Үйлчлэлийн номлогч
5. Оюуны бядтай байх чадварыг хөгжүүлэх


“5. Оюуны бядтай байх чадварыг хөгжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол (2020)

“5. Оюуны бядтай байх чадварыг хөгжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Үйлчлэлийн номлогчид атгасан гараа мөргөлдүүлэн мэндчилж байгаа нь

5. Оюуны бядтай байх чадварыг хөгжүүлэх

Номлолын ажлыг хийхэд хүмүүст олон шаардлага тавигддаг бөгөөд эдгээр шаардлага нь хүн бүрд өөр өөрөөр нөлөөлдөг. Танд байгаа чадвар Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд тань тусална. Таны чадвар, танд тавигддаг шаардлага хоёрын ялгааг Тэрээр нөхнө гэдэгт та итгэж болно. Доорх зөвлөгөөнүүд зарим асуудлыг шийдвэрлэхэд тань тусалж болох юм. Та “1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх” хэсгээс нэмэлт санаа аваарай.

А. Шинэ үүрэгт ажил гүйцэтгэж сурах

Шинэ үүрэгт ажлыг гүйцэтгэж эхлэхэд стресстэж болох юм. Удирдагчид болон хамтран ажиллагсдадаа мөн өөртөө тэвчээртэй ханд. Үүрэгт ажлаа сурч байхдаа шантарч, бухимдахгүй байхыг хичээ. Ерөнхийдөө та хэд хоногийн дотор л учир зүйгээ олно. Үүрэгт ажлаа гүйцэтгэж эхлэхэд тань туслах хэдэн зөвлөгөө өгье. Та эдгээрийн талаар үйлчлэлийн номлолын удирдагчтайгаа ярилцаж болно.

  • Байр сууриа ол. Хаана юу байдгийг олж мэд. Аливаа бичиг цаасны ажилд анхаарал тавь. Ажлын орчноо өөртөө тохируулан янзал. Хамт ажилладаг хүмүүсийнхээ болон удирдлагынхаа нэрийг мэддэг бол.

  • Баяр хөөртэй бай. Өдөр бүр ажилдаа эерэг байдлаар хандах шийдвэр гарга. Ядарсан байсан ч эсвэл танаас юуг хүсэн хүлээж байгааг мэдэхгүй ч гэсэн найрсаг нөхөрсөг байхыг сонго. Ажил тань таалагдахгүй эсвэл хамт ажилладаг хүмүүстээ дургүй байсан ч эерэг бай. Энэ нь амжилтад хүрэхэд тань тусална. Энэ нь мөн таны эргэн тойронд байгаа хүмүүст танд найдаж, талархаж сурахад тусална.

  • Ажилдаа ирж бай. Бүх үүрэгт ажлаа цаг тухайд нь гүйцэтгэж, зохистой хувцаслаж, ажлаа хийж эхлэхэд бэлэн бай. Туслах, гар бие оролцох арга замыг хайж ол. Шинэ зүйл туршиж, шинэ ур чадвараас суралцахад бэлэн байгаагаа хүмүүст харуул.

  • Суралц. Хэрэв үүрэгт ажлыг тань тайлбарласан видео эсвэл бичмэл материал хүлээн авсан бол тэдгээрийг сайтар судлаарай. Санаж байх хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж ав. Ялангуяа аюулгүй байдлын дүрмийг сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн хувийн мэдээлэл болон нууцлал хадгалах дүрмийг анхаар. Ажлаа амжилттай гүйцэтгэхэд шаардагдах жишгүүдийг сурч мэд.

  • Aсуулт тавь. Ойлгохгүй байгаа зүйлээ удирдагч болон хамтран ажиллагсдаасаа эелдгээр асуу. Та хожим лавлаж харах асуулт, хариултыг бичих жижиг дэвтрийг биедээ авч явж болно. Чамд зааж сургаж байгаа хүмүүс зарим зүйлийг тодорхой тайлбарлахгүй бол тэвчээртэй бай. Сонссон зүйлээ давтан хэлэхийг хичээ. “Би хэлснийг тань зөв ойлгосон байна уу? Өөр хэлэх зүйл байна уу?” гэж асуу. Удирдагчаасаа танаас юу хүсэн хүлээж байгааг асуу. Ажлаа сайн гүйцэтгэхэд юу хамгийн чухал болохыг асуу.

