Үйлчлэлийн номлогч
1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх


“1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол (2020)

“1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Хоол хийж буй үйлчлэлийн номлогчид

1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх

Энэ хэсэгт хэт стресст орохоос урьдчилан сэргийлэх болон даван гарах ерөнхий зөвлөгөөг багтаав. Эдгээр зөвлөгөө нь бүх номлогчид тус болно.

А. Стресст эергээр хариу үзүүлэх

  • Эрч хүчтэйгээр, байнга залбир. Их Эзэнд өөрийн мэдрэмж, туршлага, төлөвлөгөө, асуудлын талаар ярь. Бүх зүйлд Сүнстэй хамт байхын төлөө гуй. Залбирч, судраас судалж байх үед төрсөн мэдрэмжээ бичиж тэмдэглэ. Өдрийн туршид хүлээн авч болох сүнслэг удирдамжид анхаарлаа хандуул. Сүнсний дуу хоолойг анхааралтай дага. Ийн үйлдсэнээр та удирдамж заавар, тайтгарал, тусламжийг хүлээн авсаар байх болно. “Учир нь болгоогтун, би та нарт дахин хэлье, хэрэв та нар уг замд орох, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно” (2 Нифай 32:5). Сүнслэг өдөөлтийг ялган таних болон дагахад туслахыг Их Эзэнээс хүс.

  • Амгалан тогтуун бай. Амгалан тогтуун байх гэдэгт бие махбодын хувьд хөдлөхгүй байх нь ордог ч гэсэн энэ нь дан ганц ийм утгатай биш юм. Амгалан тогтуун байх гэдэг нь дотоод сэтгэлийн хандлага юм. Энэ бол Бурханы оршихуйг урьдаг дотоод сэтгэлийн тайван байдал юм. “Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд” (Дуулал 46:10). Амгалан тогтуун байхад суралц. Тэгж чадах юм бол та Сүнсний өдөөлтөд илүү мэдрэмтгий байх болно. Та номлолынхоо шаардлагыг илүү сайн биелүүлэх чадвартай болно. Хэт стресстэх үедээ та амгалан тогтуун байх дасгал хийж болно. Оюун санаан дахь бодолдоо анхаарлаа төвлөрүүлэхийн оронд бие махбодод тань мэдрэгдэх мэдрэмжид анхаарлаа хандуул. Таны булчин чангарч эсвэл суларч байгаа эсэхийг мөн эргэн тойрон дахь дуу чимээ, үнэрийг анзаараарай. Ялангуяа амьсгалдаа анхаарах нь нэн тустай (Амьсгалын дасгалыг үзнэ үү). Энэ нь та аль нэгэн бодол эсвэл оюунаа дарахыг оролдож байгаа хэрэг биш юм. Та зүгээр л санааг тань зовоож байгаа зүйл, айдсаас анхаарлаа холдуулж байгаа хэрэг. Энэ нь танд оюун санаандаа Сүнсэнд зориулан илүү их орон зай гаргах боломжийг олгодог. Энэ нь мөн танд илүү их амар амгаланг мэдрэхэд тусална.

  • Бүх зүйлд Их Эзэний мутар байгааг хүлээн зөвшөөр. Танд Бурханы хүүхдүүдийг адислах гайхамшигт ажилд оролцох онцгой эрх олдсон. Талархдаг адислалууддаа өдөр бүр анхаарлаа төвлөрүүлэх дадлага хий. Амьдралд тань үзүүлдэг Сүнсний нөлөөг олж харж, энэ талаар тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ (Моронай 10:3-ыг үзнэ үү).

