“Эх сурвалж,” Аароны санваарын чуулгын аяллын заавар (2019)
“Эх сурвалж,” Аароны санваарын чуулгын аяллын заавар
Эх сурвалж
Тойрог, гадасны удирдагчдын үүрэг
Тойргийн удирдагчид
Тойрог дахь Аароны санваарын ерөнхийлөгчийн зөвлөл болох бишоп болон түүний зөвлөхүүд чуулгыг хариуцдаг. Тэд залуу эрэгтэйчүүдийг нэг бүрчлэн харж хандаж, эцэг эх, бусад удирдагчтай нягт хамтран ажилладаг. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.3, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)
Тойргийн аяллын төлөвлөгөөг бишопын зөвлөл батална. Чуулгын удирдагч, зөвлөх, мэргэжилтнүүд Арга хэмжээ ба үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, аяллын зорилго, зорилт, аялах газрын байршил, арга хэмжээнүүдийн тухай тодорхой мэдээлэл болон хуваарийн талаар санваарын удирдагчидтай зөвлөлдөж, удирдамж авсан байх хэрэгтэй.
Түүнчлэн санваарын удирдагчид төсөв батлан, дагаж явахад тохиромжтой хүмүүсийг сонгох, үйл ажиллагааны үеэр биеэ авч явах байдал болон хувцаслалтын жишгийг тодорхойлж, аяллын аюулгүй байдал, хамгаалалтын арга хэмжээ авах зэрэг төлөвлөгөөг гаргах ёстой. Бишопын зөвлөл тойргийн эрэгтэйчүүдийг болон залуу эрэгтэйчүүдийн аавуудыг Аароны санваарын чуулгын аялалд туслуулахаар урьж болно.
Гадасны удирдагчид
Гадасны Аароны санваарын аяллын бүх төлөвлөгөөг гадасны санваарын удирдагчид батална. Эдгээр үйл ажиллагааг төлөвлөхөд гадасны Аароны санваарын хороо, гадасны Аароны санваар—Залуу эмэгтэйчүүдийн хороо тусална (Ерөнхий гарын авлага, 29.3.9-ийг үзнэ үү).
Гадасны залуу эрэгтэйчүүд гадасны аяллын төлөвлөгөө болон удирдлагад бололцоогоороо оролцох хэрэгтэй. Гадасны санваарын удирдагчид гадасны эрэгтэйчүүдийг болон залуу эрэгтэйчүүдийн аавуудыг гадасны Аароны санваарын чуулгын аялалд туслуулахаар урьж болно.
Аяллыг дүгнэх
Аяллыг дүгнэх нь цаашдын амжилтад чухал нөлөөтэй. Чуулгын удирдагчид болон чуулгын зөвлөхүүд аяллын төгсгөлд аяллын үйл ажиллагааг үнэлж дүгнэх хэрэгтэй. Эдгээр үнэлгээ нь ирээдүйд уг туршлагын чанарыг сайжруулахад болон аяллын зорилгодоо хүрэхэд тус болно.
Үнэлгээ хийх явцдаа эдгээр асуултыг бодож үзнэ үү. Үүнд:
-
Залуу эрэгтэйчүүд Сүнсийг мэдэрсэн үү? Хаана? Хэзээ?
-
Үйл ажиллагаанууд төлөвлөсний дагуу явагдсан уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?
-
Юу нь илүү сайн байж болох байсан бэ?
-
Бидний шийдвэрлэх хэрэгтэй ямар нэгэн асуудал байна уу?
-
Залуу эрэгтэйчүүд зорилгоо биелүүлсэн үү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?
-
Аяллын үр дүнд залуу эрэгтэйчүүдийн маань амьдралд юу тохиолдсон бэ?
-
Бид өөрсдөдөө байгаа эерэг туршлагууд дээрээ үндэслэн үргэлжлүүлэн бүтээн байгуулахын тулд юу хийж чадах вэ?
Чуулгын гишүүдэд өөрсдөдөө тохиолдсон туршлагуудын талаар эргэцүүлэн бодож үзэхэд урь. Сурч мэдсэн зүйлээ гэрийнхэнтэйгээ болон найз нөхөдтэйгөө хуваалцахад тэднийг урамшуулан дэмж. Өсвөр насныханд зориулсан үйл ажиллагаагаар дамжуулан та залуу эрэгтэйчүүдийн аяллын үеэр сурсан ур чадваруудыг бататгаж болно. Түүнчлэн аяллын үеэр заасан сургаалыг Ням гаргийн хичээл дээр ярилцаж болно. Үйл ажиллагаанууд тань амжилттай болсон бол энэ талаар бусадтай хуваалцахад анхаар.
