Үйлчлэлийн номлогч
4. Нийгэмтэй зохицож амьдрах чадварыг хөгжүүлэх


“4. Нийгэмтэй зохицож амьдрах чадварыг хөгжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол

“4. Нийгэмтэй зохицож амьдрах чадварыг хөгжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Тусч гарын хантаазтай номлогч

4. Нийгэмтэй зохицож амьдрах чадварыг хөгжүүлэх

Харилцаа холбоо нь стрессийн эх үүсвэр байхын зэрэгцээ стрессийг даван туулахад туслах эх сурвалж ч байж болох юм. Судалгаанаас харахад эрүүл харилцаа нь насан туршийн үр өгөөжтэй байдаг байна. Ийм харилцааг оюун ухааны болон бие махбодын эрүүл мэндтэй холбодог. Хэт их стресст автсан үед харилцаа муудаж болно. Сайн харилцаа холбоо үүсгэхэд туслах дараах зөвлөгөөнүүдийг бодож үз. Мөн та “1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх” хэсгээс нэмэлт санаа аваарай.

А. Бусадтай харилцах

  • Үйлчилж байхдаа өөрийн хүчирхэг талаа тодорхойлж, ашигла. Таныг үр дүнтэй номлогч байхад туслах хүчирхэг талууд танд бий. Өөрийн хүчирхэг талыг ойлгохын тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийл. Их Эзэн эдгээр хүчирхэг талаа Өөрийнх нь үйлчлэлд ашиглахад танд туслах болно. Жишээлбэл: Зарим хүн бусадтай ярилцсанаар эрч хүч авч байгаагаа мэддэг. Зарим хүн үүнд ядардаг. Гэхдээ энэ хоёр төрлийн хүмүүсийн аль аль нь амжилттай үйлчлэлийн номлогч байж чадна. Хэрэв шинэ хүмүүстэй ярилцах нь таныг ядраадаг бол өөрийнхөө хурдад тохируул. Сайн таньдаг хүмүүстэйгээ сайн найз нөхдийн харилцаатай бол. Таны хүчирхэг талууд нь бүтээлч санаа гаргадаг, хүмүүсийг ойлгодог эсвэл таны төлөвлөх чадвар байж болно.

  • Бусдын талаар сонирх. Бусдыг ярихад өдөөхийн тулд ашиглаж болох асуултуудыг мэдэж ав. Хүмүүсээс ажил, хобби, гэр бүл эсвэл хувийн түүхийнх нь талаар асуу. Тэдний хувьд юу хамгийн чухал болохыг, тэд юу хүсдэг эсвэл юунд санаа зовдгийг асуу. Тэдэнтэй холбоотой байж болох сургаалын зарчмуудыг гэрчлэх боломжуудыг сонс. Бусдыг сонирхож байгаагаа харуулахыг хичээ. Энэ бол хөршөө хайрлахын нэг хэсэг юм. Түүнчлэн таны талаарх тэдний асуултад хариулахад бэлэн бай.

  • Өдөр бүр нэг шинэ хүнтэй танилцах зорилго тавь. Хүнтэй танилцсаныхаа дараа эхний минутад багтаж уг хүнийг нэрээр нь дууд. Ярьж дуусахдаа мөн нэрээр нь дуудаарай. Мартахгүйн тулд нэрийг нь бичиж ав.

  • Бусдад туслахад анхаарлаа төвлөрүүл. Бусдын хэрэгцээнд анхаарлаа хандуул. Ингэснээр өөрийн хэрэгцээ шаардлага, сул талд анхаарах тань багасна (Мозая 2:17-г үзнэ үү).

  • Бусдыг ойлгохын тулд тусламж хүс. Хүн бүр бусдын нүүрний хувирал, биеийн хэлэмжийг ойлгоод байдаггүй. Хэрэв та бусад хүний сэтгэл санаа ямар байгааг анзаарч чадахгүй байвал хэн нэгнээс тусламж хүс.

    Эрэгтэй хүн үйлчлэлийн номлогчтой гар барьж байгаа нь
  • Та өөртөө итгэлгүй байсан ч итгэлтэй ярих боломжийг өөртөө олго. Ерөнхийлөгч Гордон Б.Хинклиг номлолд байхад аав нь “Өөрийгөө мартаж, гарч ажилла” гэж хэлсэн байдаг (“Taking the Gospel to Britain,” Ensign, July 1987, 7-д). Энэ зөвлөгөө бүх номлогчид тусална. Ажлаа яаж хийж байгаа бол гэсэн айдсаа мартахыг хичээ. Оронд нь бусдад үйлчлэх дуудлагадаа анхаар.