  • Давуу тал, авьяас чадвараа ашиглан үйлчил. Давуу тал, авьяас чадвар, сүнслэг бэлгүүдээ жагсаан бич. Таны давуу тал бол Их Эзэний агуулахын нэгэн хэсэг юм. Тэр хүүхдүүдээ адисалж, Өөрийн хаант улсыг байгуулахын тулд тэднийг ашигладаг. Таны номлолын нэг чухал хэсэг бол бэлгүүдээ хөгжүүлэх явдал юм. Өөрийн давуу талыг бусдад туслахын төлөө Христийн адил арга замаар ашигла. Сүнс нэг номлогчид юу гэж шивнэснийг бодоод үз дээ. “Би чиний сул талын чинь төлөө дуудаагүй. Би хүчирхэг талын чинь төлөө дуудсан.” Та хийж чаддаггүй зүйлээсээ илүү сайн хийж чаддаг зүйл дээрээ төвлөр. Долоо хоног бүр авьяас бэлгээ бусдад үйлчилж, адислахад зориулан хэрхэн хөгжүүлж, ашиглаж болох арга замуудыг төлөвлө. (Сургаал ба Гэрээ 82:18–19-ийг үзнэ үү.)

  • Тайтгаруулах судруудыг тодорхойлж, цээжил. Судар судлах явцдаа таныг хүчирхэгжүүлэн, тайтгаруулдаг шүлгүүдээ жагсааж бич. Та тэдгээрийг уншиж, сонсож, цээжилж болно.

  • Үйлчилж буй хүмүүсийнхээ хэрэгцээ, шаардлагад төвлөр. Үйлчилж буй хүмүүсээ адислахын тулд юу хийж болохоо бод. Тэдэнд хэрхэн илүү сайн тусалж чадахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийл. Тэдний итгэлийг хүчирхэгжүүлэхийг хичээ.

  • Таньдаг хүмүүстэйгээ ажил төрлийн холбоо тогтоо. Таны үйлчлэл таньдаг хүмүүсийн тань бодит асуудалд хэрхэн тус нэмэр болохыг бодож үз. Таны үйлчлэл бусдад хэрхэн нөлөөлснийг харуулсан жишээг тэмдэглэлдээ бич.

    Сүмийн удирдагч залуу эрэгтэйтэй уулзаж байна
  • Өөрийнхөө хүлээлтийг магадлан шалга. Таны үйлчлэлийн номлол хүсэн хүлээж байсан зүйл тань биш байж болох юм. Заримдаа юмс таны найдаж байсан шиг болдоггүй. Таны үүрэгт ажил ур чадварыг тань сорьсон, үр өгөөжтэй байхгүй байж ч болох юм. Мөн та бүх зүйлийг төгс хийж чадахгүй байж болно. Гэхдээ Либерти шоронд байхад нь Иосеф Смитэд Их Эзэний өгсөн “Эдгээр бүх зүйлс чамд туршлага суулгах болно мөн чиний сайн сайхны төлөө байх болно. … Тиймийн тул, зам дээрээ зогсогтун” (Сургаал ба Гэрээ 122:7, 9) хэмээх зөвлөгөөг сана.

  • Хийж байгаа зүйлээ орхин, түр завсарлах зөвшөөрөл ав. Магадгүй та шууд завсарлага авч чадахгүй байж магадгүй. Хэрэв авч чадахгүй бол “Би завсарлага автал хүлээж чадна” гэж өөртөө хэл.

  • Дасгал хөдөлгөөн хий. Тогтмол дасгал хийх нь стрессээ хянаж зохицуулах үр дүнтэй аргуудын нэг юм. Өөрт таалагддаг, биеийн хүч шаардсан янз бүрийн үйл ажиллагаанд оролцохыг хичээ. Эдгээр үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлснээр та эрч хүч олж авч байгаагаа анзаарч болох юм. Та тухайн өдрийн санааг тань зовоож байсан зүйлийг мартаж чадна. Аливаа дасгал нь танд тэсвэр тэвчээр суулгаж, Их Эзэнд үйлчлэх чадавхаа нэмэгдүүлэхэд тусална. Дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэх арга замыг хайж олсныхоо төлөө өөрийгөө шагнах арга замыг ол.