Та дүгнэлт хийхдээ сурч мэдсэн зүйлээ дараагийн аяллыг сайжруулахад ашигла.
Гадасны санваарын түр буудаллах газар
Гадасны Аароны санваарын түр буудаллах газар гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор төлөвлөгдөж, гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн эсвэл туслахаар дуудагдсан хүмүүс хэрэгжүүлнэ.
Санваарын түр буудаллах газар нь нэг өдрийн аяллын болон нэг шөнийн аяллын эсвэл хэдэн өдрийнх байж болох бөгөөд Хиламаны отог, Сионы отог гэх мэт судартай холбоотой нэр өгч болно.
Санваарын түр буудаллах газрыг залуу эрэгтэйчүүдээр удирдуулж, төлөвлүүлж, удирдан зохион байгуулуулаарай. Бүсийн далын зөвшөөрлөөр олон гадас нийлж, түр буудаллах газарт нэгдэн явж болно. Сүнслэг болон нийгэм, бие махбод, оюун санааны үйл ажиллагаануудыг тэнцвэртэйгээр эдгээр түр буудаллах газарт явуул.
Жишээ нь:
-
Сүнслэг үйл ажиллагаанд судраас судлах, Миний сайн мэдээг номло номоос суралцах, судар цээжлэх мөн жижиг бүлгээр хийх ярилцлага, галын дэргэдэх цуглаан, гэрчлэлийн цуглаан, залуу эрэгтэйчүүдийн заах боломжууд зэрэг үйл ажиллагаанууд багтаж болно.
-
Оюун санааны үйл ажиллагаанд анхны тусламж, амьд гарах арга техник, ургамлын шинжлэх ухааны болон зангилаа зангидах эсвэл өөр ур чадвар ч багтаж болно.
-
Бие махбодын үйл ажиллагаанд усанд сэлэлт, спорт, авиралт, нум сум харвах эсвэл залуу эрэгтэйчүүдийн сонирхож буй бусад үйл ажиллагаа багтана.
-
Нийгмийн үйл ажиллагаанд интернэтийн аюулгүй байдал, удирдлагын сургалт, сайхан сэтгэлийн санамсаргүй үйлдлүүд эсвэл харилцааны ур чадварт суралцах үйл ажиллагаа багтана.
-
Үйлчлэлд тулгуурласан үйл ажиллагаа нь аяллын газрын эргэн тойрныг эсвэл байр баазыг засаж цэвэрлэх, хүмүүнлэгийн тусламжийн хайрцаг бэлдэх, бусдад үйлчлэх ур чадваруудаас суралцах зэргийг багтааж болно.
Тойрог бүрд тодорхой үйл ажиллагааг хариуцуулахаар даалгаж болно. Төлөвлөсөн үйл ажиллагаагаа явуулж болох газар, барилга байгууламжийг сонгоорой. Тойрог бүрээр нь салгах үйл ажиллагаа тойргийнхоо залуу эрэгтэйчүүдтэй ярилцах аятайхан боломжийг бишопт олгодог.
Аяллын зорилгыг тодорхойлох
Та нар өсвөр үеийнхний удирдагчидтай зөвлөлдөж, аяллынхаа зорилгыг сонгож тодорхойлохдоо өөрсдөөсөө “Тэнгэрлэг Эцэг маань энэ аяллын үр дүнд залуу эрэгтэйчүүдийн амьдралд юу тохиолдоосой гэж хүсэж байгаа вэ?” гэж залбирч байгаад асуу. Хариулт нь та нарын зорилго болон бусад шийдвэрийн удирдамж болох ёстой.
Санваарын аялал нь залуу эрэгтэйчүүдэд Их Эзэн Есүс Христийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлж, санваарын үүргээ эрхэмлэн биелүүлэхэд туслах зорилготой юм. Та өсвөр үеийнхэнд бусдад үйлчлэх болон сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжих боломжийг олгох ёстой (Лук 2:52; Ерөнхий гарын авлага, 10.2.1.3; 20.2.6-г үзнэ үү).
Бүх залуу эрэгтэйг аялалтай холбоотой үүрэг хариуцлага, даалгаварт хамруул (Ерөнхий гарын авлага, 4.2.6-г үзнэ үү).