  • Бичигдээгүй дүрмүүдийг олж хар. Ажлын байр бүр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Тэдгээрийн зарим нь чухал ч гэсэн бичигдээгүй байдаг. Ийм бичигдээгүй дүрэмд, санал нийлэхгүй бол хэрхэн шийдвэрлэх, хаана, хэзээ хооллох гэх мэт зүйлс багтаж болно. Бусад дүрэмд хэр хэмжээний бүтээлч хандлагыг хүлээн зөвшөөрдөг, ажлын өдөр дуусахаас өмнө хийж дуусгаагүй ажлаа яах зэрэг нь багтаж болно. Эдгээр бичигдээгүй дүрмийг сайтар анзаарч, дагаж мөрдөхийг хичээ.

  • Өөртөө болон бусдад тэвчээртэй ханд. Та алдаа гаргах болно! Энэ бол аливаа шинэ зүйл сурахын нэг хэсэг юм. Бусдаас уучлалт гуйж, алдаагаа хэрхэн засах талаар тэднээс асуу. Дараагийн удаа юу хийхээ олж мэдээд, дахин оролд. Өөрийнхөө эсвэл өөр хэн нэгний алдаанд анхаарал төвлөрүүлэх хэрэггүй. Суралцаж, эерэг хандлагаар урагшил. Та ажлаа сайн хийж сурах болно.

    Компьютерын ард сууж буй үйлчлэлийн номлогчид

Б. Зорилго, төлөвлөгөөгөө эмх цэгцтэй хөтлөх

  • Хуанли эсвэл төлөвлөгч хөтөл. Долоо хоног бүрийн эхээр товлосон уулзалтуудаа хуанли эсвэл төлөвлөгч дээрээ бичээрэй. Үүрэгт ажил, сүмийн цуглаан, судар унших, залбирах зэрэг бусад үүргээ оруулаарай. Нэр, товлосон уулзалт, зорилго, хийх ёстой зүйлийнхээ жагсаалтыг бич.

  • Зөвхөн өөрийн ой санамжид түшиглэж болохгүй. Өдрийн турш хуанли болон төлөвлөгчөө шалгаж бай. Таны хийх ёстой чухал зүйлсийг сануулах тэмдэглэлийг хаалга, хөргөгч зэргийн дээр болон орныхоо дэргэд байрлуул. Утасныхаа сануулах үйлдлийг тохируулаарай.

  • Маргааш нь хэрэгтэй бүх зүйлээ тодорхой газарт тавь. Үүнийг унтахынхаа өмнө үйлд. Тэгвэл та ямар нэг чухал зүйлээ мартахгүй. Чухал зүйлсээ нэг газар хадгал. Ингэснээр та тэднийг хайж цагаа үрэхгүй.

    Хамтдаа суралцаж буй номлогчид
  • Аливаа зүйлийг санахдаа тусламж хүс. Таны хийж хэвшсэн зүйлийн тань нэг хэсэг болоогүй зүйлийг санах шаардлагатай бол бусдаас сануулж туслахыг хүс. Та “Би иймэрхүү зүйлийг мартаад байдаг талтай. Мартчих юм бол чи надад сануулж болох уу?” гэж хэлж болно.

  • Хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Номлолын үйл ажиллагаан дээр анхаарал тань төвлөрөхгүй байгааг анзаарсан үедээ анхаарлаа үүрэгт ажилдаа эргүүлэн хандуул. Шаардлага гарах болгонд ийнхүү үйлд.

  • Ямар зорилго тавихаа шийд. Танд хэрэгтэй гэж үзвэл, доорх ангилал тус бүрд зорилгоо тодорхойл. Юу хийх төлөвлөгөөгөө гарга. Долоо хоног бүр төлөвлөгөөгөө хуанли эсвэл төлөвлөгчдөө нэмж оруулаарай.

