүд гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүн бүрд гайхалтай хувийн сүнслэг боломжуудыг олгодог. Көртландын ариун сүмийн энэхүү нандин түүхээс бид сурч мэдэх боломжтой.

Көртландын ариун сүмийг онцгойлон адислахад хэлсэн Иосеф Смитийн залбирал энэ эцсийн өдрүүдэд сүнслэг сорилтуудтай тулахад ариун сүм та биднийг хэрхэн сүнслэг байдлаар хүчирхэгжүүлдэг тухай заавар болдог. Сургаал ба Гэрээний 109-р хэсэгт цэдэглэгдсэн энэхүү залбирлыг судална уу хэмээн би та бүгдийг урамшуулж байна. Илчлэлтээр хүлээн авсан энэхүү онцгойлон адислах залбирал бидэнд ариун сүм бол “залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцахын өргөө, алдар суугийн өргөө, дэг журмын өргөө, Бурханы өргөө” гэдгийг заадаг.

Ариун сүмийн эдгээр шинж чанар нь үүнийг тодорхойлохоос хавьгүй их утга учиртай. Эдгээр нь Их Эзэний өргөөнд үйлчилж, шүтэн биширдэг хүмүүст юу тохиолдож болохыг дурдсан амлалт юм. Тэд залбирлын хариулт, хувийн илчлэлт, илүү их итгэл, хүч, тайтгарал, өсөн нэмэгдэх мэдлэг болон чадлыг авах хүлээлттэй байж болно.

Ариун сүмд цагийг өнгөрүүлэх нь танд селестиел ухаанаар бодож, өөрийгөө жинхэнээсээ хэн болохыг, хэн болж чадахыг, ямархуу амьдралаар мөнхөд амьдарч болох алсын харааг олж авахад тусална. Ариун сүмд тогтмол очиж шүтэн биширснээр та өөрийгөө илүү сайн ойлгож, хэрхэн Бурханы агуу төлөвлөгөөний нэг хэсэг болдгоо мэдэх болно. Би танд үүнийг амлаж байна.

Мөн ариун сүмд бидэнд “Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн ав[на]” хэмээн амладаг. Энэхүү амлалтын хүрээнд мөнхийн үнэнийг хайдаг хүн бүрд тэнгэр нээгдэнэ гэдэг нь ямар утга учиртай болохыг төсөөлөөд үз дээ.

Ариун сүмд шүтэн биширдэг бүхэн Бурханы сүр хүчтэйгээр урагш одож, мөн тэнгэр элч нар “тэдний дээр захирч” байдаг хэмээн бидэнд зааварласан. Хишиг хүртсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд Бурханы хүчээр зэвсэглэж, амьдралын шуургыг ганцаараа туулахгүй гэдгээ мэдэх нь та нарын өөртөө итгэх итгэлийг хэр их нэмэх вэ? Тэнгэрлэг элч нар танд үнэхээр тусална гэдгийг мэдэх нь танд хэр их урам зориг өгөх вэ?

Эцэст нь, Их Эзэний өргөөнд шүтэн биширдэг хүмүүсийг “ёс бусын нэгдэл” дийлэх хүчгүй байна хэмээн бидэнд амласан.

Ариун сүмд өгөгддөг сүнслэг боломжуудыг ойлгох нь өнөөдөр бидэнд зайлшгүй чухал байна.

Хайрт ах, эгч нар аа, би дараах амлалтыг та нарт өгье. Боломжийнхоо хэрээр ариун сүмд тогтмол шүтэн бишрэхээс илүү төмөр бариулаас зууран барихад туслах зүйл гэж үгүй. Дэлхийн харанхуй манантай тулгарах үед таныг үүнээс илүү хамгаалах зүйл гэж үгүй. Өөр юу ч Их Эзэн Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлийг тань үүн шиг хүчирхэгжүүлж, Бурханы агуу төлөвлөгөөг илүү сайн ойлгоход туслахгүй. Шаналах үед сүнсийг тань илүү илаарьшуулах зүйл үгүй. Тэнгэрийг илүү их нээх өөр юу ч байхгүй. Тийм юу ч байдаггүй!

Ариун сүм бол Бурханы бидний хүн нэг бүрд хадгалсан хамгийн эрхэм дээд адислалуудад хүргэх хаалга бөгөөд Абрахамд амлагдсан бүх адислалыг хүлээн авах дэлхий дээрх цорын ганц газар билээ. Ийм учраас бид Сүмийн гишүүдэд ариун сүмийн адислалуудыг ойртуулахын тулд Их Эзэний удирдамж дор чадах бүхнээ хийж байгаа билээ. Ингээд бид дараах 15 байрлал тус бүрд шинэ ариун сүм барих төлөвлөгөөг танилцуулахдаа таатай байна.

  • Францын Полинезийн Утуроа

  • Мексикийн Чихуахуа

  • Бразилийн Флорианополис

  • Аргентиний Розарио

  • Шотландын Эдинбург

  • Австралийн өмнөд бүсийн Брисбани

  • Бритиш Коламбын Викториа

  • Аризона мужийн Юма

  • Техасын өмнөд бүсийн Хюстон

  • Иовагийн Дэ Моин

  • Охайогийн Синсиннати

  • Хавайн Хонолулу

  • Ютагийн Баруун Жордан

  • Ютагийн Лихай

  • Венесулагийн Маракайбо

Хайрт ах, эгч нар аа, энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдгийг би гэрчилж байна. Тэр тэргүүнд нь зогсдог. Бид бол Түүний шавь нар.

Та бидний авахыг хүсэж байгаа мөн авах зохистой сүнслэг адислал бүрийг боломжтой болгосон санваарын түлхүүрүүдийн сэргээлтэд бүгдээрээ хамт баясацгаая. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.