Ах дүүсэг харилцаа, эв нэгдэлд хүргэх утга учиртай боломжуудыг ол. Залуу эрэгтэй бүр өөрсдийгөө хэрэгтэй бөгөөд ач тустай гэдгээ мэдвэл зохино.
Аяллын зорилго тань дараах зүйлсээр өдөөгдсөн байж болно. Үүнд:
-
Аароны санваарын чуулгын уриа
-
Санваарын үүрэг, хариуцлага
-
Жил тутмын өсвөр үеийнхний уриа
-
Судар
-
Бошиглогч, төлөөлөгчийн хэлсэн үг
-
Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр
Бэлтгэл үйл ажиллагаа
Үйл ажиллагаанууд нь аялалд явахаас өмнө эхэлж болно. Бэлтгэл ажлыг сайжруулан, суралцахуйг нэмэгдүүлж, аяллын хүлээлт үүсгэхийн тулд үйл ажиллагааг төлөвлөх талаар бодож үзнэ үү.
Та дараах зүйлийг хийж болно. Үүнд:
-
Чуулгын удирдагчид аяллын сэдэв, бусад зүйлийн талаар танилцуулж болох залуу эрэгтэйчүүдэд болон тэдний гэр бүлд зориулсан бэлтгэл үйл ажиллагаа зохион байгуулж болно.
-
Аялал зохион байгуулах, төлөвлөх үйл ажиллагаа зохион байгуул.
-
Төсөвт тохирсон тэжээллэг жорууд бүхий аяллын хоолны цэсийг боловсруулж гарга.
-
Хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд хог хаягдлыг цэвэрлэж цуглуулах, усыг цэвэр байлгах, байгаль орчноо хамгаалах зэрэг арга замуудад суралц. Аялсан газраа анх очсон үеийнхээсээ илүү цэвэрхэн үлдээ.
-
Аяллын хэрэгслүүдийг ашиглах, хээр гадаа хоол хийх дадлага хийж үз.
-
Хээрийн нөхцөлд амьд гарах ур чадварт суралц.
-
Аялалд биеэ бэлдэхийн тулд биеийн тамираар хичээллэх төлөвлөгөө гарга. Эдгээрт явган аялах, дугуй унах зэрэг биеийн тамиртай холбоотой үйл ажиллагаа байж болно.
Аюулгүй байдал ба онцгой байдалд зориулсан бэлтгэл ажил
Аяллын үеэр таны хүлээх хамгийн чухал үүрэг хариуцлагын нэг бол залуу эрэгтэйчүүдийг сүнслэг, ёс суртахуун, сэтгэл санаа, бие махбодын хувьд аюулгүй байлгах явдал юм. Биеэ авч явах хэм хэмжээ, харилцан үйлдэл Сүмийн жишгийг (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг болон Тэргүүн Зөвлөлийн жил тутмын аюулгүй байдлын талаарх захидлыг үзнэ үү) болон Христийнхтэй адил зан чанарыг үлгэрлэн харуулах ёстой.
Үүнээс гадна удирдагчид аюулгүй байдлыг хангаж, аяллын зорилгыг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлэхийн тулд энэхүү үйл ажиллагаанд зориулж тодорхой жишиг, удирдамж гаргаж болно. Өсвөр үеийнхэн тухайн үйл ажиллагаанд оролцох нь тэдний эрх биш бөгөөд хэрвээ зохисгүй зан авир гаргавал эсвэл өөрийгөө болон бусдыг эрсдэлтэй байдалд оруулбал цуцалж болох онцгой боломж гэдгийг ойлгох хэрэгтэй. Удирдагчид болон зөвлөхүүд эдгээр шаардлагыг эцэг эхчүүдэд болон оролцож буй хүмүүст мэдэгдэж, зохисгүй зан байдлаас үүсэж болох асуудлуудад хэрхэн хандах талаар хамтдаа зөвлөлдөх ёстой.
Аялал бүрд хангалттай тооны насанд хүрсэн удирдагч оролцох шаардлагатай. Үйл ажиллагаа бүрд доод тал нь хоёр насанд хүрсэн удирдагч оролцдог байвал зохино. Том хэмжээний үйл ажиллагаанд насанд хүрсэн удирдагчид нэмж оролцох шаардлагатай байж болно. Бүх удирдагч ойр буй насанд хүрсэн удирдагчдад ил харагдах зайд байхаас бусдаар бол өсвөр үеийн хүүхэдтэй ганцаараа тулж харилцах нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй.