    • Дасгал хийх, эрүүл хооллох, унтах дадал хэвшилтэй болох, өрөө болон ажлын байраа арчилж цэвэрлэх, мөнгөө зохицуулах, гэр орны ажилд туслах, спортоор хичээллэх зэрэг бие махбодтой холбоотой зорилго.

    • Амрах эсвэл эргэцүүлэн бодох, бясалгах, мэдрэмж, туршлагынхаа талаар бичих, завсарлага авах, байгальд гарах цаг зарцуулах зэрэг сэтгэл хөдлөлтэй холбоотой зорилго.

    • Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт юм хийх, ганц бие залуучуудын үйл ажиллагаанд оролцох, бусдад туслах, гэр бүлийн түүх дээр ажиллах, гэр бүлийн гишүүдээс амьдралынх нь талаар асууж ярилцах, нийгмийн харилцааны ур чадварт суралцах, дадлага хийх зэрэг нийгмийн харилцаатай холбоотой зорилго.

    • Хичээл заалгах, хэл сурах юм уу хөгжмийн зэмсэг дээр тоглож сурах, ном унших, ажилтай холбоотой зүйлийг судлах эсвэл ажлын ур чадвараа хөгжүүлэх зэрэг таныг Их Эзэний сайн үйлчлэгч болгох оюун санааны зорилго.

    • Илүү чин сэтгэлээсээ залбирах, судраас илүү нягт нямбай судлах, сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэх, тойрог эсвэл салбарынхаа үйл ажиллагаанд оролцох, ариун сүм орох эсвэл номлолын үүрэгт ажлаасаа гадуур бусдад үйлчлэх зэрэг сүнслэг зорилго.

  • Өөрийнхөө өдрийг Их Эзэнд шилжүүл. Цагаа төлөвлөж, зөв ашиглахын тулд чадах бүхнээ хий. Тэгээд өдрийг эхлүүлэхдээ, тухайн өдрөө Их Эзэнд шилжүүл. Бүх зүйлийг өөрийн тань сайн сайхны төлөө ажиллуулахыг Их Эзэнээс гуй. Өдрийн турш уян хатан байж, Сүнсний өдөөлтөд хариул.

    Номлогчид ойд

В. Чадал хүрэхгүй гэсэн мэдрэмжээс салах

  • Алдаа гаргасан үедээ хошигнох мэдрэмжээ хадгал. Буруутай зүйлдээ уучлалт гуйгаад, дахин оролд. Уучлал гуйхад бэлэн байх нь тэсвэр хатуужилтай, хүчтэй хүний шинж гэдгийг санаарай.

  • Сул дорой байдлаасаа хүчирхэг байдлыг олж хар. Заримдаа сул тал маань бидэнд өрөвдөх, бусдын оронд өөрийгөө тавих зэрэг хүчирхэг талуудыг хөгжүүлэхэд тусалдаг. Сул талаа ялан дийлэхийг хичээх нь бидэнд тэвчээртэй, даруу байх болон Их Эзэнд найдахыг заадаг. Заримдаа анхаарал амархан сарних гэх мэт сул талыг өөр хүчирхэг тал дагалддаг. Та бусдын олж хараагүй зүйлийг анзаарч болно. Таны сул дорой талыг дагалддаг хүчирхэг талаа олж мэд.

  • Сул тал дээрээ ажилла. Хэт ачаалалтай ажиллахгүйн тулд нэг удаа нэг сул тал дээрээ ажилла. Бусдаас санаа ав. Удирдамж заавар, тусламж авахын төлөө залбир. Сул талаа ялан дийлэх төлөвлөгөө гарга. Танд тохиолдож болзошгүй саад бэрхшээлийг бодож, тэдгээрийг хэрхэн даван туулахаа бодож үз. Дадлага хий. Шаардлага гарвал төлөвлөгөөгөө өөрчил. Тэвчээртэй бай.

  • Хувийн зорилгодоо анхаарлаа ахин дахин хандуул. Та хэн нэгний ур чадварт атаархдаг уу? Та хүчирхэг талаа хөгжүүлж, тэдгээрийг үүрэгт ажилдаа хувь нэмэр болгон ашиглахад эрч хүчээ зориулаарай. Энэ бол таны номлол.