2022
Ариун сүмийн ёслолууд: Бурханы оршихуйд буцаж очихоор бэлтгэх нь
2022 оны 7, 8-р сар


“Ариун сүмийн ёслолууд: Бурханы оршихуйд буцаж очихоор бэлтгэх нь,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.

Ариун сүмийн ёслолууд: Бурханы оршихуйд буцаж очихоор бэлтгэх нь

Би та бүхнийг Аврагч дээр очихоор хичээх явцдаа ариун сүмийн гэрээ, ёслол, шүтлэг бишрэлийн мөнхийн ач холбогдлын талаар хичээнгүйлэн суралцаж, талархдаг байхад урьж байна.

Аризонагийн Мэса ариун сүмийн нээлтийн ёслол

Аризонагийн Мэса ариун сүмийн нээлтийн ёслолын гэрэл зургийг Лэсли Нилссон

Бурханы ажил, алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39)—биднийг Түүний оршихуйд буцаж очихын тулд “илүү дээр, илүү ариун замаар”1 амьдрахад бэлтгэх явдал юм.

Их Эзэн Өөрийн хязгааргүй бөгөөд мөнхийн нигүүлслээр бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан Өөрийн хөвгүүд, охидыг Түүний ирэхэд бэлтгэж, Түүнтэй уулзахаар амилуулагдахад бэлэн Сионы хүмүүс болоход үргэлж урьсаар ирсэн (Алма 12:24; 34:32; Сургаал ба Гэрээ 45:45; 65:5; 88:96–97-г үзнэ үү). Мөн Есүс Христийн сургаалаас суралцах, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх, наманчлах, ариун нандин гэрээ, ёслолуудыг хүлээн авах зэрэг нь үргэлж энэхүү бэлтгэлийн гол зүйл байв.

Хуучин Гэрээн дэх Бурханы хүүхдүүддээ өгсөн дээд түвшний хуулиар амьдарч, авралын гэрээ болон ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх урилгын жишээнүүд өнөөдрийн бидэнд удирдамж заавар болдог.

Гэтлэл номд Бурхан израилчуудыг “үнэт өмч” болж Түүнтэй уулзахаар бэлтгэхийн тулд өөрсдийгөө ариусгахыг урамшуулсан (Гэтлэл 19:4–6, 10–11, 17-г үзнэ үү). Ехова израилчуудад “чулуун хавтангуудыг, хуулийг ч, тушаалуудыг ч” (Гэтлэл 24:12) өгсөн ба тэд Бурхантай гэрээ байгуулж, “Эзэний айлдсан бүхнийг бид биелүүлнэ”(Гэтлэл 19:8-ыг мөн 24:3-ыг үзнэ үү) гэж хэлсэн. Их Эзэн тэдэнд, хэрэв гэрээндээ дуулгавартай байвал Тэр тэдний дунд оршино (Гэтлэл 29:45–46) гэж амласан. Гэсэн ч израилчууд Синаи уулан дээр “Эзэний цог жавхлан” (Гэтлэл 24:16)-г гэрчлэхдээ айн дагжиж, алсад зогссоор, эцэст нь Бурханы эсрэг тэрслэв (Гэтлэл 20:18–21; 32:1–6-г үзнэ үү).

Хуучин Гэрээнд гардаг хоёр дахь жишээ бол Соломон хаан Их Эзэнд өргөө барьсан тухай юм (1 Хаад 6:11–13-ыг үзнэ үү). Гэрээний авдар болон бусад ариун эд зүйлийг “ариунаас ариун газарт” (1 Хаад 8:6) байрлуулсан ба “Эзэний цог жавхлан … Эзэний өргөөг дүүргэсэн аж” (1 Хаад 8:11). Соломон онцгойлон адислах залбирал өргөөд; наманчилдаг, залбирдаг израилчуудын дээр материаллаг болон сүнслэг адислалуудыг хүртээхийг гуйв. Их Эзэн тэдний гуйсан залбирлуудыг сонсоод, хэрэв израилчууд дуулгавартай байх аваас агуу адислалуудыг хүртээнэ гэж амлажээ. Гэсэн хэдий ч израилчууд Их Эзэнийг умартаж, хуурамч бурхдад мөргөв. (1 Хаад 9–11-ийг үзнэ үү.)