Б. Ганцаардсан эсвэл хаягдсан мэт мэдрэмжээс зайлсхийх

  • Бусдаас суралцахын тулд асуулт тавь. Бусдыг илүү сайн ойлгохын тулд тэдний туршлага, бодол санааг асуу. Бусдыг ойлгосноор таны ганцаардах мэдрэмж багасна.

  • Илүү ихийг хуваалц. Бодол санаа, мэдрэмжээ бусадтай хуваалц. Бусад хүн биднийг мэддэггүй, үнэлдэггүй гэж бодох үед бид ганцаарддаг.

  • “Ганцаардах” гэдэг нь таны хувьд ямар утгатай болохыг тодорхойл. Ямар мэдрэмж, бодол, зан ааш таныг ганцаардуулдгийг тодорхойлохыг хичээ. Дараа нь тэдгээр зүйл дээрээ ажиллахыг хичээ.

  • Санаа тавьдаг насанд хүрэгчидтэй ярилц. Юу мэдэрч байгаагаа тэр насанд хүрэгчдэд хэл. Тэд ганцаардах мэдрэмжээс зайлсхийхийн тулд юу хийх талаар зөвлөгөө өгч магад.

    Ачаа зөөгч ашиглаж буй үйлчлэлийн номлогч

В. Маргаан эсвэл шүүмжлэлийг зохицуулах

  • Чамд юу таагүй санагдаж байгааг хүндэтгэлтэйгээр тайлбарла. Хэрэв хэн нэгний зан байдал танд таалагдахгүй байвал тэр хүнтэй хүндэтгэлтэй ярь. Юуг өөрчлөхийг хүсэж байгаагаа тайлбарла. Гэхдээ бусдын зан байдлыг бүү шүүмжил. Хэрэв та шүүмжилж, уурлах юм бол нөгөө хүн өөрийгөө хамгаалж, хэл амаа ололцоход амаргүй байх болно. Жишээлбэл: Та “Амралтын өрөөнд хогоо орхисон байхад би үнэхээр дургүй. Би энэ бүгдийг ганцаараа цэвэрлэмээргүй байна. Хүн бүр өөрийнхөө хогийг дор дор нь авч байсан нь дээр гэдгийг яаж сануулбал болох тухай би бодож байна” гэж хэлж болно. Эсвэл “Би чамайг дуугаа хураачихаар надад уурласан юм болов уу гэж бодлоо. Юу бодож байгаагаа надтай хуваалцаж болох уу?” гэж асууж болно.

  • Санал бодлыг нь асуу. Сул талаа хэрхэн ялан дийлж болох талаар бусдаас зөвлөгөө хүс. Сул дорой байдлаа ойлгохын тулд Их Эзэнээс тусламж хүс (Ифер 12:27-г үзнэ үү).

  • Бусадтай эелдэг сайхан харьц. Бусдын тухай бодохдоо тэднийг сөргөөр дүгнэхээс зайлсхийж, муу нэр хаяг өгөхөөс зайлсхий. Бусдын алдаа дутагдлыг бодоод, өөрийгөө сайн гэж бодох хэрэггүй.

  • Хүмүүсийг биш, харин асуудлыг засаж залруулахад анхаарлаа хандуул. Хүмүүс таны дургүйг хүргэх зүйлийг хийвэл тэднийг шүүмжлэх, засаж залруулах гэж оролдохын оронд үндсэн далд асуудлыг олж тодорхойлон, засаж залруулахад анхаар. Хүмүүстэй ярихдаа уурлах, өрөвдүүлэх гэсэн маягаар биш, харин ижил өнгө аясаар ярихыг хичээ (Ефес 4:29–32-ыг үзнэ үү).

  • Бүү гомд. Бусдын саналыг аль болох эелдэг, хөнгөхөн хүлээж ав. Нөгөө хүн бүдүүлэг хандаж байсан ч ийн хүлээн ав. Хэн нэгэн таныг шүүмжилж байна гэж бодвол “Саналаа хуваалцсанд баярлалаа. Би үүн дээрээ ажиллая” гэж хэл.

  • Бусдыг олонтоо магтаж, бас тэдэнд үйлчил. Бусдад талархаж байгаа бол үүнийгээ илэрхийлж, сайн хийдэг зүйлийг нь онцлон хэл. Өдөр бүр бусдад үйлчлэх, туслах жижиг арга замыг эрэлхийл.

  • Энэрлийн бэлгийг авахын төлөө залбир. Үүнийг “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр” (Моронай 7:48) гуй. Бурханы мэлмийгээр бусдыг харах нүдтэй болохыг хүсэж гуй. Таныг байгаагаар тань хүлээн авахгүй, гомдоосон хүмүүс байвал залбиралдаа оруул (3 Нифай 12:44).