Аяллын үйл ажиллагааг төлөвлөж байхдаа дор хаяж нэг насанд хүрсэн хүн тодорхой үйл ажиллагааны туршлагатай байх тал дээр анхаар. Ингэснээр хүн бүрийн аюулгүй байх баталгаа өсөж байна гэсэн үг.
Анхан шатны энгийн тусламжаас илүү нарийн тусламж шаардлагатай аливаа осол, ноцтой гэмтлийн талаар санваарын удирдагчдад нэн даруй мэдэгд. Аялалд оролцож буй бүх хүнд, ялангуяа насанд хүрсэн удирдагчдад ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэл, үл ойшоосон байдалд сэрэмжтэй байхыг сануул. Бие махбодын болон бэлгийн эсвэл сэтгэл санааны хүчирхийллийг олж мэдсэн хүмүүс хуулийн байгууллагад мэдэгдэж мөн нэн даруй бишоптой холбоо барих ёстой.
Залуу эрэгтэйчүүд болон удирдагчид аялал дахь биеийн хүчний ажилд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Орон нутгийн холбогдох бүх дүрэм журам, тухайн бүс нутгийн хууль тогтоомжийг дуулгавартай дагаснаар аюулыг багасга. Бүх цаг үед унаа тээвэр, харилцаа холбоо хүртээлтэй бэлэн байхад анхаар. Хэрвээ боломжтой бол эмч, сувилагч эсвэл анхны тусламж үзүүлэх талаар хангалттай туршлагатай хэн нэгнийг аялалд оролцоход урь. Анхны тусламжийн хэрэгслүүд авч яв. Орон нутгийн цагдаагийн байгууллага, гал команд, түргэн тусламж зэрэг яаралтай тусламж үзүүлэх газрын болон ойролцоох эмнэлгийн хаяг мөн залуу эрэгтэй нэг бүрийн эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаар, хаягийн жагсаалтыг ойр, үргэлж бэлэн байлга.
Аялал зохион байгуулахаас өмнө залуу эрэгтэйчүүдийн эцэг, эхтэй уулзаж, залуу эрэгтэй бүрийн хоолны дэглэм, эрүүл мэндийн болон сэтгэл санааны хэрэгцээ болох хүн нэг бүрийн онцгой хэрэгцээг мэдэж ав. Өсвөр үеийнхний зан байдалд идэвхтэй хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл хөндлөнгөөс оролцож, арга хэмжээ ав. Доромжлох, тоглоом шоглоом хийх болон найрсаг бус, ёс суртахуунгүй, хүндэтгэлгүй бусад үг хэл, зан байдал нь байж боломгүй үйлдэл юм. Таны халамжинд байх өсвөр үеийнхний аюулгүй, сайн сайхан байдалд зориулж төлөвлөгөө гаргах нь таны үүрэг хариуцлага болохыг ойлгож, хүлээн зөвшөөр. Аяллын үеэр гарч болзошгүй эрсдэлүүдийг багасгах арга замуудыг тодорхойлж, энэ тухай мэдээлэл хийж, бэлтгэлээ ханга. Доор дурдсан Ерөнхий гарын авлагаас авсан хэсгүүдийг болон Тэргүүн Зөвлөлийн жил тутмын аюулгүй байдлын захиас бичиг, өсвөр үеийнхний аюулгүй байдлын зааварчилгааг дахин нягтлан унш мөн нэмэлт мэдээллийг safety.ChurchofJesusChrist.org сайтаас хараарай.
Бүх аяллыг Сүмийн бодлого журмын дагуу явуулахын тулд насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний удирдагчид хянамгай төлөвлөөрэй. Зааврыг safety.ChurchofJesusChrist.org, Ерөнхий гарын авлагын дараах хэсгээс судална уу.