Хуучин Гэрээн дэх өөр бошиглогчид “Бурханы нүүрийг болгоож болохын тулд [израилчуудад зааж, тэднийг] ариусгахын тулд хичээнгүйлэн эрэлхийлж байлаа; гэвч тэд зүрх сэтгэлээ хатууруулж мөн түүний оршихуйг тэвчиж чаддаггүй байв” (Сургаал ба Гэрээ 84:23–24).

Израилын хөвгүүд итгэлгүй, айдастай, эсвэл өөрчлөгдөх хүсэлгүй байж; илүү хялбар замыг хүсэн; дэлхийн зүйлүүдэд зүрх сэтгэлээ зориулж; эсвэл Их Эзэн болон Түүний бошиглогчдын эсрэг өөрсдөө дахин дахин тэрсэлжээ. Израилчууд Бурханаас нүүр буруулж, гэрээ болон ёслолуудаа орхих болгонд Их Эзэний “уур тэдний эсрэг дүрэлзэж байсан” (Сургаал ба Гэрээ 84:24) ба тэд Түүний цог жавхлангийн бүрэн байдлыг хүлээн авч чадаагүй юм.

Цугларалтын тэнгэрлэг зорилго

Өөрийн хүмүүсийг цуглуулж, ариун сүмийн гэрээ болон ёслолуудаар дамжуулан адислах Их Эзэний хүчин чармайлтыг Шинэ Гэрээ болон Мормоны Номд мөн өгүүлсэн байдаг. Аврагч “Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хэчнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй!” хэмээн гашуудсан байдаг. (Матай 23:37-г мөн 3 Нифай 10:4–6-г үзнэ үү.)

Бошиглогч Иосеф Смит “Бурханы хүмүүсийг дэлхийн аль нэг эрин зуунд … цуглуулахын зорилго юу байсан юм бэ? … Гол зорилго нь Их Эзэн Өөрийн өргөөний ёслолууд болон хаант улсынхаа алдар сууг Өөрийн хүмүүст илчилж, авралын замыг хүмүүст заах өргөөг Түүнд зориулан барих явдал байлаа …учир нь тэд … тэнгэрээс илчлэлт хүлээн авч, Бурханы хаант улсын зүйлүүдэд төгс болгогдож болохын тулд хэдий ч тэд цугларахгүй байв.”2

Их Эзэн хүүхдүүдээ энэ эрин үед цуглуулахыг хүсэж байгаа ба “дэлхийн сууринаас өмнө нуугдмал байсан зүйлүүдийг, … энэ өргөөнд хамаарах бүх зүйлийг, мөн үүний санваарыг” (Сургаал ба Гэрээ 124:41–42) илчилсэн. Түүний цагаатгагч золиосоор дамжуулан бид Түүний оршихуйд буцан очих боломжтой болсон тул Тэрээр “Болгоогтун, миний нэрийг дууддаг, мөн миний үүрдийн сайн мэдээний дагуу намайг шүтэн биширдэг тэд бүгд хамтдаа цуглаж, мөн ариун газрууд дээр зогсох ёстой нь миний таалал билээ” (Сургаал ба Гэрээ 101:22) хэмээн үүнд бэлтгэхэд уриалсан.

Яагаад ариун сүмийн ёслолууд ийм чухал байдаг вэ?

Ариун сүм бол шүтэн бишрэх бүхий л газрууд дотроос хамгийн ариун нь билээ. Хожмын үеийн ариун сүмүүдэд сурч, гүйцэтгэдэг бүх зүйл Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөөг, Есүс Христийн тэнгэрлэг байдал болон бидний Аврагч болох Түүний үүргийг онцолдог. Харин ариун сүмд хүлээн авдаг гэрээ, тэнд гүйцэтгэдэг ёслолууд бидний зүрх сэтгэлийн ариусалд болон Бурханы охид, хөвгүүдийн эцсийн өргөмжлөлд нэн чухал.

“Мөн энэхүү дээд санваар нь сайн мэдээг удирдаж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой.

Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг.

Үүний ёслолуудгүйгээр мөн санваарын эрх мэдэлгүйгээр бурханлаг чанарын хүч махан бодод хүмүүнд илэрхийлэгдэх нь үгүй бөлгөө” (Сургаал ба Гэрээ 84:19–21).