  • Хянаж чадахгүй зүйлсээ хянах гэж бүү оролд. Таны зөв шударга хичээл зүтгэлийн үр дүн нь бусдын сонгох эрхээс хамаарч болох юм. Та хүмүүсийг хянаж, аливаа зүйлийг тэднээр хүчээр хийлгэж чадахгүй. “Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу” (Сургаал ба Гэрээ 121:41). “Тиймийн тул, эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе, мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно” (Сургаал ба Гэрээ 123:17).

  • Соргог мэдрэмжтэй байх дадлага хий. Соргог мэдрэмжтэй байх нь стресст давж гарах арга барил юм. Энэ нь одоо байгаа цаг мөчид болж буй үйл явдалд анхаарлаа хандуулахыг хэлнэ. Хэт стресст орсон эсвэл айж эмээсэн үедээ үүнийг ашигла. Таны эргэн тойронд болж буй үйл явдалд мэдрэхүйгээ төвлөрүүлэхийг хичээ. Ирээдүйд биш яг одоо, яг энд анхаарлаа төвлөрүүл. Таны оюун ухаан энэ мэдрэхүйд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг анзаар.

    • Гүнзгий амьсгаа аваад, шаардлагатай бол нүдээ анин тайвшрахыг хичээ.

    • Тус болно гэж үзвэл, богино зайд алх.

    • Юунд санаа зовж байгаагаа хөндлөнгийн хүний нүдээр харахыг хичээ. Энэ талаар танд ямар бодол төрж байна вэ?

    • Таныг зовоож буй бүх зүйлд урсан өнгөрөх боломж олго. Дараагийн хэдэн минутад багтаан хийх боломжтой эсвэл хийх ёстой зүйлдээ анхаарлаа төвлөрүүл.

    • Хэрэв нөхцөл байдал сайжрахгүй бол үйлчлэлийн номлолын удирдагчдаа мэдэгдэнэ үү.

  • Хамт ажилладаг хүмүүстэйгээ болон бусад номлогчтой найзалж нөхөрлө. Бодол санаагаа хуваалцаж, бие биедээ үйлчлэн, тусалж мөн бие биеэ уучил.

    Үйлчлэлийн номлогчид хамтдаа алхаж байгаа нь
  • Дуу хөгжим ашигла. Дуртай хэдэн дууны эсвэл судрын үгийг эргэн сана. Та стресстсэн эсвэл сэтгэлээр унасан үедээ тэдгээр үгээ сана. Үйлчлэлийн үүрэгт ажил дээрээ чихэвч ашиглах боломжтой эсэхийг асуу. Таны үүрэгт ажилд саад болохгүй бол тайтгаруулах дуу хөгжим сонс. Ухаалаг утсан дээрээ “Calm” эсвэл үүнтэй төстэй аппликэйшныг ашиглах талаар бодож үз.

  • Сурч мэдсэн зүйлээ бүү март. Та бүхий л амьдралынхаа туршид өөрчлөлт, хүнд хэцүү зүйлийг даван туулсаар ирсэн. Өмнө нь стресстэж байсан үеэсээ (нүүх, хайртай хүмүүсээ алдах, шинэ сургуульд эсвэл ажилд орох) юу сурч мэдсэнээ жагсаан бич. Та одоо эдгээр ур чадвараа хэрхэн ашиглаж болох вэ?

Б. “Хүнд стресст автсан үед” хариу үзүүлэх

Хүнд стресст автах нь таныг гэнэт улбар шар эсвэл улаан бүсэд очсон үед тохиолддог. Бие махбод эсвэл сэтгэл санааны хувьд аюултай нөхцөлд орох юм бол та эцэг эхтэйгээ эсвэл үйлчлэлийн номлолын удирдагчтайгаа яаралтай холбоо барь. Бусад нөхцөл байдалд дараах зөвлөгөөг дагана уу.