-
20.2.8, “Үйл ажиллагаанд зориулсан сан”; 20.2.9, “Тоног төхөөрөмж, хоол хүнсэнд зориулсан сан”; 20.2.6, “Хандив цуглуулах үйл ажиллагаа”
-
20.6.17, “Үйл ажиллагаанд зориулж Сүмийн бус барилга байгууламжийг түрээслэх”
Эцэг эхчүүдэд мэдээлэл өгч, тэднийг оролцуул
Залуу эрэгтэйн аяллын үеэр сурсан зүйлс түүнийг болон гэр бүлийг нь адислах ёстой. Аялалд бэлдэж байхдаа хүүгийнхээ төлөө ямар сүнслэг хэрэгцээ, найдвар тээж байгаа талаар хуваалцахыг эцэг эхээс нь хүсэж болно. Тэдний гэр бүлд тус болох үйл ажиллагааны санаанууд болон ур чадваруудыг олж мэд. Зарим эцэг эх хувь нэмэр болох мэдлэг, ур чадвартай байж ч магадгүй. Аялал зохион байгуулахаар төлөвлөсөн огноо, аялах газрын байршил, төлбөр, сэдэв, үйл ажиллагаануудын тухай эцэг эхчүүдэд мэдээлэл өгөөрэй. Эцэг эхчүүдэд болон залуу эрэгтэйчүүдэд хувцаслалт, зан байдлын жишгүүдийн талаар тайлбарла (1 Tимот 4:12-ыг үзнэ үү).
Аяллаас өмнө оролцогч бүрийн эцэг эх эсвэл асран хамгаалагчаас Эцэг эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөл ба эрүүл мэндийн бичгийг бөглөж өгөхийг хүс. Энэ маягтыг safety.ChurchofJesusChrist.org-оос авч болно. Та аялал болон үйл ажиллагааны тухай тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг өгснөөр эцэг эхчүүд хүүгээ оролцуулах талаар шийдэхдээ мэдээлэлд суурилсан зөвшөөрөл өгөх боломжтой байх болно. (Ерөнхий гарын авлага, 20.6.13-ыг үзнэ үү.)
Аяллын үйл ажиллагаанд зориулсан санаа
Аяллыг төлөвлөхдөө авч үзэж болох сүнслэг, нийгэм, бие махбод, оюун санааны үйл ажиллагааны санааг дараах байдлаар жагсаав.
Сүнслэг
-
Сошиал медиаг номлогчийн арга хэрэгсэл болгон ашиглах
-
Сошиал медиагаас хол байх мацаг барих
-
Мормоны Номын асуулт
-
Жишиг тоглоом
-
Галын дэргэдэх онцгой цугларалт
-
Өглөөний онцгой цугларалт
-
Гэрчлэлийн цуглаан
-
Номлолд бэлтгэх
-
Өдөр бүр хийж заншсан зүйл
Нийгмийн
-
Гэр бүлийн харилцаа
-
Бусадтай харилцах харилцаа
-
Интернэтийн аюулгүй байдал
-
Үйлчлэлийн төсөл
-
Сайн санааны санамсаргүй үйлдэл ба үйлчлэл
-
Удирдлагын сургалт
Бие махбодын
-
Бөмбөг өшиглөх
-
Хаданд авирах, олсоор доош буух
-
Уул руу дугуйгаар явах
-
Триатлон
-
Саадыг даван туулах курс
-
Нисдэг таваг тоглох
-
Гар бөмбөг
-
Хөл бөмбөг
-
Усан спорт
-
Усанд сэлэх
-
Хөнгөн завиар явах
-
Сэлүүрт завиар явах
-
Завиар ширүүн урсгалтай гол гатлах
-
Жижиг дарвуулт завиар явах
-
Явган аялах
-
Үүргэвчтэй аялал
-
80 км-ийн үүргэвчтэй аялал
-
Танин мэдэхүйн анхдагч аялал
-
Дугуйн аялал
-
Өвлийн спорт
-
Мандлын шумбалт
-
Загасчлах
-
Цасны тэшүүрээр явах
-
Өвлийн аялал
Оюун санааны
-
Зэлүүд газар амьдрах ур чадвар
-
Хээрийн нөхцөлд амьдрах чадвар
-
Төрөл бүрийн спорт
-
Түлээ хагалах
-
Ширмэн тогооны хоол
-
Гал түлэх
-
Зангилаа зангидах
-
Галын аюулгүй байдал
-
Амь аврах
-
Гэнэтийн аюул ослоос амьд гарах
-
Гадна орчноо цэвэр байлгах
-
Ургамал судлах
-
Гео сургалт
-
Усан дээрх жолоодлого
-
Байгальд гэрэл зураг авах
-
Савхин урлал
-
Модон сийлбэр
-
Гадаа хоол хийх
-
Цөлийг гатлах
-
Бай буудах
-
Анхны тусламж үзүүлэх
Үйл ажиллагааны нэмэлт санааг ChurchofJesusChrist.org/youth/activities сайтаас олж үзэж болно. Энэ хэсэгт тодотгосон санаанууд Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтад өөрийн гэсэн үйл ажиллагааны карттай.