2022
Би чамайг дэмжсээр байгаа
2022 оны 7, 8-р сар


“Би чамайг дэмжсээр байгаа,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Би чамайг дэмжсээр байгаа

Надад төрсөн тэр мэдрэмж маш хүчтэй байсан тул намайг өвдөг дээрээ сөхрөхөд хүргэв.

Бяцхан охин нүдээ аньж байгаа нь

Би дөнгөж гурван настай байхдаа эцэг эхийнхээ автомашины ослын улмаас эмчлүүлж байсан эмнэлгээс явахыг хүсэхгүй байлаа.

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр, гэрэл зургийн буланг Getty Images-ээс авав

Би гурван настай байхдаа аав, ээжийнхээ хамт автомашины осолд орсноос үүдэж сэтгэлийн гэмтэл, түгшүүртэй болсон юм. Үүнээс болж би олон жил зовж шаналсан. Ээжийн хэвлийд байсан эрэгтэй дүү минь тэр ослоос амьд үлдэж чадаагүй.

Осол болсноос хойш яг 25 жилийн дараа уг дурсамж эргэн ирэв. Хэдэн сарын турш намайг зовж шаналж байхад нэг найз маань намайг Тэнгэрлэг Эцэгтээ хандахыг санал болгосон. Би инээгээд, “Тэр миний төлөө юу хийж чадах юм бэ?” гэж асуув.

Би зовж шаналсаар л байв. Түүнээс хойш дахиад нэг, хоёр жил өнгөрсний дараа би шаналж байгаагаасаа залхан, зовлон шаналал минь уур болж хувирав. Би найзынхаа өгсөн зөвлөгөөг дагаж, Бурханд хандаж эхэллээ.

“Хэрэв Та үнэхээр байдаг бол хэн нэгнийг илгээгээч. Надад хэн нэгэн хэрэгтэй байна!” гэж би залбирлаа.

Дараа өдөр нь би үүдэн дээрээ дэмий л хүлээж өнгөрөөв.

“Хараач, Бурхан минь, хэн ч намайг анхаардаггүй! Хэн ч ирсэнгүй!” гэж би хэлэв.

Байшин руугаа удаан гэгч алхан орж, хаалгаа хаахад нулимс хацрыг минь даган урсаж байлаа. Шатаар дээш өгсөх үед надад ялагдсан мэт санагдаж байв. Гэтэл хамгийн дээд талын шатан дээр өгсөж очих үед ямар нэгэн хүчтэй мэдрэмж намайг бүрхлээ. Надад төрсөн тэр мэдрэмж маш хүчтэй байсан тул өвдөг дээрээ сөхрөхөд хүргэв.

Дараа нь миний оюун ухаанд “Ринэй, би чамайг дэмжсээр байгаа” гэсэн бодол орж ирэв.

Тэнгэрлэг Эцэг хамгийн хэрэгтэй үед минь тэрхүү хүчирхэг бодлыг аядуу зөөлөн арга замаар надад илгээсэн. Тэр намайг хайрладаг бас мэддэг гэдгийг би ухаарсан юм. Тэр надад маш их хайртай тул надад ёс суртахууны сонгох эрхийг өгсөн. Тэр намайг эсвэл өөр хэн нэгнийг Өөрийг нь дагахад албадахгүй, харин Тэр болон Түүний Хүү биднийг Өөрсөд дээрээ ирэхэд урьдаг (Матай 11:28–30-ийг үзнэ үү).

Тэр өдрөөс хойш би Түүнд найдаж болно гэдгийг мэддэг болсон юм. Би Түүнийг дагаж, өдөр бүр Түүнийг сонсохыг хичээж байгаа учраас одоо миний амьдрал илүү дээр болсон. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр надад зовлон шаналал мэдрэхийг зөвшөөрдөг ч Тэд надад амар амгалан, тайтгарал, хүч чадал, зориг авчирдаг ба ингэснээр би хэцүү зүйлсээс суралцаж чаддаг. Шаналал мэдрэх нь зовж шаналж байгаа хүмүүсийг ойлгож, дэмжихэд минь тусалдаг.

Бусдад юу тохиолдож байгааг бид хэзээ ч бүрэн мэдэхгүй байж магадгүй ч эргэн тойрныхоо хүмүүст хайраа харуулж чадна. Тэнгэрлэг Эцэг минь намайг хайрлаж, Түүнийг дуудах үед намайг сонсдог гэдгийг мэдэж байгаадаа би талархаж байна.