Зөв зохистойгоор хүлээн авдаг, үргэлж дурсан санадаг ёслолууд нь бурханлаг байдлын хүчийг амьдралд маань авчрагч тэнгэрийн сувгийг нээж өгдөг юм. Санваарын ёслолуудыг хүлээн авч, ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахиснаар бид Аврагчийн буулгад Түүний хамт орж (Матай 11:28–30-ийг үзнэ үү)3 мөн Бурханы оршихуйд буцаж очихоор бэлтгэх явцдаа мөнх бус амьдралын сорилт, бэрхшээлүүдийг даван туулах өөрт байгаагаас илүү их хүчээр адислагдах болно.

Ариун сүмийн гэрээ, ёслолуудаас ирэх адислал

Есүс Христийн хөрөг

Christ and the Young Child [Христ ба бяцхан хүүхэд], Карл Хэйнрих Блохын бүтээлээс

Ариун сүмийн гэрээ, ёслолуудаас ирдэг хоёр чухал адислал нь өсөн нэмэгдэх баяр баясгалан ба хүч чадал юм.

Гэтэлгэгч бол үүрд үргэлжлэх баяр баясгалангийн эцсийн бөгөөд цорын ганц эх ундарга. Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, ариун нандин гэрээ болон ёслолуудыг зохистойгоор хүлээн авч, үнэнчээр сахиж, Аврагчид болон Түүний зорилгод гүнээ хөрвөгдөхийг хичээх үед жинхэнэ баяр баясгалан ирдэг.

Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэршигдэж, ариусгагдсанаар амьдрал маань илүү ариун, илүү баяр баясгалантай болдог гэдгийг Алма хүүдээ заасан. Зөвхөн Гэтэлгэгчдээ итгэж, наманчлан, гэрээнүүдийг сахих замаар бид мэдэрч мөн хадгалж үлдэхийг хүсдэг удаан үргэлжлэх аз жаргалыг хүлээн авах боломжтой.4

“Бид хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг хүлээн авч, үүрдийн аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болоход урьж байна”5 гэсэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны баяр хөөрийн тухай амлалтыг анхаарна уу.

Чөтгөрийн хүч ширүүсэж, “амар тайванг маань сарниулан”6 буй өнөө үед ариун сүмийн гэрээ, ёслолуудаар дамжуулан бидний хүн нэг бүр хамгаалах хүчийг олж авах боломжтой (Сургаал ба Гэрээ 38:32; 43:16; 76:39–42; 105:11–12, 33; 138:12–15-ыг үзнэ үү). Нифай үзэгдлээр “… Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн” (1 Нифай 14:14) байхыг харсан.

Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбиралдаа бошиглогч Иосеф Смит Эцэгт хандан “таны үйлчлэгчид энэ өргөөнөөс таны сүр хүчээр зэвсэглэн урагш одож болохын тулд” мөн “ёс бусын нэгдэл өндийн босож мөн энэ өргөөнд таны нэр тэдэн дээр тавигдах хүмүүсийн тань дээр дийлэх …-гүй байхыг буюу” (Сургаал ба Гэрээ 109:22, 26) хэмээн гуйжээ.

Көртландын ариун сүм

A Glorious Light—Kirtland Temple [Цог жавхлант гэрэл-Көртландын ариун сүм], Глэн С.Хопкинсон, хуулбарлаж болохгүй.

Бидний хүн нэг бүр Их Эзэний өргөөнд байгуулдаг гэрээ, гүйцэтгэдэг ёслолуудын хамгаалах хүчийн талаар суралцаж, илүү сайн ойлгохыг хичээх ёстой. Ингэснээр шавийнхаа хувьд бид “ариун газруудад зогсож … шилжин нүүлгэгдэх нь үгүй” (Сургаал ба Гэрээ 45: 32) мөн “цөвүүн өдөрт бат зогсох” (Ефес 6:13) болно.

Урилга ба гэрчлэл

Би та бүхнийг Аврагч руу ирж, Түүний Цагаатгалаар боломжтой болсон адислалуудыг хүлээн авахаар хичээх явцдаа ариун сүмийн гэрээ, ёслол, шүтлэг бишрэлийн мөнхийн ач холбогдлын талаар хичээнгүйлэн суралцаж, талархдаг байхыг урьж байна. Мөн Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр амьд бөгөөд Тэдний оршихуйд буцан очиж, алдар суугаас хүртэх нь Тэдний хамгийн агуу хүсэл гэдгийг би баяртайгаар гэрчилж байна (Сургаал ба Гэрээ 97:16; 101:38-ыг үзнэ үү).