Сүмийн удирдагчтай ярьж буй номлогч

Г. Удирдагчидтай сайн харилцаатай байх

  • Даруу бай. Даруу байх нь сурч боловсрох болон сайжрах хүсэлтэй байхад амин чухал (Сургаал ба Гэрээ 112:10-ыг үзнэ үү). Та хэрхэн сайжирч болох талаараа удирдагчтайгаа уулзан зөвлөгөө ав. Тэдний зөвлөгөөг хүлээн авахад бэлэн байж, тэдэнд өөрт тань найдаж болно гэдгийг хэл. Удирдагчдынхаа үйлчлэлд талархаж байгаагаа амаар болон бичгээр илэрхийл.

  • Сайн дагагч байхыг хичээ. Зарим хүн эрх мэдэлтэй хүмүүст итгэдэггүй эсвэл удирдамж зааврыг нь хүлээн авахдаа тааруу байдаг. Тэд өөрөө өөрийгөө удирдан захирч сурсан байж болох юм. Зарим нь хамт ажилладаг хүмүүстэйгээ өрсөлддөг байж магад. Танд ийм асуудал байвал удирдагчдадаа мэдэгд. Сайн дагагч болохын тулд даруу байхын төлөө залбир.

  • Удирдагчдынхаа төлөө залбир. Удирдагчдынхаа төлөө, тэр тусмаа эелдэг бус зүйл бодож ханддаг удирдагчдынхаа төлөө залбир.

  • Удирдагчид ч гэсэн хүн гэдгийг санаарай. Заримдаа бид удирдагчдыг бусдаас илүү сайн байх ёстой гэж боддог. Тэгж бодвол, тэднийг алдаа гаргахад бидний урам хугарч, шүүмжилж эхэлж болзошгүй. Удирдагчид ч гэсэн тэвчээр алдаж, буруу шийдвэр гаргаж, биднийг буруу ташаа ойлгож болно. Алдааг нь харах юм бол эерэг зан чанаруудыг нь ч мөн адил олж хараарай (Мормон 9:31-ийг үзнэ үү).

  • Удирдагчийнхаа хүчирхэг талаас суралц. Удирдах ээлж тань болоход, тэдэнд байдаг үлгэрлэн дуурайхыг хүсдэг зан чанаруудыг жагсаан бич.

Бишопын агуулахад үйлчлүүлэгчид тусалж буй үйлчлэлийн номлогч

Д. Номлолын үүрэгт ажлыг тань ойлгоход бусдад туслах

  • Үйлчлэлийн номлол гэж юу болохыг тайлбарла. Сүмийн зарим гишүүн үйлчлэлийн номлол гэж юу болохыг ойлгохгүй байж магад. Та “Үйлчлэлийн номлогчид долоо хоногт 40 цаг хүртэл Сүмд эсвэл олон нийтийн байгууллагуудад үйлчилдэг. Тэд гадуур номлодог номлогчдын дүрэм журмаас өөр дүрэм журамтай. Жишээлбэл: Би гэртээ амьдардаг. Би -нд долоо хоногт цаг үйлчилнэ. Би чөлөөт цагаараа ганц бие залуучуудын тойрогт болон тэдний үйл ажиллагаанд оролцох боломжтой” гэж хэлж болно.

  • Та Есүс Христийн болон Түүний Сүмийн төлөөлөгчөөр дуудагдсан гэдгээ тайлбарла. Энэ дуудлага нь номлогч бүрд адилхан бөгөөд үүрэгт ажил нь өөрчлөгдөхөөс бусдаар юу ч өөрчлөгддөггүй. Гэхдээ таны үүрэгт ажил, ажиллах цаг эсвэл үйлчлэх цаг өөрчлөгдөж болно. Жишээлбэл: Та эрүүл мэндийн асуудлаас болж үйлчлэлийн номлолд дахин томилогдсон байж болох юм. Та “Би номлогч хэвээрээ байгаа. Гэхдээ би шинэ номлолд томилогдсон тул одоо энэ үйлчлэлдээ анхаарна” гэж хэлж болно.

  • Хүмүүст юу хүсэж явдаг, юу хэрэгтэй байгаагаа мэдэгд. Та үйлчлэлийн номлолоо дөнгөж эхэлж байж болох юм. Та тойргийн гишүүдийг хийж байгаа зүйлийг тань сурч мэдэхэд урьж болно. Тэднээс дэмжлэг хүс. Хэрэв та дахин томилогдсон бол Халамжийн нийгэмлэг эсвэл ахлагчдын чуулгын цуглаанд хэдэн минут үг хэлэхийг хүсэж болно. Гишүүдэд үүрэгт ажил тань өөрчлөгдсөнийг тайлбарлаж, дэмжиж туслахыг хүс. Хэрэв таны номлол дуусах дөхөж байвал бусдаас тусламж хүсэж болно. Өөр тийш шилжихдээ ажил олоход эсвэл сургуульд ороход туслахыг хүс.