  • Богино завсарлага ав. Хэрэв та маш их уурлаж эсвэл хэт их стресстэж байвал богино завсарлага ав. Хэд хэдэн удаа удаан бөгөөд гүнзгий амьсгал авч, суниаж, биеэ сулла. Бие болон оюун ухаанаа тайвширсан үед та илүү эрүүл саруулаар сэтгэнэ. Гарч алх эсвэл хоол идэх юм уу ус ундаа уу. Эсвэл зүгээр л цөөн минут хөдөлгөөнгүй суу. Зөвхөн мэдэрч буй зүйлээ тоочих (Жишээлбэл: би бухимдаж байна эсвэл намайг хүлээн авахгүй байгаа мэт санагдаж байна) нь таны тархинд асуудлыг шийдвэрлэж эхлэхэд тусална.

  • Өөрөө өөртөө эелдэг ханд. Хэн нэгэнтэй ярихдаа хэрэглэдэг эелдэг, тайтгаруулах үгсийг ашиглан өөртэйгөө ярь. Хүн бүр хааяа бухимдаж, алдаа гаргадаг. Их Эзэн ойлгож байгаа гэдгийг мэдээрэй. Тэрээр таны дэргэд суун, таныг сонсож мөн дэмжлэг үзүүлж байгаагаар төсөөл. Арга мөхөстөх, горьдлого тасрах, түүнчлэн ширүүн шүүмжлэх зэрэг нь Их Эзэнээс ирдэггүй гэдгийг сана.

  • Талархалдаа дахин анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойрондоо байгаа зүйлсийг анзаар. Өөрийнхөө болон дэлхийн зөв, сайн сайхан, эерэг зүйл дээр төвлөр. Хамгийн багадаа таван тодорхой зүйлд талархлаа илэрхийлж, залбир. “Би Бурханы Хүү, Есүс Христийн шавь юм. Түүний үгийг түүний хүмүүсийн дунд тунхаглахаар түүгээр дуудагдсан бөлгөө би” (3 Нифай 5:13) гэж өөрөө өөртөө хэл.

  • Нэг удаад нэг алхам хий. Одоо байгаа асуудлаа тодорхойлж, үүнийг шийдвэрлэхдээ нэг удаад нэг алхам хий. Өөртөө “Яг одоо миний хийх хэрэгтэй зүйл бол ” гэж сануул.

  • Өөр хэн нэгэнд тусал. Өөр хүнд үйлчилснээр эрч хүчээ дахин төвлөрүүл. Хүмүүс рүү инээмсэглэн, тэдэнд тусалж, үйлчлэхийг санал болго. Бодол санаагаа энэ цаг мөчид эргүүлэн авчрахын тулд хэн нэгэнтэй яриа өрнүүл.

  • Сөрөг бодлыг эерэг болгож ярь. Яг одоо эсвэл өнөө орой орондоо орохын өмнө өнөөдөр төрсөн сөрөг бодлуудаа цаасан дээр жагсааж бич. Дараа нь илүү найдвартай, үнэн зөв, урам зориг өгөхөөр болгон өөрчлөн бич (дараах жишээг үзнэ үү).

Үйлчлэлийн номлогчид хоорондоо ярилцаж байгаа нь

В. Хэт стресстсэн хүмүүст туслах

  • Хэцүү байгаа бусад хүнийг анзаар. Та тэднийг ойлгож байгаагаа хэл. Туслахыг санал болго. Цаг гарган, тэдний зовлонг сонс. Тэдэнд богино завсарлага авахыг санал болго.

  • Баптисмын гэрээгээ бод. Бид “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэ[хэд], … гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад; мөн ямар ч цагт мөн бүх зүйлд Бурханы гэрчлэгч болж … зогсо[но]” (Мозая 18:8–9) хэмээн амласан. Энэхүү гэрээг (1) нэгнийхээ ачааг үүрэлцэн, (2) ойлгож, тайтгаруулж, (3) Бурханы хайрыг гэрчлэх замаар хэрэгжүүл.

