“2 Нифай 9:50–52: ‘Израилын Ариун Нэгэнд ир,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 9:50–52,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 9:50–52
“Израилын Ариун Нэгэнд ир”
Та ямар нэг зүйлээс маш их аз жаргал хүлээгээд, дараа нь урам хугарч байсан уу? Иаков байнгын сэтгэл ханамж авчрахгүй зүйлд цаг хугацаа, мөнгө үрэхээс зайлсхийхийг номлолынхоо төгсгөлд нифайчуудад зөвлөжээ. Тэрээр тэднийг Есүс Христэд ирж, сайн мэдээний адислалуудыг хүлээн авахыг урьсан. Энэ хичээл зөвхөн Есүс Христийн өгч чадах адислал, сэтгэл ханамжийг эрэлхийлэх илүү их хүслээ мэдрэхэд тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өл, цангаагаа дарах
Амьдралдаа маш их өлсөж, цангаж байсан үеийнхээ тухай бод.
-
Ийм нөхцөл байдалд ямар хоол, унд хамгийн тустай, хамгийн сэтгэл ханамжтай болгодог вэ? Ямар хоол, унд огт тусгүй байдаг вэ? Яагаад?
Бидний биеийн адилаар сүнсэнд ч мөн тэжээл, ханамж хэрэгтэй байдгийг та магадгүй анзаарсан байх.
-
Сүнсээ байнгын тэжээл, ханамжаар хангаж чадах зарим арга зам юу вэ?
-
Ямар зүйл хүмүүст сэтгэл ханамж авахын тулд хандсан ч сүнслэг байдлын хувьд хоосон мэдрэмж төрүүлэх вэ?
-
Яагаад хүмүүс заримдаа мөнхийн сэтгэл ханамжийг өгдөггүй зүйлс рүү ханддаг гэж та бодож байна вэ?
Доорх асуултууд таны амьдралд хэрхэн хамаарах талаар бод.
-
Хүслээ хангахгүйгээр аз жаргал, сэтгэл ханамж авахаар ханддаг зүйлс танд бий юү? Амьдралдаа байнгын амар амгалан, аз жаргал мэдрэхэд танд юу тусалсан бэ?
-
Та өнөөдөр судлах явцдаа зөвхөн Есүс Христийн санал болгож чадах адислал, сэтгэл ханамжийг мэдрэхэд тань туслах үнэнийг хай.
“Үл мөхөх зүйлс дээр найрла”
Иаков өөрийн хүмүүст нүгэлт үйлдлийг нь сэрэмжлүүлснийг 2 Нифай 9:27–49-өөс судалснаа сана. Иаков сэрэмжлүүлгээ чухал уриалгаар дуусгадаг.
2 Нифай 9:50–52-оос Иаковын уриалгыг олж унш.
-
Эдгээр шүлгээс ямар үг, хэллэг та бүхэнд чухал санагдсан бэ? Яагаад?
-
Эдгээр шүлэг танд Есүс Христийн бидний төлөө хүсдэг зүйлийн талаар ойлгоход хэрхэн тусалж байна вэ? Эдгээр нь Түүний бидэнд санал болгосон зүйлийн тухай юу заасан бэ?
Эдгээр шүлгээс бид Есүс Христэд ирэхэд бидний сүнс хангалуун болно гэсэн үнэнийг мэдэж авч чадна.
Ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд холбогдох эшлэлийг ашигла
Судалж буй сэдэвтэйгээ холбоотой судрын хэсгүүдийг олж судлах нь судрын агуулгын талаарх ойлголт, талархлаа гүнзгийрүүлэхэд тустай арга байж болох юм.
2 Нифай 9:50–52 дахь сургаалтай холбоотой холбогдох эшлэл олох замаар тус ур чадварыг давт.
Судлах тэмдэглэлдээ дараахтай төстэй бүдүүвч зураг зурж болох бөгөөд 2 Нифай 9:50–52-ыг голын тойрогт бич. Хожим санахыг хүссэн судраа олбол үүнийгээ бусад тойрог дотор бич.
Холбогдох эшлэл олох анхны алхам тань зүүлт тайлбарт дурдсан сэдэв, судрын эшлэлийг үзэх юм. Дараа нь 2 Нифай 9:50–52-оос түлхүүр үгийг олж тогтоон, Судруудын удирдамж-аас хайлт хий.
Хайлт хийж болох зарим үг, хэллэг: ирэх; амийн ус; хангалуун байх; сонсох; найрлах; залбирал; талархал; баясах.
Сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэх
Есүс Христийн тухай өнөөдөр олж мэдсэн зүйлсээ мөн эдгээр сургаал таны одоогийн нөхцөл байдлыг хэрхэн адислах тухай бод.