“Их Эзэн амлалтаа биелүүлсэн,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Их Эзэн амлалтаа биелүүлсэн
Манай гэр бүлийн хувьд болон миний хувьд дуулгавартай байсны минь дараа Их Эзэний адислалууд ирсэн.
Би гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр дуудагдсанаас хойш хоёр сарын дараа ажилгүй болов. Эхнэр, хоёр хүүхдээ хэрхэн тэжээх билээ гэж санаа минь зовж байлаа.
Шинэ ажил хайх зуураа дуудлагадаа өөрийгөө бүрэн зориулж байсан минь надад ах, эгч нартаа үйлчлэх олон боломжийг олгосон юм. Үнэндээ би дуудлагадаа үйлчлээд маш завгүй болсон тул эхнэр маань миний үүргүүдээс үүрэлцэх өөр хүн гадсанд байгаа эсэх талаар бодож байлаа.
Нэгэн бороотой орой гэр бүлийн үдшээ эхлэх гэж байтал утас дуугарав. Манай гадасны маш хүнд өвчтэй ахад адислал хэрэгтэй болсон тул надаас тийш явахыг хүслээ. Би шууд л нэг найзынхаа хамт очихоор боллоо.
Бид очсон даруйд өнөөх өвчтэй ахыг таньсан ба утсаар ярьсанд нь талархаж байв. Хэдэн өдрийн өмнө тэрээр гадасны дуудлага авахаар ярилцлагад орсон юм. Бид түүнийг тосолж, адисалж дуусаад, түүнд дараа эргэж ирнэ гэдгээ хэлэв.
Би бороонд норж бас гэртээ оройтож ирсэн ч бидэнд богинохон гэр бүлийн үдшийн хичээл орох цаг гарсан. Бид Елиа болон Зарефатын бэлэвсэн эмэгтэйн тухай видеог үзэхээр шийдэв.
Бэлэвсэн эмэгтэй сүүлчийн хүнсээрээ өөртөө болон хүүдээ хоол хийхээр бэлдэж байтал, Елиа түүнд “Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн бин хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн” гэдэг. Түүнийг дуулгавартай байсны төлөө “ЭЗЭН энэ газрын гадаргад дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл саван дахь гурил ч дуусахгүй, тостой домбо ч хоосрохгүй” (1 Хаад 17:13–14) гэж айлдсан билээ.
Елиагийн “эхлээд надад … хийгтүн” гэсэн үг зүрх сэтгэлд минь нэвт шингэсэн. Би нулимс дуслуулан байж эхнэртээ “Энэ шүү дээ! Эхлээд бид Их Эзэний бүх тушаалыг биелүүлэх ёстой, дараа нь адислалууд ирэх болно.
Елиагийн бэлэвсэн эмэгтэйд өгсөн амлалт биелсэнтэй адил намайг ажилгүй байхад бидний хоол хүнс, тос “хоосроогүй.” Их Эзэн бидний санхүүгийн хүндрэлийг мэдэж байсан бас биднийг адисалсан” гэж хэлэв. Яг маргааш нь надад ажлын санал ирсэн юм.
Их Эзэн амлалтаа биелүүлдэг гэдгийг би мэднэ. Энэ туршлагаас үүдэн миний итгэл, Түүнд талархах талархал асар их өссөн билээ.