  • Хэдэн асуулт тавь. Гэхдээ хүнийг яриулах гэж бүү хүчил. “Чи уурласан мэт харагдаж байна. Юу болсон бэ?” эсвэл “Чи надад энэ талаар яримаар байна уу?” гэх мэтээр асуухыг хичээ. Өөр бусад хэлбэл зохих үгсэд:

    • “Би яг одоо юу хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ надад хэлсэнд чинь маш их баярлаж байна.”

    • “Яг одоо юу мэдэрч байгаагаа надад хэлээч.”

    • “Би чамд санаа тавьдаг шүү.”

    • “Би энд чиний төлөө байна.”

    • “Ийм мэдрэмж төрөх нь зүгээр. Чи эвдэрсэн нэгэн биш.”

  • Тухайн хүнд сайн хийдэг зүйлийг нь сануул. Жишээлбэл: “Би чиний шударга занд мөн Бурханд үйлчлэх хүсэлтэй байгаад чинь баярладаг” гэж хэлж болно.

  • Ойлгохын тулд сонс, дэмж, урамшуул. Хэн нэгэнд өөрийг нь ойлгож байгаа гэдгийг мэдрүүлэх хүртэл зөвлөгөө өгөх, шийдэл санал болгох нь нэмэргүй байх нь олонтоо. Асууж, хариултаа өөрөө олоход нь түүнд тусал. Та бусдад зөвлөх үүргийг хүлээн авах ёсгүй. Гэхдээ та тэдэнд тусалж, дэмждэг, тэдний зовлонг ойлгодог сонсогч байж чадна.

  • Гэрчлэлээ хуваалц. Бурханы хайрын талаарх итгэлийнхээ тухай мөн туслахад бэлэн байгаагаа хуваалц.

  • Бусдад тохинуулахдаа ухаалаг бай. Таны ажил ариун нандин дуудлага юм. Бусдын итгэлийг дааж, өөртөө итгэлтэй бай.

    Үйлчлэлийн номлогчид хамтдаа ажиллаж байгаа нь
  • Яг одоо шийдэх хэрэгтэй зүйл дээрээ төвлөр. Хэт их стресстсэн хүмүүст том асуудлаа хойш тавьж, нэн яаралтай гаргах ёстой шийдвэрт анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусал. Туслахыг санал болго. Нөхцөл байдал намжсаны дараа тэднийг илүү том асуудал руугаа эргэн ороход урамшуул. Дараа нь шийдлээ олоход нь тэдэнд тусал. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Их Эзэн асуудлыг нь шийдвэрлэхэд тусална гэдгийг тэдэнд сануул. Бид чадах бүхнээ хийснийхээ дараа асуудлаа Түүнд шилжүүлэх ёстой.

Г. Хувийн асуудлаа шийдвэрлэх

Та бол өөрийн гэсэн хүчирхэг болон сул талтай өвөрмөц хүн юм. Хэрэв танд ажиллахыг хүсэж буй хувийн асуудал байвал түүнийгээ доор бичнэ үү.

Үүнийг шийдвэрлэхэд тусалдаг, аль хэдийн олж мэдсэн зүйлсээ жагсаан бич.

Мөн туршиж үзэх шинэ зүйлсээ жагсаан бич. Та эргэн тойрныхоо хүмүүсээс болон мэргэжилтнүүдээс эсвэл хувийн судалгаанаасаа суралцаж болно. Бие махбод, сэтгэл хөдлөл, нийгэм, оюун санааны болон сүнслэг тал дээр тусалж болох арга замуудыг бодож үз. Та нэг шинэ арга барилаар хэдэн долоо хоногийн дадлага хийх хэрэгтэй гэдгийг санаарай. Үүний дараа та энэ нь хэр сайн болохыг мэднэ.

Өөрийн асуудлыг бусдад тайлбарлаж, шийдвэрлэхэд тусламж хүсэх дадлага хий. Дадлагаа эцэг эхтэйгээ эсвэл үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа хамт хий.